“ДУТАЖ Л ЯВНА” ӨГҮҮЛЛЭГ
“ДУТАЖ Л ЯВНА” ӨГҮҮЛЛЭГ
Ч.НАРАНЦЭЦЭГ
Нэг л өдөр хайртай өвөө минь хорвоогийн мөнх бусыг мэдрүүлэнхэн явчихсан юм. Үхэл гэж аргалж болшгүй, аймшигтай бас авралгүй зүйл ажээ. Өвөө минь өндөр настай ч ануухан хөнгөн шингэн, гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг хүн байлаа. Намайг хичээл сургалт гээд нэмэр болох юмаар маруухан байдаг болохоор тэр ч юмуу эмээгийн амнаас хамгийн түрүүнд гардаг нэр бол “хөгшөөн”. Ямар сайндаа өвөө минь эмээд, -Чи ер нь намайг арван хэдтэй хүүхэд шиг тэр ч юм аваад аль, энэ ч юманд яваад ир, гүйгээч гэх нь холгүй байх юм. Би чинь 80 хүрч байгаа хөгшин хүн шүү гэж байхав. Өвөөгөө эм ууж байхыг нэг удаа ч хараагүй, эмээгээ эм уухгүй байхыг бас л үзээгүй. Гэрийн гадуур дотуур бүх л ажил өвөөгийн нуруун дээр бууна. Ээжийн ах дүүс байлаа ч бүгд тус тусын амьдралтай юм хойно. Намайг хичээлд явсан хойгуур өвөө минь дэлгүүр хоршоо орох, тэтгэвэрээ авах, байрны мөнгөө тушаах гээд айлд ямар их ажил байдаг билээ тэр бүгдийг хөөцөлдөх гадуур ажилдаа явна. Эмээгийн нүд, хөл муу тул хэрэглэх аяга, таваг, халуун савтай цай, таяг, эм тангаас нь эхлүүлээд цүнх түрийвчийг хүртэл гарынх нь ойр, орных нь өмнө яг таг байрлуулна. Яаран сандран явж ирээд л эмээгийн хоолыг нь хийж өгнө. Ядаж байхад эмээ минь чихрийн шижинтэй тусгай хоол идэх, ядаргаатай нь тэр хоолны дэглэмээ зөрчинө гэж гонж, нийтийн хоолноос амсах ч үгүй, өвөөд минь хоёр янзын хоол хийх яршиг удаастай. Заримдаа өвөө залхуурдаг ч юм уу халширдаг ч юм уу эмээгийн хоолноос идэж зэрэг дэглэмдэнэ. Өглөө сэрээд л өвөөгөө үгүйлэх юм. Хар үүрээр крантны ус шажигнуулан данх сав тан тун хийлгэн цайгаа чанахаар гэрийн шаахайгаа шад пад хийлгэн чимээтэй нь аргагүй холхино. Тэгээд байрны гадаанаас сүүгээ авч, тамхиа татчихаад орж ирнэ. Тэгж байтал эмээ сэрж, гурвуул сууж цайлаад би хичээлдээ явж хоёр буурай минь үлдэнэ. Би гэдэг хүн орой болсон хойно хичээл тарж ирээд албатай юм шиг өвөөгийн хийсэн гурилтай хоолыг “ёоё өөр амттай хоол идэх юмсан” хэмээн голон голон иднэ. Хөгшин настай, эрэгтэй хүн хийж байгаа гэж ойлгохгүй ээ. Өвөө минь насаараа цэргийн газар хариуцлгатай алба хашиж явсан, залуудаа гэрийн ажлаас хол хөндий, бурхан шашин шүтдэггүй гүдэс шулуун (өөрийнх нь мэргэжилтэй холбоод үзвэл) хээгүй нэгэн байв.
Ямартаа манай өвөөг “хэнэгүй тэр” хэмээн нэрийддэг байсан гэсэн. Гэхдээ хэнэггүй байлаа гээд хүүхдүүдээ өмсөх зүүхээр дутаагаагүй, нэг ч удаа хоолгүй хонуулж үзээгүй хэтэрхий хариуцлгатай, бүстэй хүүхдүүдээ бүс тэлээгээр хүмүүжүүлсэн хатуудаа хатуу, бүсгүй охин үрстээ хошуугаа дэвсэж өсгөсөн зөөлөндөө зөөлөн эмээгээс минь илүү зөөлөн нь хэтийдсэн нэгэн байлаа. Хүүхдүүд ач зээ нарынхаа төрсөн өдрийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй их бага гэлтгүй заавал бэлэг бэлдэнэ. Эмээгээс илүү хэдэн хүүхэд, ач зээгээ үнсэхгүйгээр явуулна гэж номонд хазгай. Би ухаан орохоосоо л өвөө эмээтэйгээ туждаа хамт өсөж байгаа айлын ганц хэнз хүүхэд. Ээж минь намайг 7 настай байхад харийн нутагт ажиллахаар явсан, аав гэдэг хүн багад минь бараагаа харуулснаас хэтрээгүй ч эцэггүй өсөхийн хэцүү бэрхийг даанч мэдрээгүй билээ. Харин өвөөгөө тэнгэрт оршсоноос хойш элэг бүтэн бус байхын учрыг ойлгосон. Ээжтэйгээ байнга утсаар ярьдаг, байхгүй байгаад нь үгүйлээд хайгаад байхааргүй, олон жил улирсан болохоор гуравхан биеэрээ хэнд ч дараа бололгүй, ажин түжинхэн амьдралдаа дассан. Гал дээр гарсан зээ нь болохоор хоёр буурайгийнхаа ёстой л галын бурхан, ганц жанжин байсан хэрэг. Өнгөрсөн зун дадлагын ажлаар хориод хоног яваад ирэхэд өвөө минь хаалга тайлж өгөөд юутай их баярлаж байсан гэж санана. “Ээ ямар гоё вэ, миний охин хүрээд ирлээ” гэж хөөрөөд л, эмээ тэнд бараг алга ташсан санагдана. Хааяа нагацындаа очиж ганц хоноод ирэхийн хооронд нөгөө хоёр маань ээлжлээд л залгана. -Ирэх гэж байна уу? -Гарсан уу, яасан уддаг юм гээд л … Тэгэхээр нь би гэдэг хүн “Хүлээж байгаач дээ, очихын хооронд хоёулаа ээлжлээд л чичрээд залгачих юм” хэмээн уурлана. Одоо бол үхсэнээс үлдсэн ганц муу эмээгээ орхиод гарахыг ч хүсэхгүй, ээжийг иртэл эмээгээ хараад л байж байна. Учир нь хааяа аргагүй ажлаар түрхэн гараад ирэх тэрхэн хооронд өөр бусад ач зээтэйгээ үлдсэн ч эмээ минь учиргүй гуньхарчихсан сууж байдаг. Хэдийгээр би 21 настай, их сургуулиа төгсөж, насанд хүрсэн ч томчуудын амьдралын зах зухыг ч гадарлаагүй, эмээ өвөөдөө эрхэлж өссөн хүүхэд хэвээрээ л байна. Тэр нэгэн өдрөөс хойш амьдралыг арай өөр нүдээр хардаг болсон. Өвөө минь өглөө эрт тараг сүүгээ авчрах гэж гараад л тархинд нь цус харвачихсан юм. Барьж явсан савныхаа бариулаас тас атгаад уначихсан, тараг нь талдаа ортол асгарчихсан байсан. Манай байрны хүмүүс, -Мөн ч буянтай хөгшин өө. Өөрөө ч зовсонгүй, өрөөлийг ч зовоосонгүй. -Эрэгтэй хүн цагаан сүү барьж яваад бурхандаа явна гэдэг мөн ч их буян шүү гэлцэж байв.
Өвөөгөө насан хутаг болсноос хойш бодоогүй өдөр, зүүдлээгүй шөнө надад байхгүй ээ. Амьдад нь тээршаадаг байсан тамхины нь утаа, архи уугаад халамцахдаа гаргадаг гэмгүй хөлчүүрхэл гээд өвөөгөөрөө өгүүлж хэлэхийн аргагүй их дутаж байна. Өвөө минь үгүй орчлонгийн өнгө нь хүртэл бүүдгэр саарал санагдана. Өвөөгийнхөө хойноос хийж чадах юм ганцхан энэ л гэж бодож, төрлөө олох хүртэлх 49 хоногийн өглөөний цайны дээж өргөх, орой сүнс хооллох, хүүхэд нохой баярлуулах гээд бүгдийг чин сэтгэлээсээ ёсчлон хийсэн. Сүүлийн хэдэн жил өвөө минь төрсөн нутгаа их ярьдаг болсон юм. Арга ч байж уу дээ, лавтай 30 шахам жил очоогүй болохоор 8 сард явахаар бэлдэж байсан юм. Би өвөөгийнхөө алс холын Завхан нутагт очих нь бүү хэл дадлагаар хотын ойролцоох Тэрэлжээс хэтэрч үзээгүй нэгэн ч нутагтаа очоод хаагуур хаагуур явах, Загастайн даваанаас холгүй орших өвөлжөө, Жавхлант хэмээх газар байх гэрийн буйраа эргэх тухай догдлон ярихыг сонссоор өвөөгийнхөө нутгийн талаар багахан ч гэсэн ойлголтой болсон билээ. Иш чааваас даа өвөө минь нутагтаа очиж ирчихээд их холын аяндаа явсан ч болоосой. Эсвэл бид эртхэн нутгаад нь явуулж байхгүй яав даа. Ямар ч байсан хайртай өвөөгийнхөө тэгтэл санаашран дурсдаг нутаг усанд нь заавал очно гэж шийдсэн. Амьдад нь хайрлаж баярлуулаагүй байж өнгөрсөн хойно нь яасан их хайрладаг юм бэ гэсэн харамсал салахгүй юм. Эрдэм номд дуртай эрэгтэй хүүхэд болж төрнө гэсэн болохоор гадуур явахдаа ч саяхан төрсөн хүүхдүүдийг өвөө минь биш байгаа даа гэсэн гэнэхэн бодлын нэхэлтэй. Эвий дээ, миний сайхан өвөөгийн сүнс энхжингийн орноосоо үр ач биднийхээ сайн сайхныг харж, байнга баярлан жаргаж байгаарай даа… Жил 5 сарын дараа 525 хоног. Асар богинохон хугацаа юм байжээ. Хайртай өвөөгөө байхгүй болсон хатуу үнэнтэй эвлэрч ядаж байтал үлдсэн буурайг минь дуудлаа. Ердөө л нэг өдөр, нэг шөнө… Өвөөгийнхөө галыг сахиж төрсөн болохоор эмээгийн гардаж өсгөсөн ганц зээ охин нь би билээ. Эмээг залуу байхад төрсөн эхчүүд хүүхдээ 45 хоногийн хугацаатай хараад яагаа ч үгүй ажилдаа орчихдог байсан болохоор өвөөгийн ээж хүүхдүүдийг нь өсгөж өгсөн. Тийм болохоор эмээ минь намайг харах гэж хөөрхөн хөглөдөг байсан гэлцдэг. Миний нярай үед памперс гэгч зүйл гараагүй байсан цаг. Нэг шөнө гучаад угаах даавуу овоолчихсоныг угааж, угааж час улаан болсон гараа хараад эмээ “Яасан ховдог хүүхэд вэ” гэж зогссон гэдэг. Би нэг ой хүрч, ээж ажилдаа орж, эмээ өвөө бид гурав үлддэг болжээ. Нэг өдөр ээжийг ажлаа тараад ирсэн чинь, эмээ намайг унтуулах гэсэн бололтой тэргэн дээр суулгаад, өөрөө тэрэгнийхээ бариулыг түшээд унтчихсан, би гартайгаа яриад сууж байжээ. Бүүвэйн дуу аялаад сүрхий л байсан, чимээгүй болчихоор нь охин унтсан юм байж гээд орсон чинь өөрийнхөө дуулсан дуунд уярсан эмээ минь унтаж байжээ. Өдрийнхөө ажилд алжаасан биз дээ, эвий эмээ минь. Хэдхэн жилийн өмнө эмээ өвөө хоёр минь хашаандаа Түц ажиллуулдаг байв. Өвөө бараандаа явна, хөгшин хүнд хоёр гурван тортой юм хүнд байсан байх даа, хөөрхий өвөө минь. Тортой юм хөлийг нь цохиод байхаар нь чарга авч яваад буцахдаа чаргаараа гулгаад уруудчихна. Ирээд эмээд бараагаа тушаана. Эмээ, өвөө бид хоёрыг дуудах гэж байгаа нь гээд бүх хүүхдүүдээ нэрлэнэ, бүр сүүлдээ нохойгоо хүртэл дуудана. Ингээд олон нэр хэлж будилахгүй, дуулдах нь ч амар юм гээд нэг шүгэл олж авсан билээ. Хүн дуудах хэрэг гарвал шүглээ үлээнэ. Өвөө бид хоёр шүглийнх нь дуугаар уралдан ухасхийнэ. Тэр хавийнхаа айлуудад зарах гэхээсээ илүүтэй зээлээр, зүгээр өгсөөр байгаад сүүлдээ залхаад больчихсон билээ. Эмээ минь энэ ертөнцийн хамгийн өглөгч, бас шуналгүй хүн байсан… Эмээгийнхээ тухай сайхан дурсамж яривал зөндөө, энэ бүхнээс илүүтэй нэгэн насны хань гэдэг хэн бүхнээс, юм бүхнээс, үр хүүхдүүдээс нь ч илүү болдгийг өвөө минь үгүй болсон тэр цагаас хойш эмээгийн өнгөрүүлж ядсан тэр л өдрүүдээс харж мэдэрсэн билээ… Эмээ өвөө хоёр минь 58 жилийн жаргал зовлонгоо хуваалцаж, амьсгал нь хүртэл нэг болтлоо ижилдсэн хүмүүс байжээ. Тиймээ эмээ минь өвөөгүйгээр ердөө 1 жил 5 сар тэсэж чадсан юм. Энэ тухай доор өгүүллээ. Тэнгэрийн уулзалт -Иш хөгшин минь хүрээд ирэв үү, чи минь? -Тэглээ өвгөн минь ирлээ. -Хэр ядрав даа? -Гайгүй дээ, юутай ч яваад ирлээ. Энэ уулзалтыг хэчнээн их хүлээв. Муу өвгөнийгөө ямар их санав, хэлэх юм биш. Саналаа гээд ч яахав дээ, дүүжигнэсээр байтал цаг яваад, чам руугаа яараад… -Хүүхдүүд минь сайн л байцгаана уу? -Сайн байгаа, эвий минь гэж дөрвөн ч гуч, зээнцэр чинь гарсан шүү дээ. -Хөөрхий хэдэн муусайн хүүхдүүд минь, сайн л байвал болох нь тэр. -Хэлээд юухэв өвгөн минь…
Ширхэг ч хар үсгүй буурал толгойтой, цэмцийсэн хөөрхөн, эмгэн бүхлээрээ хажуулна. Унтаж байгаа юм шиг хэр нь эмээ сэрүүн ажээ. Сүүлийн үед эмээгийн нүд, хөл бүр муудсан тул өдрийг ихэвчлэн унтаа сэрүүний хооронд хэвтэж өнгөрөөх. Өнгөрөхгүйгээ хүрвэл өдөр уртаас урт. Ялангуяа гэртээ ганцаараа өнждөг өдөр эмээд барагдаж өгөхгүй байх шиг санагдана. Цагийн зүү харагдахгүй учир эмээ байсхийгээд л утсаар ярина. Сунагар урт өдрүүдэд эмээд ганц хань болдог юм гэвэл яах аргагүй утас. Өөрөө холбооны мэргэжилтэй хүн болохоор утсаар ярихыг ёстой л мэргэжлийн хийнэ. Хажуудаа тавьсан утас руугаа гараа явуулан тэмтрээд л залгачихна. Хар залуугаасаа хамт ажилласан, хамт нэг байранд олон жил болсон тавхан хуруунд багтах хэдэн хөгшүүл рүүгээ л залгана. Тухайн өдрийн цаг агаар, одоо хэдэн цаг болж байгаа, бие лагшин, үр хүүхэд, ач зээ, гуч нарынхаа тухай гэх мэтчилэн юу эсийг ярихав. Ярианыхаа төгсгөлд ёс юм шиг бие хаагаа бодох, даралтны эм тангаа уухыг сануулаад маргааш ярихаар болоод тасална. Нэг их ажил хийсэн хүн шиг хэсэг сэтгэл хангалуун хэвтэж байгаад дахиад л хэн нэгэн рүү залгана. Өдөрт өвгөнийхөө утас руу залгахгүй өнжих гэж номонд хазгай. Залгахад эгшиглэдэг дууг нь сонсоод нэг хоёр нулимс дуслуулна. Хэн нэгэнтэй ярьж хөөрөхгүй л бол өвгөнөө санах гэж жигтэйхэн, болдогсон бол өдөржин л утсаар ярьчихмаар байвч төлбөр гэж нэг юм байдгийг эмээ сайн мэдэх болохоор тэгсгээд дуусгахаас аргагүй. Ярихаа хүрвэл хэнээр ч заалгахгүй, утас угаасаа эмээгийн мэдлийнх. Сондгой сартай өдрүүдийн сумог хоног тоолон хүлээнэ. Хаанахын бөх, нэр ус цол гуншинг нь андахгүй. Нүд нь сайн харахгүй ч чих нь бүх юмыг дамжуулна. Охин хүргэн хоёроо иртэл өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн өдрийг өнгөрөөнө. Цаг хугацаа жирэлзээд л өнгөрч. Ханьтайгаа учирсан, анхны хүүхдээ төрүүлсэн, хүний хадам болсон, эмээ өвөө болсон, өндөр эмээ болсон зэрэг нь бөххөн унтаад сэрэх төдийд л өнгөрчихөө юү гэлтэй. Туулаад өнгөрсөн хойно энэ амьдрал, хүний нас гэдэг хэчнээн богинохон байдаг, насны хань гэж хэнээр юугаар ч нөхөгдшгүй болохыг бодон бодон өвгөнөө өрөвдөн үгүйлнэ. Өтлөх насандаа л нэг нэгэндээ үйлийн үргүй ээнэгшдэг юм байна даа. Тэтгэвэрт гарснаас хойш хоёр хөгшин нэг нэгэнгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөгөөгүй гэхэд хилсдэхгүй.
Хоёр хөгшин ах дүү, танилуудынх нь нэг нь өвдлөө, эмнэлэгт хэвтлээ гэхэд эмээ хаана хэвтсэн, хэзээ очихоо хэлнэ, өвгөн нь эргэнэ. Зүгээр нэг чихэр, жимс барьж очихгүй ээ, хоол цай хийгээд хол ойр гэлтгүй явна. Хүүхдүүд нь ижий аав хоёрыгоо “эргэх товчоо”, “лавлах товчоо” хэмээн цаашлуулах мөртлөө хэрэг болсон үедээ л тэр ч хамаатны энэ ч ах дүүгийн утас байна уу гэнэ.
Хүн хийж амжаагүй үйлээ гүйцээдэг гэдэг ортой байх. Гэр орны ажил, тогоо шанага нийлүүлж яваагүй өвгөн нь эмгэнийхээ нүд хөл муудсан сүүлийн хэдэн жил борви бохисхийлгүй энэ ажилд зүтгэсэн.
Залуу насандаа амралт зугаалга гээд хэд хоногоор хэл чимээгүй явахаа тоодоггүй байсан хөгшин нь сувилалд хэд хоноод ирээч гэхэд “Яаж муу хөгшнөө орхиод явах вэ” гээд хөдлөхөө байсан сан. Хаа нэг албан газрынхаа хөгшүүлчийн уулзалт энэ тэрд явахаараа “Муу хөгшин минь сүйд болж байгаа” гэсээр учиргүй яаран ирнэ. Тэгээд л хоёулаа сумогоо үзэж, мэдээгээ сонсоод л… хэдэн ач зээ нарынхаа төрсөн өдөр хэзээ болох, юу өгөхөө ярилцана. Ай даа идэр залуухан байхдаа ханилж, эргээд бараг хүүхэд шиг болтлоо хамтдаа орчлонг туулжээ. Эмгэн гуч, зээнцэрээ үзээд сайхан байгаа ч хамтдаа байна гэдэг хамгийн их жаргал байж. Ханьгүй жаргаснаас хамт л байж байвал ханиндаа зовсон ч хамаагүй санагдана. Хорвоогийн жам ийм юм. Хамт өтөлсөн хөгшчүүлийн хэн азтай нь түрүүлдэг юм шив дээ, аль эсвэл сүүлийн хэдэн жил дандаа өвгөнөөрөө бөөцийлүүлсэн болохоор минь үлдээгээд үгүйлэхийн учрыг ойлгуулах гэсэн юм болов уу гэж хүртэл бодно. 17 цагийн баримжаагаар эмээ гэрт нь зочин ирэх гэж байгаа юм шиг хаалга дуугарахыг догдлон хүлээж эхлэв. Түлхүүр эргэх чимээ гарч охин нь ирж байгаа бололтой. Эмээ өндийн чагнавал нэг хүний хөл чимээ биш шиг. -Сайн уу эмээ. Эмээ баярлан ухасхийлээ. Хадамд гараад удаагүй хайртай зээ охин нь зээнцэр хүүг нь аваад иржээ. Энэ зээ охин нь хүний хүн болж явснаас л эмээ ийнхүү харах хүнгүйдээд байгаа билээ. -Ээ гялай минь, алив миний муу хүүг эмээд нь бушуухан үнсүүлээрэй. Анир чимээгүйхэн байх болсон гэр нь бяцхан зээнцэрийнх нь гангар гунгар хийх шулганаан, зээ охины эмээдээ тавих анхаарал халамжаар дүүрээд жаргалтай сайхан байлаа. -За өрөөндөө оръё гээд эмээг босоход, өдөржин ганцаар хэвтэж өнгөрөөдөг ижийгээ өрөвдсөн охин нь, -Ээж жаахан суугаач, бас гэр дотроо сайн явж бай л даа, ядаж өрөөндөө ч гэсэн яваад байвал биед чинь сайн сан. -Тэгмээр л байна уг нь, юм мөргөж дух толгойгоо шалбалахаас төвөгшөөгөөд л. -Баримжаалаад л зөвхөн өрөөндөө яваад байж болно шүү дээ. -Ээж нь ядраад байх болжээ. Өрөөнөөс өрөө хооронд л тамирдах болж. -Хөдлөхгүй хэвтээд байхаар аргагүй хамаг бие чинь оршчихож байхгүй юу, хөдөлмөөр л байна. -Хөдөл хөдөл гэх юм. Та нар хүний зовлон ойлгохгүй…. хэмээн уцаарлав. Үүрээр эмээгийн өвөрт хүний эх болсон зээ охин нь шурдхийн орж ирлээ. Эмээ охин хоёрт аминчлан ярилцах зүйл байсан бололтой. Хэсэг шивнэлдсэний дараа эмээ, -Эмээ нь охиноо санах л юм. Хүүхэн хүний жам юм хойно яахав. Харьд очсон бэр, хаданд харвасан сум гэдэг. Одоо ч сарын газраас ч хажуудаа байгаа юм шиг холбоо барина, өдрийн газраас хэд хэд ирж буцдаг сайхан цаг болж дээ. Эмээдээ санаа зовох хэрэггүй ээ. Ганцаараа л байж сурахгүй юм. Дулаан орохоор цайгаа аваад гадаа суугаад байхад даарна гэх биш. Миний охин эмээгийнхээ хэлснээр л байгаарай, байн байн гэр рүүгээ гүйгээд байж болохгүй гээд охиноо үнслээ.
Энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрлөө. Эмээ дээр хөгшнийх нь хамаатан эмэгтэй хань болохоор ирээд байв. Эмээ, -Өнөөдөр хоёулаа миний тэтгэврийг очиж авъя. Таксидаад явчихъя. Чи миний хувцсыг дөхүүлээд өг гэснээ: За байз өнөөдөр бие нэг л биш шиг байх юм гэж хэлээд удалгүй эмээгийн хамаг бие шархируулан өвдөж эхлэв. Эмнэлгийн өрөө. Хөгшин эмнэлгийн орны түшлэгийг босгуулан суугаараа шахам хэвтжээ. Царай нь шарлангуй, шаналангуй. Охин, -Ээж яаж байна. -Амаараа салхи авчихсан юм шиг байна. Давчдаад байна гэж хэлэнгээ ам руугаа эм цацлаа. -Ээж ээ цацдаг юмаа арай олон цацаад байна уу даа. -Тэгэхгүй бол болохгүй байна. Цай ууя. -Май энэ эмийг уучих гайгүй болох байх. Жижиг үрлэн эмийг уух гэсэн боловч залгих нь бүү хэл цай уухаар тонгойсон эмээ эргээд толгойгоо татаж чадсангүй. -Үгүй, миний толгой даагдахаа больчихлоо. Охин ээжийнхээ толгойг өргөх тэр агшинд хөгшин эх хоёр гүнзгий амьсгалаад хойшоо наллаа. -Ээж ээ ээж, ухаантай байна уу хэмээн орилох охиныхоо дууг бүдэг бадаг сонссон эмгэн яаж ийгээд толгойгоо дохив уу үгүй юу жингүйдээд явчих шиг боллоо. Сүүлийн мөч, сүүлчийн хүсэл “Өвгөнтэйгөө уулзах болов уу” гэсэн бодол зурсхийгээд халин одлоо. Жамын ертөнц Амьдрал үргэлжилж байна. Тиймээ амьдралын хүрдэн эргэсээр… Намайг л хүний зэрэгт хүргэхийн тулд амьдралынхаа сүүлийн жилүүдийг зориулсан хоёр буурал минь өнөөдөр тэртээх тэнгэрийн орондоо амарч байгаа. Хичээлээ тараад ирэхийг минь хүлээн салхилан суугаа миний хоёр буурай… Сургуульд орохыг нь… 10 төгсөхийг нь…. Их сургуульд орохыг нь… Дээд сургуулиа төгсөхийг нь үзчихвэл сэтгэл амар буцна гэж ярьдаг байсан, яг л түүгээрээ болцгоосон доо. Өвөө эмээ хоёр минь өшөө жаахан ч гэсэн үргэлжлүүлэн хүссэн бол өнөөдөр байж байх байсан болов уу гэж хааяа би халаглан боддог юм. Өнөөдөр би хүний хань, хүүхдийн ээж болсон. Эх хүний баяр баясгалан, ханьтай хүний хайр халамж тэр бүгдийг үзэж амьдралд сэтгэл хангалуун явна. Өвөө эмээгийнхээ шигшмэл цул ухаанаар угжуулж өссөн болохоороо ахас ихэсээ хүндлэн, настан буурлыг өргөж тэтгэх, хөгшчүүлийг баярлуулахыг хичээдэг, боломж олдвол үгийг нь сонсож ярилцаж суудаг. Ахан дүүс минь далдуур намайг “залуу эмээ” гэж хошигнон нэрлэдэг. Учир нь би тэднийгээ борви тойгны ястай цай, гурил хуурсан будаатай цайгаар дайлж, мартсаныг сануулж утасддаг, өөрөөр хэлбэл өвөө эмээгийнхээ үргэлжлэл болон амьдарч явна. Нарт хорвоод ээжийг минь төрүүлж өсгөсөн, намайг хүний зэрэгт хүргэсэн цаглашгүй их ачлалт хоёр буурайгийнхаа ариун сүнсэнд мэхийн мөргөмүү. Охин нь сайн явна аа.