“МАРТАЖ ЧАДАХГҮЙ ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: Л.ДАЙРИЙМАА

Сүxээ үүрээр адуундаа мордож зэсэн улаан наран хөөрөх үес адуугаа туусаар ирж хашаад хазаар, ногт хусуураа авахаар гэрлүүгээ шогшуулах зуураа голын урд талын хэдэн айлруу бас л харж санаа алдан – харахад ойрхон хэрнээ дэндүү хол юм даа гэж өөрөө өөртөө хэлээд түрүүхэн дурандаж дурандаж ирснээ санаж – дараа жил дээд тохойд зусна аа тэгвэл арай л холдоно гэж бас л амандаа бувтнаад – гэрийнхээ үүдэнд тулж очоод – ээж ногт, хазаар, хусуур гаргаад өгөөч гэхэд гэрээс – за гэх дуулдан удалгүй толгойдоо гандмал ногоон өнгийн алчуур зангидсан настай авгай морины хэрэгслийг гартаа барьсаар гарч ирэн өгөхөд залуу ялимгүй хазайн аваад хатируулж одов. Адууны хашааруу саравчилж – муу хүүд минь хань болчих хүн олдохгүй байна гэж баймааргүй л юм, энэ нөгөө Оюунааг мартахгүй л явна аа даа, ядаж байхад голын урд талын айлууд дээр ирж буусан дуулдсан. Тэр Зоригоо золиг багаасаа морь унаж хүүтэй минь үерхэж өсчихөөд бүр орж гарахаа ч больж эхнэрээ харамлаж байгаа санаатай юм байхдаа гэж бодоод гэртээ орж саалийн хувингаа аван зэлрүүгээ алхав. Сүхээ нас насны морьдоо барьж уян, дээлийнхээ бүсэнд зүүсэн хусуураа авч морьдоо хусангаа харцаа голын урдах айлуудаас салгаж чадахгүй зогссоор л байв. Үнээгээ саах зуураа хүүгээ удаан ажигласан Сүхээгийн ээж – нөгөө Долгорын охин нөхрөөсөө салаад ирсэн дуулдсан багадаа ажилсаг сүрхий охин байсан одоо хэвээрээ л байгаа даа манай Сүхээд сайн гээд л бүр надад ч нуухгүй хэлж байсан, – хүү минь эхнэрээ болгоод авчихдаггүй юм байхдаа нэг жаахан хүүтэй дуулдсан тэр яахав хүнд хүн илүүдэхгүй зөв өсгөчихвөл түшиг л болно гэснээ – ер нь манай энэний нүдэнд Оюунаа л харагддаг бололтой гэж бодох аж.

Сүхээ морьдоо ахин дахин хусаж хусаж сая л нэг дуусаад газар суун өврөө уудлан янжуур гаргаж асаан татах зуураа – ноднингийн улсын баяраар Оюунаатай таарч мэнд мэдэхэд хариуд нь – чи чинь одоо эхнэр олоод авчхаж чаддаггүй юм уу, миний нүднээс хол яв, чамаас болж Зоригоо үргэлж – тэр Сүхээ чинь миний үхэхийг хүлээгээгүй л юм бол өрхний оосор татчих хүүхэн авчихмаар л юм, -чи эсвэл хүлээж бай, би салаад очно гэдэг юм уу гэж хэрүүл өдөх юм гэж хэлээд яваад өгснийг нь бодоод тамхиа урт гэгч нь сорж утааг нь аажуухан үлээж гаргангаа – дундаасаа хоёр ч хүүхэдтэй болчхоод тийм юм ярьж эхнэрээ өдөж суудаг өөдгүй ч амьтан бол доо. Оюунаа надад муу даа биш аргаа барсандаа л тэгж хэлсэн хэрэг, балга юм уучхаад агсам тавьдаг дуулдсан тийм ч амгалан тайван амьдардаггүй бололтой, хөөрхий минь – чи надад цэргээс ирэхдээ цэцгэн хээтэй цэнхэр эсвэл улаан өнгийн алчуур авчирч өгөөрэй надад энэ хоёр өнгө гоё зохидог юм гэж захиж байсансан. Би уурандаа авчирсан хоёр алчуураа хойд замын хажуугаарх харгана дээр уяад орхичихсон цоо шинэ юм болохоор хүн олж авсан байх дараа нь очиход алга болсон байсан, одоо болох наадмаар алчуур авч Оюунаад хадгална аа авсан байхад өгөх нэг өдөр ирж л таараа гэж бодоод нэг их чухал ажил бүтээсэн мэт инээмсэглэн мориндоо мордож гэрлүүгээ таваргав… Наадмын өмнөх өдөр сумын төврүү дөхөж майхнаа барьсан Сүхээ хуурай дүү болох хоёр залууд – ах нь сумын төв хурдхан ороод ирнэ та хэд морьдоо ойрхон газар үсэргээд татчих гэж захин давхиж одов. Гайгүй бараатай гэгддэг хоёр гурван дэлгүүрээр орж хоёр өнгийн алчуур суртал худалдагч бүсгүйчүүл жуумалзан – 3а Сүхээ уяач алчуураар яахнав, найз хүүхэндээ өгөх нь үү харамсалтай нь даанч цэцгэн хээтэй нь алга гэж нэг нь бүр илтэд өдөн – надад алчуур бэлэглэчих залуу даанч алга даа чи олохоороо нэгийг нь надад дурсгачихгүй юм уу гэх аж Сүхээ хүүхэд шиг шилээ маажин – ээж захиад аа гэснээс өөр үг хэлсэнгүй, тэрээр хайсаар байж арай чүү нэг улаан алчуур авч дээр нь нэг цэнхэр ороолт олоод санасан хэргээ бүтээсэн тул арагшаагаа яаран сумын төвийн гудмаар шогшуулж явтал

– Хүүе Сүхээ гэх дуу дуулдахад залуу эргэн харвал нэгэн бүсгүй гараа даллаж харагдана. Сүхээ мориныхоо амыг эргүүлэн дөхөж очвол Нарангарав байв. – За сайн уу хажуугаар танихгүй л яваад өглөө гэхэд Сүхээ морин дээрээсээ гараа сунган – сайн сайн уу гудамжаар яваа аль хүнийг таньдаг хүн үү үгүй юу гэж харж явахав дээ гээд – за танайхан сайн уу, чамайг эндээ ирсэн гэж дуулсан гэхэд бүсгүй инээмсэглэн – сайн, манайхан сайн сайн, харин тиймээ ээж хүү бид гурав амьдраад л байна гэснээ санаа алдан – чи гэрлээгүй л дуулдсан гэхэд залуу тэр дээгүүр уул ширтэн – одоохондоо бодоогүй л явна гээд гэнэт яарангуйгаар – за за баяртай хө наадмаар таарах байлгүй гэхэд Нарангарав – тэгэх байхаа гэж сулхан хэлээд хоцроход Сүхээ явдал дундаа – ямар хэрэг байхав дээ хань ижлээсээ салаад нөхөргүй хүүхэн гээд муу нэр цол дуулах вий дээ, хүүхэд байхдаа надад сайн гээд гүйдэг байсан даа гээд би ямар сайн биш надад сайн хүн гээд ханилъя, сууя гэлтэй биш, ээж ч дуртай л байх байхал даа гэж бодсоноо – за за дэмий зүйл бодох яахав, нөгөө хэд морьдоо өдийд хөдөлгөчихсөн байгаа өнөө орой бор морио жаахан тарчиг газар аргамжихгүй бол гэж өөрөө өөртөө хэлэн давхив. Сүхээ айраг, түрүүнд орсон морьдоо цоллуулж бай мөрийгээ аваад зургаа татуулж баяртай мэт царайлавч үнэндээ гунигтай байлаа учир нь Оюунааг сэм хайвч харагдсан ч үгүй, сүүлдээ бүр санаа нь зовж – зүгээр л байдаг байгаа даа өвдөөгүй байгаа гэж бодон тэдний хотоос ирсэн хүн хайж Дэжид хөгшний жаахан мэдрэл муутай ач хүүтэй таарч хүүгээс – танай хотоос хэн хэн наадамд ирээ вэ гэхэд хүү тэр энэ гэж хуруу даран баахан тоолоход Сүхээ залхан шуудхан Зоригоо Оюунаа хоёр ирээ юү гэж асуухад хүү- Зоригоо ах уржигдар аймгийн наадамд явсан өчигдөр Оюунаа эгч бага охинтойгоо эмнэлэгт хэвтсэн, хүү нь өвөөгийндөө үлдсэн, манай бэргэн ээжид

-Энэ Зоригоо Оюунааг утсаар яриад – охин өвдлөө гэсэн чинь – түргэн дуудаад сум орохгүй юу, би тэгээд яах юм ямар замаасаа буцалтай биш гээд Оюунаа уйлаад гэсэн гэж ярихад Сүхээ – аан тийм үү гээд сумын эмнэлэгрүү шуудхан давхижээ. Сүхээг очиход сумын эмнэлэг эль хуль хэвтэж байсан хүмүүс нь эмчээсээ гуйгаад наадам үзэхээр явсан байв, хоёр, гурван настай хүн, дунд сургуулийн нэг хүү зэрэг хүмүүс байв. Хайсаар өрөөнд нь орж очиход Оюунаа Сүхээг хараад баярласан шинжтэй харагдана, залуу – за сайн уу охиных нь бие яаж байна гэхэд Оюунаа – сайн, одоо гайгүй болсон, хонинд явсан хойгуур ах нь дүүгээ нүцгэн явуулаад дааруулчхаж гэхэд Сүхээ – за ашгүй дээ гэхэд Оюунаа халуун савтай цайнаасаа аягалж барихад залуу хоёр гардан аваад хэд оочилсноо – би яараад наадмын хуушуур ч авахаа санасангүй гэвэл – зүгээрээ чиний өмнөхөн ах, бэргэн хоёр хуушуур авчирсан гэснээ халуун сав онгойлгон – охин унтчихаар ганцаараа идэх эвгүй байсан юм гэснээ хоёулаа цуг идье гээд Сүхээд дөхүүлэн тавихад залуу нэрэлхэн – би идсэн гэхэд бүсгүй – худлаа яриад л морь гэж давхиад хэдүүдээ л тухтай идэв гэж, – алив май ид гэхэд Сүхээ гараа тосон аваад хоёул хамтдаа идэцгээв. Сүхээ явахаар үүдрүү явснаа гэнэт эргэн – энийг чамд гэхэд Оюунаа гялгар ууттай зүйлийг гараа тосон авч үлдэв, Сүхээ ч гарч явлаа. Бүсгүй уутны амыг нээн үзвэл түүний нэгэн цагт захиж байсан зүйлс нь байлаа, бүсгүй алчуурыг гартаа чанга атган энгэртээ нааж мэлмэрүүлэн уйлж эхлэв…

Оюунаа Сүхээг өрөвдөн хэсэг уйлаад алчуур, ороолтоо цүнхэндээ далд хийн – энэ хүнийг эхнэр авчихвал миний сэтгэл амрахсан, муу ээжийгээ амьд дээр нь ачийнх нь зулайг үнэрлүүлбэл, удахгүй гуч хүрэх нь хүүхэд нь ч хэнздэж ач зээгээ ч үзэж чадахгүй үхчихвэл яана, – би ер нь яах гэж Сүхээгээр тоглоом хийж – би чамд сайн гэж хэлэв ээ, бас цэрэгт явахад нь алчуур захин хүлээж байя гэснийг яана, хэзээ би худлаа хэлсэн бүхнээсээ уучлал, өршөөл гуйх билээ, Зоригоод хэлбэл Зоригоо цааш нь Сүхээд хэлдэг бол нэг талаар Зоригоо намайг хардахаа больж сэтгэл нь амрах ч нөгөө талаар Сүхээ сэтгэлийн зовлонд унах байхдаа, за ер нь ингээд таг чиг орхиж Сүхээд сайн хань ижил олдоосой гэж залбирч явахаас өөр арга алга даа гэж бодоод санаа алдлаа. Сүхээ бурхан тааруулсан юм шиг Оюунаад авсан алчуураа өгөх боломж ийнхүү тохиосонд сэтгэлдээ их л баяртай буцаж явлаа. Нэг талаар нэг их өр төлсөн ч юм шиг бодогдож – би ямар хүний үрсийг өнчрүүлж салгаж ханилах ч юм биш дээ, Оюунаа Зоригоод хайртай болоод сонгосон хэрэг, түүнээс надад үнэхээр хайртай байсан бол хүлээж л байх байсан дээр үеийн 3 жилийг хүлээж чаддаг бүсгүйчүүд зөндөө л байсан дуулддаг, тэгэхэд ганц жилийн дотор ингэтлээ хувирна гэж байхгүй тэгэхээр энэ ганц миний сэтгэл гэдэг нь тодорхой, Оюунаа минь аз жаргалтай амьдарч байвал миний аз жаргал л гэсэн үг. Гэхдээ би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй, мартсан нэг өдөр ч байгаагүй дээ гэж шивнэлээ. Тэгээд – ер нь алийн бүр тэр хоёрын эвдрэх, муудах шалтгаан нь болж явахав, Зоригоотой уулзаж ярилцаж юунаас болж агсам согтуу тавьдгийг нь асууя, хардах сэтгэлээс л үүдэлтэй биз, Оюунааг харамлах, хардах сэтгэлийг нь амраая. Зоригоо уул нь хүн мөс муутай хүн биш ээ жаахан нарийн харамч зантай л болохоос биш. Би л дэмий юм хэлснээс болж Зоригоогийн ойр дотно байсан сэтгэлд сэв суулгасан хэрэг гэж дөрвөн жилийн өмнөх нэгэн явдлыг эргэн дурсав. Хаврын нэгэн хуйсагнуур өдөр Сүхээ ямааны ноолуураа сумын төвийн ченжэд зараад дотроо халаая гэж ганц шил юм хувааж уугаад бага зэрэг халамцуу хэдэн төгрөгөө өвөртлөн явж байтал Зоригоотой таарчээ.

Сүхээ Зоригоог Оюунаатай гэрлэсэнд үнэхээр их дургүй нь хүрч тэр дургүйцлээ мартаагүй явсан учир илтэд өдөн – за Зоригоо залуу сайн уу, чи ч нэр шигээ зоригтой залуу даа гэхэд Зоригоо – сайн, сайн уу за би юунд зориг гаргасан билээ гэхэд Сүхээ – хүний бүсгүйг булаачихсан хүнийг зоригтой гэхгүй тэгээд юү гэхийн айн? – эсвэл хулгайч гэх юм уу гэхэд Зоригоо гэнэт уурлан – чи юү гэх гээд байна – би тэгвэл хүүхдээ авъя чи чаддаг юм бол тэр хүүхнээ авалдаа гэж залуус хоёр талаас том том ташуур гозолзуулан байтал Зоригоогийн хотын хоёр залуу ирж тэр хоёрыг салган зодоон болох ч байж мэдэх явдлаас сэргийлжээ. Тэрнээс хойш тэр хоёр тааравч мэндийн зөрөөтэй л өнгөрцгөөдөг болж хүүхэд байхдаа хурдан морь унаж өвөр түрийндээ орж унтаж, үерхэж яваагүй мэт болцгоосон байв. Ийнхүү адуугаа туух зуураа бодлоо бэлчээх Сүхээ Нарангаравын тухай бодож – би түүнд баяраар тааралдана уулзана гэж хэлсэн дээ хөөрхий минь намайг хайсан байх, магадгүй намайг харсан боловч зүрхэлж дуудаагүй байхдаа – бид мөнх амьдрах биш дээ намайг гэх сэтгэлийг нь, алдаж гундсан итгэлийг нь тэтгэх сэтгэлээ өгвөл болохгүй ч юмгүй дээ гэж 360 градус эргэнэ гэдэг шиг гэнэт бодон бодож байгаагаа ээждээ хэлье гэж гэнэт шийдэн – муу ижий минь баярлана даа гэж бодоод ээжийнхээ инээмсэглэх царайг сэтгэлдээ дүрслэн амандаа дуу аялан -чүү гэж морио гуядлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!