“МАХ ТАРЬДАГ ҮР” ӨГҮҮЛЛЭГ
Телевизээр махны үр зарж байна гэсэн зар гарлаа. Би ч ухасхийлээ. Зарын хаягаар яарсаар явж хүрвэл хүмүүс шавчихаж. -Гуяны үр, хааны, өвчүүний үр, бүр гургалдайны үр авна гэцгээн шаагилдаж байна. Цаанаас нь худалдагчийн ам ангалзаж байснаа чанга яригчаар: -Хөөе битгий очер дайр. Гэх зуураа хэдэн жил ч хадгалсан чанараа алддаггүй үр. Та бүхэн авсан үрээ шороонд хийхдээ “гуя бол”, эсвэл “өвчүү бол” гэж гурав шившихэд л боллоо, дотроо заавар нь байгаа гэж байна.
Би нэг шуудайг авчирч, суулгалаа. Долоо хоногийн дараа намирсан сайхан бороо шөнөжин, өдөржин оров. өглөө босоод хартал соёолж эхэлжээ. хутга тавилгүй мах иднэ, гэхээс тэсч ядна… яа.. Энэ эрдэмтдийг бүгдийг нь жагсааж байгаад эр эмгүй үнсэхсэн. Муусайн махны худалдагч нар махаа хоёр долоон зуу, гурван мянга гэхтэй манатай. Ганцхан мянгаар аваач гэж царайчилна. Би тоохгүй өнгөрөх юм хуна. Надад цул махан дотроо тэмээний тойг шургуулж хулхидсан тэр муу тарган цагаан авгай руу бүр хялайх ч үгүй дээ. Юманд ээлж бий гэдэг үнэн юм. Манайх гэдэг айл арвуулаа нэгхэн атга махаар цуйван хийж иддэгээ больж, гурилгүй бууз лавина шүү дээ гэж бодохоос бүжиглэмээр болно. Арван тав хоногоос өнөөдүүлээс чинь гадуураа үстэй юм ургаж эхлэв. Сайхан сайхан. энэ юуны мах бол? Гуя уу, Хаа юу, арьс ширтэйгээ байдаг ньбас их аз шүү дээ. хонины нэхий гэхэд нэг нь арван мянга, ямааны мах ургавал ноолуурыг нь дөчин мянгаар тушаана. Адууны мах японд нийлүүлчихнэ.
Ийм юм гэж байх уу даа. Би чинь хэдэн ч компанитай болох бололцоо байна. Охин байтугай зээ компанитай болох нь байна шүү дээ. Хүмүүс захирал аа, захирал аа гэж бөхөлзөөд л. Хэд хоногийн дараа газар нь ишнээсээ хааш хааашаа үзүүр тохой хагараад их том мах гарах шинжтэй. Нас гүйцсэн шар хэмээн баярлалаа. дахин хэд хонотол дөрвөн салаа нь уг руугаа бүрзүүрсэн юм болоод ирлээ. Жаахан гайхлаа. Яагаад? Яагаад? Аа мөн мөн. Буруу байрлалтай байх нь эсвэл би үрээ буруу харуулаад суулгачихсан хэрэг. энэ чинь дөрвөн хөл нь байх нь . Тэгэхээр ноолуур нь тачир байхаас аргагүй, их биенийх нь ч арвин л даа. За яамай, яамай.
Гэвч нөгөө ноолууртай мах гээд байсан юм маань өргөстэй ногоон ургамал болж хувирав аа. Том хүү маань: -Аав аа, та хулхидуулчихсан байна ш дээ, энийг чинь кактус гэдэг юм. Невадагийн цөлийн хогийн ургамал байхгүй юу гээд хөхөрч байна. Би хулхидуулсан гэдэгтээ итгэж ядна. Кактус мах болох биз, арай ч үгүй байгаа даа гэхээс нойр хүрэхээ байлаа. Хашаагаараа дүүртэл ургасан какзтуснаасаа би хараа салгаж ядан. -миний хүүхдүүд махаа сайн харж байгаарай, хамар хашааны Доржийн цагаан ямаа идчих вий гэж дахин дахин захина. Миний навсгар самган: -Хөгшин минь, махыг чинь сайн харна аа гээд нуг нуг инээнэ. Кактус мах болмогц та нар алдаа гаргасан гэдгээ ойлгож, надаас бүхэл мах чаная гэж гуйна даа, харж л байгаарай.