“ЗЭЭ ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ

“ЗЭЭ ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ

Ж.САРАНТУЯА

Жанлавын охин гадны их холын орны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс алхсан юм бэ салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж иржээ. Эмгэн нь -Эвий эвий. Гадна дотных гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч үг зөвшин, -Хай, нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг бас нэг ном эрдэм гээд бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэнгээ жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Гэтэл охиноос нь ямар ч захиа занаа огт үгүй, там тум сураг сонсогдох төдий байтал нэг л өглөө гадаа нь машин пурхийгээд буужээ. Охиноо үнсэх гэж уралддаг хоёр хөгшин энэ удаад охиныхоо тэвэрсэн манцуйтай хүүхэд рүү нь зэрэг ухасхийсэн боловч эх нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр бушуухан гэгч нь орж явчихав. Охиныг хүргэж ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн нь модон орон дээр сэрэх янзгүй дугжирах өлгийтэй хүү рүү дөхөн хөлд нь суулаа. -Эвий, эвий хэмээн хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг сөхөн завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд, -Аав ээж хоёр минь. Би нэг юм хэлье. Энэний маань царай өөр юм шүү гэлээ. Өвгөн охиныхоо юу хэлснийг ер ойлгосонгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв.

Тэгснээ тэр цас шиг цагаан манцуйнаас цухуйх алга дарам тас хар нүүрийг харуут -Хэ эцэг чинь- хэмээн огт санаандгүй уулга алдаад суун туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч -Сайн хүн, бид бие биедээ хайртай, араас ирэх юм- гэх хэдэн үгс чихнийх нь омгийг шүргэн газар унасаар… Өвгөн тэр өдөржингөө дуугаа хурааж муу модон толгойгоо шуухитнуулан өлгийтэй жаалхан амьтныг хааяа хялам хяламхийн харж суулаа. Тэр өдрөөс хойш хар Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж хонхроор нь нэг хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр хөгшин дургүйлхэж, охин нь хүн хүнээс бишүүрхэн нуугдаж, хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан хүн зочин гийчин бүрийг харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл хорилтой нь биш. Дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг тоохоо болиод гаднаас хүн орж ирэхэд өөдөөс нь -За манай бандийг харах гэж ирэв үү гэж асуудаг болжээ. Хүүг ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартаа ч гэсэн пад хар өнгөнд нь дасч орхиод хэтэрхий этгээд гажууд санагдах нь өдрөөс өдөрт мартагдах тийшээ болж байлаа. Гарын алга, хөлийн тавхайд нь л жаахан ягаавтарыг эс тоолбол үзээд өгье гэхнээ гялайх газаргүй жаал хүү өөрийг нь өнгийг ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагааны туйл болсон том алаг нүдээ анивчин дэрэвгэр сормуусаараа өвгөний хамрыг шүргэн алдан хэд анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө.

Жанлав -Уаа. Заяа нь дэлгэр гэж. Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа хацарт нь хүргэж ход ход инээлгэнэ. Өвөөгийнхөө хурууг идэх юм гэж бодов бололтой ховдоглон үмхэх гэхэд өвгөн гараа татаж, -Үгүй тэр. Энэ хүн хө! Идэмхий гэдэг нь. Өвөөгийн нь гар цул тамхи даа гээд зулайг нь үнэрлэв. Нялх хүүгийн бужгар хар үстэй сэвлэгнээс тийм гэхийн аргагүй энхэр үнэр ханхийхэд өвгөний хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. -Үрээс минь гарсан яс махны тасархай юм хойно. Эвий гэж. Хар хар гээд бид чамайг хааш нь хийх билээ-. Өвгөн ийн өгүүлээд нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх сэтгэлээ чагнаархан аргасан нүдээ аргадах мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ -За яахав, яахав- гэж хэлчихээд бослоо. -Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар зээ л гэх байх даа миний хүүг-. Өвгөн ийнхүү ганцаараа яриад урмын үг сонссон жаахан хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь тэр. Охин нь -Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй нь. Хичээл ном болохоо болилоо- гэсээр нэг өдөр замын машинд сууж хот руугаа буцав. Ээж нь явснаас хойш яах ийхийн зуургүй гурван сар өнгөрч хүү ч бантан тараг ээдэм гээд ер юуг ч ялгалгүй ховдоглож бандайтлаа мариалав. Хоёр хөгшин өнөө чи хонинд явна уу даа, үгүй ээ чи явах юм биш үү гэж бие биерүүгээ түлхэж, хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур юм болдог боллоо.

Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нэг халуун нартай өдөр бас морьтой хүн ирсэн нь нутгийнхны хэлдгээр -араажав- Гэндэн гээч аж. Тэр хоёр хөгшинд ёстой нэг бурж өгч дээ. -Хил хилийн дээс, нутаг орны зааг гэж байхгүй болох юм гэх чинь вэ. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг, юу байгаа баялагаа адил тэнцүү хэрэглэж амьдрах юм гэнэ. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал, Сүүжийн говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд нүүгээд ирчихсэн бужигнаж байх ч магадгүй дэг ээ. Малын бэлчээр харамлаж, өвөлжөө хаваржаагаа тойруулан туг хиур хатгах нь холгүй Сариг Дамба л тэдэнтэй үзэж тарах байх даа. Ер нь юм бүр эхнээсээ бодлоготой, цаанаасаа нигууртай байдаг хойно доо. Миний хүү монголд байгаа, ураг удмаа дагана гээд баахан амьтад бүр нэг аймаг улс нүүгээд ирэх ч юм билүү. Наад -хар- чинь бодлого доо, бодлого- гээд муу хар зээгий нь гаансныхаа толгойгоор чичин алдан хөхрөхөд Жанлав гэнэт дургүй нь хүрч, -Өө яахав, нүүдлийн түрүүч айсуй бол Борбандидаа цай идээ бариулаад чавхдуулчихна даа. Нүүдэл тосог гэчихээд гэрийнхээ ханын толгойноос уурганыхаа хуйвыг аван гарч оджээ. Өвгөн тэгж хэлчихээд уяа руугаа алхаж явсан хэдий ч говийн зөөлөн хөрсөн дээр хол хол алхсан Жанлавын ээтэн ултай ялбигар гутлын мөр яг л үй олон жаалхан монгол орны газрын зураг шиг тод гэгч нь зурайн үлдсээр байлаа л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!