“ЗЭРГЭЛДЭЭ ЕРТӨНЦ” ӨГҮҮЛЛЭГ 1-Р ХЭСЭГ

ЗОХИОЛЧ: Т.ЭХБАЯР

Би амьдралыг тэр чигээрээ дурсамж гэж ойлгодог. Энд одоо гэж байхгүй. Өнгөрсөн ба ирээдүй л гэж бий. Бүх зүйл өнгөрсөнд түүх болон үлдэж, ирээдүйд таамаглал хэвээр хөвөрсөөр, эргэж хэзээ ч зогсдоггүй цаг хугацааны хуулинд захирагдаж,эхийнхээ хэвлийд бүрэлдэн хүн биеийг олсон тэр цаг мөчөөс эхлэн амьдралын хүрд тоологдож, өөрт өгөгдсөн цаг хугацаа, орон зай нь дуусвал бүгд ирсэн тэр л газар руугаа буцаж, газрийн хөрсөндөө шингэн алга болно. Гэхдээ нэг ертөнцийн хаалга хаагдахад нөгөө ертөнцийн хаалга нээгдэж байдаг. Энэ бол зэргэлдээ ертөнц. -… “Одоо энэ там шиг амьдралыг дуусгах цаг нь болсон бололтой. Дэндүү xаргис, xэрцгий, xувиа xичээсэн амьтадаар энэ ертөнц дүүрчихэж. Би уул нь аав, ээжийнхээ хүсэн хүлээсэн охин үр нь байсан юмсан. Даанч яав даа. Надад одоо үxэxэд xарамсах юм алга” хэмээгээд Гийгүүлэн 10 давxар өндөр барилгын дээвэр дээрээс үcэрч орхив оо… Учир явдлыг эхнээс нь өгүүлбэл: Нямбат хэмээгч жирийн нэгэн эр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан юмсанж. Бусдын л адил гэр бүлээ тэжээхийн тулд өглөөнөөс авхуулаад оройг хүртэл хар бор ажлыг түүртэлгүй хийж, илжиг мэт зүтгэсээр олсон хэдэн төгрөгөөрөө гэртээ орой болгон ойр зуурын гурил,будаа,түлш юүхэн, хүүхдүүддээ хэдэн чихэр, тоглоом аваад гэрийн зүг яаран алхана.

Хоёр тэрсхэн хүү нь аавыгаа ирэх чимээгээр хөөр баяр болон, гэрийнхээ хаалгыг дэлгэж орхиод хашааныхаа хаалганы зүг яаран гүйлдсээр аавыгаа хүзүүдэж аван, хацар дээр нь үнсэнгээ тал талаас тортой юмыг нь татаж чангаана. 1…”Аав аа, аав аа та надад юу авсан юм. Та надад гоё юм авсан уу?” -“Авсаан, авсан миний хүү, гэртээ орж байгаад өгье” 2…”Аан тийм үү? Надад бас гоё юм авсан биз дээ. Нөгөө яагаав улаан өнгөтэй бас тэгээд нүд, амтай, ярьдаг машин. Би тэрэнд аймар дуртай шүү дээ. Та тэрийг авсан уу? Би таньд өчигдөр захьсан даа.Мартаагүй биз? -“Аав нь хүүгийнхээ захьсан тэр улаан машиныг хайж хайж ямар ч байсан олоод ирсэн. Гэртээ орохоороо аав нь өгнө өө. Өө миний хүү модоо хагалж байгаа юм уу? Аав нь хүүгийнхээ захиад байсан сагсны бөмбөгийг нь аваад ирсэн шүү. Миний хүү ч том эр болжээ.Тусд ороод. Наадахаа орхичих, дөрвүүлээ оръё” 3… “Өө тийм үү, баярлалаа аав. Та 2 дүүг аваад түрүүлээд орж бай. Өдөржингөө ажил хийгээд ядарч байгаа байх. Би араас чинь түлшний хайрцагаа дүүргэчихээд оръё.Аан бас ээж таньд их гоё мэдээ дуулгана гэсэн шүү” -“Тийм үү?Ямар сайхан хэрэг вэ?Бушуухан оръё. Заза миний хүү аав нь түрүүлээд орж байя” гэж хэлээд хүүхдүүдтэйгээ гэрийнхээ хаалгаар шахдалцаж, чихэлдсээр нэг юм орж ирэхэд амттай сайхан хоолны үнэр сэнхийж, Сарнай цаанаасаа л нэг баярласан янзтай мишээн суух агаад түүнийг хараад “Өө миний хань, ашгүй хүрээд ирсэн үү? Их ядарсан уу? Гараа угаагаад хоолоо ид. Хань нь чамдаа дуулгах сайхан мэдээтэй”

“За, өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ?” Нямбат эхнэрийнхээ аягалж өгсөн хоолыг амтархан идээд, их ядарсан ч байн байн нүүрэндээ инээмсэглэл тодруулж, шанаагаа даган урсах хөлсөө цамцныхаа ханцуйгаар хэдэнтээ шудраад “Сарнай миний хайр нөгөө сайхан мэдээгээ одоо дуулгахгүй юм уу?”гэхэд Сарнай түүний толгойнд хүрч, үсийг нь дагуулан хойш нь зөөлөн илэхдээ хайр дүүрэн харцаар харж, хошуугаа цорвойлгон эрхлүүлэх аядаснаа “Миний хань бүр ядарчихаж, бид нарынхаа төлөө гэсээр өөрийгөө ч хайрлахгүй, өдөр шөнөгүй зүтгэж яваа чамайгаа хараад зүв зүгээр сууж байгаадаа өөрийгөө үзэн ядмаар болох юм”гэсэнд Нямбат “Зүгээр дээ, бүгд л зовдог,зүдэрдэг. Гэхдээ надад маш том мөрөөдөл байна. Хүн том мөрөөдөж байж түүнийхээ яг хаяанд ирдэг гэдэг байх аа. Харж л байгаарай хэзээ нэгэн өдөр бид мөрөөдөлдөө заавал хүрнэ. Аз жаргал гэдэг чинь юу гээч. Бүх зовлон,бэрхшээл,саад бартаа болгоныг давж гарчихаад, зорьсондоо хүрсэнийхээ дараа түүнийгээ дурсаж суух чинь жинхэнэ аз жаргал байхгүй юу! Бүгдээрээ чадна аа. Аав нь чадна” хэмээн хэлэнгээ хэр барагтаа унагаад байдаггүй нулимс нь өөрийн эрхгүй урсаж эхнэр, гурван хүүгээ чангаас чанга тэврэн аваад ээлжлэн үнсэнэ. Сарнай “Өө би нээрээ гэнэт сайхан мэдээ дуулгана гэчихээд хадуураад өөр юм яриад ханийнхаа сэтгэл санааг бүр үймүүлж орхилоо”гэнгээ хоёр нүднийхээ нулимсыг гарынхаа алгаар арчсанаа, нүүрэндээ хөөрхөн инээмсэглэл тодруулан

“Одоо бид бүгдийн маш том хүсэл биелэсэн өдөр гэж хэлж болно. Юу гээч? Өдийг хүртэл өөрсдөөсөө харамлан байж хурааж, хуримтлуулж ирсэн хадгаламжийн мөнгөөрөө өөрийн гэсэн байр,машинтай болно гэсэн мөрөөдөл маань биелэж байх шиг байна. Манай байрны зээл бүтсэн. Маргааш урьдчилгаагаа төлөөд ойрын хугацаанд нүүж орж болно гэнэ ээ” гэхэд Нямбат чихэндээ ч итгэсэнгүй “Нээрээ юм уу хайр аа, ямар сайхан мэдээ вэ? Энэ бол амьдралын минь хамгийн сайхан өдөр” гэж хэлээд Сарнайг тэвэрч аван эргүүлээд дээш нь өргөтөл унинд толгойг нь дэлсүүлж орхив. Сарнай “Ёооё, уянгалж чаддагүй,мэдрэмжгүй золиг.Алив намайг хурдан доошоо буулгаатах”гэж уурсангүй хэлэхэд Нямбат ” Өө яана аа уучлаарай хайр аа. Хэт их сэтгэл хөөрөөд ингэчихлээ. Гэхдээ миний хайр гурвийн гурван хүүхдийн ээж болчихоод өдийг хүртэл жоохон охин шиг эгдүүтэй байх юм. Яаж чам шиг ийм хөөрхөн эгдүүтэй болох уу?” ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРААРАЙ.

One thought on ““ЗЭРГЭЛДЭЭ ЕРТӨНЦ” ӨГҮҮЛЛЭГ 1-Р ХЭСЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!