“ЗАМ ДАГАСАН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ

“ЗАМ ДАГАСАН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ

П.АЛТАНЦЭЦЭГ

Зам дагаж алчуур даллан зогсох тэр туранхай хөх авгайн хурц гурвалжин нүд надад даанч танил санагдав. “Хүүе ээ, чи чинь нутгийн Насанбаяр гуайн охин Чимэдлхам уу даа” гээд өөрийн эрхгүй уулга алдаж орхив. Даллуур алчуураа буулгасхийн, над дээр тогтож удаан харсан ч нэг л оноож танихгvй бололтой. Онгорхой муу сандаалнаас цухуйх хир даг болсон хумстай хөл шуумаг руугаа цуурч урагдсан богино өмд, гандаж хэлхийсэн хуучин цамц, омголтож хөхөрсөн уруул, өрмөгөн хар алчуур атгасан туранхай хөх гap, сайртсан тохой, гал нь буурсан сүүмгэр харц. Сэмбэрүү цэцэг шиг анхилан явсан хүний ганц охин ийм болчих гэж… Намар оройн санагдаж, Дариймаа гуайн хусран бяруундаа /муу сүү уудаг түнжин хар даа/ гуд татуулаад золтой л бэртчихсэнгүй. Чимэдлхамыг дэндүү эрхлүүлэх юм. Арван тав, зургаа хүрчихсэн хүүхнийг хурган дотортой дээл дэвсээд суулгачихсан, өмнө нь өрөм, боорцог, мах тавьчихсан байна. Нөгөө “Эрхийн тэнэг” чинь эхийгээ ёолоод орсон чинь “хүүе, хаая” ч гэхгvй байна шvv. Зад загначихаад гараад ирлээ. Бас дээр нь нөгөө 45-ын гутлыг намхан өсгийтэй энээ тэрээ гээд голоод өмсөхгvй байна гэнэ.

Галзуурах юм, тэгэхэд миний муу охин үүр цүүрээр босч үнээ тугалаа татаад, өмссөнтэйгөө л зусах юм. За яахав, эрхийг сурахаар бэрхийг сур. Нээрэн Чимэдлхам олон дүүтэй миний дэргэд ёстой л торгонд ороолгож, тосонд хөлбөрvvлж өссөн дөө. Намайг сургууль төгсөөд ирэхэд тэр хүн дагаад хот руу явчихсан байсан. Насанбаяр гуайн хөл муу сохор хөгшнөө хөтөлсөөр л. Эцэг хүн үрдээ гомдох шиг хэцүү юм байдаггvй юм билээ. Насанбаяр гуай дотогшоо урсаж, дотогшоо л уйлж байсан даа. Чимэдлхамыг ирнэ гэж харуулдсаар Харуул толгойн овооны өмнө дурангаа ч өвөртөлж чадалгvй, амь тавьж билээ. Харин Дариймаа гуай хөлийн чимээ л гарвал “Миний охин ирж байна уу? Хөнхөр охины минь гар нь мөн ч зөөлхөн шүү” гэнэ. Сүүлдээ хот айлынхан минь зүрх алдаад эмээгийнх рүү орохоос ч эмээдэг болов. Яг амь тавихын өмнөхөн ээж намайг дуудаад “Миний охин эмээ дээрээ ор, ухаан нь орж гараад байна. Хүнээ алдсан тэр єлєгчин ирэхээсээ өнгөрсөн. Үрээ санасан эхийн сэтгэлийг эцсийн удаа амирлуулж охин нь болж очоод vнэрлvvл, миний охинд цаглашгvй буян болно” гэв. Хатаж омголтсон уруул, хонхойж ширгэсэн нvд, сэгсийсэн буурал үс, арьс нь унжсан хатингар гарнаас жийрхсэн боловч ээжийн үгнээс гарах эрх надад байсангvй.

Дариймаа эгчээ “Охин чинь ирлээ. Чимэдлхам чинь ирлээ шүү дээ” гэж ээжийг хэлээд гарыг минь өгөхөд энхрийлэн илээд нvдээ нээх гэсэн боловч чадсангvй. Үрээ санаж бэтгэрсэн эхэд зориулсан тэр нэгэн эмгэнэлт жvжгийг тавьснаа харамсан бодсоор улаан зам дээр алчуур даллан зогсох Чимэдлхамыг орой нь тэсэлгvй дайрав. “Чи намайг санаж байна уу? Чи бид хоёр нэг голын хүүхдүүд дээ. Муу аав, ээж хоёр тань чамайг мөн ч их хүлээсэн дээ” гэх үг өөрийн эрхгүй хоолой давж орхив. Алтан дэлхий дээр аав, ээжээ өргөх ганц охин нь болж төрсөн тэр хүмүүний сэтгэл насны эрхээр зөөлөрч яваа бололтой. Тунгалаг нулимс хацрыг нь даган урсав. Надад тэр нулимс дэндүү үнэгүй, дэндүү хуурай санагдлаа. Сэтгэлийн буртгаа цэвэрлэх лугаа Чимэдлхамын зvгээс салаа бохир гол зам хөндөлдөн урсах нь бүр ч тээртэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!