“ЛХАМ ЭГЧИЙГЭЭ HӨXРӨӨС НЬ ХҮРТЭЛ ХАРАМЛАЖ БИЛЭЭ…” – БОДИТ ЯВДЛААС

“ЛХАМАА ЭГЧ БА ХАЙР” – Tsetseglen Bumbuljin

Урд шөнөжин бага насанд үзсэн миний хайр болох Лхам эгчийгээ саналаа. Оюун ухаан ч юмуу, зүрх юуг ч мартдаггүй, бичлэг хийдэг гэж үнэн байна. Яг л тэр үеийн бүх үйл явдлууд харагдсан. Манайхан ойр дотны хамаатан ах дүүгээ ер нэрээр нь дууддаггүй ахайлдаг, жинхэнэ нэрийг нь жаахан байхдаа огт мэддэггүй байжээ.

Адиа, Аниа, Амаа, Даадиа, Хамбаа гээд л. Бидний Аниа болох Магсар өвөө, Дарь эмээ хоёр маань Сайхан сумаас манай суманд нүүж ирж, манай хашаанд төвхнөв.

Төрсөн ганц охин нь сургууль төгсөөд энд Цэцэрлэгийн багшаар ажиллах болсноор тэр. Би бөөн баяр, хөл газар хүрэхээ байсан. Аавтайгаа нам гүмхэн амьдардаг миний хорвоо ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөх нь тэр.

Лхамаа эгч маань их гоё, янзага шиг эгдүүтэй, нуруулаг ч, царайлаг ч бас их хөөрхөн ааштай гэдгийг би бас мэднээ. Ганган, сайхан, үзэсгэлэнтэй эгчээрээ хүүхдүүдэд гайхуулах бүр гоё.

Бид хоёр ижилдэн дасаж, би тэдний хүүхэд шиг Аниагийнд идэж ууж, унтаж хонож, аавын минь ч санаа амарсан, аз жаргалтай хоёр жил өнгөрсөн юм.

Би Лхамаа эгчийгээ унага шиг дагасан. Бүх зүйл түрхэн зуурынх гэдгийг үл эгээрэх нялххан нас минь хөөрхөн. Тэднийд нэг муур байх. Би их дургүй, угаасаа айдаг. Бид хоёрыг унтахаар хөл дээр хэвтэх боловч аймаар зэвүүн Лхамаа эгчийг харамлах мэт миний хөлийг сэмээрхэн хумслана, хөнжлийн цаанаас.

Эхлээд би Лхамаа эгчид хэлж, эгч маань түүнийг орноос буулгаад унтах боловч эргээд гараад ирнэ. Сүүлдээ би эгчийгээ сэрээхээс хайрлаад мууртай сэмхэн үзсээр нойрондоо дийлдэн унтдаг байлаа. Тэр надад муу юм хийгээд байхаар нь үйлийн үр нь шийтгэсэн үү, хүүхдүүдэд xopлогдчихсон юм.

Гоё ах нар уулзах гээд дуудхад намайг хөтлөөд л зогсдог байсан нь би бас бие хамгаалагч. Ах нар надад дургүй байгаа нь илт хэхэ. Хорин дөрвийн чихэр өгнө, би явахгүй юм чинь. Эгч минь их уран, надад гоё плаж хийж өгнө, бас хатгамал хатгаж гэрээ гоёно, би бишрээд л.

Нэг удаа тэнгэрийн цэнхэр торгон утас олдохгүй, бид хоёр хуйвалдаад Гүнгэрваатай Бурхан доторх хадагнаас сэмээрхэн хайчлаад авчихаж билээ. Эгч минь дөнгөж хорьхон настай, ёстой болсон жимс шиг үзэсгэлэн төгс бүсгүй.

Сүйт залуу болох Авирмэд ах хотоос ирэв. Би харамлаад л, гэртээ дуртай дургүй орж унтана. Дараа зун нь Хангал сумаас мотоциклтой ирж, Лхамаа эгчийг авч явав. Би явуулахгүй гэж уйлж дагаад, гурвуулаа сундлан аймаг орж, намайг хуурч аргалан айлд үлдээгээд явсан байдаг.

Хонгорхон залуус дурлалцан салж ядаж байхад би гэж том шавар хэхэ. Гэхдээ эгч минь намайг огт ад үзэхгүй, эрхлүүлэн, дураар минь байлгаж, хайрлаж халамжлахыг мэдээд эрхэлж, наалдаад байсан болов уу.

Ирэх жил нь Лхамаа эгч, Авирмэд ах хоёр гэрлэх болж хот нүүхээр болсон. Би маш их уйлсан, явуулахгүй гээд болохгүйг ойлгож байсан ч.

Гэрээ Бямбажав гэдэг ахын автобусанд ачаад хөдлөхөөр болж, намайг дуудахад би гүйж очиж үнсүүлчихээд, орхиод явж байгаад нь гомдсондоо зугатаад хоёр байшингийн хооронд орж нуугдаад, асгартал хэнгэнэтэл уйлаад дахиж гарч ирээгүй.

Миний бяцхан зүрх сэтгэлдээ авсан анхны хайрын шарх тэр юм болов уу. Нууцаар харахад Лхамаа эгч маань бас уйлаад л, намайг дуудаад байсан.

Айлын ганц, ганц охидын чин сэтгэлийн Эгч дүүсийн хайр тэр байсан байх. Ааваас минь өөр хэн нэгэн намайг чин сэтгэлээсээ хайрлахыг тэгж мэдэрсэн байжээ гэж одоо л ухаарах шиг.

Би зүрх сэтгэлгүй болчих шиг л болсон. Олон хоног урвайж, уйлж, нялцайж аавыгаа мөн ч их зовоосон доо. Хүн хүнд дасна гэдгийн зовлонг тийм бяцхан зүрх мэдэрч, шаналж, үзэж байсан байх нь.

Туурга нэвт туяатай гэж үлгэрт гардаг шиг сайхан эгч минь одоо ч ануухнаараа сэмбэлзэж, сайн сайхан яваа дуулддаг. Миний амьдралдаа үзсэн Эгчийн хайр бол Булган аймгийн Сайхан сумын уугуул Магсарын Лхам эгч та минь юм. Зүрх мартдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!