MngNews

“ДҮҮМЭДХЭНД ДУРЛАСАН ЭГЧМЭД БҮСГҮЙ БИ” – Бодит амьдралаас

“ДҮҮМЭДХЭНД ДУРЛАСАН ЭГЧМЭД БҮСГҮЙ БИ” – Бодит амьдралаас

Амьдралд алдахдаа алдаж, гэхдээ тэр алдаануудаа зовлон биш, жаргал мэтээр бодож дээшээ харж тэнгэр лүү ширтэж явсаар өдийг хүрсэн 39 настай бүсгүй байна би. Юуны учир үүнийг бичиж байна гэвэл, би дүүмэд залууд дурлачихлаа. Би ерөнхийдөө ид гялалзаж, жаргаж явах залуу насаа ажил ажил гэсээр байгаад гэр бүлийн хайр халамж, эх, эхнэр хүн байх үүргээ умартаад ганц бие эх болж хоцорсон эмэгтэй юм. Үүндээ хэзээ ч гутарч байгаагүй, гутрах ч үгүй. Өнөөдрийг хүртэл би дансандаа овоо хэдэн цаас цуглуулж, хүүгээ хүний гар харуулахгүй амьдруулах гэж ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж, ажилдаа амжилт гаргаж явсан. Үүгээрээ би бахархадаг. Анхны нөхрөөсөө салснаасаа хойш, эрэгтэй хүнтэй гэр бүл болох талаар нэг их бодож санахаа больсон юм. Яагаад ч юм заавал хуруундаа бэлзэг зүүж, нэг гэрт амьдарч, нэг хариуцлагыг хамтдаа үүрч явсны оронд илүү амар хялбараар насыг барах нь надад амар санагдсан. Хамгаас хайртай хүү минь надад байгаа учраас надад өмөг түшиг болох эр хүнийг хүүгээрээ санаж, харин бусад замд таарсан эрчүүдийг амрагаараа тооцож амьдрахаар зориг шулуудсан юм. Би нөхрөөсөө 3 жилийн өмнө салсан. Тэрнээс хойш янз бүрийн л эрчүүдтэй учир ургууллаа.

Эхний нэг жилд нэг ч эрчүүдтэй холбогдоогүй ч, догдлол, хүсэл тэмүүлэл, баяр баясгалан яахын аргагүй дутагдаж намайг гэсэн залууст үүдээ нээж өгдөг болсон. Нуулгүй хэлэхэд нэг удаа өөртэйгөө чацуу, эхнэртэй эртэй учир ургуулж байсан. “Амьдралд ийм юм зөндөө байдаг” гэж тэр надад байнга хэлсээр би итгэх шахсан байсан юм. Гэхдээ тийм юм азаар удаан үргэлжлээгүй. Надад одоо тулгараад байгаа асуудал бол би өөрөөсөө 12 дүү залууд дурлачихаад байна. Бүхэл бүтэн нэг үе мултарсан ч гэсэн, түүнтэй байхдаа би ч бас өөрөө адилхан 27-той болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Сэтгэл хөдлөнө гэдэг тийм юм байдгийг, догдлоно гэж тэгдгийг, хайрлуулна гэж тийм юм байдгийг би түүнээс дахиж амссан. Үнэндээ миний өмнө нь учирч байсан эрчүүд бүгд л надтай зөвхөн энгэр зөрүүлэхийг хүсдэг байсан юм. Би ч тийм харьцааг илүүд үздэг байсан, наснаасаа хамаагүй залуу харагддаг надтай халуун хамтрагчид болъё гэсэн хүмүүс ч олон байдаг байсан юм. Би үүнийгээ нэг их муухай үйлдэл гэж боддоггүй ээ, хүн л юм болохоор тийм зүйл хүсэлгүй яахав. Хүү маань ч ухаантай болохоор намайг ойлгож зөвшөөрдөг юм. Би хүүтэйгээ бүхнээ ярилцдаг хүү маань ч бас надаас юмаа нуудаггүй тийм л гэр бүл. Эхэндээ би тэр залуутай ч бас тийм л харьцаатай байхыг эрхэмлэсэн. Гэхдээ цаг хугацаа яван явсаар нэг л мэдэхэд түүнгүйгээр амьдарч чадахгүй болсон юм шиг байна.

Тэгж айж байна. Насны зөрүү тийм ч том асуудал биш л дээ. Гэвч би сүүлийн үед нэг зүйлээс их айх боллоо. Түүний өмнө нь үерхэж байсан бүсгүйг түүний ээж аав сайн таньдаг, бэрээ болгохыг хүсдэг гэсэн. Тэр бүсгүй нь өмнө нь манай найз залуугийн хүүхдийг тээж байгаад алдаж байсан юм билээ. Бид хоёрыг хамт байхад тэр бүсгүй байнга түүн лүү минь мессеж, бичиж утсаар ярьдаг, одоо хүртэл түүнд хайртай гэдгээ илэрхийлдэг. Би түүнийгээ харддаггүй ээ, залуу бүсгүйн сэтгэлийг сэвтээгээд яахав гэж бодоод зориглодоггүй. Тэр минь надад хоёулаа гэрлэнэ гэж хэлдэг ч гэсэн, би түүний ирээдүйг бодохоос айгаад байх юм. Бид хоёр одоохондоо нууцаар уулзсаар байгаа, хэрвээ бид хоёр ил гарах юм бол ямар их эсэргүүцэлтэй нүүр тулах бол гэхээс айж байна. Бас одоо миний хувьд хүүхэд гаргах нас минь оройтож байна. Тэр эр хүн л болсон хойно хүүхэдтэй болохыг хүсч л таарна. Би түүний гэр бүлийг бүтээж чадахгүй бол яах вэ? Би үрчлээтэж байна, өдөр өдрөөр нэг буурал үс нэмэгдэж, бие минь суларч байна. Харин тэр минь мандаж байна. Тэр удахгүй өөр залуу охид сонирхож эхэлвэл яах вэ? гээд л олон асуултууд толгойд минь эргэлдээд байх юм. Түүнтэй хамт байхаар, түүний ирээдүйг би хулгайлаад байгаа юм шиг санагдаад байна. Өөрийгөө бодоод хамт байх уу, түүний ирээдүйг бодоод үүрд орхиж, түүнд хайртай залуу бүсгүйд боломж олгох уу гэдэг эсэхээ шийдэж ядсаар л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!