MngNews

“ДЭЛГЭРМАА” ӨГҮҮЛЛЭГ

Г.БАТЖАРГАЛ

Би тэр өдөр Булган xотоос Тэшиг, Xутаг-Өндөр, эргээд Булган гэcэн замналаар ниcэх байcан тул тэр cумдын ачаа, шууданг авч ачаад зорчигч xүмүүсээ бүртгэн онгоцондоо cуулгаж байтал xанцуйг нь гадагш лав гэгч нудрагалан эргүүлcэн цоо шинэxэн cэгсгэр xурган дотортой xөх торгон дээлийг нарийxан xар cавхин бүcээр живxийтэл бүcлэн өмcч толгой дээрээ cор нь гялалзсан дөрвөн талтай зэрлэг булган малгай духдуулсан агаад түүний дороос хагас цухуйх хоёр жижигхэн чихэндээ цэн цэнгийн алтан ээмэг гялалзуулсан залуухан бүсгүй биднийг ажигласан шигээ зогсч байхыг хараад энэ дэгжин амьтан хэн гээчийг үдэн гаргаж яваа юм бол доо гэж бодож билээ. Тэгтэл манай командир тэртээгээс хүрч ирж явснаа гэнэт эргэж тэр бүсгүйтэй мэнд усаа мэдэлцэн уулзаж онгоцондоо найр тавин урьж оруулаад бүр бүхээгэнд, миний хажууд суулгачих нь тэр. Бүсгүй дуу цөөтэй. Нэр Дэлгэрмаа. Аймгийн ус цаг уурын албанд агаар шинжээч инжeнeр гэxээс өөр юм хэлсэнгүй. Тэгэхэд би цэргийн нисэх хүчнээс шилжиж ирээд анхны нислэгээ Булганаас эхлэж байгаа минь тэр байлаа. Ингээд би иргэний тээврийн нисгэгч хүн болвоо. Нэг иx нүд, хөмсөг болсон гоё хүүхэн дэргэд суугаад байхад тэсэлгүй хармаар санагдаж хаяа сэм cэмхэн ажигласан шигээ онгоцоо жолоодон явтал -Чи юу хараад байгаа юм? гэсэн командирын дуу чихэвчинд гэнэт хадаж намайг давхийтэл цочоолоо.
-Авгайтай юу хө? авгайгүй бол аваач! Чам шиг залуу явахад ийм сайхан хүүхнийг… гээд цааш нь юу яриад байгаа нь радио холбооны шуугианд дарагдаад сайн сонсогдсонгүй. Ямар ч л байсан энэ сайхан амьтан нөхөргүй юм байж гэж олзуурхангуй бодол тээсээр явтал энэ өдрийн нислэг өнгөрлөө. Түүнээс хойш өдөр тутмын нислэгтэй миний хувьд Булган хангайн цаст их уулсын дээгүүр зорчигч түмнээн тээсээр нэг л мэдэхэд өвлийн гурван сар өнгөрч хавартаа золгосон юм. Өглөө бүр Дэлгэрмаа миний нисэх чиглэлийн агаарын байдлыг шинжиж үүргийн хуудсан дээр бичин гарынхаа үсгийг зураад нислэгэнд намайг үдэж, орой нь түүнийхээ тохирлыг шалгахаар намайг нислэгээс бууж ирэх болгонд тосч авсаар хүний оронд түр ажиллахаар ирсэн миний ажлын өдрүүд ёстой л нүд ирмэх мэт хурдан өнгөрч байлаа. Хавар болонгуут аймаг сумдын хооронд хөлхөх амьтан хүний хөл хэсэг татарч өдрийн ажил эрт дуусдаг боллоо. Хоёр нарны хооронд амсхийх чөлөө олголгүй өдөржин үймэх зорчигч олны хөлд дарагдаж залхсан аймгийн нисэх буудлын хэдэн ажилчид арай жаахан завтай боллоо. Заримдаа тэд салхинд гарч малгайн утаа сэргээе хэмээн салж унахаа шахсан хуучин муу сумлагч Зилийнхээ бүхээгэнд чихэлдэн суугаад баруунтай орших “Буриадын хороо” -руу үе үе арилж өгдөг боллоо. Миний зам тэдэнтэй нийлэхгүй. Би Дэлгэрмаадаа хань болон аймгийн төв рүү алхчихна. Дөнгөж нахиалж байгаа моддын мөчир, нэг л өдөр газрын хаанаас гараад ирэв гэмээр талаар нэг цэнхэртэх хаврын яргуй, эрт гээч нь ирсэн анхны шувууд xараад л суумаар Дэлгэрмаагийн бодлогошронгуй тунамал харц сайхан байжээ. Аймгийн зочид буудалд байрладаг миний хувьд хаяа гэрээдээ утсаар ярихаас өөр ажилгүй. Хотод үзэж амждаггүй шинэ кино, шийг энд уйдатлаа үзэж цаг нөхцөөнө.

Тэр бүхэнд Дэлгэрмаатай хамт явах. Нэгэн хагас бүтэн сайнаар Дэлгэрмаа намайг дагуулан хөдөө гэртээ очих юм болов. Эцэг эх нь гэж хоёр сайхан хөгшин хөл алдан угтлаа. Намайг бараг л хүргэнээ ирсний дайтай хүндэлж байна. Дэлгэрмаа: -Энэ манай аймгийн ногоон онгоцны нисгэгч гэж их л нүүр бардам танилцуулахад: -Ий ! Яадаг билээ? хэмээн аав нь давхийн цочих маяг үзүүлэн баяссан нь үзтэл цайлган цагаан хүний янзтай. Ээж нь намайг цэгнэх байртаа битүүхэн ажих агаад хааяа охинтойгоо толгой нийлүүлэн аминчхан шивнэлдэж харагдана. Дэлгэрмаа энэ хоёр хөгшиний өргөмөл ганц охин, аавынх нь ярьснаар энэ айлын ганц “нар” юмсанжээ. Гэвч энэ “нар” тийм эрх танхи биш бололтой. Тэр гэртээ ирээд шууд ажилд орлоо. Ганцхан хоноод буцахдаа ямар их ажлыг аав ээждээ амжуулж өгөөд орхихыг хараад л би бишэрсэн. Би эр хүний хувьд эцэгтэй нь яриа нийлэхэд тэр намайг дараа заавал ирээрэй. Тэгэхдээ бүр хэд хоногоор ирээрэй. Хүү минь, чи анд хорхойтой биз дээ? Хоёулаа гахайнд хамт явъя. Манай үүгээр мэр сэр гахай үзэгддэг л юм. Гахайнд явдаг сайн анч нохой манайд байгаа. Анд дагуулж явмаар тун цовоо хүү байна… гэх зэргээр надтай их л дотночилж байсан юм. Үдэш болж унтахаар болоход аав нь: -Миний хоёр хүүхэд хоймрын ороо засч унт! гэж хэлж бид хоёрыг учиргүй их ичээв. Эмгэн нь өвгөнөө сэмээрхэн нударч нүднийхээ булангаар нэг сайн ширвээд авч байгаа харагдана. Маргааш нь аймгийн төвөөс биднийг авах унаа иртэл Дэлгэрмаа бид хоёр салхинд жаахан гарсан юм. Нүд гялбам шив шинэхэн цастай нарсан ойд хагас өдөр болов. Дэлгэрмаа өглөөнөөс хойш их л инээд баясалтай явах агаад намайг ямар нэгэн онигоо ч юмуу хөгтэй зүйл ярих болгонд ихэд хөгжин үе үе оч цацартал инээхэд нь миний сэтгэл ч бас ялгаагүй баясан жаргаж байлаа. Тэгэхэд хоёулаа :-Агаарын чинь сайхан уу даа дэлхий минь -Алиахан чиг төрсөн юм даа Дэлгэрмаа минь… хэмээн эхлэдэг нэгэн уянгалаг сайхан дууг хоолой нийлүүлэн хангинатал дуулж явсан сан. Чамаас ийм сайхан хоолой гарна гэж би мэдээгүй гэж тэр хэлж билээ. Үнэндээ ч би хамаг л хүч тэнхээгээ гарган байж түүндээ зориулан дуулсан билээ. Намайг дуулахад төглийн нарс тэр аяараа түрэн давтаж, тэр минь миний дуунд уярсан юм байлгүй хоёр нүдэндээ нулимс гялтгануулан байж сонссон юм. Өдөр хоног өнгөрөх тусам тэр надад улам ихээр дасч байлаа. Би өөрөө ч тэрэнд улам л сайн болоод байгаагаа мэдэвч ар гэр, амьдралаа бодохоор яах вэ гэдэг бодол тулж ирчихээд болдоггүй. Гэвч түүнийгээ удахгүй ингээд орхиод явна гэхлээр хариу олдохгүй. Хэлэх ч үггүй дэмий л сайхан хар үсийг нь илээд аг чиг болж орхино. Чи ийм сайхан хүүхэн, яагаад өдий болтол хүнтэй суудаггүй юм.бэ? гэхэд тэр намайг итгэл хайрын оч нэвт гэрэлтсэн мэлмэрсэн хар нүдээр чимээгүйхэн ширтэж байгаад гэнэт : -Чамайг хүлээгээд гэж палхийтэл хэлэх нь тэр. Үнэнийг хэлэхэд яг ингэж хэлээсэй, гэж тэгтлээ их хүсч явсан би цагаа тулахаар гэнэт цочин юу ч хариу хэлж чадсангүй. Хэл минь гацсан юм шиг таг дуугүй болчхов. Дэлгэрмааг ингэж хэлнэ чинээ би санаагүй явжээ. Амьдралдаа миний бараа зүсийг нь харсан хэнтэй ч зүйрлэшгүй сайхан, гоо үзэсгэлэнгийн тууль болсон энэ бүсгүй ганц тохиох амьдралаа надад тушаана гэж, ийнхүү ямарч санамсаргүйгээр хэлнэ гэж даанч төсөөлж байсангүй.

Гэтэл, гэтэл… Дэлгэрмаагийн чинээ биш юмаа гэхэд царай зүс, ааш зан, намайг гэдэг итгэл, сэтгэлээрээ хэнээс ч доргүй хань, хайртай охин минь гэнэт тэр мөчид ухаанд буугаад ирдэг байна. Тэр нам гүмийг эвдэж: -Би чамд гай болохгүй ээ, чи ч амьдралаа үрэх тэнэг хүн биш, харин би чамайг яасан ч, хэзээ ч мартахгүй гэж Дэлгэрмаа минь шивнэн хэллээ. Би тэнэг юм шиг ээрэн түгдчиж:-Хонгор минь, Дэлгэрмаа минь хоёулаа бодьё, жаахан бодьё гэж өгүүлбэл Дэлгэрмаагийн сайхан алаг нүд нь өөдөөс төөнөх мэт хараад:-Бодох юм байхгүй. Юуг нь боддог юм гэргийдээ оч, чи охиноо их ярьдаг шүү дээ. Чи авгай хүүхэддээ хариа. Энэ бүхэн надаас л болсон юм гэж шазруухан өгүүллээ. Би яах учраа олохгүй балмагдсан хэвээр -Хаанаас ! даа… гэж хэлчихээд яах гэж, яагаад ингэж хэлснийхээ ч учрыг олсонгүй. -Би чамд хайртай, гэхдээ… гэвэл тэр намайг шоолсон, зүгээр л амьдралд ийм юм байдгыг сая сонсоод инээд нь хүрсэн эсэх нь ялгагдахгүй тод гэгч инээж, – За юун хуурамч юм. Чамайг мэдэж байна аа гэв. -Чи тэгээд, тэгээд яаж ганцаараа… гэвэл, Тэр :-Яах юу байсан юм, болоод л байсан юм чинь болж л таараа. Аав, ээж хоёр, гурвын гурван хүн болж л таарна гэв. Би бараг цагаандаа гарч, өнгөрсөн олон өдөр хоног юу санаж юу хүсэж явсанаасаа буцсан мэт чи минь амьдралаа бодоорой намайг уучилж үзээрээй гэх ухааны юм хэлбэл. Дэлгэрмаагийн өнөөх цовоо цолгин зан саяхан намайг гайхуулж байсан инээд нүүрнээс нь оргүй арилж, -Баяртай ! Би чамаас өөр хэнтэй ч суухгүй. Арав, хорь, бүүр гучин жил болсон ч хүнтэй суухгүй гэсэн юм. Дэлгэрмаагийн нүүрээс бүх юм тэр тусмаа сүүлчийн хэлсэн тэр бүх үгс тоглож байна даа амьдралд тийм юм байж болохгүй гэж бодогдож байсныг гашуун ч гэсэн нуугаад яахав. Энэ бүх явдлаас хойш хэдэн жил өнгөрч би өөрөө онгоцны дарга нисгэгч болчихсон хойно Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд тусгай үүрэг гүйцэтгэн нисэж явав. Гэтэл замын агаар гэнэт муудлаа. Мөн л тэнгэр газрыг битүү бүрхсэн хоёр мандлын үүлэн завсарт хавчигдан нисэж явав. Байн байн дайралдах алаг цоог борооны үүлэнд орон гаран явсаар шалав норсон онгоцны минь жолоо удирдлага хүндрэн гөжиж эхэллээ. Манай онгоцны нэг дутагдал гэвэл агаарын мууд, ялангуяа үүлэнд нислэг үйлдэх боломжгүйд оршдог байв. Би өөрийн талаар тааралдсан аягын чинээ үүлэн цоорхойгоор самбаачлан доош шурган орж газрын баримжаа тогтоогоод яаж ийгээд Улаанбаатарт хүрэх гэж зүтгэсэн ч үүл газарт шахагдсан бидний нислэг Заамарын нуруунд тулаад мухардлаа. Цааш нислэг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон тул би нөөц буудалд буух шийдвэр гаргаж төвдөө илтгээд Булганы буудал руу эргэлээ.

Одоо ийм үүлнээс хур тунадас их хэмжээгээр, магадгүй хэдэн хоногоор усан бороо цутган орно. Би нам суусан үүлэн доогуур машин зам даган шонгийн модны чинээ өндөртэй гэлдрүүлсээр шиврээ бороон дундуур бүдэг бадаг бүрэлзэх төдий суурин газрын барааг олж харлаа. Ийнхүү бүтэн найман жилийн дараа, сэтгэлийн дунд харагдсаар л явсан Булганы буудалд эргэн ирэх минь энэ. Урт удаан хүнд бэрх далайн аялалаас сая бууж ирсэн хөлөг онгоц боомт зогсоолдоо ирж зангуугаа хаян зогсох адил агаарын мууд хийсэн осолтой нислэгээс эсэн мэнд буудалдаа бууж зогсоол уяандаа ороод хөдөлгүүрээ унтраалаа. Нисэх буудлын радио холбоогоор бидний энд буусан цаг байдлыг төвд мэдээлэж байгаа нь сонсогдов. Одоо тэнд, намайг буун буутал чих тавин сэтгэлээ чилээж суусан холбоочид, нислэгийн удирдагчид, цаг уурчдын санаа сая л нэг амраа даа. Би өөрийн туслах нисгэгч залуудаа, техникч моторчин хоёртойгоо хамжин онгоцныхоо уяа хавчааруудыг сайтар хийж бөхлөн орхихыг даалгаад буудлын зүг яарвчлан алхав. Энд нисэх буудлын шинэ барилга босч албан тасалгаа, экипаж амрах тохилог өрөө, гал зуух гээд юм юмтай болсон хэдий ч өдөр бүхэн үймэн бужигнаж байдаг зорчигч олны хөл нэгэнт тасарч, хашаа тайлбай нь лууль шарилжинд дарагдаад ил хулхан, дүнсгэр газар болон хувирчээ. Буудлын хэдэн ажилчид ч нилээн цөөрч. Таних хүн ч бараг үгүй болжээ. Хамгийн гол нь өнгөрсөн олон жилд сэтгэлээс минь ганц ч удаа гараагүй нэгэн хүнийг би нүд, зүрх сэтгэл, бүхийл бодлоороо эрж хайж байлаа. Хэзээ мартсан Дэлгэрмаа минь. Хэзээ өнгөрсөн 25 нас минь билээ. Гэтэл ашгүй тэр хойноос нэгэн өвгөн ирж явна. Ахиулж харвал миний хуучин танил холбоочин өвгөн байна. Их өтөлж найман жилийн өмнө тийхнээрээ байсан хүн цав цагаан толгойтой дэрэмгэр хөх өвгөн болжээ. Тэр миний таргалж хот зохисныг гайхаж, би түүний хичнээн их өвгөрч өтөлснийг дотроо халаглаж байв. Би нэг их тэвчилгүй танай синоптиг инженер ямар хүн байгаа вэ гэж асуухад Дэлгэрмаагийн нэрийг тэр хэлсэнгүй. Тэр минь энд байхгүй нь. Нэг тийшээ яваад өгсөн юм болов уу?Ямар хүнтэй суусан бол. Тэгээд түүнийгээ дагаад холоо гээч нь явсан юм болов уу гэсэн бодолд сэтгэл гонсойгоод нэг л гунигтай боллоо.Түүнийгээ л нэг харах гэж би энэхүү хүчит салхи, сэгсрэлт, үүл манан, усан бороон дундуур тувт зүтгэн туучин явж ирсэн гэлтэй. Хэсэг хугацаа өнгөрөөд Дэлгэрмаа байгаа юу гэж дахиад асуухдаа байхгүй гэж өөдөөс хэлэх вий гэхээс тун ч их айж билээ. -Тэр үү? байгаа байгаа. Одоо ажилаа хийхээ больсон гэв. Түүнийг энд байгаа гэхтэй зэрэг миний зүрхэнд баярын оч гялсхийж: -Одоо хаана байгаа юм? Яагаад ажлаасаа гарсан юм, өөр ажилд орсон юм уу? гээд л нэг амьсгаагаар шахам олон юм лавлаад гэнэт санаа зовон нүүр улайв. Миний эл байдалд хуучны танил холбоочин өвгөн дотроо нэгийг ойлгов бололтой шал руу ширтсэн чигээрээ толгойгоо үл мэдэг дохилон хэсэг бодлогошроод: -Хэзээ билээдээ хө? Чиний нөгөө өвөлжин нисдэг жилийн хойтон байхаа, эцэг эх хоёр нь жилийн дотор цуваад цуваад ойчоод өгсөн. Тэр хоёроос үлдсэн шаггүй хогшил хөрөнгө, мал хунарыг нь ах нь гэж нэг бүтлээ алдсан юм наймаа хийж байна гэж үрэхийг нь үрж, өрөнд өгөхийг нь өгөөд барсан гэсэн. Муу охин минь их зовсон. Энд дарга байсан өнөө хэн … охиныг минь хоргоож хоргоож бүүр зовоож гүйцээд. Дэлгэрмаа эндээс гарчихсан нь ч түүнээс л зугтаж байгаа царай нь. Уул нь манай энд сайхан, сайхан залуус их л ирж ажиллаж байсан даа. Бараг бүгдээрээ л сууя барья гэсэн байх болдоггүй л юм байх. -Өөрт нь санаа оноотой хүнд, надад хүлээсэн хүн бий гэж хэлдэг л гэлцэж байсан. Тэр нь лав л энэ олон жил ирлээ барилаа гэж мэдэгдээгүй гэв. Түүнийг эндээ байгааг мэдэж авсандаа олзуурхавч амьдрал нь анаа л төвхнөөгүй явааг сонсоод миний сэтгэл нэг л хачин болчихов. Түүнтэйгээ нэг уулзахаас нааш санаа амрахгүйгээ мэдээд хүнээс сураг тавьж дотроо хүлээж суулаа. Олон хоногоор зүсрэн орох бороонд хоригдон бухимдаж суугаа бидний дээгүүр тэртээ дээр бүрхэг тэнгэрийг нилд нь хүржигнүүлэн өнгөрөх олон улсын нислэгийн аварга хөлгүүдийн чимээ атаархал хөдөлгөж, эд нар үүлнээс ч дээгүүр нэгэн түмэн алдын өндөрт нүд гялбсан цэлмэг тэнгэрт дурайсан цагаан зам татуулан юунд ч торохгүй шуугуулж явдаг. Гэтэл бид газарт, нэвтлэшгүй өтгөн нягт үүл мананд битүү хучигдсан зэлүүд бяцхан хөдөөгийн буудалд хөл хоригдон хаашаа ч хөдөлж чадахгүй арга тасран сууж байна гэдэгт нөхдийн сэтгэлийг бухимдуулна.

Миний хувьд энд өнгөрсөн дурсгалт явдал эргэн дурсагдаж богинохон ч гэсэн хайрын жаргал эдлэн хамтдаа зугаацан алхсан тэр л харгуй зам хачин дотно өмнө минь дурайж, тэр л зүгээс Дэлгэрмаагаа гараад ирэхийг нь хүлээгээд шиврээ борооноор болзоонд зогсох минь жаргал байлаа. Хийх юмаа олж ядан уйдаж цөхөрсөн бидний хэдэн улс бас нэгэн бороотой өдрийг арай гэж муушигдаж өнгөрөөгөөд орой хооллож байтал намайг нэгэн хүн уулзъя гэж дуудуулжээ. Энэ орой болсон хойно хэн нь, арай гэж бодсоор шатаар уруудвал үүдний сүүмгэр гэгээнд гартаа эвхсэн шүхэр барьсан цав цагаахан цувтай нэгэн бүсгүй хана налаад доош ширтэн зогсож байв. Арай тэр минь биш байгаадаа гэхээс миний сэтгэл өөрийн эрхгүй догдлон дэрвэлзээд явчихав. -Намайг дуудуулсан хүн та мөн үү? гэсээр дөхвөл, -Тиймээ, гэж тэр бүсгүй чичгэнсэн саарал хоолойгоор аяархан хэлээд бушуухан нүдээ дараад буруу харчихав. Тэгэхтэй зэрэг л миний зүрх гэнэт өөрийн эрхгүй хүчтэй булиглан цохилж, хамаг биеэр халуу оргин хариу юу хэлэхээ мэдэхгүй балмагдан сандарлаа. Бид хоёр бие биенээ тийм ихээр санагалзан мөрөөсч явсанаа өөрсдөө ч мэддэггүй байжээ. Бүсгүй надруу эргэн та сайн явж байна уу гээд инээх нь хэдэн жилийн өмнө надтай учиран, миний дэргэд зэрэгцэн сууж нислэгэнд хамт явахдаа гэнэ гэнэхэн тохиох хүчтэй сэгсрэлт, салхины цохионд өртөн ёроолгүй гүн ангал нүх рүү цөмрөн хөл алдан унах мэт халих агшинд, эсвэл оройгүй өндөр оргил өөд хөөрөгдөн шидэгдэх эгшинд цочирдон тэвдэж дуу алдан эвгүйцсэнээ төдхөн тайвширч гэрэл цацартал мишээхэд нь би ихэд урамшин баярлаж ямар их чадварлаг нисгэгч болохоо харуулах юмсан гэж улам бүр хорхойсон зоригжиж дахиад хүчтэй сэгсрэлт, таагүй учрал тохиолдсон ч хэрхэн чадварлагаар онгоцоо жолоодон гарах тийм их урам зориг хайрладаг тэр л сайхнаараа өөдөөс минь гэрэл цацартал мишээн угтлаа. Энд бид хоёроос өөр хэн ч байсангүй. Бороо дахин шивэрч эхэллээ. Магадгүй бидэн хоёрын төлөө нутгийн нь тэнгэр хүртэл ийнхүү уйлан хайлан намайг саатуулж Дэлгэрмаатай минь учруулж буй юм байлгүй. Булган хотын ус шаварт харанхуй гудамжаар бид хоёр түүний бяцхан шүхэр дор багтан явсаар тэдний гэрт ирлээ. Ороход энд лав түүнээс өөр хүн суудаггүй биз гэмээр нямбай зассан цомхон хогшилтой, харанхуй дулаан өрөө өөдөөс угтав. -Яана аа, Чи бүр норчихжээ. Би одоохон гээд Дэлгэрмаа гэрэл гарган пийшэндээ мод хийж дорхон нь гал өрдлөө. Түүний амьдрал ямархан байгааг би хараад л таав. Ийм ажилсаг, шалмаг, ийм залуу сайхан бүсгүй яагаад өнөө болтол ганцаардан гундаж явна вэ? -Чамд их баярлалаа ирчихээд чимээгүй явчилгүй намайг гэж эрж сурсанд чинь баярлалаа. Би бас чамд гомдож их харсан, зөндөө харсан. Цаанаа амьдралтай ч гэсэн хүний сэтгэлийг мэдсээр байж уулзалгүй яваад өгсөнд чинь их гомдсон.

Гэхдээ яахав. Хараад л байлаа чамайг. Би хэлсэн шүү дээ. Арван жил, хорин жил, бүүр гучин жил гэхэд нь: -Би чамд олон захидал бичсэн дээ. Чи ганц ч удаа хариу бичээгүй гэвэл тэр үл ялиг бодлогошрох мэт болж, -яах юм, хүний амьдралд садааны нэмэр гэв. -Тэгвэл чи яагаад хүнтэй суучихсангүй юм бэ гэхэд – яаж суух юм. Би чамд хэлээ биз дээ. Өөр хүнтэй сууна энэ тэр гээгүй гэхэд нь надад өөр хэлэх үг олдсонгүй. Үдэш орой болсон хойно би тэнднийхээс гараад буудал руугаа ганцаар алхаж явахад оройжин асгаруулан уйлсан тэнгэр сая тайтгарч бутархай үүлсийнх нь завсар чөлөөгөөр намрын шөнийн сэргэлэн одод анивчин наадаж чийг нэвшсэн цэвэр агаараар цээж дотроо дүүртэл амьсгалахад сэтгэл сэргээд нэн таатай. Маргааш тэнгэр л лав цэлмэх нээ. Бүтэн дөрөв хоног хорвоо дэлхийг ээрэн хоргоосон өтгөн нягт үүл манан шөнөдөө сарнин арилж, өглөөн нарны тунгалаг гэрэлд газар дэлхийн өнгө жавхаа сэргэн засарчээ. Олон хоног хоригдон, цөхөрч зутарсан хүмүүсийн магнай тэнийн дуу шуу болоод явчлаа. За ашгүй, Улаанбаатар Ан-2 -ыг хүлээж авна гэнэ, замдаа гарцгаая даа гээд бостол аль эртний танил болсон бүсгүй хүний уянгалаг шингэн хоолой сонсогдох шиг болов. Дэлгэрмаа минь хүрээд иржээ. Одоо харахад тэр өчигдөр оройны усан нүдэлсэн хүүхэн яавч биш. Аль хэдэн жилийн өмнө надтай учирсан жавхаалаг сэргэлэн тэр л хэвээрээ гэрэл цацартал мишээн зогсож байв. -Та хэд одоо явах нь уу? Тэгэхээс, ашгүй тэнгэр онгойлоо гэж хэлэхдээ би өөрөө нэг л хоргодонгуй байгаагаан мэдэрлээ. -Би та нартай хамт явахаар шийдлээ. Гэж тэр илт догдолсон, эрс шийдсэн байдлаар хэлсэн ч цаанаа л нэг аргадангуй над руу дөхөж, -Өчигдөр орой чамайг явуулчихаад би зөндөөн бодлоо. Одоо боллоо энд хоргодох юм надад байхгүй. Анх л ирж байсан шигээ буцъя даа гэлээ. Энэ удаа би түүнийгээ орхиод явж яасан ч чадаагүй юм. Үүл, бороонд түр саатсан бидний аялал цааш үргэлжиж чийглэг сайхан агаарын тогтуунд эртхэн газар дөхөхөөр би Булганы буудлаас салхи татуулан агаарт хөөрлөө. Тэнгэр тийм гэхийн аргагүй хачин тунгалаг болсон агаад аяганд ус мэлтэлзүүлэн барьсанч үл цалгиам тунч тогтуун болжээ. Би Дэлгэрмаагаа дэргэдээн суулгаж аваад явлаа. Өмнө минь Мээж хайрхан уул босон суун өндөлзөж цаана нь Бүрэг хангайн цэнхэр нуруу хөндөлсөн дүнхийж харагдана. Сэтгэл дотроо Дэлгэрмаа минь уул усандаа үдүүлж явна. Одоо бидэнд юу ч саад болохгүй, цагийн дараа гэхэд Буянт-Ухаадаа буусан байна. Сарны чинь гэрэл үү дээ дэлхий минь Сайхан чиг төрсөн юм даа Дэлгэрмаа минь… гээд л нисч явахдаа би сэтгэлдээ ийм нэгэн дууг аялж явдаг юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!