MngNews

“ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР” ӨГҮҮЛЛЭГ

“ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР” ӨГҮҮЛЛЭГ

Ц.БАТТУЯА

-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал… “Бурхан минь. Тэр мөн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагүй байтал түүний харцыг булаасан өнөөх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгүй гэсэн шүү дээ” гэж бодоод, бүсгүй урагш ухасхийв… Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангүй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бүсгүй орж ирлээ. – Бие чинь яаж байна даа? – Гайгүй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ? – Аан гэж сувилагч том алаг нүдээ эргэлдүүлэн гайхснаа: – Та машинд шүргүүлснээ мэдсэн биз дээ. – Тийм үү? – Ер нь ухаан санаа чинь эрүүл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гүйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгүй байгаа юм биш биз дээ -Гүйж орсоон? гээд хэсэг дуугүй болсноо: -Миний нөхөр яасан? -Аан, тэр залуу таны нөхөр юм уу? Танд шөл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь өгөөд, гарч одов.

“Надад шөл авчирах гээд явсан гэнэ ээ. Би түүнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар ороод ирэв. -Өө, та сэрчихээ юү? Бие тань яаж байна? Би танд шөл авчирлаа. “Үгүй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хүн бүр дуу алдмаар сайхан залуу байсан шүү дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагүй юм бэ дээ. Хэд хоног тослоогүй юм болоо?” -Та зүгээр үү? “Та гэнэ шүү. Харваас надаас хөгшин юм байж” -Та зүгээр үү? -Аа, би зүгээр ээ. -Би таныг машины урдуур гүйгээд орохоор чинь… Үгүй ээ, машинд дайруулчихаар чинь эмнэлэгт хүргэж ирсэн юм. Би таныг танихгүй болохоор гэрийнхэнтэй чинь холбоо барьж чадсангүй. “Ээ, тэр ярьж байгааг нь ээ. Арай ч дээ. Нүүр нь час улайчихаж. Энэ ямар надад сэтгэлээ илчилж байгаа биш дээ. Энийг хэлэхэд чинь ингэж сандараад байх шалтгаан юу байна аа” -Та… танд бичиг баримт байхгүй байсан. -Юуны чинь бичиг баримт? гээд өөрөө ч мэдэлгүй хашгирчихсанд тэр залуу айхтар цочилоо. -Надад бичиг баримт бий. Цүнх, утас хаана байна? -Утас чинь эвдэрчихсээн. Цүнхийг чинь би мэдэхгүй хэмээн жаахан тал зассан маягтай инээмсэглэв. “Хн, инээгээд байхдаа ч яахав дээ. Ийм юмыг инээж байгаад дуулгадаг гэнэ ээ. Энэ байдлаараа бол гэрлэчихсэн хойноо “Манай хадгаламж шатчихсан байна” гээд инээж хэлэх нь л дээ. Солиотой юм.” -Та… -Юуны чинь та? Би тийм хөгшин хүн биш. Чиний хар цув хаана байна? -Юу? Юун хар цув? Би… Надад тийм цув байхгүй гээд ахиад л тэвдэж эхлэв. Гэнсмаа бүр арга барсан байдалтайгаар: -Яагаав? Тэр ослын өмнө та замын цаад талд над руу хараад хар цувтай зогсож байсан.

-Үгүй. Үгүй. Би таны ард зогсож байсан гэж залуу яаран хариуллаа. -Ард аа.? Ард… гээд Гэнсмаа хэсэг бодсноо “Тийм байна. Биш байна. Би алдчихаж” хэмээн амандаа үглэв. Залууг шөл аягалж өгөхтэй зэрэгцэн сувилагч тариа тарихаар орж ирлээ. Залууг гарах гэтэл Гэнсмаа: -Би энд хэд хонож байна? гэвэл тэр хоёр хуруугаа гозойлгосноо, гэнэт больж, нэг хуруугаа тэгш, нөгөөг нь нугалж үзүүлчихээд гараад явчихав. “Ээ, би ингэж бэртэж, ийм аймаар өвддөг тариа тариулах л гэж тэгтэлээ яаран гүйсэн гэж үү?” гэж бодсоор Гэнсмаа тариа тариад дуусчихсныг ч анзаарсангүй. Түүнээс хойш яг найм хоногийн дараа тэр залуу ирж, Гэнсмааг эмнэлгээс гаргаж өглөө. Гэнсмаа гэртээ ганцаараа амьдардаг байлаа. Тиймээс залууд талархсан сэтгэлээ илэрхийлэн, гэртээ оруулж, хоол хийж өгөв. Тэд амьдралын аар саархан зүйлсийг ярилцав. Тэгээд л саллаа. Шохойдсон гарыг нь эс тооцвол Гэнсмаагийн бие ерөнхийдөө эрүүл болжээ. Тиймээс маргааш нь нөгөө “хэргийн эзэн” рүүгээ зүглэлээ. Бүсгүй зурхайчийн өрөөнд орж ирмэгцээ л мэндийн ч зөрөөгүй: -Таны нөгөө зааж өгсөн заяаны хань чинь энэ үү? гээд шохойдсон гараа түүн рүү сарвалзуулахад зурхайч түүнийг танив. Тэгээд бүсгүйг тайвшируулан, кофе авч өгөөд, болсон явдлыг нухацтай сонсож суулаа. Зурхайч хэдэн чулуу татаж үзснээ:

-Та юунд нь ингэтлээ санаа зовсон юм бэ? Та учирчихсан л байна ш дээ. Харин хайхралгүй л өнгөрөөчихсөн бололтой. Эндээс гараад, хамгийн түрүүнд харсан хүнээ сайн сана. За, дараагийнх нь гэв. Гэтэл ч дараагийн хүн болох настай авгай цухалдсаар орж ирэв. Гэнсмаа тэндээс харих замдаа бэртсэн өдрийнхөө явдлыг алхам бүрээр нь санахыг хичээлээ. Бүсгүй гэнэт зогтусан “Ээ, би ямар тэнэг юм бэ? Тэр мөн байна” хэмээн уулга алдлаа. Үнэхээр Гэнсмаа замын цаад талд зогсож байсан тэр сайхан залууг харахаас өмнө нэг залуутай тааралдсан ажээ. Зурхайчийн өрөөний хаалган дээр бүсгүйтэй зөрсөн хүн бол өөрийг нь эмнэлэгт хүргэж өгдөг тэр залуу байлаа. Бүсгүй “Би нэрийг нь ч асуугаагүй шүү дээ” гэж бодсоор хаалгаа онгойлготол завсараас нь нэгэн цагаан цаас уналаа. Авч үзвэл: “Намайг Түвшинтөр гэдэг юм. Би өнөөдөр ажлаар хөдөө явлаа. Долоо хоногийн дараа ирнэ. Ирэнгүүтээ чамтай уулзана аа. Болно биз дээ.” гэсэн бичиг байлаа. Гэнсмаа гэртээ орж, орон дээрээ хэвтээд “Долоо хоног гэдэг чинь…” гэж өөртөө хэлээд, календарь авч үзэв. Тэгээд “Би түүнийг ирэх өдөр 33 хүрэх нь ээ. Ай, долоо хоног гэдэг яасан урт хугацаа вэ” хэмээн өөртэйгөө ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!