“ЖУДАГ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ЖУДАГ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Гэвч бүсгүйн горьдлого худлаа ажээ. Гурван хүүхэд төрүүлж өсгөн ач зээгээ үзсэн өтөл ахайтан аль хэдийн анзаарснаар барахгүй түүний чихэнд Түмэнбаяр Алтанзул хоёрын явдал ч цухас хүрээд авсан ч энэ талаар ноётонд юу хэлээгүй бөгөөд хов зөөж ирсэн аягач хүүхний улаан нүүрэн дундуур нь алгадаж дахиад ингэж зэс хошуулаад үзээрэй хэмээн зандарсан билээ. Гүн хөх огторгуйд одод анивчин хөрстийн бүхний гэрч болон зорчсон саран авхай залуу хосыг аргадах мэт мэлтийнэ. Түмэнбаяр хүндээр санаа алдсанаа: -Би амьд яваа цагтаа мах цусныхаа тасархайг ноёны дэргэд өсөхийг харж чадахгүй чамайг санасаар бэтгэрч гүйцэх нь. Амаржих тань арай болоогүй тул оргоё гэж шийдээд байгаа урин цаг ч дөнгөж эхэлж байна гэлээ. Алтанзул залуугийн ярианаас цочих мэт болон өндийн суугаад насан өндөр ижий аав тань яах билээ хэмээхэд ноёнтон аавд минь амиараа өртэй хэмээн их л хүндэтгэлтэй ханддаг нарийн учрыг нь мэдэхгүй ч юу юугүй муу юм хийхгүй биз.

Тэгээд ч хааны алба халаатай эзний алба ээлжтэй хэдэн жилийн дараа эргээд ирэхэд болох биз хэмээлээ. Түүдгийн гэрэлд Алтанзулын сэргэлэн харцанд горьдлого итгэлийн гэрэл гялсхийн – Хэзээ явна гэж гэхэд дөрөв хоногийн дараа хөдөлнөө юмаа базаагаад Зоригтоор хэл өгүүлэхийг хүлээж суугаарай гэлээ. Тэр өдрөөс хойш Алтанзул ойр зуурын юмаа базаан богц зэхсээр болзсон хугацаа болоход ноёнтны адууны сор болсон чоно гүйцдэг шандаст хос халиун морийг унан сэтгэлт хархүүгийн хамт оргож одсон байлаа. Хос хоёр явсаар залгаа хошууны хилийн дээс дөнгөж алхан сэтгэл нь амарцгааж тармаг модтой хамар ороовуу үгүй юу оргож босон зугтсан хүнийхээ хөсгөн дээр өөрсдөө буучихна тэр. Түмэнбаяр Алтанзулын унасан морины цулбуурыг шүүрч аваад ухасхийсан боловч нэгэнт оройтжээ.

Дэмий л хэт хутгаа тэмтэрч ташуураа лавлуулан атгалаа. Улам оворжин өтөлсөн мэт болсон ноён хээрийн цай оочлон мах огтолж сууснаа -Түмэнбаяраа ийшээ суу хүү минь аяны улс байна цай амс хэмээн хүнгэнүүллээ. Түмэнбаяр хэзээ мөдгүй унагахад бэлэн болон нулимс дүүрэн нүдээр ширтэх зэвхий даатлаа айсан сэтгэлт бүсгүй рүүгээ асуусан харцаар ширтээд ноёны хэлснээр дөхөн суулаа. Ноён : -Алтанзулаа чи ч гэсэн суу хэмээгээд алив тэр морьдыг нь соль хэмээн тушаагаад -За сайн явж байна уу хэмээн Түмэнбаяртай хөөргөллөө. Түмэнбаяр алах хүнд аяганы ам зуулгахгүй нь л лав хэмээн бодох ч хэзээ дарж аваад хүлэх бол хэмээн бодож суулаа. Ноён ёроолдоо шүрэн шигтгээтэй мөнгөн аягаа анх удаа харж буй мэт тойруулан ажиж хэсэг сууснаа: -За хүү минь хэзээнээсээ замбуулингийн хүмүүс эмс охидоос болон aлaлдaж xядaлцaж эвдрэлцэж байсан.

Эмсээ булаалгах уруу доройн шинж боловч нэг нутаг усны хийгээд өөрийн хүү шиг чамтай би эв эвдэрээд яах билээ. Аваад явдаа харин хол яваарай хамжлага арддаа хатнаа өгөөд явуулчихсан гэж хүмүүст хэлэгдэхийг үл хүснэ. Хатнаа өгөх ч буурлын буян хурдан халиунуудаа өгөхгүй өөр унаа залгуулна гээд: -Алив хэмээн Алтанзулын магнайг үнэрлээд шар торгонд баадагнасан зүйл өвөр дээр нь тавьж Лхамаа ахайтан чинь өгчилсөн юм гээд санаа алдсанаа: – Одоо явцгааж үз хэмээн зандрах аргадахын дундуур хэллээ. Цэрэнлхам ахайтан угсаа гарвал өндөр өнгөн дээрээ ихээхэн хатуу хариг мэт боловч холын бодолтой ухаан сийрэг нэгэн билээ. Ноёныг мордоход үнэ хүрэх хатуу эдлэл Алтанзулын хэрэглэж байсан чимэг гоёлоос хийн мөн хэвлий дэх үрдээ цээрийг үл тоон оёж эхлээд дуусгаж амжаагүй баривчийг нь хүртэл зэхэн өгч явуулсан нь энэ ажээ.

Ноён эхнээсээ ийм энэрэлтэй хандана гэсэн бодолтой байсан гэвэл худлаа. Алтанзулыг оргосны өглөө хөгшин хиа өргөөний босгонд тээглэн бага ахайтан оргочихож, хурдан халиун алга хэмээн бувтнасаар сөхрөн унахад ноёнтон хамраар нь гал тургих нь уу гэлтэй уурлан: -Хүн дууд муу зулбасагыг арьсыг нь өвчинө. Тэр эцгийг нь дууд Содовын хүүгээс гарцаагүй хэмээн өргөөний багана чичиртэл орилж байхад их ахайтан болдог юм болдгоороо боллоо гэсэн шиг тайван сууж байсанаа хиа руу нүдээрээ дохин гаргаад: -Та хэзээнээсээ тэр хар нялхаараа амьтныг авчирдаг буруу байсан юм. Одоо нэгэнт хорвоогийн тоос хөдөлгөх хугацаа богиноссоор байгаа та бид хоёр өс өвөрлөж үр хүүхэд шигээ идэр залуустай эвдрэлцээд юу хийнэ дээ. Үр удмыг чинь тасалж гал голомтыг чинь самраагүйгээс л хойш орхивол яасан юм.

Тэн таарахгүй ачаа тэмээ малын зовлон тэнцвэргүй хоёр амраг хоёр биений зовлон гэж тэртэй тэргүй та тэр хар нялхаараа амьтныг бэлэвсэн орхиод явах нь хорвоогийн үнэн. Одоо бидний нас сүүдэр хойчийн үйлийн үрийг нимгэлж аливааг уучлах зөөллөх өнгөрөөхөд л хүрэлцэхээр болж хэмээн загнах аргадах хоёр хослуулан ухааруулахад : – Тэгвэл ядаж унаган морьдоо эргүүлж авчиръя даа хэмээн хэнгэнэтэл санаа алдаж суусан билээ. Залуу хос шинэ нутгийн хилийн дээс алхан уулын тунгалаг горхиноос нь амсаж магнайдаа хүргэн хүндэтгээд замаа үргэлжлүүлэхээр мордлоо. Бүхнийг тольдогч хөх тэнгэр хэдэн жарны дараа эвэртэн туурайтан ихэс дээдэс хийгээд энгийн хүний нас дагаж ирдэг уучлах өнгөрөөх, зөөллөн бодох, чанар ховордож хүн төрөлхтөнд мөнх насыг олсон мэт биеэ ихэд бодох авир цогцолно гэдгийг тааварлах ч үгүй тэдний дээр цэлийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!