MngNews

“ИХЭР БОДОЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ИХЭР БОДОЛ” ӨГҮҮЛЛЭГ

Б.БЯМБАСҮРЭН

Орчлон хорвоод үзэсгэлэнтэй, хөөрхөн ихэр охид мэндэллээ. Төрүүлсэн ээж аавдаа инээмсэглэл хайр, бэлэглэсэн бүүвэй нар аз жаргалд умбан эрхэлсээр өсч том боллоо. Усны дусал шиг ижилхэн, ялгахын аргагүй саран гоо , бүсгүйчүүдэд хувь заяаны эзэд сайн хань нөхөр, элбэг хангалуун амьдралыг бас л бэлэглэжээ. Нэг ихэр нь амраг нөхрөө даган хөдөө нутагт амьдрахаар шийдэн явах гэтэл нөгөө ихэр нь -Чи юунд дөргүй бух шиг зүтгэж газрын мухар, алс, бөглүү газар амьдрахаар явна вэ? Бүх юмнаас хол хөндий , тэндээ удахгүй уйдаж, үхэх байх даа .Хормойгоо чирсэн хөдөөний авгай болох сайхан гэж үү? гэж ятган хориглоход -Зүгээр дээ, би хайртай хүнтэйгээ хамт байх болохоор уйдаж , гуниглах зав зай олдохгүй л байх даа. Битгий санаа зов доо гэж хэлжээ. Дөчин настайгаа золгох үед ихэр бүсгүйчүүд өдөр товлон уулзаж хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэхээр шийджээ. Олон жил уулзаагүй болохоор бие биенээ хэрэндээ санаж, бас хэн, хэн нь ямар болсон бол ? гэхээс сэтгэлдээ хүлээлт тээсээр уулзлаа.

Урьд урдаасаа харан инээмсэглэн сууж байгаа бүсгүйчүүдийн нүүрэнд инээд баясал, сониучхан гайхширал зэрэг тодрох агаад -Яагаад? гэсэн гайхширсан асуултыг хэн хэндээ шууд тавихаас бас асуухаас эмээж хий дэмий л буцаагаад залгина. Гэр бүлийн амьдрал, үр хүүхдийн хичээл сурлага , бага насны хөгжөөнтэй дурсамжууд гэсэн өнөөх хэдэн байдаг л, мэддэг асуулт хариултаар цагийг нөхцөөх боловч сэтгэл дотор нуугдсан өнөөх асуулт байж ядан чимхэх нь аль алиндаа тээртэй санагдана. Энэ маань гаднаа хот газрын ганган, дэгжин бүсгүй шиг харагдаж байгаа мөртлөө их шаналсан, зовсон мэт харагдана вэ? Яасан юм бол? Яагаад дандаа ярвайгаад суугаад байгаа юм бол? Хүнд хэцүү байдалд орсон юм болов уу? Надаас нуугаад хэлэхгүйг бодвол нөхөр нь зовоогоод байгаа юм болов уу? гэж бодоход -Хөдөө гандаж, хээр хөхөрдөг мөртлөө, манай энэ ямар залуухан , оворгүй сайхан харагдана вэ? Нууц нь юунд байгаа бол? Байнга инээмсэглэж байх юм . Тэгэхэд, миний байж байгааг. Хичнээн, хичээж тордох тусам нүүр , хүзүү минь үрчлээтэж, хөгшин юм шиг харагдаж байгаа байх даа. Арьсаа саяхан татуулж янзлуулсан юмсан . Анзаараагүй л байгаасай. Насаараа хөдөө амьдарсан хүнээс дор болчих ч гэж , Арай ч дээ гэж гэсэн нууцхан бодол нь зөрүүлээд хэлээд өгчих юм шиг санагдана.

Ариун цэврийн өрөөн дэх том толинд зүс царайгаа янзлан зогссон ихрийн нэг нь -Хүүе ээ , миний нүүрэн дээр бас дахиад нэг юм гарчихсан байна. Уг нь саяхан гарсан үрчлээний эсрэг, үнэтэй тосыг түрхсэн юмсан, Таарахгүй л байна даа гэж дуу алдан хэлээд гар цүнхнээсээ шахмал энгэсэг гарган давхарлах зуураа баруун нүднийхээ зовхийг лавлаж дахин харснаа -Ээ яана аа, энэ нүдний доогуурх үрчлээ , ямар тодорч харагддаг юм бэ ? Бас нэмэгдчихсэн юм шиг ? гэж уулга алдан хэлээд гарлаа . Удалгүй нөгөөх ихэр нь зөрөн орж ирээд өмнөх толинд үсээ гараараа эвлэгхэн янзлаад , уруулын будгаа сэргээх зуураа -Өнөөдөр бол миний хамгийн аз жаргалтай өдөр . Энэ өдрийг бидэнд бэлэглэсэн бурхан , биднийг төрүүлж өсгөсөн ээж аав та бүхэндээ баярлалаа. Бас хань , үр хүүхдүүдэдээ ч баярлалаа . Чи өнөөдөр хамгийн сайхан , хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аятайхан харагдаж байна шүү гэж инээмсэглэн хэлээд хацраа зөөлхөн илээд гарлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!