“ЗҮРХЭНД ТУССАН ГЭРЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ЗҮРХЭНД ТУССАН ГЭРЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

Н. Найданбат

Сүлд дайгдаж суусан замын унаанаас үсрэн бууж, гэрийн зүг яаран хурдан хурдан алхлаа. “Гэрээр орж ээж аавд үнсүүлчихээд дараа нь Хонгорзулдаа очноо. Намайг хэр санасан бол? Аягүй л бол надаас бишүүрхээд зөрөөд гараад гүйнэ дээ. Инээхээрээ том алаг нүд нь бүүр хөөрхөн болохыг нь яана. Би ч азтай эр хүн шүү.” гэж бодсоор бушуухан Хонгороодоо очихын түүс болон улам хурдан явлаа. -Чи миний эхнэр болооч? гэж гуйхад: -Цэрэгт яваагүй эр хүнийг ямар эр хүн гэхэв дээ гээд тас тас хөхрөхөд -Нээрээ юу? би тэгвэл цэрэгт яваад иртэл чи намайг хүлээх юмуу? гэж Сүлдийг асуухад: -Хүлээнээ. Чамайг ирэхээр барьсан гэрийн чинь өрхийг татъя даа хэмээн ярилцаж байсан нь санагдаж: -Би Хонгороотойгоо учраагүй бол өдийд хэндээ ингэж яарах билээ гэж бодон -Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа хэмээн дуу аялсаар явлаа. Гэрийн гадаа ирэхэд Сүлдийг банхар танин өөдөөс нь гүйн долоож цовхчин эрхлэв. Гэрт ортол ээж нь сүүгээ самран зогсож байснаа шанагаа хаян: -Хүүеээ миний хүү хүрээд ирэв үү? Алив ээж нь үнсье. Өдөр болоо юу даа. Аав чинь адуундаа явсан, адуугаа олчихоод өнөөдөр чамайг тосно гэж байсан. Адуу олдоогүй юм байх даа. Миний хүү ямар унаагаар дөхүүлэв, гэх зэргийг аяга арчингаа нэгэн зэрэг асуун ярив.

Ээжийн гарын хоол цайг их санаснаа мэдрэн, амарч алжаасны дараа: -Ээж би доод гол орчихоод ирье. Цэрэг хувцастайгаа явсан нь дээр үү? дээлээ өмсөх үү? Та юу гэж бодож байна гэхэд, түрүүнээс хойш хүүгээ ирсэнд баярлан байсан ээжийн царай нь хувьсхийн дуу нь сулраад: -Сүлдээ… миний хүү юу… Хонгорзул нь өнгөрсөн намар айлын бэр болоод явсан. Урд сумын хүнтэй суусан. Ээж нь чамайг өөрөө ирээд мэдэг гэж бодоод хэлээгүй юм гээд хэсэг зогсож байснаа “хэрэггүй ч хэлэв үү” гэсэн аятай бушуухан хувингаа шүүрэн гараад явчихлаа. Сүлдийг аянга ниргэх шиг л болов. Ээжийнхээ хэлэхийг сонсоод нэг ч үг дуугарч чадсангүй орон дээрээ лагхийн сууж, хоолой дээр нь бүлх залгисан мэт горойж, аяндаа гарах нулимс нь хамар шархируулан урслаа. Үд өнгөрчээ. Сүлд толгойгоо салаавчлан орон дээрээ дээш харан тооноор тусах үүлийг ажиглан элдвийг бодон хэвтэнэ. Түүнд амьдрал ямар ч утгагүй мэт санагдан Хонгороод гомдон санагалзан байтал: -Сайн уу? хэмээх эмэгтэй хүний намуухан дуу сонсогдов. Хонгорзулыг бодон хэвтэж байсныг хэлэх үү огло үсрэн орон дээрээ босон суувал саахалт айлын Бадрал гуайн охин Гэрэлээ үүдэнд зогсож байх нь тэр. Хонгорзул биш байсанд урам нь хугарсан ч : -Өө Гэрэлээ за сайн уу? Дээшээ суу гэж цай аягалж өгөв. Гэрэлээ нугалаас нь гараагүй шинэхэн цэнхэр торгон дээл өмссөн байлаа. -Чамайг ирсэн гэж сонсоод… гэж түүнийг хэлэхэд Сүлд: -Би өглөө л ирлээ. Чи намайг явахад намхан жаахан л охин байсан. Ямар өндөр болоо вэ? Манай энд ч нэг жилийн дотор их юм өөрчлөгджээ гэж хэлээд санаа алдлаа.

-Чи намайг эзгүйд ээж аавд минь тусалж байсан гэсэн. Чамд их баярлалаа.-Зүгээрээ. Тус болох ч юу байхав дээ. Эгч чинь хотод, чамайг цэрэгт явчихаар ээж аав чинь хоёулхнаа, заримдаа эвгүй л байдаг юм шиг байна лээ гээд цай уусан аягаа хурааснаа: -За би явъя даа гээд гарч одлоо. Маргааш нь Сүлд өдөржин гэрийн хаяанд Хонгороотой өнгөрүүлсэн аз жаргалтай өдрүүдээ дурсан, тэр нь зүүд мэт дурсамж болон үлдсэнд итгэж ядан байлаа. Ерөөсөө Бадрал гуайн мэндийг мэдэнгээ Гэрэлээгээс Хонгороогийн тухай сайн асууя. Тэгээд ч нутаг усныхаа хөгшчүүлтэй золгосонгүй гэж аавд загнуулах юм болно гэсээр морины уяа руу явлаа. Сүлд Бадрал гуайнхаар ороод гол дээр юм угааж байгаа гэх Гэрэлээгийн араас очлоо. Хоржигнон урсах голын хажууд суун цаад эрэг дээрх сөдний толгойг онох гэж жижиг чулуу шидлэн сууснаа: -Чи намайг Хонгороод хаягдсанд шоолж байна уу? гэхэд түмпэнд юм угааж суусан Гэрэлээ: -Чи яасан муухай юм боддог юм бэ? Би юу гэж чамайг шоолох юм бэ гэснээ дуу нь сулран: -Харин Хонгороод л дургүй хүрч байна. -Зүгээрээ намайг өрөвдөх хэрэггүй. Хоёул хэсэг дуугай сууснаа Сүлд: – Хонгороо явахаасаа өмнө миний тухай чамд юм хэлээгүй юу? гэж горьдонгуй асуухад: – Юу ч гэхэв дээ Намайг уучлаарай гэж хэлээрэй л гэж байсан. -Хонгороо арай хүчээр хайргүй хүнтэйгээ суучихаагүй байгаа? -Юу гэж дээ. Бид нар ямар дээр үеийн нийгэмд амьдарч байгаа биш. Харин цаад хүн нь их баян юм гэсээн. Урд сумын толгой баяны ганц хүү гээд манай голынхон шуугиад байсан.

-Хонгороо тэгвэл намайг хоосон гээд голсон юм байна л даа. Нээрээ л хүн амархан өөрчлөгдөх юмаа. Гэрэлээ мушгиж байсан хувцасаа орхин Сүлдийн хажууд ирж суугаад: -Хайраа мартана гэдэг амаргүй л байх. Гэхдээ нэгэнт хүнийх болоод амьдралаа сонгоод явсан хүний араас алийн болгон санагалзаад суугаад байх вэ? Манай аав “Сүлд цэргээс ирж одоо л нэг Дамбын нуруу тэнийх нь” гэж байсан. Гэтэл чи өөрийгөө хар. Хонгороо, Хонгороо гэхээс өөр ямар ч нэмэргүй. Араас нь очиж авчирах гээгүй л юм бол боль одоо. – Нээрээ би араас нь очоод аваад ирдэг юм билүү? Гэрэлээгийн нүд нь том болж: -Юу чи чадах юмуу? гэж гайхан асуухад -За за тоглосон юм. Чи бүүр үнэмшчихэж гээд Сүлд цэргээс ирсэнээсээ хойш бараг анх удаа инээлээ. -Хонгороо ч азтай юмаа. Нэг нь аваад суучихаад байхад, нөгөө нь араас нь санаад л суугаад байх юм гэж Гэрэлээ хэнд ч юм бүү мэд санаашрангуй хэлэхэд Сүлд түүн рүү харсанаа: -Түрүүхэн л нэг их амьдрал мэддэг хүн шиг хүнд сургаад байснаа одоо болохоор өөртөө гутраад байгаа юмуу даа. Чамайг хэн тоодог юм гэж хээв нэг өгүүлэхэд Гэрэл мөн л нүд нь том болж: -Яагаад? гэж гайхан асуулаа. -Чи өөрийгөө хар л даа. Нээх том дух, нээх том нүд, бүх юм нь том гээд тачигнатал инээлээ. -Чи яасан муухай юм бэ, аргагүй л дээ чамд ганцхан Хонгороо л хөөрхөн санагдаж байгаа. Гэхдээ л манай ээж намайг хөөрхөн гэдэг юм чинь, гэхэд Сүлд:

– Тэгнэ шдээ, элэг бөөр шиг байсан ч ээж аавдаа хөөрхөн харагддаг гээ биз дээ, гээд дахин хөхрөхөд Гэрэлээ үнэхээр гомдсон бололтой угааж байгаа юмаа очиж үргэлжлүүллээ. Сүлд гэнэт инээхээ болин хажууд нь очин сууснаа: -За тоглосон юм даа. чи арай уурлаагүй биз дээ, гээд нүүрнийх нь урдуур унжсан үсийг арагш илэхдээ яагаад ч юм гар нь чичрэв. – Хүн өөрийг нь гэж байхад чи дандаа л надаар тоглох юм. Хэзээ ч үнэнгээсээ ярихгүй юм. Чи Хонгороотой бол ингэж ярихгүй биз дээ. Би ч гэсэн эмэгтэй хүн шдээ гэж намуухнаар хэлэв. Сүлд: -За намайг уучилчих л даа, одоо хоёулаа Хонгороогийн тухай ярихгүй ээ гээд боссоноо: -Сонголтоо хийгээд явсан хүнийг яалтай билээ тиймээ? гээд дуугаа өндөрсгөн хүчээр инээсэн нь Гэрэлд өрөвдөлтэй харагдав. Халагдаж ирээд нэг л мэдэхэд сар хэдийн өнгөрчээ. Хүлээнээ гээд үлдсэн бүсгүй нь хүнтэй суусныг анх ээжээсээ сонсож байсан үеэ бодоход бас ч гэж тайвширсан нь хувь тавилантайгаа эвлэрчээ гэмээр. Гэхдээ л оровч гаравч санаанаас нь тийм амар гарахгүй л байлаа. Нэг өдөр Сүлд: -Ээж би хот явчих уу? -Тэгээ миний хүү, эгч дээрээ очоод хэд хоновол хоно. Наадмаас өмнө ирэх юм байгаа биз дээ. -Үгүй ээ ээж би бүр явлаа. Хотод очоод ажил хийнэ, тэгэхдээ би цалингаасаа тань руу явуулж байнаа, гэхэд ээж нь: -Ухай би чамаас мөнгө цаас гээ юу? гэсэнд Сүлд түгдрэн сандарч: -Үгүй ээ ээж, мөнгө яах вэ? Надад энд… эвгүй байна гэснээ дотроо “хэрэггүй л эвгүй гэлээ гэр орондоо байж, хийх юм олдохгүй байна л гэж хэлдэг байж” гэж бодсоноо яагаад ч юм

“Гэрэлээ өчигдөр өнөөдөр хоёр яагаад үзэгдэхгүй байнаа” Сүлд гэнэт хачин ихээр үгүйллээ… Ашгүй саахалт айлд хотоос ирж долоо хоносон хүү бэр хоёр нь буцах боллоо. Сүлд тэдний машинд сууж төв рүү дөхөхөөр болов. Үүргэвчинд ойр зуурын хэдэн хувцасаа хийгээд аав ээждээ үнсүүлээд явлаа. Машины арын цонхоор эргэн харахад гэрийн гадаа хойноос нь сүү өргөн зогсох ээж, гараараа даллан хоцрох аав хоёроо маш ихээр өрөвдөж, гэртээ хэзээ ч ирэхгүй явж байгаа мэт санагдан нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Би чинь эм хүн шиг юундаа уйлах гээд байгаан болоо? хот руу зөндөө л явж л байдаг, ирж л байдаг шдээ гэж өөрийгөө аргадан бодовч зүрх нэг л хөндүүр оргиод байлаа. Машин явсаар Бадрал гуайн араар өнгөрөхөд гэрийнхээ ард гараараа наашаа нэг даллахчаа аядан өндөлзөх Гэрэлээ зогсож байх нь тэр. Түүнийг дагуулж харсаар байтал машин улам холдоод юу юугүй бараа нь далд орох нь ээ. Сүлд одоо л буухгүй бол юунаас ч юм хоцрох гээд байгаа юм шиг санагдан: -Зогсоорой ахаа гээд чангаас чанга ориллоо. Үүргэвчээ шүүрэн бууж өрөөсөн гараа даллан: -Гэрэлээ, Гэрэлээ би очиж байнаа гэж угсруулан хашгирлаа. -Сүлдээ, Сүлд гэж Гэрэл түүний өөдөөс тосон гүйв. -Чи ингээд яваад өгөх гэж байгаа юмуу? Би…би тэгээд яах юм бэ гээд хоолой нь чичрэн уйлах Гэрэлээг тэврэн авч Сүлд: -ЗҮРХЭНД ТУССАН ГЭРЭЛ минь гээд нулимсыг нь арчин үнслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!