“ЖАНГАР ЗАЙРАН” ӨГҮҮЛЛЭГ

“ЖАНГАР ЗАЙРАН” ӨГҮҮЛЛЭГ

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Олон жилийн турш би үртэй болохын мөрөөс болж явсан ч яагаад ч юм бэ олсон хүүхэд болгон минь зулбачихдагсан. Анхныхаа ханьтайгаа ханилаад бүхэл бүтэн 15 жил болсон ч 5 удаа жирэмслээд л дандаа 5, 6 сартай болмогцоо л зулбачихна. Нус нулимс минь хэмждэгсэн бол лавтай Тэрэлжийн голын уснаас их болсон бизээ. Эхэндээ эвийлэн, өрөвдөх улс их байсан бол сүүлдээ ч хавийн амьтан хадмууд минь ч намайг хялайж харах нь ихсэв. Харин нөхөр минь анх ханилхад инээд алдсан алиа хошин залуу байсан бол сүүлдээ дуугаа хураасан , хар яр, хийсэн нэгэн болж хувирахыг би харж ,өөрийгөө л буруутгаж байлаа. Анх жирэмсэн боллоо гэхэд баяр хөөр болдог байсан хань минь , жирэмсэн боллоо ,одоо л нэг гайгүй шиг давчихвал гэхэд итгэлгүй нүдээр намайг эрхгүй л нэг дэмжсэн болох гэж толгой дохимор болох. Амьдрал минь авч ч болохгүй, хаяж ч болохгүй урсгалаараа урссаар 16 дахь жилтэйгээ золгоход ахиад л би жирэмсэн болсон байв. Энэ удаа би нөхөртөө ,ер нь хэнд ч хэлэхийг хүссэнгүй. Харин хамгийн сайн гэсэн бөө лам бүгдээр нөхрөөсөө нуун очихоор шийдэв. Хамт ажилдаг Тунгаа эгчийн хамаатан Жангар зайран гэж нэг мундаг хүний тухай ярихад бөөд итгэдэггүй ч эцсийн горьдлого тээн тэднийхийг заалгаад зорин очив. Жангар зайрангийнх Зайсангийн бэлд жигтэйхэн том хашаа байшинд байх аж.

Гаднаасаа л сүрдмээр хасар басар хоёр нохой урласан хачин чамин хаалгыг татан орвол зайрантантай уулзахыг хүссэн олон дугаарлан суух ажээ. Өглөө 9 цагт ирсэн би оройн 6 цаг гэхэд л Зайрантны барааг харах нь тэр . Жижигхэн биетэй, хөх сахалтай ,сүрдмээр настай эр намайг гүйлгэн хармагцаа л, гаанс тамхиа татан утааг нь цагираглан үлээж – Үр гуйж явна уу охин минь . Нөхрийн чинь анхны эхнэр та нарт хараал хийлгэжээ. Хүн болоод бүрэлдээд хэлбэр дүрсээ олоход л өөрөө гоожоод яваад өгдөг юм байна шүү дээ гэхэд л өөрийн эрхгүй өвдөгнийх нь өмнө ойчоод уйлж гарав . – Тиймээ ах минь ,тэгдэг юм. Гэхдээ би нөхрөө анхны эхнэрээсээ салаад ядарч явахад нь суусан шүү дээ. Яагаад тэр хүн надад ингэж муу санана вэ гэхэд – Чамд бишээ ,охин минь чиний нөхөрт хийлгэсэн юм нь үр хүүхэдгүй, үндэсгүй мод шиг хувхайрч явахыг хүсэж. Нөхөр чинь чамтай ч бай өөр хэнтэй ч суусан ийм л зүйл амсах байжээ . Харин чи над дээр ирдэг чинь сайн болжээ. Ах нь чамд туслана, чи хүүтэй болно . Нөхрийн чинь түрийвчинд байнга авч явдаг нэг уул усны зураг байдаг уу ? Тэрнийг нь анхных нь эхнэр өгч дээ ,түүгээр дамжуулж гүйлгэсэн хараал байна даа охин минь . Нөхөр чинь тэр зургийг өөрийн гараар галд өргөх хэрэгтэй. Чи нөхрөө ятгаж чадах уу , ингэж чадвал танай амьдрал шаал өөр болноо. Гэхдээ, чи өвчтэй зовлонтой , өрөөл татанхай ч байсан үрээ хайрлах уу ,хамаагүй юу гэж цоргитол ширтэх нь тэр – Өчнөөн жил мөрөөдөж, шаналж хүлээсэн үр юмсан ах минь ,яагаад заавал надад ингэж хатуурхах гэж орчлон.

Би хэнд ч мууг хийгээгүй шүү дээ? – Охин минь амьдрал хүнд даах ачааг нь л өгдөг юм , шалгалт ч байж болох. Ганц л юм чамд баталгаатай хэлж чадна .Чиний хүү ямартай ч чадал увдистай сайн хүү байх болноо. Гэхдээ эрхтэн бүрэн бүтэн биш байж л магадгүй. Одоо чамд хоёр сонголт бий .Энэ хүүхдийг чинь би ямартай ч өөрөө гоожоод алга болгохгүй болгоод өгнөө хараал жатгийг нь хариулаад . Харин чи өөрөө гоожуулж бол болноо охин минь гэчихээд аанай л гаансаа нэрж битүү цэнхэр утаан дундаа хөвж орхих нь тэр . Яасан хэцүү сонголт вэ ах минь , яадаг ч байсан би хүүгээ төрүүлнээ. Тиймээ ,би эрхтэн бүрэн бүтэн биш байсан ч хүүгээ хайрлана. Ах минь та надад туслаач, ах минь надад байгаа нь л энэ байна ,би баян хүн бишээ хэмээн сөгдөж нөхрөөсөө нууж цуглуулсан 300 000 мянган төгрөгөө хадагтай барив. Жангар зайран 300000 мянган төгрөгнөөс дээжийг нь аваад үлдсэнийг нь буцаан бариад – Охин минь ах нь шуналтай хүн бишээ , эх үр хоёрд мөнгө хэрэг болно .Энэ мөнгөө надад өргөсөн гэж бодож яваарай. Бас нэг зүйлийг хэлэхэд хүүдээ Баргачун гэж нэрлээрэй, бас 3 нас хүрэхээр нь над дээр заавал авчирч уулзуулаарай мартав даа 3 нас хүрэхээр нь за гар ,явдаа охин минь . -Энийг гэртээ орохын өмнө босго уруугаа цац гээд цаасанд боодолтой зүйл өгөв. Тэнгэр минь би хүүтэй боллоо. Бумбайсан цагаан мантгар хүү. Зайрантны хэлснийг санан санан бүх эрхтнийг нь хөл гарыг нь чангаах нь холгүй үзэв. Ямартай ч эрхтэн бүтэн хүүтэй болов.

Нөхөр маань бөөн баяр хөөр.Эгнэшгүй жаргал цэнгэл амсав. Хүүгээ нэг нас хүртэл зайрангийн хэлснийг таг мартаж эрүүл саруул хүүтэй боллоо , зайрантан зүгээр л намайг айлгаж дээ гэж бодохоос баярлах сэтгэл эрхгүй төрнө.Тэр ч бүү хэл мэргэч төлөгч бөө нарын үг болгон үнэн биш шүү дээ гэж ирээд онгирох сэтгэл ч төрж байлаа…. Гэвч удалгүй зайрантны үг үнэн болох нь тэр. Хүү минь хэлд орсонгүй. Бас сонсдоггүй болох нь мэдэгдэх нь тэр. Сайн гэсэн эмч, эмнэлэг бүрээр нөхөр бид хоёр хүүгээ тэвэрч явсаар бүтэлтэй зүйл ч болсонгүй. Ямартай ч хүү минь 3 нас хүрлээ. Хүүгээ 3 нас хүрдэг өдөр л шууд тэвэрч аваад Жангар зайрантны зүг явлаа. Азаар Жангар зайрантан яг гадаалж байхад нь таарчих нь тэр . – Зайрантан минь та намайг санаж байна уу, би ,би хүүтэй болсон ,та надад хэлж байсан шүү дээ, хүүгээ 3 нас хүрэхээр заавал ирээрэй гэж . Энэ миний хүү ,таны нэрийг нь хайрласан Баргачун хүү гэхэд – Зайрантан хүүг тэвэрч аваад ,багш минь хэмээн үнсэж ,уйлж гарах нь тэр . Хэлгүй ,сонсголгүй хүү минь бүхнийг сонссон аятай өвгөн зайранг тэвэрч ,үнсэж, толгойг нь илж, тэр ч бүү хэл гунганах авиа гаргав. Хүү маань Жангар зайрантны хуруунд байгаа усан болор шигтгээтэй могойн дүрстэй бөгжийг авах гэж оролдоход, зайрантан учиргүй инээд алдан – багш минь энэ таны надад дурсагсан бөгж шүү дээ, муу шавь чинь гараасаа нэг ч өдөр салгаагүй дээ гэсээр хүүг минь энхрийлэн үнсэнэ. Хүү минь ход, ход гээд учиргүй хөөрөн инээнэ.

Үүнийг харсан би бүүр гайхан алмайрч байхыг хараад зайрантан – Охин минь чамд гялайлаа , чиний хүү бол миний багш хувилгаан . Удахгүй хэл ,сонсголд орноо, чи айлтгүй. Би чамд хэлсэн шүү дээ увдистай үртэй болноо гэж . Багш минь энэ насны ерөөлөөр эргэн ирж, эргээд төрөхдөө шавь минь болох барилдлага ерөөлтэй ажээ. Одоо чи эмээх зүйлгүй. Хүү чинь чамд дахиад ч дүү дагуулна, сайхан дуучин охинтой болно хэмээн намайг адисласан билээ. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Зайрантан тэнгэрийн орондоо заларсан.Хүү маань гэнэтхэн л сонсгол хэлд ч орж , одоо өвгөн зайран багшийнхаа адил амьтанд буян хийсэн маш чадалтай зайран болсон . Харин би сураг нь ч тэр, дахин мөрөөдөж ч байгаагүй охинтой болж ,тэр маань амьтан хүн бишрүүлсэн гайхалтай дуучин болсон . 15 жилийн турш үр хүүхдээ зулбуулж, гол горхи шиг гашуун нулимс асгаж, амьдаараа хатаж явсан би одоо шимт газар шиг сэргэж, хоёрын хоёр сайхан үрийн ээж болсон доо өвгөн зайрангийн буянаар. Нөхөр маань үргэлж түрийвчиндээ авч явдаг байсан анхны эхнэрийнхээ салахдаа дурсгал болгож өгсөн нөхрийн ээж аавын нутгийн уулын зургийг зайрантны хэлснээр галд өргөснөөс хойш бидний амьдрал өргөс авсан мэт л сайн сайхнаар дүүрэх болсон юм .Амьдрал гэж таагдашгүй зүйлээр дүүрэн ажээ. Өглөө бүр би өвгөн зайрантны бөөлхөөр одсон хөх мөнгөн тэнгэрт сүү өргөдөг өө…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!