“ДАХИЖ ХАМТДАА БАЙЯ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ДАХИЖ ХАМТДАА БАЙЯ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Өнөө өглөө миний дээгүүр Өнчин ганцхан тогоруу нислээ Өнчин ганцхан тэр тогорууг Өөртэйгээ би жишин зүйрлэлээ… Тухайн үeд миний хүүхэд нас дэггүй охин үeийн дурсамж минь сая санагдлаа. Сайхан байж ээ. 2000 оны эхэн үe одоогоос арван хэдэн жилийн өмнөх өнгөлөг хөнгөхөн өд шиг хүүхэд нас минь дахин эргэн олдохгүй байх даа. Гала хамтлагийн тоглолтыг хамгийн сайн найз охинтойгоо хөтлөлцөн үзэж ирчихээд нэгнийдээ хонож хамаг л подволк өмдөө хайчлан, шигтгээ нааж үсээ ижилхэн тайруулж будуулж гидeр өмсөж кэтэндээ өнгө өнгийн үдээс хослуулан солонгийн долоон өнгө шиг л найзтайгаа ижилсдэг байлаа. Миний хамгийн хайртай найзыг Саранзаяа гэдэг байсан.

Сараа бид хоёр хүүхдийн зусланд хамт амарч хамтдаа хичээлдээ явж хамт унтаж нэгнийхээ бүх нууцыг мэддэг тийм л хөөрхөн ариухан нөхөрлөлөөр найзалж байж. Бидний өрөөний ханан дээр Breatny spears, Shakira, Blue, Aaron Carter-ийн зургууд наалттай. Тийм зургууд олох гэж Цох сонин захиалж сонингоо хайчлан ханаа чимж дурсамжийн дэвтэр хөтөлдөг байлаа. Орцондоо дуулж суун гадаа сааданд дурласан хөвгүүдээ ам уралдан ярьж инээлдэн өнждөгсөн. Facebook Instagram байхгүй тэр цаг мөч жинхэнэ найзуудыг хамт байлгаж чаддаг хүчтэй цаг хугацаа байж дээ… Эх орондоо олон жил байгаагүй надад энэ шөнө миний хамгийн сайн найз Саранзаяагаа дурсах сайхан ганцаардал бэлэг болгожээ.

Тухайн цаг үeд хайртай найзтайгаа ирээдүйд ээжүүд болно гэж төсөөлөөгүй дэгж дэрвэж явсан байх юм. Өнөөдөр харин би гурван хүүхдийн ээж гэрийн эзэгтэй болж хэдийн намба суужээ. Том охин маань намайг та хүүхэд байсан гэхээр итгэхгүй байна ээжээ гэж хэллээ. Нээрээ л тийм байхдаа. Хүүхэд ахуй насаа мартаж орхидог юм байна. Гала хамтлагийн тоглолтонд очихдоо Сараатайгаа хамт хамрандаа наасан шигтгээ маань үхтлээ дуулаад бүжиглээд дууссаны дараа хөлсөнд нороод алга болчихсон цавуу нь халтардаад үлдсэн байж билээ. Нэгнийгээ харж үхтлээ инээж шоолж явахдаа гоё том бамбарууш зүүсэн утасаа суйлуулаад гэртээ орохоос айгаад

-Чамайг түрүүлж орвол ээж загнахгүй гэж Сараагаа ятган үсээ зангидан алгаа хазаад орж билээ. Нээрээ л загнаагүй юмдаг. Хайртай хөвгүүндээ зориулан кассэтэнд өөрийнхөө яриаг бичиж магнатфон дээрээ дуугаа хурааж тэр кассэтэн дээрээ хумсны лакаар Х + Н гэж тодоор бичиж суусан хүүхэд нас минь. Хэзээ ч эзэндээ очоогүй тэр хуурцаг минь одоо хаана байдаг бол. Хэзээ ч илчлээгүй хүүхэд насны минь хайр, анхны дурлал Наранхүү минь хаана явдаг бол. Магадгүй нэгэн сайхан гэр бүлийн өрхийн тэргүүн сайхан аав болоод хаа нэгтээ ажиллаж амьдарч яваа байхдаа.

Сараатайгаа оюутан болж анх удаа бар-нд орж хөөх ямар гоё газар вэ үхтлээ бүжиглэe гээд анх оюутан аниа болж орсон бар маань Ариранг гээд бар байлаа. Олон ч удаа тэр баранд ээж аавдаа биe даалтаа бэлдээд оройтно шүү гэж виза аваад орж бүжиглэж байж билээ. Сараагаа үнэхээр их санах юм. Энэ группт магадгүй байгаа байх. Хорлоо нь ирсэн шүү. Эх орондоо эргээд ирсэн. Гурван сайхан үртэй ээж болсон. Найзыгаа олж уулзах амархан шүү. Найз нь мөрөөдлийн гутлын дэлгүүрээ нээсэн. Бид хоёрын мөрөөдлийн жагсаалтанд байдаг байсан шиг Хорлоо нь дахин хамтдаа байхаар ирлээ шүү. Найзыгаа олоод ирээрэй хайртай найз минь. Санаж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!