MngNews

“ЖАРАН ЖИЛИЙН ДАРАА БИЕЛСЭН ГАЙХАМШИГТ ХАЙРЫН ТҮҮХ” ӨГҮҮЛЛЭГ

“ЖАРАН ЖИЛИЙН ДАРАА БИЕЛСЭН ГАЙХАМШИГТ ХАЙРЫН ТҮҮХ” ӨГҮҮЛЛЭГ

Нэгэн сэрүүхэн өдөр би гэр лүүгээ алхаж яваад хэн нэгний гээсэн хэтэвчийг оллоо. Би хэтэвчнээс ямар нэгэн бичиг баримт олж эзэнд нь өгөхийг туйлаас хүсэв. Гэвч хэтэвчинд ердөө гуравхан доллар, хэдэн жилийн өмнө бичсэн бололтой үнгэгдсэн гэмээр захидалаас өөр юу ч байсангүй. Захидлын хуучирсан дугтуйн дээрх буцах хаягийг тун гаргацтай бичсэн байлаа. Би захидалыг задлахдаа ямар нэгэн сонирхолтой зүйл уншина гэдэгт тун итгэлтэй байсан юм. Захидалын толгой хэсэгт 1949 он гэж бичсэнийг харвал аль хэдийнэ жаран жил өнгөрчээ. Эмэгтэй хүн бичсэн бололтой гэмээр хөх өнгийн бэхээр маш сайхан бичсний дээр зүүн дээд буланд бяцхан цэцэг зурсан харагдана. Захидал дээр “Хайрт Майкл минь чамтайгаа дахин уулзаж чадахгүй боллоо. Ээж минь биднийг уулзуулахгүйгээр шийдсэн бололтой. Чамайгаа би насан туршдаа хайрлах болно. Ханна” гэсэн байв. Сайхан захидал болон хэтэвчний эзнийг Майкл гэдэг нь гарцаагүй боллоо. Магадгүй би хотын лавлахаас дугтуйн дээрх буцах хаягийг лавлавал хэтэвчний эзнийг олох ч юм бил үү. Ингээд би хотын лавлах утсанд холбогдож холбогч бүсгүйд өвөрмөц хүсэлтээ тавихад “Энэ хаягаар холбогдох утасны дугаар байна л даа. Гэхдээ би таньд утасны дугаарыг өгөх боломжгүй” гэв. Би холбогч бүсгүйд хэрхэн хэтэвч олсноо, хэтэвчийг эзэнд нь буцааж өгөх гэж хичээж байгаагаа харилцуурын цаанаас хичээнгүйлэн тайлбарлав. Холбогч бүсгүй миний ярихыг сонсоод энэ хаягийн утсанд намайг холбож өгөхийг зөвшөөрсөн юм.

Ингээд Ханна гэж охинтой гэр бүл өөрийнх нь байшинд амьдарч байсан, гэхдээ аль гучин жилийн өмнө байшингаа зараад явсан гэдгийг захидал дээрх хаягийн шинэ эзэн нь надад дуулгав. “Одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй биз” гэж лавлахад “Миний санаж байгаагаар хэдэн жилийн өмнө Ханнагийн ээж асрамжийн газар очсон гэж дуулсан. Магадгүй тэр хүнээр дамжуулж та охиныг нь олж уулзаж болох юм” гээд хөгшин эмэгтэйн нэрийг асрамжийн газрын хаягтай өгөв. Харин асрамжийн газар очоод Ханнагийн ээж хэдэн жилийн өмнө нас барсан гэдгийг сонсоод бүх зүйл утгагүй санагдаж эхлэх нь тэр. Мэдээж шүү дээ жаран жилийн өмнө бичсэн захидал, гуравхан доллартай олчихоод эзнийг нь хайдаг над шиг тэнэг хүн байх уу? Юутай ч асрамжийн газар буцаж ороод нас барсан эмэгтэйн охиныг таних эсэхийг асрагчаас лавлавал “Ханна одоо энд амьдарч байгаа шүү дээ” гэх нь тэр. Аль хэдийнэ оройн 10 цаг өнгөрсөн ч гэсэн би тэр эмэгтэйтэй уулзахыг туйлаас хүсч асрагчаас олон дахин гуйсны эцэст Ханнагийн өрөөнд орох боломж олдов. Буурал үстэй эмэгтэй намайг дулаахан инээмсэглэлээрээ угтахад би хэрхэн хэтэвч олсноо яриад, үнгэгдсэн захидлыг үзүүлэв. Эмгэн нүдний шилээ зүүгээд захидлыг удаан гээч нь чимээгүй харж сууснаа “Майклд бичсэн хамгийн сүүлчийн захидал минь байна. Би түүндээ өөрөөсөө ч илүү хайртай байсан. 16 насны хайр байсан ч гэсэн би Майклыг хэзээч мартаж чадаагүй. Хэрвээ чи түүнийг олвол намайг одоо хүртэл өөрт нь хайртай гэдгийг дуулгаарай” гэж хэлэхдээ уруул нь чичирч, нүднээс нь нулимс дусалж байлаа. “…Би гэрлээгүй ээ. Майклаас минь өөр хэн ч намайг догдлуулж чадаагүй юм” гэхэд нь би эмгэнд талархал илэрхийлээд урам муутайхан гарч явав.

Үүдний хамгаалагч намайг хөлөө чирэн гарч ирэхийг хараад “Ханна таньд тус болж чадсангүй юу” гэж асуухад би бүх л өдрийн турш хэтэвчний эзнийг хайж бүтэлгүйтснээ яриад “Насан туршдаа хайсан хайртай хүн нь олоогүй байхад би яаж ч олох вэ дээ” гээд улаан судалтай хүрэн хэтэвчийг гаргаад цонхны тавцан дээр тавиад явлаа. Гэтэл хамгаалагч “Хүүе түр хүлээгээрэй. Энэ чинь ноён Голдштайны хэтэвч байна. Тэр дандаа хэтэвчээ гээдэг юм. Би бүр гурван ч удаа олж өгсөн. Энэ яг мөн байна гэх нь тэр. Би яаран эргэж хараад “Голдштайн гэж хэн бэ?” хэмээн асуухдаа өөрийн эрхгүй хоолой чичрэв. Хамгаалагч хариу хэлэлгүй цахилгаан шатанд суугаад намайг гараараа ороод ир хэмээн дохив. Найман давхарт гараад хамгаалагч “Ноён Голдштайн тэр танхимд ном уншиж байна” гээд намайг мөн л ор гэж дохилоо. Ном уншиж суусан хөгшний дэргэд очоод би юу ч хэлэлгүй хэтэвчийг нь гарган үзүүлэхэд “Өө би өдөр салхилж яваад хэтэвчээ гээчихсэн юм. Би таныг шагнанаа” хэмээн инээмсэглэв. “Шагнал хэрэггүй ээ би хэтэвчин дэх захидлыг уншаад таныг олсон” гэхэд өвгөний царай хувир “Миний захидлыг уншсан гэнээ” гэв. “Би захидлыг уншаад бас Ханнаг олсон” гэж намайг хэлэхэд өвгөн илт сандарч ” Ханна гэнээ, тэр минь сайн байна уу, хөөрхөн хэвээрээ байна уу? Хэлээч, хэл л дээ гэж намайг сэгсчих нь тэр. Би өвгөний гараас атган цахилгаан шатанд суугаад гуравдугаар давхарт байрлах Ханнагийн өрөөг зүглэв. Энэ мөчид сувилагч бид хоёр тэдний уулзалтыг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулж билээ. Үүнээс хойш бараг гурван долоо хоногийн дараа асрамжийн газраас надад Майкл, Ханна хоёрын гоёмсог хуримын урилга ирсэн билээ. Тиймээ энэ бол жаран жилийн дараа биелсэн гайхамшигт хайрын түүх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!