“ДӨЧ ГАРСАН ЭР ЭXHЭPTЭЭ ҮHЭHЧ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ” ЖАРГАЖ УНШЛАА

“ҮНЭР” ӨГҮҮЛЛЭГ

Тогтохбаярын Хонгорзул – “Зүрхэн шивнээ” номоос

Хайртынхаа цамцыг угаах гээд өлгүүрээс авснаа гэнэт хайрлан энхрийллийн давалгаа нөмөрч, цамцыг нь нүүрэндээ наагаад шуналтай гэгч нь үнэрлэлээ. Анх учраа мэдэхгүй гэнэн насандаа үерхэж наадаж явахдаа орой салах мөчид түүндээ тэврүүлэхэд яг энэ үнэр хамраар нь дамжин сэтгэлд хан хийдэг байж билээ.

Хол байхад бас л үнэр нь шингэсэн цамцыг нь авч яваад санах бүртээ гаргахад хэдхэн хором ч гэсэн түүнийхээ халуун тэвэрт байх шиг санагддагсан. Хайр гээд бодмогц ханийх нь үнэр л сэтгэлд түрүүлж орж ирдэг юм. Нүдээ анин тэр л залуу цагийнх нь баярт дурсамжийг эргүүлэн авчирдаг үнэрийг мэдрэн байтал огтын танил бус, хурцхан үнэр түрэмгийлэн орж ирэх нь тэр.

Ахиад үнэрлэж үзлээ. Хайртынх нь танил үнэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй, тэр дундаа яах аргагүй бүсгүй хүний содон үнэрт дарангуйлагджээ. Цочиж балмагдсандаа цамцыг нь эргүүлж тойруулан энэ тэр уруулын будагны хээ, элдэв ул мөр хайлаа. Юу ч олдсонгүй ээ.

Ахиулаад бүр бүх хувцасных нь халаасыг хүртэл нэгжив. Тэгж тэгж гавьтай үр дүн гарсангүйд ийм юм хийснээсээ ичих ч шиг. Энэ олон жилийн итгэл хайр яалаа даа. Ганцхан танил бус үнэрээс болж ханьдаа итгэхээ байх гэж үү? Би чинь ийм ямххан дотортой эмэгтэй билүү?

Өөрийгөө тайвшруулаад оройн хоолоо зэхье гэтэл бодол санаа нь ийш тийшээ тарамдаад нэг л төвлөрч чадсангүй. Харын сэтгэл, хармын бодол гэж ийм гүйцэгдэшгүй, дарагдамгүй айхтар эд байх гэж. Бодоод байх нээ ханилж суугаад, үр хүүхэдтэй болж бусдын атаархлыг төрүүлэм жаргалтай амьдарсан энэ хэдэн жил нөхөр нь хүний урманд хар төрүүлэх зүйл нэгээхэн ч хийсэнгүй билээ.

Ахиад хэд хоног харзналаа. Нөхөр нь бахь байдгаараа, өөрчлөгдсөн юм лав алга. Харин ч улам халамжтай, дотно болчихсон ч юм шиг. Үгүй гэтэл, гэмт хүн гэлбэлзэнэ гэж эхнэрээ хуурдаг эрчүүд худлаа саймшраад, гэнэт өөр болоод эхэлдэг гэсэн найз хүүхнийх нь үг буулаа шүү.

-Хичнээн ч халуун дулаан гэр бүл байлаа гэсэн “хөрөлт” гэж нэг зүйл гардаг, 40 гарсан эр эхнэртээ үнэнч байна гэж байхгүй гээд энд тэндээс уншсан, сонссон эрээвэр хураавар зүйлс толгой дүүргээд амрах зав өгөхгүй. Бодож бодож ер нь л нөхрөө нyyц aмpaгтай болж гэж дүгнэлээ…

Багыгаа гарснаас хойш гэртээ сууж ажил хийлгүй гэрийн авгай болоод нөхөртөө гологдсон юм болов уу ч гэж бодлоо. Толинд хартал нээрээ бас шаггүй жин нэмчихэж. Харин нөхөр нь залуухан гоолиг бүсгүй тэвэрч байдаг болов уу гэхээс уур нь шатаад явчихлаа.

Ажиглалт тандалт үргэлжилсээр, нэг өдөр нөхрөө шинэ нарийн бичиг ажилд аваад удаагүйг олж мэдэв. Нөхрийнхөө нарийн бичгийг нүдэндээ төсөөллөө. Нарийхан туранхай биетэй, ил задгай энгэр заамаа гаргасан хувцастай, бөгcөн биеэ арай гэж халхалсан алгын чинээ банзалтай, нүүр амаа гаргуун будсан аалигүй xүүxний төрх тодорч ирээд өөрийг нь тавлан инээх шиг.

Ер нь ингэж бодолдоо ээрэгдэж дэмий суухаар үйлдэл дээр нь гардаж авъя гэж шийдлээ. Шүүгээнээсээ аль олигтойгоо шилж өмсөөд залуу хүүхнээс дутахгүй гэж чадлаараа гоёж аваад нөхрийнхөө ажил руу жирийчихлээ.

Үүдэн дээр нь очоод “Би юу л хийж явна даа” гэж нэг тээнэгэлзсэнээ гэр бүлийнхээ аз жаргалыг хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнийг хийхээр шийдэж, зориг шулуудан дотогш оровоо. Нөхрийнхөө өрөөний үүдэн дээр ирлээ.

“Туслах Баяр-Эрдэнэ” гэсэн нэр байх юм. Эрэгтэй нэртэй хүүхэн авчээ бас. Нуун далдлах гэсэн санаа юм биз дээ гэж уурсангуй бодоод нэлээн ширүүхэн хаалга татан ортол 20 гаруйхан настай өндөр цагаан залуу дэрсхийн бослоо… “Уучлаарай. Дарга одоо байхгүй байна. Гадуур ажилтай. Та ямар хэргээр явна?”

Эелдэг дуугаар өнөө залууг ийн асуухад ичсэндээ “Зүгээрээ. Би дараа ирье” гэж аяархан дуугараад бушуухан өрөөнөөс гарлаа. Гармагцаа түргэн цохилох зүрхээ гараараа даран, минчийж улайсан нүүрээ тольдож, жуумалзан байснаа тэссэнгүй инээд алдчихав.

Хүн амьтан хараагүй нь яамай, азаар хүний хөл бага үе тааржээ. Гэртээ ирж хувцсаа солиод, тайвшрах гэж гэр орны ойр зуурын ажил аялуулж байхдаа дотроо өөрийгөө өчнөөн зэмлэлээ. Арай ч дээ, өдий олон жил ханилчихаад би ханьдаа итгэхгүй бол хэн итгэх юм.

Хар багаасаа үерхэж нөхөрлөөд тоонот гэрт толгой холбож өдий хүрчихээд тиймхэн ялихгүй юмнаас түүнийгээ ингэж хилсдүүлэх гэж. Ийн бодсоор том охиныхоо өрөөг цэвэрлэж байтал ширээн дээр нь гоёмсог туузаар боосон хайрцаг байна. Сониучирхан үзтэл хэдийнэ онгойлгочихож.

Нээгээд хартал саяхан нээсэн бололтой цоо шинэ үнэртэй ус байлаа. Үнэрлэж үзээд тачигнатал инээд алдав. Нөгөө хайгаад байсан хэргийн эзэн содон үнэр энд л байж шүү дээ. Сэтгэл нь бүрмөсөн цэлмэж, баяр хөөрөөр дүүрэн инээмсэглэлээ.

Ямартай ч ханийгаа дахиж ингэж xэлмэгдүүлэхгүй юм шүү. Энэ хий хар гэж ямар муухай эд вэ. Бодол санаа нь цэгцэрсэн гэрийн эзэгтэй дуу аялан оройн хоолоо гараа гарган бэлдлээ… Дуртай хоолоо амтархан идэх нөхрөө хараад өөрийн эрхгүй инээмсэглэв. Ингээд хараад л суугаад баймаар…

– Үгүй чи яагаав. Өнөөдөр анх харж байгаа юм шиг. Ингэж суухаар өөрөө хоолоо идээч. – Би идчихсээн. Ингээд хараад л баймаар байна. Нөхөр нь инээмсэглэхээр өөрийг хэлсэнгүй. Тэр эхнэрийнхээ хүүхдэрхүү цайлган, хааяа өдий насны хүнээс гарамгүй томоогүй загнадагт нь хайртай.

Анх танилцахдаа сэтгэл татагдсан тэр цовоо харц одоо ч гэргийнх нь нүдэнд тодхон байдагт дуртай. Хоолны ширээний ард өнөр бүлээрээ суусан тэд жаргалтай инээлдэнэ. Хөөр шуугиан цонхоор дамжин гадаа ганцаардан алхах нэгний сэтгэлийг бүлээцүүлнэ. Чин хайрын сэтгэлд хар хорын зай бүү байг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!