“ЗӨӨЛӨН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ

Ж.ЖАРГАЛ

“Явах юмсан. Ёcтой махийтал ажиллаж байгаад байр, машин, үйлдвэр… Тэгээд Cокогоо дагуу­лаад… Өө, бас хүүхдүүдээ хөтлөөд…” Золбоот бодолдоо хөтлөгдөн өөрөө өөртэйгээ ийн ярина. “Солонгос руу явна” гээд ажлаасаа гарчиxсан. Ажлаас гарсан гэдгээ аав, ээждээ хэлээгүй. “Ээлжийн амралтаа авсан” гээд асуудлыг нам дарсхийгээд байгаа юм. Золбоот бол айлын ганц. Ганцаархнаа гээд тийм дураараа биш. Угийн төлөв болохоор одоо ч хүүхэд зан нь хэвээр. Харин эх, эцэг нь түүнд хир халдаахгүй ээ. Ялангуяа ээж нь. Ганц хүүгээ хүний дайтай явуулах гэж Долгормаа юугаа ч хайрладаггүй. “Хойд эцгийн царай харуулсан юм, хөөрхий” гэхээс өр нь өмөрч Насанбатыг ч ширүүн дуугаргадаггүй билээ. Тэрбээр хүүгээ өөрийнхөө эцгийг “танихгүй” шахам өсч, өндийж яваад нь шанална. Өөрийнх нь биш атал “Миний хүү” гээд хайрандаа өлгийдөж өсгөсөн ханиараа бахархана. Амьдралын их хуулиас арай өөр дүрэм зохиочихоод түүнийгээ дагаж яваа энэ бүсгүйг огторгуйд түгэн гялалзах оддын нэг нь гэвээс түүнийг шөнийнх нь биш өдрийнх гэмээр. Учир нь, түүний найзууд “Манай Догоо чинь ховор хүн” гэж ам булаалдана… Долгормаа оюутны ширээг арьс ширний үйлдвэрийн мастерын ши­рээ­гээр солиод тун удаагүй байв. Намрын шар нар ээсэн тогтуун сайхан өдөр. Ажлынхантайгаа “Мэлхий хад”-ны амралтад явахаар автобусанд сууцгаажээ. Ажилд ороод удаагүй болохоор гэрэвшисхийн хамгийн арын сандал дээр сууж байтал, – За, Догоо мастерынхаа дэргэд сууна аа гээд цахилгааны инженер Элбэгээ түүний хажууд лагхийв. Өдрийн амралтад хоёр хо­ноод ирэхдээ Догоо ер бусын баяр хөөртэй байлаа. Сэтгэл нь тогтож өгөх­гүй, гэгэлзээд нэг л сонин. Автобусанд зэрэгцэн суусан Элбэгээ найрын ширээний ард ч, наагуур цаагуур алхахдаа ч Догоог бараадаад байжээ. Эхэндээ нэлээд биеэ барьж, төвөгшөөх янзтай бай­сан Догоог “Эр хүний халамж, ан­хаарал ямар сайхан юм бэ?” гэх бодол нь номхруулж, ичингүйрэн дөлж, дайжихыг хүртэл болиулсан байна. Элбэгээгийн хөгжилтэй яриа, гүжирмэг зан чанар гээд бүх л талаа­раа таалагдана. Түүний бaнзaн гитар бариад нүдээ анин дуулах нь хүртэл Догоогийн сэтгэлийг гижигдэж, “Хаанаас гарч ирдэг юм бол…” гэж гайхширч байсан хайрын дөлийг маналзуулна. Хөдөлгөөн бүрийг нь хараад баймаар ч юм шиг. Харц тулгарангуутаа ичингүйрэн нүүр буруулах бүсгүйг Элбэгээ аль хэ­дийнэ анзаарчээ. Элбэгээ гурван жилийн өмнө энэ үйлдвэрт орсон. Тэрбээр ажлаараа хошуучлагчдын жагсаалтыг тэр­гүүл­нэ. Олон нийтийн ажил, урлаг, спортын бүх арга хэмжээнд залуу­чуудаа манлайлан оролцоно. Ажилд орсныхоо дараахан гэрлэж, ой хүрч яваа хүүгийн хойд эцэг болсон ч хоёр жилийн өмнө эхнэр нь түүнд охиныг нь төрүүлж өгсөн…” гээд товч намтрыг нь Догоо тэр өдөр мэджээ. Эхнэр, хүүхэдтэйг нь мэдсээр байж Догоо байтугай үйлдвэрийн эгчмэд бүсгүйчүүд хүртэл Элбэгээд cээтэн xаях нь илт. – Манай инженер будаг нь хан­халсан бүсгүйг бараадаад их байна аа. – Элбэгээ инженер шиг сайхан за­лууд партнёр мундах биш дээ. Ажлынхан нь түүнийг ингэж дооглох, хөөргөхийг хослуулан егөөдөхөд мань хүн чихгүй хүн шиг чимээгүй сууна.

Ажлынхантайгаа амралтад яв­сан хоёр шөнийг Элбэгээгийн өвөрт өнгөрүүлснээ бодон “Ажил дээгүүр янз бүрийн яриа гарах вий” гэхээс бага зэрэг айвч, бүсгүйн “Хүнтэй суух сан” гэх хүсэл тэмүүлэл нь улам оргилжээ. Догоогийн найзууд бүгд айлын бэр, хүүхдийн ээж болцгоогоод амьдралын зам мөрөө хөөцгөөжээ. Баяр ёслолын үеэр найзууд нь хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт байж, тэр тухайгаа ярих нь түүнд хамгийн том гуниг авчирдгийг зарим нь мэднэ. Нэг хэсэг нь ч огт анзаарахгүй. Тийм болохоор Догоо ганцаар сээхэлзэж явахаасаа илүүтэй нөхөртэй болохыг чин сэтгэлээсээ хүсэмжлэх болоод удаж буй. Тэр л хүсэлдээ хөтлөгдөн эхнэртэйг нь мэдсээр байж Элбэгээ­тэй энгэp зөpүүлжээ. Сарын дараа дотор нь муухайрч, хоолны үнэр авч чадахаа больсон Догоо эмч найз дээрээ очоод “Жирэмсэн” гэдгээ сонсоод баярласан ч буцах замдаа цурхиртал уйлж явсныг хэн ч мэдээгүй. Ээж нь “Эх хүн болох шиг сайхан юм хаана ч байхгүй. Миний охин, гарга…” гэснээр Догоо тайвширчээ. Тэрбээр жирэмсэн болсноо Элбэгээд хэлэлгүй нууж явсан ч гэдэс нь томорч илт мэдрэгдэх болов. Дөлж, дайжиж явсаар нэлээд холдож хөн­дийрсөн Элбэгээтэй уулзаж, хэлэхээр шийджээ. Боломжийг нь таа­руулж байгаад түүнтэй өдрийн хоолонд хамт оров. Ийм мэдээ сонсоно гэж зүүдлээ ч үгүй явсан Элбэгээ “Жирэмсэн болсон…” гэхийг нь сонсоод хэсэг чимээгүй суужээ. Тэгснээ Догоогийн гарыг зөөлөн ат­гаад “Баярлаад хэлэх үг олдохгүй байна. Хүүхдийг чинь гаргана гээд сууж байгаа чамд баярлалаа. Биеэ бодож, сайн амарч байгаарай” гэснээ хэвлийг нь зөөлөн илж, духан дээр нь үнсчээ. Энэ өдрөөс хойш Элбэгээ Догоод улам ихээр анхаарал тавих болов… Золбоот ингэж л хорвоод мэндэл­сэн билээ. Догоо хүүгээ ой хүрч байхад нь Насаатай нэг гэрт орсон юм. Энэ үед Элбэгээ үйлдвэрийн дэд дарга болтлоо дэвшсэн байлаа. Оочер дугаар харгалзалгүй Догоод хоёр өрөө байр хуваарилахдаа хэл үг, хов живнээс айсангүй. Байрны оочерт багтаагүй зарим нь Элбэгээ, Догоо хоёрын тухай ярьж, баахан жиг жуг гээд өнгөрчээ. Насанбаттай суугаад 24 хаврын ард гарсан ч Догоо дахиж хүүхэд төрүүлсэнгүй. Насныхаа ханиар сонгосон хүнийхээ хүүхдийг гаргаж, үрийн зулай үнэрлүүлэхийг энэ хугацаанд хүсч, тэр нь бүтээгүй гэхээр эмэгтэй хүний тэсвэр тэв­чээрийг шалгасан он жилүүд. Гэвч өөлөх юмгүй сайхан ханьтайдаа, ганц хүүг нь өөриймсөг хайрандаа бөмбөрүүлж өдий зэрэгт хүргэсэнд нь Догоо баярладаг. Хүн л юм бо­лохоор мухар сүсэг бас хүүхэдтэй бо­лохсон гэх хүсэл тэмүүлэл нь хөт­лөөд Догоог “сайн” гэсэн лам хувраг, үзмэрч, мэрэгчийнхээр хүртэл цөөн биш удаа зочлуулжээ. Гэвч тус нэмэр болсон нь нэгээхэн ч үгүй.

Дотор сэтгэлдээ тээх энэ шаналлаа гадагш гаргаж байгаагүй. Тийм болохоор “Дундаасаа үр хүүхэд гаргаагүй” гэх зөрчил үл гарна. Энэ айлын амьдрал тэгш, сайхан явдгийн нууц нь ч энэ байж болох. Насаа өөрийнхөө “но”-г сайн мэднэ. Оюутан байхдаа зодолдож бай­гаад төмcгөө гэмтээснээс үргүй болсон гэдгээ олон эмнэлэг, эмчийн амнаас сонссон. Сэтгэлээр унаж, гутарч явсан үе түүнд бий. Түүний энэ “нууц”-ыг хамгийн сайн найз Элбэгээ нь ганцаархнаа мэднэ. Тийм­дээ ч Догоотой танилцуулан тэр хоёрын амьдралын замыг заа­сан хүн нь Элбэгээ. Харин Догоо нөхрийнхөө болоод хоёр найзын дунд ямар “нууц” хадгалаастай явдгийг огт мэдэхгүй. Нөхөртэйгээ хамт хэд хэдэн эмнэлгээр ороод “Эрүүл” гэх хариу сонссон бүсгүй үр заяахгүй байгаагийн учрыг эс олон мухардана. Харин энэ бүгдийн найруулгыг Элбэгээ хийжээ. Эр биеийнх нь зовлонг хамгийн сайн ойл­­годог болохоор Элбэгээгийн ят­галга, “сонголт”-оос Насаа татгал­заж чадаагүй. – Догоогийн хүүгийн аав нь би. Тэгэхээр найзыгаа ойлгож, чи хүүгийн минь аав болооч. Тэгээд ч манай Догоо чамд сайн хань болж чадах хүн. Элбэгээгийн энэ саналыг хоёр сар шахам бодсоны эцэст Насаа сон­голтоо хийжээ. – Хүүгийн чинь ээж надад үнэхээр таалагдаж байна. Тэгээд ч чамаас өөр хэн надад хүүхдээ өгөх вэ дээ. Насанбат, Элбэг хоёрын дунд болсон энэ яриаг шөнийн харанхуй ч эс анзаарсан гэдэгт хэн хэн нь итгэж явдаг. Ээдрээтэй ч юм шиг хүмүүний энэ ертөнцөд дэндүү хүнлэг гэж хэлж болох ийм амьдрал дунд Золбоот өсчээ. Өсч өндийх тусам нь Элбэгээд хүүгээ гэх хармын сэтгэл төрөвч “Хэн хэнийх нь сэтгэлд юм хийчихнэ” гээд биеэ барина. Харин хүүгийнхээ нэр дээр xадгаламж нээж, сар бүрийн цалингаасаа хувь нийлүүлж байдгийг ганцхан Догоо мэднэ. Элбэгээ, Догоо хоёрыг Насаа дотроо жигтэйхэн их хардана. Бас хүүгээ харамлаад байгаа нь илт. Нөгөө хоёр нь энэ бүгдийг мэдээгүй дүр эсгэдэг болохоор Насаагийн энэ байдал нэг их хол явахгүй. Тэгээд ч хувь заяаны эргүүлгээ дагаад амьд­ралынхаа зам, мөрийг хөөцгөөж яваа юм чинь. Элбэгээ дэвшиж, яаманд очсон нь Насаагийн хардах сэтгэлийг илааршуулж өгчээ… Эрх, танхи өссөн ч сурлага, сахил­гаар толгой цохидог Золбоот Германд их сургууль төгсч ирээд Гадаад хэр­гийн яаманд мэргэжилтнээр орсон. Ийн сурч, ажил албатай болоход нь Элбэгээгийн нөлөө их байсан гэдгийг Золбоот мэдэхгүй. Тэрбээр яаманд ажилд ороод удаагүй байх­даа компьютерийн мэргэжилтэн Солонго­той танилцжээ. Танилцах ч гэж, Золбоот тэр бүсгүйд хайраа илчилснээр тэд ханилан суухаар тохиролцсон байна. Соко өнчин дүү нарынхаа хөлийг дөрөөнд хүргэх гэж зүтгэж яваа айлын том охин. Цалин нь хаанаа ч хүрдэггүй болохоор тэр­бээр: – Гадагшаа явж ажил хийнэ хэмээн ярьдаг. Сокогийн энэ саналыг Золбоот огт дэмждэггүй. Гэтэл нэг өдөр Соко: – Виз гарчихсан. Солонгос явлаа. Ажлаа хүлээлгэж өгнө гэж палхийтэл хэлжээ. Хайртай бүсгүйнхээ шийд­вэрийг өөрчилж чадаагүйгээс хойш Золбоот яалтай билээ. – Би тэгээд яах юм бэ гэж хэл­сэндээ ичсэн гэдэг. Нисэх онгоцны буудлаас буцаж явахдаа Золбоот “Сокогийнхоо араас явдаг хэрэг ээ. Миний цалин хэд билээ. Энэ цалингаар яаж амьдрах юм? Ээж, аав хоёрыгоо насаараа холгож амьдрах гэж үү? Айлын хүүх­дүүд хар ажил хийгээд амьдрал нь сайжраад байна… Явъя” хэмээн шийд­жээ. “Аав, ээж хоёрт юу гэж хэлэх вэ? Гадаадад очиж, ажил хийнэ гэхээр юу гэх бол. Сокогийн тухай ээж гадарлана. “Эртхэн хань ижилтэй бол” гэж үглэдэг мөртлөө “Миний хүү, хүнээ зөв таньж сонгоорой” гэдэг юм. Ийн эргэцүүлэн бодож хэвтсэнээ ээжтэйгээ ярихаар шийдэв. Юу яриад байгааг нь ойлгосонгүй юу, аль эсвэл зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн үү, – Орой очоод тухтай ярилцъя, миний хүү… гээд ээж нь утсаа та­слажээ.

Өдрийн цайны цагаар Соко хайртай залуу Золбооттойгоо ярив. – Хайр нь ажлаасаа гарчихлаа. Хэлтсийн даргадаа үнэн учраа хэл­сэн болохоор виз мэдүүлэхэд тусал­на гэсэн. Удахгүй очно оо. Миний хайрт, хүнд хүчир ажил битгий хий­гээрэй. Хайртай шүү. Сайхан мэдээ сонссон Соко тэр өдөр тун баяр хөөртэй байлаа. Сөүлээс холгүй­хэн байдаг оёдлын үйлдвэрт индүүчин хийх Соко өдөржин зогсч ажилладаг болохоор орой ажил тарахад хөл нь мэдээгүй болсон байна. Хэл мэдэхгүй болохоор чанга чанга хашгичих эзэн авгайгийн харцаар бөндөгнөнө. Ха­лаас нимгэн болохоор ирээд 10 гаруй хоноход тэрбээр идэх юмгүй бол­жээ. Урилга, зардлыг дааж, Солонгост авчирсан найз дээрээ очихоос санаа нь зовж, хонхолзон дуу­гарах ходоодоо даран нүдээ аниад хэвтэв. Хайртай залуугаа хур­­дан ирээсэй гэх мөрөөдөлдөө хоол­шоод Соко нам унтжээ. Хаалга тогших чимээнээр сэрж, үүд рүү нойр­моглон очоод онгойлготол хэдэн өдрийн өмнө илгээмж авах гэж явахдаа “Түндэмүн” дээр тааралдсан залуу зогсч байлаа. – Орж болох уу? Ороод ирчихсэн хэрнээ ингэж хэлээд хөлөө дороо үрчин зогсох залууд, – Ийшээ суугаач гэх Сокогийн ду­­рамчхан хариулт бараг урилга мэт сонсогджээ. Тэрбээр урилгагүй ат­лаа уригдсан мэт ширээний ард тухаллаа. – Нутгаас ирсэн даруйд их зутар­даг юм аа. Тэр зовлонг сайн мэддэг болохоор найз нь жаахан идэх юм аваад ирлээ. Ийнхүү асуултгүйгээр ярьж, хормын зуур ширээг дүүргэсэн урилгагүй зочныг Ганхүү гэдэг. Зол­боотын явуулсан илгээмжийг авах гэж очиход Соког танимхайран, баа­хан зөвлөгөө өгөөд гэрт нь хүргэж ирэхдээ хальт танилцжээ. Таньдаг хүн байхгүй, юугаа ч мэдэхгүй “Яах гэж ирэв дээ” хэмээн шантарч явах үед нь монгол хүн, тэр тусмаа үе тэнгийн залуу ингэж тус болоход баярлахгүй хэн байх билээ. Нүүр, гараа угааж, үс гэзгээ янзлаад, нойрноосоо бүтэн сэрсэн Соко, – Би өлсч, ядраад нам унтчихаж. Сайн хүн санаагаар гэгчээр чи хүрээд ир­лээ гэж хань татаж ширээнд суув. Амттанаас эхлээд аль тансаг бол­гоныг авчирчээ. Ганхүү анх ирээд хөглөж байснаа бас ар гэрийнхнийхээ тухай ам хуурайгүй хуучлав. Соко ах, дүү, хамаатантайгаа уулзсан мэт сэтгэл өндөр байлаа. – Хоёулаа гаръя. Сэтгэлээ сэр­гээж тоглолт үзье. Ганхүүгийн энэ саналыг Соко ч дуртай зөвшөөрөв. Тэр хоёр Монголоос ирсэн хошин урлагийнхны тоглолт үзэнгээ бас ч зүгээргүй хоёр, хоёр лааз шаp айpаг шимцгээлээ. Хайртай залуугаа санаж, “Удахгүй ирнэ” хэмээн хүлээж, ядаж байгаа бүсгүй бага зэрэг талимаарчээ. – Хүн ганцаардах бас хүний ну­тагт амь зууж, идээшнэ гэдэг ямар амаргүй даваа вэ гээд Соко толгой сэгсэрснээ: – Хүний ёсоор тусалж, сэтгэлийн дэм өгч байгаа чамд их баярлаж байна хэмээн талархал илэрхийлэв. – Би чамайг анх хараад “Ямар хөөрхөн бүсгүй вэ? Яагаад ганцаараа явж байгаа юм бол” гэж гайхсан шүү. Ганхүү ингэж хэлээд чангаар худлаа инээснээ Сокод ойртон суулаа. Цаг оройтсон тул Соког гэрт нь хүргэж өгөх болжээ. Гэрийнх нь гадаа ирснээ: – Хоёулаа буу халж, жаахан сууя л даа. Би бас уйдаж үхэх гээд хэцүү байдаг юм аа гээд Ганхүү Сокотой хамт дотогшоо орсон байна. Энэ тэрийг хуучилж, “Энд тааралдсан нь бурхны төөрөг биз” гэж бие биеэ доргиосон хоёр үүрийн 04.00 цаг хүртэл сууцгаажээ. Эхэндээ өөд өөдөө­сөө хараад сууж байсан тэд ойртон ойртсоор хорвоогийн нэгэн жар­галтай мөчийг хамтдаа үджээ. Шаp айpганд нам цохиулж, сэт­гэлийн жолоо алдсан Соко сэрээд цагаа хартал ажил эхлэхэд тавхан минут дутуу байлаа. Утсаа аван угаал­гын өрөөнд орж: – Бие өвдөөд байна… хэмээн эзэн­дээ худал хэлж чөлөө аваад эргэхдээ Соко зогтусав. Тэрхэн зуур “Би мөнгө олох гэж ирсэн биш үү? Золбоот минь ирэх гэж байгаа” гэсэн бодол тушаад авах шиг болжээ. Соко хүйтэн усаар биеэ зайлчихаад хана налан хэсэг зогсов. Тэгснээ үүдэн дэх өлгүүрээс хувцас авч өмсөөд, өлмий дээрээ гэтсээр яаран гарчээ. Ажлынхаа газрын үүдэнд очсоноо орж зүрхэлсэнгүй. Ийш, тийш хараад ч аврал алга. Хаалга түшээд мэгшин уйлах Солонгыг яаж аргадахаа мэдэхгүй сандарсан эзэн нь хэсэг харж зогссоноо түүнийг хөтлөн өрөөн­­дөө оруулав.

Хацар даган урсах нулимсыг нь гараараа зөөлөн арчаад аргадаж байгаа бололтой шулганах аж. Соко хэсэг уйлснаа тайтгарч, халуун кофе уучихаад бостол эзэн Ким нь “Харьж амар” гэж байгааг ойлгожээ. Солонго гэр рүүгээ явсангүй. Хувцсаа солиод индүүгээ авч, ажилдаа оров. Өг­лөөнөөс хойш дуугарсан утсаа арай гэж нэг юм автал: – Хаана явна… гэх Ганхүүгийн хөлчүү дуу гарчээ. – Би очиж чадахгүй нь. Чи хаалга түгжээд яв… Соко ингэж хэлээд ут­саа таслав. Юу болсныг ойлгоогүй ч сэтгэл гонсгор байгааг нь мэдэрсэн Ганхүү түлхүүрийг хүргэж өгөх да­лимаар Сокотой уулзжээ. – Намайг дахиж битгий зовоо­гоорой. Баяртай. Сокогийн энэ үгийг Ганхүү сон­соогүй юм шиг үг дуугүй гараад явсан байна. Ажлаа тарж ирээд Солонго гэрээ цэвэрлэж байтал Зол­боот утсаар ярилаа. – Хайр нь явах гэж байгаагаа аав, ээж хоёрт хэлсэн. Тэр хоёр минь хүртэл бөөн баяр. Миний хайр өөдрөг байгаарай. Хайр нь удахгүй очно. Золбоотын жигтэйхэн баярласан дууг нь сонсоод Сокогийн зүрх ха­ранга дэлдэх адил түг түг хийлээ. Найм хоногийн дараа Золбоот Инчёны нисэх буудал дээр хөл тавь­­сан байна. Соко ажилдаа гурав хоног явсангүй. Хайртай залуутайгаа өдөржин шөнөжин эрхлэлдэж, Сөүлийн төвөөр ханатлаа зугаалжээ. – Аавын найз нь хүүдээ юм өгч явуулсан. Түүнийг нь аваачиж өгье. Золбоотыг ингэж хэлэхэд Соко “Түндэмүн” рүү явах тийм дуртай биш байсан атлаа хамт гарчээ. “Түндэмүн” гэх гудамж монгол­чуудын очих дуртай хамгийн сайн мэддэг газар нь. Монголоос ирсэн илгээмж, нутаг руу явуулах бараагаа энд л өгч, авалцаад сурчихаж. Тэр дагуу Золбоот, Соко хоёр болзсон газраа очтол Ганхүү зогсч байжээ. Соко түүнээс харц дальдран, мэндийн хариуд толгой дохисон бо­лоод зөрүү харан зогсов. – Ганхүү мөн үү? – Тийм байна. – Аав чинь юм өгч явуулсан. Золбоот жижигхэн цаасан хайр­цагтай юмыг Ганхүүд өгөхөд – Баярлалаа гэж цаадахь нь сулхан дуугарчээ. – Танай аав, манай аав хоёр бүр багын найзууд шүү дээ. Чи мэднэ биз дээ? Гурвуулаа хамт хоолонд оръё. Золбоотын энэ урилга Соког бүр балмагдуулах нь тэр. Ганхүүд дэндүү халуун байсан ч ширээний нэг талд гурвуул зэрэгцээд суултай биш. Сокогийн харалдаа өөдөөс нь харж суулаа. Түгшүүртэй атлаа түүх өгүүлэх энэ уулзалтаас хойш Ганхүү­тэй тааралдаагүйдээ Соко дотроо баярлаж байв… ЭСЯ-ныхны дэмжлэг туслалцаа­тай­гаар Золбоот Солонгосын ма­шины үйлдвэрт ажилд оржээ. Тэр­бээр Сокогоо татаж тэр үйлд­вэрийнхээ шилний хэсэгт оруулж чадсан байна. Тэд гурван жил өнгөрс­нийг ч эс анзаарах шахам зүтгэжээ. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэгчээр Золбоот, Соко хоёр байртай, унаатай, хувиараа юм хийх эх үүсвэрийн хэдэн төгрөгтэй болж чадав. Тэр байтугай, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сокогийн хоёр дүү их сургуулиа төгсөөд, нэг нь байртай болсон нь хүртэл тэдний хөлс, хүчээ шавхсаны үр дүн байлаа. Түр амсхийх зуурт Соко бие давхар болжээ. – Хүний газар төрүүлэхгүй. Ядаж бэрдээ аяга хар шөл хийж өгөөд ачийнхаа зулайг үнэрлэе. Аав, ээжийн үг Золбоотод хууль учраас нэг их удалгүй эхнэрийгээ нутаг буцаажээ. Зургаан сарын дараа, тулгар биетэй эхнэртээ са­наа зовон яаран, яарсаар Золбоот нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Тэд хүүтэй болж, гурван сар хүрээ­гүй байхад нь хуримын зар тараасан байна. Хуримын зочдын хамгийн хүндтэй суудалд суучихаад, хөлс нь дааварлан баяр, гунигийг хослуулах хоёр хүн байгааг өөрсдөөс нь өөр хэн анзаарах билээ. Энэ бүхнийг эхлэл, төгсгөлтэй нь мэдэж байгаагаараа Элбэгийн хөлс урьд урьдынхаас илүү дааварлана. Элбэгийн дагавар хүү Ганхүү Сокотой нэгэн шөнийн жаргал эдэлсэндээ маадгар байвч хармын сэтгэл төрөн зүрх нь оволзох аж. Энэ өдрийн баяр хөөрийг амтлан, жаргалтай байгаагаа гайхуулах мэт Насаа Золбоотын духыг байн байн үнэрлэн, малилзтал инээж суув. Насаагийн сэтгэл хангалуун байгааг Элбэг сайн мэдэрч байлаа. Түүний тэсвэр алдагдав уу гэлтэй босч, Золбоотын хоёр хацрыг чанга гэгч нь удаан үнсэхдээ аньсага дүүрэн нулимстай байгааг Догоо анзаарчээ.

Амьдрал гэгч хөлгөн далай адармаатай агаад ямар аугаа юм бэ хэмээн Элбэг хашгирмаар са­нагдаж. Хоймор ханхайн суух Золбоот аавтайгаа дэндүү адилхан харагдана. Энэ үед Насанбат “Миний сайн найз” гэж бахархан суусан хэдий ч Золбоот, Элбэг хоёроос харц салгаж чадахгүй байлаа. Тэгснээ “Миний хүү” хэмээн чангаас чанга хэлэхийг нь Элбэг сонсчээ. “Өсөхөөс өдий хүргэсэн эцгийнхээ хайрыг миний хүү аяндаа мэдэрнэ…”. Элбэг хайрын нүдээр хүүгээ энхрийлж, чийг даасан аньсагаа сэмээрхэн шудрахыг харсан Догоогийн зүрхэнд 25 жилийн өмнөх тэр нэгэн хайрын дөл нь дахин бадамлах шиг болов. Хуримын дараа Догоо хүүгээ сугадан гэрэлтэй гудамжаар алхаж явлаа… Үнэмшмээргүй юм шиг хэрнээ үлгэр мэт амьдралын тухай сонсоод Золбоот ээжээрээ бас ааваараа улам их бахархжээ. “Хорвоо дээр хоёр сайхан аавтай над шиг азтай хүн байна уу? Хүү нь та хоёр шигээ сайн аав байх болно оо” гэх бодлоо цалгиулан яралзтал инээгээд ээжийн­­хээ шанхны үсийг зөөлөн, зөөлөн илж, – Хүү нь бүгдийг ойлголоо. Та минь ийм адармаатай “нууц”-ыг ямар олон жил сэтгэлдээ тээгээ вэ? Миний ээж одоо сэтгэлдээ хөндүүргүй яв даа. Хүү нь тандаа маш их хайртай гэж хэлэхдээ дотогшоо уйлж байгаа нь илт. Ээжээрээ, бас аавуудынхаа үерхэл, нөхөрлөл, хүнлэг чанараар бахархсан түүний энэ нулимс зөө­лөн, бүлээн байсан болохоор дотор сэтгэлийг нь улам зөөлрүүлэх шиг санагджээ. Энэ үед Насанбат, Элбэг хоёр бие биеэсээ гэрэвшиж дөлөв үү, аль эсвэл дотор нь онгойгоод налайж тайвшрав уу гэлтэй хэсэг чимээгүй сууцгаалаа. Тэгснээ гэрийн эзэн Насанбат: – Алив хө, нэг тогтоочих гээд жvнз­тэй аpxи Элбэгт хоёр гардан барив. – Сайн эхнэр, сайхан хүүтэй, ийм аз жаргалтай амьдарч яваа минь чиний хүч шүү. Ачтай болчихлоо. Найзад нь юу дутуу гэх вэ? Насаагийн ярихыг сонсч суугаа Элбэгийн царай цаанаасаа гэрэлтэх нь түүний сэтгэл хангалуун байгааг илтгэнэ. – Уг нь би түрүүлж аав болсон мөртлөө чи түрүүлж өвөө болчихлоо. Найз нь гэхдээ удахгүй бас өвөө болно гэснээ Элбэг гүн амьсгал авч: – Манай Ганхүүгийн эхнэр тулгар биетэй. ЭХО-д харуулсан, ихэр гэсэн гэнэ ээ гээд Насаа руу хүүхэд насны дүрсгүй, ёжтой харцаараа харлаа. – Тэгвэл чи бүр нэг дор хоёр ач тэврэх нь гээч. Бурхан чамд яахаа­раа ингэж үр, хүүхдийн заяаг харамгүй өгдөг байна аа гэснээ найзынхаа мөрөн дээр алгадав. Насаа­гийн харцнаас огт өөр баяр баясгалан байгааг, бас нэг юм хэлэх гээд дүлэгнээд суугааг олж уншсан Элбэг: – Миний найз нөгөө оточ өвгөн дээр дахиж очсон уу хэмээн шимтэн­гүй асуулаа. Цаадахь нь толгой дохисноо: – Чамд бас нэг оньсого шиг юм хэлэх үү? гэв. – Тэр өвгөн чинь жин­хэнэ шидтэй хүн. Нөгөө муу төмcөг чинь амь орсон. Тэгээд… Тэгээд… хэмээн Насааг түгдчин гацахад Элбэгээ аманд нь орчих шахан дө­хөж очсоноо, – Ашгүй дээ… гээд яралзсан цагаан шүдээ гайхуулан инээлээ. Найзынхаа хэлэх гээд чадахгүй байгаа үгийг хоёр жvнз аpxи тат­саныхаа дараа ойлгосон Элбэг: – Хорвоо уудам, амьдрал баян гэдэг чинь энэ шүү дээ. Миний найз зовох хэрэггүй. Хүү, бэртэйгээ зэрэг­цээд хүүхэд төрүүлж болохгүй гэж бурхан хэлээгүй л байхгүй юу гээд Насаатай хундага тулгажээ. Яг энэ үед гаднаас Догоо, Золбоот хоёр орж ирэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!