ЗАЛУУ НАС ХАЙРЫГ ХҮСНЭ
Хавар, Хайр ирчихжээ. Цас хайлж, нар төөнөсөн дулаан өдрүүд хараахан айлчлаагүй ч хавар ирснийг илтгэх шиг хотын гудамж өнгөтэй байна. Хосууд гар гараа барин алхлах нь хавар, бас хайр ирснийг илтгэнэ. Хүний амьдрал гэдэг хайраар дүүрэн байж, түүгээр тэжээгдэн амьдарснаараа утга учиртай болдог гэлтэй. Тэр тусмаа залуу нас, хайр дурлалыг холбохгүй байхын аргагүй тийм л эрхэм нандин. Залуу насны дурлал хайрын түүх бүхий л амьдралын турш нандин дурсамж болон үлддэг гэлцдэг. Хайр гэж юу бэ. Мэргэд, гүн ухаантан, зохиолчид хайрын тухай томьёолсон нь бий. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Ямар нэгэн нөхцөлгүйгээр хайрлаж байгаа бол тэр жинхэнэ хайр” гэх зэргээр бичиж үлдээжээ. Тиймээ хайр гэдэг бол хүний амьдралын турш зүрхний гүнд оршин байх эх булаг ч гэж ойлгож болох.
Хайр гэдэг ариун нандин, цагаахан итгэлцэл, бас асар их уучилал гэж ойлгогдоно. Шороо нүдэж цасаар шуурсан хаврын хар өдөр, жиндүү өвлийн тэсгим хүйтэнд ч зүрхний гүнд халуунаар оршдог. Тэр тусмаа зуны бороотой цэцэг дэлгэрч нар ээсэн сэтгэл татам өдөр, намрын навчис унасан зөөлөн бороотой шаргал өдрүүдэд улам ихээр зүрхнээс булгилан байх тийм мэдрэмжийг төрүүлдэг. Зун, намар, өвөл, хавар дөрвөн улирлын турш зүрхний гүнд оршин байх нь хайрын мөн чанар. Хэзээ ч хувиршгүй ариунаар зүрхэнд оршдог нь хайр өөрөө үнэ цэнийг бий болгодог. Алт хэзээ ч шаргал өнгөө хувиргадаггүй учраас өндөр үнэтэй. Жинхэнэ хайр гэдэг хэзээ ч хувиршгүй оршин тогтнодогоороо яг тийм үнэ цэнийг бий болгодог.
Хүсэж мөрөөдөж явсан хайртай хүнтэйгээ хамт байж, гараа гараа барин төөнөх нарны өөд эцэс төгсгөлгүй алхах нь мөнхийн хайр байнам. Тийм л хайрыг хүмүүс бид, тэр тусмаа залуус хүсэн мөрөөдөж түүндээ тэчьяадан явах нь аз жаргал. Хажууд нь баймаар, хэзээ ч холдож одмооргүй тийм мэдрэмжийг төрүүлэх тэр цэгт л хайр оршиж буй шинж гэмээр. Амьдралын үнэний өмнө бөхийх тэр ахуйд жинхэнэ хайр улам дүрэлцэн асаж, мөн чанараа таниулдаг хэмээн би итгэдэг. Залуу насанд хайр илүү цагаахан, ариун нандин байж, гал улаанаар дүрэлцэн асч, хожим нь тодоос тод сайхан дурсамжийг үлдээдэг болов уу. Голын зах дээр хайртай хүнээ энхрийлэн эрхлүүлэх, бүлээн үгээр чихэнд нь шивнэх, уруул дээр нь зөөлөн үнсэх тэр ахуйд хайрын ариун нандин мэдрэмж төрүүлнэм.
Мянга мянган залууст аз жаргалтай үүрдийн хайрыг хүсье. Эцэс төгсгөлгүй хүндлэл, асар их уучлалд л жинхэнэ хайр төгс оршном.