“МАРТАХЫГ ХҮССЭН ДУРСАМЖ” ӨГҮҮЛЛЭГ
Б.ЦАГААНДОРЖ
Хүн бүрт л мартахыг хүссэн дурсамж байдаг байх. Харин тэр дурсамжаа бодлоосоо арчихыг хичээх бүр улам тодорч хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилдэг. Аавтайгаа өссөн охинд эхийн хайр агаар ус мэт үгүйлэгдэж, ээж л дутуу ертөнцийг элдэв бүхнээр дүүргэхийг хичээнэ. Аав минь бүхий л хайраа надад зориулдаг байсан ч аpxи гэх гашуун ундаа эцгийн минь их хайрыг надтай булаацалдсаар эцэст нь намайг ялж чадсан. Амьдрал тэр чигтээ утгагүй санагдаж, орчлон хорвоод би гэх хүн хэнд ч хэрэггүй мэт мэдрэгдэнэ. Ээждээ гологдсон хүн бусдад хүндлүүлэх нь үлгэр юм билээ. Багаасаа л хүмүүсийн өрөвдсөн харцан дунд өсөж, үеийнхээ хүүхдүүдэд адлагдсаар өөрийгөө ч, аpxи, аав хоёрыг ч үзэн ядна. Харин улаан нялзрай байхад минь л орхиод явчихсан тэр эмэгтэйд хир халдаана гэж үгүй. “Намайг яах гэж төрүүлсэн юм бэ?” гэж биш, “Би яах гэж энэ хорвоод төрөө вэ?” хэмээн өөрийгөө л буруутгана. “Намайг яагаад орхиод явчихсан юм бэ?” гэж биш “Ээжийг минь яагаад тийм хатуу сэтгэлтэй болтол нь гомдоосон юм бэ?” гэж аавыгаа дотроо зүxнэ. Ээжийгээ хаана байдаг, ямар хүн болохыг мэддэггүй бол амар байх сан. Гэтэл би мэднэ. Ээж одоо гурван хүүхэдтэй. Хамгийн xаргиc нь тэр гурван хүүхдийн аль нь ч өөрийнх нь хүүхэд биш. Шинэ нөхрийнх нь дагавар хүүхдүүд. Төрсөн охин нь энд байсаар атал хүний хүүхдийг “Миний хүү” гэж дуудаад инээмсэглэх тэр эмэгтэй бүр ч xаpгис. Есдүгээр ангиа арай гэж дүүргээд аймгийн төвийн Политехникийн коллежид сурахаар болов. Аpxичин аав, тарчигхан амьдралаасаа хөндийрөх надад сайхан байсан ч дотуур байранд тасгийнхаа охидтой таарамж муу тул хичээл тараад гадуур сэлгүүцсээр байрны жижүүрийг хаалга барихаас өмнөхөн амжиж орно.Эхэндээ ангийнхаа охины гэрт очдог байсан ч ядарсан хүнд ноён олон гэгчээр найзынхаа ээжийн алтан бэлзгийг xулгайлсан хэргээр цагдаагийн газарт хэдэн өдөр л байцаагдав. Тэгсэн тэр их үнэтэй бөгжийг нөхөр нь аваад ломбарданд тавьчихсан юм билээ л дээ. Дахиж би тэр айлд очоогүй. Ер нь ямар ч айлд очихоос халширч сургуулийн хашаан дотор сэлгүүцэх эсвэл аймгийн төв цэцэрлэгээр цаг барж алхдаг болов.Улаанбаатараас ирсэн барилгын ажилчид манай сургуулийн дотуур байрны нэг хоосон өрөөг хөлсөлж суугаад долоо хонолоо. Тэр дунд сайндаа л 19-тэй болов уу гэмээр нүд хөмсөг болсон царайлаг ах өдөр болгон надтай таарна. Таарах бүртээ хөөрхөн инээмсэглэж зөрсөөр би гэж хүн танихгүй танилтай болов бололтой.
Нэг өдөр модны сүүдэрт суугаа над руу гартаа зайрмаг барьчихсан дөхөж ирээд: -Танилцъя! Боргил гээд зүүн гараа сунгалаа. Би баруун гараа өгч: -Хулан гэдэг гэхэд минь ихэд сандарч: -Би солгой болохоор дандаа ингэчихээд байдаг юм. Уучлаарай хэмээн өнөөх зайрмагаа зүүн гартаа авч надтай гар барилаа. Бүгчим халуунд хайлаад урсаж байгаа торхтой зайрмагийг надад өгөөд идэхийг минь харан инээмсэглэж байсан. Анх удаа л танихгүй эрэгтэй хүнтэй хамт юм ярьж суугаа минь тэр. Яагаад ч юм маш их сандарсан. Бүр xулгайд сэрдэгдээд цагдаагийн өмнө уйлж байснаас ч ихээр сандарсан. Боргил ах хорин настай юм билээ. Их хөгжилтэй хамт байхад дандаа л инээлгэнэ. Цаг хугацаа суман могой харвах шиг хурдан өнгөрч нэг мэдэхнээ хүйт орон барилгын ажил зогсов. Барилга дээр ажиллаж байгаа хүмүүс дулаан орж барилгын улирал эхлэх хүртэл нутаг буцах боллоо. Нэг өдөр би Боргил ахад аймгийн төвөө танилцуулахаар тохирч хамгийн дэгжин хувцасаа өмсөөд гадуур хамт алхсан юм. -Би говьд ийм олон мод байдаг гэж бодож байсангүй шүү. -Дан элсэн дунд амьдардаг л гэж төсөөлдөг байсан уу? -Бүр ус ч байхгүй гэж боддог байсан гээч. Би бүр Өмнөговьт очиж байгаад Хулан гэдэг хөөрхөн охинд мод гэж ийм юм байдаг, манай Сэлэнгэд ус гэж нэг юм бий гээд бүгдийг нь зааж өгнө гэж бодож ирсэн шд. -Тийм байх даа. -Итгэхгүй л байлгүй. Гэхдээ би зөн билигтэй ш дээ. -За, тэгвэл шалгана аа. -Тэг ээ тэг. -Би хэдэн настай вэ? -16 -Зөв байна. Тэгвэл би… -Чи эмэгтэй юм байна. Байзаарай, их хөөрхөн юм уу даа. Тийм байна. Би ингээд мэдээд байдаг байхгүй юу. -Тийм байна аа. Та их мундаг юм байна… Миний сэтгэлд хоосон хонгинодог ээжгүй тэр орон зайг богино гэхэд дэндүү богинохон хугацаанд Боргил ах дүүргэх шиг болж байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам түүний явах цаг ойртсоор… Хамт ажилладаг хүмүүсээсээ нэг хоног хоцорч, саатан үлдэх болсон шалтгаанаа намайг гэж ойлгуулсан юм. …Амттайхан хэрнээ гашуун дарс шиг тэр үдэш Боргил ахын өрөөнд хоол хийнэ гэж орсон ч нэг л мэдэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Долоон бурхан тодрох мөчид алтан мөнгөн загас одод үсчүүлэн наадаж, охин зүрхний гүнд янaгхaн дуу аялах дууч шувууд ширгэнэ. Үүр хаяарч нар мандахад үргээд ниссэн шувуу шиг Боргил ах явчихсан байв. Бүсгүй болсон бие минь амьдралаа цоо шинээр эхэлж байгаа юм шиг л санагдаж билээ.
Тэр хүн байхгүй болж дахиад л уйтгартай ганцаардсан өдрүүд намайг хучаад эргэн тойронд юу болж байгааг ч сэхээрэлгүй явахад манай ангийн дээрэлхүү, танxай охид ирж: -Эрийн өвөр дамжсан я*х*н! -Таарсан болгонтойгоо xавьтаж явдаг гэл үү? -Ийм хүнтэй нэг ангид багтаж шингэхгүй нь. -Манай ангиас чимээгүй зaйл, эсвэл бид захиралд хэлж хөөлгөнө шүү! Би ангиас яаж гарснаа санадаггүй. Нэг л мэдэхэд үргэлж очдог модныхоо сүүдэрт хэнгэнэтэл уйлж суусан сан. Хэд хоног хичээлдээ явалгүй байрандаа өнжив. Өрөөнөөс нь ус буцалгагч авахаар үүдэнд нь очтол жижүүр эгч манаач ахтай ам амандаа орох шахаад хэн нэгний тухай ярина. Хаалга тогшихыг минь ч анзаарсангүй бололтой. Гэтэл тэр ярианых нь сэдэв хотоос ирсэн барилгачин залуу бид хоёрын тухай аж. -Тэр охин чинь айхтар хүүхэд юм гэнэ лээ. Найзынхаа ээжийн үнэтэй алтан бөгжийг хулгайлсан гэсэн. Нэг тэрэгний өрөөсөн дугуй гэгчээр тэр үймээд байсан залуу нь шоpон оронгоор явсан сурагтай. -Үгүй ээ тэгээд, тэр охин чинь тасгийнхаа охидын юмыг авдаггүй хэрэг үү? -Хэн мэдэх вэ? Энэ муу нялх амьтдын хэрэглэж байгаа эд нь алтан бөгжтэй харьцуулшгүй хямдхан юм байдаг байлгүй. -Тэр барилгачин залуу чинь тэгээд хүний хүүхдийг зүгээр байлгахгүй… -Тэр охин л урдуур хойгуур нь гүйж яваад… Цааш нь сонсох хангалттай сэтгэлийн хат надад байгаагүй юм. Ариун цэврийн өрөөнд хэр удаан уйлж сууснаа мэдэхгүй. Тасагтаа ороход хүүхдүүд оройн хоолноосоо ирж байсан. Хүмүүс яагаад амандаа орсноо замбараагүй бурж, мэдэхгүй зүйлээ зохиогоод ч атугай яриад л байхыг хүсдэг байна аа.Зохионо зохионо гэхэд Боргил ахыг шоpонгоос гарсан гэхдээ яах вэ дээ. Би ч дүүрсэн хэрэг, захаас аваад замаар нэг миний муу муухайг бурсан хүмүүс. Уртаас урт харанхуй өдрүүдэд туйлдталаа шаналж байсан ч Боргил ахтай утсаар ярьж, хоолойг нь сонсох даруйд тайвшран, хавар болж дулаан орохыг хоног тоолон хүлээх болов. Өнгөрсөн шөнийн турш могой зүүдэллээ. Хар хөлс цутгаад хэд дахиж сэрсэн ч зүүрмэглэх төдийд л олон могой арзалзан, хамгийн содон өнгөтэй нэг могой хэвлий дээгүүр минь мушгиралдана. Өнөөдөр байранд охидын үзлэгтэй. Яагаад ч юм сэтгэл нэг л тогтворгүй, яагаад байгаагаа ч өөрөө ойлгож сэхээрсэнгүй. Үзлэгийн өрөөний үүдэнд түгшиж суулаа. “Хулан ороорой” гэх сувилагчийн үгэнд улам ч сандрав. Бурхан минь ямар цагаа олоогүй бэлэг вэ? Би чинь дөнгөж арван зургаахан настай шүү дээ. Ядаж л надад яах ёстойг минь зөвлөөд өгөх ээж, эгч, найз нөхөд ч байхгүй. Хөөрхий муу аав минь намайг гэдсээ чирээд очвол яаж хүлээж авах бол? Ийм охин өсгөсөндөө гутарч намайг үзэн ядах биз дээ. -Миний охин ээж аавдаа дуулга. Чамайг өөр хэн ч ойлгохгүй. Ямар ч үед эцэг эх гэдэг бол чиний л талд зогсдог юм. Чи их балчир байна. Хамгийн түрүүнд ойр дотныхоо хүнтэй зөвлөлдөх хэрэгтэй. Дээрээс нь чиний бие болоод сэтгэл ээж болоход хангалттай бэлтгэгдээгүй байгаа. Тиймээс сэтгэл хөдлөл, айдсаасаа болоод үр хөндүүлэх шийдвэр гаргах вий гэж эмч нь эмээгээд байна л даа. Гэтэл энэ чинь бүхэл бүтэн хүний амь нас яригдах асуудал шүү. Чиний бие физиологи гүйцэд хөгжөөгүй учраас чиний ч амь нас давхар яригдана гэсэн үг.
Тиймээс гэр бүлийн, ойр дотны хүнээ дагуулаад эмч рүүгээ хүрээд ирээрэй. Энэ миний утасны дугаар гээд жижиг дөрвөлжин цаасан дээр нямбай бичсэн дугаараа гарт минь атгуулав. Хамгийн эхлээд надад хүүхдээ авахуулах мөнгө байхгүй учраас хүчээр зyлбах талаар судлав. Мөөгтэй шөл уучих уу? Өндрөөс үсэрчихвэл болох болов уу? Энэ үйлдлүүдийг зөвхөн хүүхдэд нөлөөлнө гэж бодсон минь эндүүрэл байлаа. Хүчээр зyлбyyлах үед эх ургийн амь давхар яригддаг юм билээ. Бас зyлбyyлах эм мaнcyyрyyлах бoдисын хольцтой гэдгийг ч мэдэж авав. Хурын ус ширгэчихээд байхад нулимс минь ер эгшихгүй юм. Дахиад л сэтгэлийн шаналан. Боргил ахад хэлэхээр шийдэж хэл тультчин байж хэдэн үг нийлүүлээд утсаа тасалчихав. Тэр хэд хэдэн удаа эргэж залгасан ч ярих зүрх хүрсэнгүй… Гар утсанд зурвас ирлээ. “Хавар намайг очтол хүлээж байгаарай. Би эндээс гэр аваад ээж аавтайгаа очиж бэр гуйна аа” гэсэн байв.Нялх сэтгэл нялхаараа л байх юм даа. Хэлсэн үгэнд нь хэчнээн их хөөрч баярласан гээ. Тэр шөнө Боргил ах бид хоёр хүүтэй болж, хамтдаа гуниг үргэтэл хөхрөлдөөд явж байна гэж зүүдэлсэн. Харин гэрийнхэндээ яаж хэлэх вэ? Аавдаа хэлэх гэтэл нэг л эмээгээд утсаар ярих болгондоо “Аав аа…” гээд цаашаа үг эвлэхгүй өөр зүйл ярьчихна. Эх хүн үрдээ зөөлөн хандах байлгүй, эхлээд ээжид хэлье гэж шийдээд утсаа аван залгалаа. -Ээж ээ танд хэлэх чухал зүйл байна гэхэд: -Ээжид нь ч бас байна. Уулзаж байгаад ярьсан нь дээр биз. Сургуулийнхаа хойд талын цайны газарт байж бай, одоо очлоо гээд утсаа таслав. Ээжтэйгээ уулзна гэхээс тэсч ядан догдолж, хар хурдаараа гүйх шахам очлоо. Цайны газар гучаад минут суусны эцэст ээж хаалгаар орж ирэв. -Ээж ээ. -Аан, ирчихсэн үү гээд өөдөөс харсан суудалд суув. Уг нь би ээжийг намайг үнсэх байх гэж горьдсон юм. Гэхдээ л надтай хамт нэг ширээнд сууж байгаа нь сайхан санагдаж байв. -Та надад юу хэлэх гэсэн юм? Таны дараа би үгээ хэлье. -Минийх тийм ч чухал биш ээ. Чи эхлээд хэл… Надад хэлэх үг нь тийм ч чухал биш атал надтай уулзахыг бодоход ээж маань надад эргээд хайртай болж байгаа юм биш биз гэж сэтгэлдээ бяцхан найдлага төрүүлээд, -Намайг уучлаарай ээж ээ. Би… би жирэмсэн болсон гэхэд минь огтхон ч цочирдсон шинжгүй, янжуурын утаа баагиулан. -Хннн, хүний мууг дуурайсан юм. Хүүхдээ төрүүл төрүүл. Тэгээд эцэгт нь үлдээгээд орхино биз… Нулимс минь задгай асгарч, чих шуугин арай ч үгүй байлгүй дээ гэх бодол цээжинд хөндүүрлэсээр хоцорсон юм. -Эцэг чинь мөнгө явуулсан уу? Хэдэн цаас зээлчих гэх гэж байлаа. Мөнгөө хадгалж байгаад aбopт хийлгэхгүй юу, эсвэл… “Энэ хүн миний ээж биш юм болов уу?” гэж хэсэгтээ л бодогдов.
Гэтэл биш гээд хэлчих вий гэсэн шиг адилхан байгаа нь эргэлзэх хэрэггүйг батална. Надад ааваас минь өөр хэн ч байхгүй гэдгийг ойлгож, сумын төв рүү аав руугаа айдас дүүрэн сэтгэл, нүд дүүрэн нулимстай очлоо. Хөөрхий аав минь айл айлын хүнд хүчир ажлыг нугалж өдөр хоногийг өнгөрүүлнэ. Нутгийн олон аавд минь бэлэн мөнгө өгөхийн оронд хоол хүнс, түлээ түлшээр хангаж охин мөнгөгүй болж гэнэ гэхэд нь миний данс руу хийдэг байжээ. Бэлэн мөнгө гар дээрээ хэсэгтээ л тавиагүй аав минь аpxинаас ч холдоод удаж байгаа гэнэ. Утасны цаанаас эрүүл cогтууг нь ялгадаггүй байсан юм. Аавдаа хүүхэдтэй болсон тухайгаа ээрэн байж сая нэг хэлэхэд нулимстай нүдээ ханцуйгаараа шудраад -Ишшш, миний муу охин хайраар дутаж өссөн юм болохоор дундуураа дүүргэх гэж яваад л эндээ байлгүй. Даанч нялх байна даа, нялх байна. Харин яаж ч ядарсан хүний амь таслахгүй шүү. Гэхдээ хоёулаа алзахгүй ээ. Хоёулаа гэнэ шүү. Гурвуулаа гээд сэтгэлд минь хурсан айдсын жаврыг үргэтэл тас тас хөхөрлөө. Аавд Боргил ахын тухай хэлтэл: -Яамай даа, ухаантай аавын хүү байна шүү. Одоо тэгвэл худуудаа хүлээж авах том ажилтай болох нь ээ… Хүүхдээ төрүүлнэ гэж шийдээд Боргил ахын ирэх өдрийг хүлээн, цаг минут тутамд томорч байгаа тэр бяцхан зүрхийг хайрлахгүй байхын аргагүй… Хүүхэд хөдөлж байна. -Ааваа, энэ хүүхэд хөдлөөд байна. -Энэ хүүхэд гэнэ шүү. Миний хүү гээч… -Ямар хөөрхөн юм бэ? Боргил ахад хэлэх юм сан. -Ирэх цаг нь ч дөхөж байна шүү. Холбоо авалгүй хэр удав. -Долоо хонож байна. -Завгүй л явдаг юм байлгүй дээ, хөөрхий. -Харин ээ… Долоо хоног сураггүй байдаг. Мэнд л яваа байгаа даа. Бүтэн гурван сар өнгөрлөө. Холбоо алга. Утас нь холбогдохгүй, фэйсбүүкээ устгачихаж. Аавдаа хэлж зүрхлэхгүй явсаар хүүхэд маань бүр томорлоо. Дулаан орж анхны бороо шаагина. Аав гэрийн хойморт тамxи нэрж сууснаа: -Миний охин хүүхдэдээ хэн гэж нэр өгөх вэ? -Хүлэгүн… -Сайхан нэр байна. -Хулан хатны ганц хөвүүний алдар. Тэр Боргил ч ирэхээсээ нэгэнт өнгөрөх нь бололтой. Ажиллаж байсан барилга дээр нь өөр хүмүүс ирсэн гэсэн гэчихээд хоолой зангирч, гашуун нулимс нүдийг минь бүрхээд авав. -Буянаараа л болог дээ. Миний охин нулимсаа бүү бар. Аав нь байхад хүүг нь эцгийн хайраар дутаахгүй өсгөнө.
Танихгүй дугаараас зурвас иржээ. “Сайн уу? Өнгөрсөн хугацаанд би эмнэлгээр их явлаа. Намайг хүүхэдтэй болох боломжгүй, үргүй гэж байна. Тийм болохоор наад хүүхдээ төрсөн эцэгт нь хэлээрэй” гэсэн байв. Хүнийг арай ч ингэхгүй байлгүй дээ гэж бодож болдоггүй юм билээ. Хүн гэдэг мунхагтаа хүрвэл адгууснаас ч дор юм. Ийм зүйл бичиж байхаар усанд хаясан чулуу шиг тэр чигтээ арилаад өгөх хэрэгтэй биз дээ. Заавал ингээд сэтгэл сэмэлж, зүрх зүсэх хэрэг байдаг юм уу? Боргил ахыг эргэж ирнэ гэж итгэсэн итгэл, мөчрөөсөө тасарч амжилгүй бүтэн өвлийг элээсэн шар навч хоёр юунд тэсч байсан юм бол гэмээр хоромхон зуурт тасран унав… “Таны надад өгөөгүй хайраар үр минь намайг хайрлана. Илүү би юу хүсэх юм бэ? Харин өөрийнхөө хүүхэд биш гэж битгий үгүйсгээрэй. Үрийн заяа гомдоно. Надад танаас юу ч хэрэггүй. Баяртай.” Нүдээ ширгэтэл харуулдаж, нулимсаа барагдтал уйлж суусан надаас ийм үг гарна гэдэг эмэгтэй хүний бардам зан л байх даа. Хүйтэн чийгтэй өрөөний булангийн нааран дээр нэг чигтээ гөлрөн нүд үл цавчин суух Боргил бодлогоширно. “Таны надад өгөөгүй хайраар үр чинь намайг хайрлана”… Хэдий дөрвөн жил өнгөрсөн ч санаанаас ер гардаггүй энэ үг тийм эмзэг нандин, ялдам хүнээс гарна гэдэг надад хэр их гомдсоны илрэл байх даа. Одоо миний хүү дөрвөн нас хүрнэ. Төрсөн эцгээ биш өөр хүнийг ааваа гэж дуудаад инээж байгаа. Гэхдээ шоpонгийн хадаас болсон над шиг аавтай байснаас л дээр байх. Ингэж л өөрийгөө тайвшруулах юм даа. Харин би өдрөөс өдөрт Хулангийн сэтгэлээс арчигдан арилсаар хүүгээсээ өөр үлдээсэн зүйлгүй харанхуй нүхэн дотор мартагдаж байна. Гэтэл хүүгийнхээ нэрийг ч мэдэхгүй дуусна гэдэг харамсалтай… Зүүдэндээ харсан тэр хүү багын зурагтай минь тэгтэл адилхан байх гэж… Хаа нэгтээгээс тэр хүүг Хүлэгүн гэж дуудаж байсан… Хүүгээ л зүүдэлдэг юм байлгүй.” ГЭРЭЛ PUBLISHING