“ГЭРЭЭР ДҮҮРЭН ХУУЛЬЧИД”

Готов баян нийтийн жишгийг дагаж ганц хүүгээрээ малаа харуулж, охидоо боловсролтой болгоход мөнгө хайрлаагүй хүн. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Готовын шар охид эрдэм өвөртөлж ирэхээр хойно хойноосоо цувран одсоор арав гаруй жилийн нүүр үзэв. Эцгийн зорьсон хэрэг бүтэж, таван охин бүгд дээд боловсролтой хуульчид болжээ. Гэвч энэ намар охид нь гэнэт дэрхийтэл гэртээ ирцгээв. Том охин Цэцэгийнх нь ажиллаж байсан дэлгүүр мэргэжлийн худалдагчтай болж халсан гэнэ. Харин энэ хавар төгссөн отгон охин Навчаа нь зуны гурван сар хайгаад тохирох ажил олоогүй юм байх.

Отгон дүүгийнхээ зулай дээр гишгэсэн эгч нь боловч, эмэг эхийнхээ “хайранд” эрхийн балай болчихсон, сүрхий амьтан Зулаа хэл амаа хазалж, таль түл дуугаран, -Аав гэж нэг эрваа юм, багад морь унуулсаар байгаад хөл майга, нуруу бөгтөр болгочихсон болохоор миссэд тэнцсэнгүй гэж хошуугаа цорвойлгон гунганаж, байн байн тунихад эмээ нь аргадан авч гарна. Готовын уур дүрэлзэж -Миссэд бараагүй юм бол боссод үзээд алдаг. Эцгийн буян байхад гэж дотроо үглэсээр, сумын төв рүү давхилаа.

Дарга нар хонтоортоо байх биш дээ ямар, сумын төвийг гурав тойрон хайлаа. Улаан хүрэн үйтэн хуар дээлтэйгээ адил өнгийн “супер-69” хослуулан унасан Готов баянаар сумын төвийн авгайчууд нүдээ хужирлана. Дээлийн хар эмжээр машины хар губертэй бас хослон хараа булаана. Балбарын хуульч болоод ирсэн хүүгийн дипломын найран дээрээс засаг даргыг олсон Готов олны нүднээс зайдуу Хийморь толгойн ард очиж тэргээ унтраагаад , хар “Чингис”-ийн бөглөө мулталлаа. Даргадаа хундага барих зуураа -Зулаа маань хуульчийн димпломтой “ай күү” өндөртэй. Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрх охиноо худлаа магтлаа. Найрын идээнд зориг зэгсэн чангарсан дарга: -Готов ах нохойтохгүй шүү гэснээ хяхтнуулах хөхрөөд, Цэцэг чинь л сурлагатай, даргад тохирох хүн. Гэхдээ үнэнийг хэлэхэд манай сум долоон мянган үхэртэй, долоон мянга долоон хуульчтай болчихоод байгаа. Худлаа гэвэл тайлан мэдээ үз гэж байна. Дүгэрийн охин улаан дипломтой хуульч сургуулийн гал тогоонд сав угааж, түшмэл Нямын хүү хууль зүйн магистр Болдоо сумын уурын зууханд галч хийж байгааг дарга Готовт учирлалаа.

Тэгээд: -Дүү нь хоншоортой шүү, Готов ах минь, хэдэн жил өвлийн идшээр харж үзсэн ачийг тань хариулалгүй яахав. Танай Цэцэгийг шинэ оноос тамгын газрын үйлчлэгчээр авья. Яваандаа дарга болно биз гэлээ. Үдийн саамны өмнө Готов гэрийн гадаа хөмөрсөн цагаан тогоог шамшийтал дайран, тэргээ чихартал тоормозлон зогсоолоо. Гэрээрээ дүүрэн, ажилгүй шаагилдах хуульчид руугаа агсарч,  -Зулаа, Навчаа хоёр гүү саа, Цэцэг чи хувин ав, усанд яв. Чимгээ, Урнаа хоёр араг үүрээд аргалд марш. Түргэлээч, муусайн үнээнүүд. Хуульчид та нар монголын үхрээс ч олуулаа гэл үү… хэмээн чарлалаа. Зулаа -Яг ш дээ, гүү сааж харагдаач, гэж хэлээд тэрий хадталаа алгадуулан ээрч муурлаа.

Маргааш өглөө нь Готовын толгой ангалзтал өвдөж, хажуугаар нь ээж, эхнэр хоёрын эрүүний шөл огиудас хүргэнэ. Хар бор ажил хийвэл охидын хуруу мойногших юм байх. Ийн сууж байтал гадаа хөнгөн тэрэгний тоормоз өчигдрийнхөөс ч чанга чихарлаа. Хуульч охид нь эцэгтэйгээ хуулиар үзэлцэхээр аймгаас хүний эрхийн хороо, хүчирхийллийн эсрэг төвийнхнийг дуудуулсан нь энэ аж. Готов аймаг орж, хүний эрхийн лекцийг сэнхэртлээ сонсоод ирэв. Тэр эмэгтэйчүдийн эрхийг хүндэтгэж, цайгаа хүртэл өөрөө аягалж уудаг боллоо. Готовын царай муутай шар охид, хотод очоод төрөл арилжаад, сум бүү хэл аймагт байхгүй ганган дэгжин болоод ирсэн тухай амтай бүхэн ярьж байлаа. Тэднийхээр нутаг усандаа сурагтай, гайгүй сайн залуус бууж мордох боловч боловсролтой охидынх нь санаанд хэрийн хүн таарахгүй. “Энэ хэдийн царай ч дээ, гэртээ л өтлөх вий дээ” хэмээн Готов дотроо үглэх боловч, гадагш үл гаргана. Эхнэр, ээж хоёр нь гэр дүүрэн хуульчдын хоол ундыг санаанд нь тохиртол бэлдэх гэж зүдэрч байлаа. Готов баяны нанчид хүртэх нь мэдэгдэм нэмэгдэж, ийм үедээ хуульчдаасаа жийрхээд холгүй нутаглах хүүгийндээ очиж хононо. Тэрээр хүүтэй болно гэж зүтгэсээр дөрөв дэх царай муутай шар охиноо төрүүлээд байгаа хүү бэр хоёртоо -Ээ дээ, хүүхдүүд минь. Наад хэдийгээ л хуульч болгочихуузай хэмээн захиж, ганц лонх халаасан нэрмэл балгаад, суугаа чигтээ хурхирдаг болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!