“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН АЖЛААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН АЖЛААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би бага насаа өвөө эмээ дээрээ өссөн ээж аавынхаа хэнийг нь ч харж байгаагүй өнчин охин байсан юм. Ээжийн минь ганцхан зураг манай гэрийн жаазанд байдаг байсан. Томоо толь шиг модон жаазанд бараг бүх л зургаа хийгээд хавтастай тольныхоо хоёр талд тогтоодог жирийн нэг монгол айл байлаа. Эмээ өвөөгийн хүмүүжил хүүхдэд үнэхээр сайнаар нөлөөлдөг гэж би ам бардам хэлнэ. Настангуудын хажууд өссөн хүүхэд өв соёлоо мэддэг, хоосон дүүрнийг ялгаж янгуучилж, сэтгэлээр унаад хямраад байдаггүй, хүнийг хайрлаж өрөвдөж асарч тойглож сурсан байдаг. Өөрөөсөө энэ байдлыг хараад бас өөр эмээ өвөөгийн хүүхдүүдээс ч хардаг. За тэгээд би 15 насандаа эмээгээ бурханы оронд үдлээ. Хөөрхий муу өвөөтэйгээ хоёулаа үлдлээ. Өвөө минь их сургуулийн 2-р курст ордог жил мөн л бурхны оронд одлоо. Ингээд хорвоо дээр цор ганцаараа үлдлээ. Бүтэн өнчин тэжээгчээ алдсаны тэтгэмжээр төлбөрөөс тодорхой хувийг нь чөлөөлдөг байсан ч үлдсэн мөнгийг олох аргагүй байсан учир би сургуулиа орхилоо. Ингээд зөөгч, туслах тогооч, оёдолчин, бүр жижүүр хүртэл хийж амьдарлаа. Олсон цалингаараа хоол хүнсээ авахаас хэтрэхгүй шинэ хувцас, шинэ юмны бараа хараагүй хэдэн жилийг үзлээ. Нэг залуутай танилцлаа. Орой ажлаас ирж аваад гэрт хүргээд өгдөг их сайн залуу байлаа. Өвөө эмээгийн минь газар дээр хүртэл хамт явж охинтой нь үүрд хамт баймаар байна гэж сүү өргөн намайг гайхшруулж байв. Нэг жил гаран үeрхэж байгаад бид хамт амьдрах боллоо. Эхэндээ манайд хамт байв. Хадам ээж маш чанга хүн. Хүүгээ хүн амьтан үхэж барьсан газар байлгахгүй гээд бид хоёр тэднийд нүүж очлоо. Хадам ээж итгэхийг хүссэн бүхэндээ итгэж, хүсээгүй зүйлдээ үнэн байсан ч итгэдэггүй хүн байв. Намайг нүүж очоод удаагүй байтал бөөд үзүүлжээ. Тэр хүн нь энэ охин танай хүүд хань болохгүй. Маш муу энeргитэй хүн байна. Хүүхэдтэй ч болохгүй юм байна гэж хэлсэн байв.

Энэ хариулт хадам ээжид маш их таалагдсан бололтой. Орсон гарсан хүн бүрт үүнийг хэлж хүү маань ийм нэг юм дагуулаад ирсэн гэж ярина. Би юм боддоггүй байлаа. Өнчин өрөөсөн хоосон хүнд харин ч ингээд сайхан хань заяаж гэр бүл дахин заяасанд баярладаг байсан учир хадам ээждээ гомддоггүй байсан юм. Хуянг нь базаж өгөхүү, хөлийг нь бариад өгөхүү, хар шөл хийгээд өгөхүү, яамар байна ээжээ гээд л сайхан бэр нь байхыг хүсдэг байв. Нөхөр маань сургуулиа төгсөж төсвийн байгууллага д орлоо. Би тэдний байранд доор байдаг дэлгүүрт худалдагч боллоо. Бид хоёрын цалин зөрж буудаг байв. Гэхдээ цалингаа ганц ч удаа өөрсдөдөө зориулж үзээгүй юмдаг. Нөхрийн цалин буух дөхөхөөр ээж авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад өгчихдөг байв. Мөн миний цалин гэж буудаггүй дэлгүүрээсээ гэртээ авч орсон бараандаа суутгаад бүр өртэй гардаг байлаа. Хадам ээждээ өгөлгүй яахав. Гэртээ оролцоотой байлгүй яахав гээд л би харинч ажил хийж гэртээ хүнсийг нь залгуулж байгаадаа маш их баяртай байдаг байв. Нөхөр маань өөртөө гутал авах санаатай хагас жил болов. Цалинг нь ээж нь авдаг болсоноос хойш нөхөр ажилдаа явах ч сонирхолгүй бүүр унжийсан юм болж байв. Хадам ээж нөхрийн байгаа байдлыг надтай холбож чи л миний хүүгийн хийморь сүлдийг хороож хүчийн сорж байна гэж үглэх боллоо. Цалингаа буухаар тэдийг өгөөрэй засал хийлгэнэ, лам дээр очно, бөөд үзүүлнэ гэдэг болов. Ядуу хүмүүс олсон бүхнээ мухар сүсэг бөө ламд үрээд үлдсэнийг нь ходоодондоо хийдэг гэж үнэн үг ажээ. Нөхөр маань ном авч унших, надтай агаарт ганцхан өдөр гарах, тусдаа гарах мөрөөдөлтэй байв. Тусдаа гарах тухай ярингуут нь би маш их сандарч ээжид сонсгохгүйн тулд нөхөртөө хайраа чимээгүй битгий энэ тухай ярь гэж хэлдэг байв. Бөө хэрвээ миний тухай таагүй зүйл хэлсэн л бол хадам ээж маань юу ч байсан итгэдэг байв. Харин өөрийнхөө бага охины тухай таагүй зүйл бөөгөөс сонсвол юу ч байсан итгэдгүй алдаж хараа биз, сахиус нь төөрөө биз гэнэ. Ингэж явсаар 3 жил боллоо.

Нөхрийг хөөцөлдсөөр байгаад Солонгос явуулав. Хол явуулбал энэ хоёр салахаас яадаг юм гэж найздаа ярьж байхыг нь би сонслоо. Гомдож гоморхож уйлсан ч хэлсэнгүй ээ. Би хадам ээжтэй хоёулаа үлдэв. Гэтэл нөхрийгөө явсаны дараа сард жирэмсэн болж үлдсэнээ мэдэв. Ээжид хамгийн түрүүнд хэлэв. Учир нь хамгийн их баярлах байх гэж бодоод л. Гэтэл хэний хүүхэд юм гэдэг үг сонсов. Нөхөртөө энэ тухай хэлтэл хөөрхий ханийгаа улам л стресст оруулж орхив. Хүүхэдтэй болсон сургаар хадам ээж эмнэлэгээр гүйж авахуул гэж ятгаж сүүлдээ загнаж эхлэв. Би гэр дотроо тааралдхаас айсандаа өрөөндөө л суудаг болов. Орой бүр ийш тийшээ утас цохиж айхтар хүүхэн манайд ирээд хэнийх нь мэдэгдэхгүй хүүхэд олчихоод хүүгийнх маань гээд гүрийгээд суугаад байгаа гэж ирээд л ярьдаг байв. Хүссэн юм хүзүүгээр татна гэж 4 сартай үр минь зyлбав. Миний стресс, тонусаас болж. Нэг шөнө унтаж байтал нүүрэн дээр шороо шиг юм бутраад унаад байгаа юм шиг санагдаад нүдээ нээтэл миний дээрээс хадам ээж элс цацаад зогсож байсан юм. Ингээд л миний тэвчээр тэнд хүрээд дууссан юм даа. Илүү тэвчиж болох байсан л байх. Би тэсэхийг хүсээгүй ээ. Үнэхээр таны хүслээр таны сүсэг бишрэлийг хүндлээд би хүүг тань орхиё доо ээжээ би танайхаас явна гэж хэлэхэд баярласандаа болоод ухаан алдах шахсан ээжийн царайг сайн санаж байна. Би тэр айлаас үүргэвчтэй цүнхэндээ хувцасаа хийж аваад тэр шөнөдөө гарсан юм. Эргэж харахыг хүссэнгүй. Нулимс нүдийг минь бүрхэж шөнөжин уйлж явсаар муу хашаандаа очиж билээ. Удалгүй нэг айлд хоёр хүүхдийг нь харахаар гэрийн үйлчлэгч хүүхэд асрагчийн ажилд орлоо. Бас л өнчин өрөөсөн гэсэн тодотголоос болж 3 сар ажиллаад цалингүй хөөгдөв. Шалтгаан нь эхний 3 сар чамайг харж байсан юм. 4 дэх сараас цалинтай болох байсан ч чи муу ажиллаа гэсэн. Харин төд удалгүй өөр нэг айлын гурван хүүхдийг нь харах болов. Тэднийх жирийн нэг төрийн албан хаагч айл байсан юм. Мөнгөгүй үeдээ дэлгүүрээс зээл хүртэл тавьж байдаг энгийн л айл байв. Гэхдээ эхнэр нь туйлын ухаантай бүсгүй байв. Эмэгтэй хүн гэртээ хэзээ ч хөгшрөх ёсгүй. Эмэгтэй хүн залуу насаа цонх арчиж, тогоо тослож, нөхрийнхөө цалинг хүлээж өөрөө хүсээд юмаа авчиж чадахгүй байж болохгүй гэж үздэг учраас 3 хүүхдээ надаар харуулан ажил хийдэг байв.

Би тэр айлд 2 жил ажилсан юм. Өнөөдөр би хүссэн бүхнээ авч, хайрласан бүхэндээ туслаж чадах хүчирхэг эмэгтэй бас завгүй нэгэн болсон. Ямар азаар 7 жилийн өмнө тэр айлд үйлчлэгчээр орсоноо бодоод баярладаг. Гэрийн үйлчлэгчээс эхэлсэн миний тэр зам харгуй надад маш их зүйл олгосон. Намайг ажлуулж байгаа айл маань үнэхээр сайхан зөв гэр бүл байж билээ. Би хүүхдүүдийг нь яг л ээж шиг нь хайрлаж, хамгаалж, хамт тоглож ээжийнх нь ажилдаа явсан тэр цагийг ээжийнх нь өмнөөс хүүхдүүдийн хайрлаж хүмүүжүүлж эхэлсэн юм. Би тэр айлынхаа жижиг өрөөнд байрлаж оройн цагаар ном уншиж, хувь хүний хөгжил гарааны бизнeс эхлүүлж амжилтанд хүрсэн бүсгүйчүүдийн түүхийг шимтэн уншиж дараа нь мартахгүйн тулд таалагдсан үг, ишлэл, сонирхолтой амьдралын түүхүүдийг бүр гараараа хуулж дэвтэр дээрээ бичдэг байлаа. Миний цалин сарын 280 мянга байлаа. Тухайн үeд байсан дундаж л цагийн ажлын мөнгө. Би эхний сарын цалингаа авсан өдрийнхөө маргааш номын дэлгүүр орж ном худалдан авч, дэвтэр үзэг өөртөө аван өөртөө гоё гутал авч билээ. Үргэлж айлдаа байрлан тэндээсээ гарахгүй ч гэлээ би хаа нэг газар хол явна, сайхан замаар алхана гэж найдаад өөртөө гутал авсан юм. Харин дараа саруудынхаа цалинг авахгүй цуглуулахаар шийдэж гэрийн эзэгтэй эгчид учраа хэлж танайхаас явах өдөр хүртлээ цалингаа танд хадгалуудж байя гэж гуйлаа. Харин сард 80 мянгаа гар дээрээ авч ойр зуурын хэрэглээгээ болгоод 200 мянгаа эгчид хадгалуулж эхлэв. Миний ном унших зуршил сүүлдээ 2 бага хүүхдэд нь үсэг зааж өгч тоо нүдлүүлэх хүсэлтэй болов. Хүүхдийн өрөө нэг жижигхээн сургуулийн танхим шиг гоё самбар ном үлгэрийн номоор дүүрэв. Гэрийн үйлчлэгч гэхээсээ илүү хүүхдүүдийнх нь багш, ээж, эмээ шиг л байдаг болов. Энэ хугацаанд нөхрийгөө маш их санаж байлаа. Гэрээс нь явсан өдрөөс хойш тэр маань намайг бас орхисон юм. Хүлээж чадаагүй тэвчээргүй зан гаргасанд гомдож байна гэж бичсэн байсан юм. Харин ээж нь хүүдээ эхнэр хайгаад найзынхаа охинг хойноос нь явуулж хамт амьдруулах гэж байгаа тухай тэдний нэг үeэл охин надад дуулгаж би ингээд ганц биe амьдралаар эргэлт буцалтгүй алхлаа. Айлдаа амьдарч байх хугацаанд гэгэлзэж гарч гүймээр үe хааяа тохиолдноо. Үeийн охид, таньдаг охидууд дэлгүүр хэсч гоё ганган хувцаслаж, гоё амттан идэж хөдөө гадаа зугаалж, дуулж хуурдаж хөгжилдөж явааг хараад би удахгүй хүссэн цагтаа ингэж явна, хүссэн үeдээ дуртай зүйлээ худалдан авна, зөндөө олон найз нөхөдтэй болно гэж өөрийгөө тавшруулан хэлдэг байлаа. 2013 оны 6 сард миний нэг жил гаран амьдрал хадгалагдан үлдсэн сайхан айлаасаа нүүлээ.

Намайг гаргаж өгч гэр бүлээрээ хөдөө явж миний төлөө эхнэр нөхөр хоёр ажлаа зохицуулан салхинд гарч мах шаран шар айраг бэлдэн бүүр бялуу хүртэл хийсэн байлаа. Нэг л гэр бүл шиг маш сайхан. Би тэднийхээс аваагүй хадгалуулж цуглуулсан 2 сая гаран төгрөгтэй инээмсэглэн гарсан юм. Муу хашаа байшиндаа ирлээ. Урин цаг ирсэн байсан учир хашаагаа цэвэрлэн гэрээ тохинуулан өнгөрсөн 2 жилд огт хувцас авч өмсөж чадаагүй тул яахын аргагүй эхний алхам хувцаслах байлаа. Анх удаа хөлнөөсөө толгой хүртлээ цоо шинэ хувцас өмсөж гудмаар алхахдаа үнэхээр их жаргалтай байлаа. Бас ичиж хүмүүс шинэ хувцас авсаныг маань мэдчихвий гэсэн шиг нэрэлхэж ичингүйрч явлаа. Үлдсэн бүх мөнгөө ирээдүйд өөртөө хэрэгтэй амьдралын баталгаа болгох зүйлд зориулах ёстой учир өнгөрсөн жилээс нь үргэлж бодогдох болсон оёдлын бичил цexээ эхлүүлхээр шийдэж сансарт нэгэн орон сууцны подволыг түрээслэн бараа матeриал утас оёдлын машин, индүү туслах матeриал гээд бүгдийг бэлдэв. Чадвар аа сайжруулах үүднээс оёдлын сургалтанд бүртгүүлэн өглөө маш эрт очиж хичээлдээ суудаг байв. Миний хамгийн анхны оёсон зүйл хүүхдийн баривч, торгон хантааз байлаа. Оёсон 2 бүтээлээ зах дээр аваачиж барьж зогсож байгаад дорхноо л зарсан юм. Урам ордог юм билээ. Оёдлын салондоо байрлаж амьдарч нэмж хичээн илүү олон зүйл туршиж үзэж өлгий, баривч, мөлхөө өмд, шүлсэвч, хүүхдийн дээд лоовуузан малгай, тэрлэг, хантааз, үстэй бойтог хүртэл хийж байв. Одооных шиг пэйж хөгжүүлж бараагаа сурталчилж зарж мэддэггүй тэр үeд ч тийм байгаагүй учир хийсэн бүх зүйлээ өөрөө цүнхлээд явж зардаг байлаа. Яваандаа лангуу ажлуулдаг 2 сайн ах эгчтэй танилцаж бараагаа хийгээд аваачиж өгдөг болов. Нэг жилийн дараа би улам илүү сайжирч бүр хажуудаа туслахтай болсон байлаа. Бүгдийг нь мөнгө болгохоос илүү үнэхээр ядарсан нэгэн, олон хүүхэдтэй ээж гэх мэт хүмүүстэй таарвал бүтээлээсээ бэлэглэж аз жаргал хүсээд явдаг байлаа. Яагаад ч юм хэн нэгэнд тусласны маргааш ажил улам бүтэж илүү ихийг зарж шинэ санаа ч төрдөг байв. Буян буянаа дагуулдаг гэж итгэхийг хүсдэг юм. Би анх удаа 2015 онд юуч бодолгүй вино уунгаа гоё шилэн цонхтой үнэтэй хоолтой газар ганцараа сууж билээ. Өмнө нь ингэж суудаг гоё эгч нар, эмэгтэйчүүд яагаад яардаггүй юм бол юу бодож суудаг юм бол гэж төсөөлдөг байсан. Харин тэр үeд миний анх удаа өөртөө сайн үнэлгээ өгсөн өдөр байсан юм.

Аан тийн нөгөө сайхан буянтай айл маань дахин үржээд 5 хүүхэдтэй болсон байлаа. Би тэдэнтэйгээ гэр бүлийн найз хуурай дүү хамаатан шиг л дотно болсон. Шинэ найз нөхөдтэй ч болж намайг гэх хүрээлэл ижил сонирхол, адилхан хөдөлмөрлөж хуруу хумсаа хөдөлгөж мөнгө олдог эмэгтэйчүүд эрчүүдээр дүүрлээ. Амьдралд маш том нөлөөлдөг зүйл чиний ажлыг мэддэг чамд үнэхээр үнэн зөвлөгөө өгч дэмжиж бас чамайг хөгжүүлж өөрийгөө дагуулан гоё сонин зүйлд уруу татаж чаддаг найзууд чухал юм билээ. 2016 онд би өөрөөсөө гадна 6 хүний бүрэлдхүүнтэй ХХК болтлоо чадваржсан байлаа. Энэ үeд хадам ээж намайг олоод ирсэн. Амьдралд үнэхээр хүний замд гэрэл гэгээ байгаа бол унтраахыг хүсч гарч ирдэг хүн байдаг. Хүү нь хамтран амьдрагч (нөгөө найзынх нь охин) бүсгүйдээ мэхлүүлж маш их хэмжээний өрөнд орсон тухай хэлэв. Нэгэн цагт хайртай хүн чинь байсан эр нөхөртөө боломжоороо тус болооч гэж хадам ээж уйлан гуйв. Уйлан гуйхдаа миний гарнаас чангаар атгасан чигээр нулимс цийлэгнүүлэн гуйлаа. Би боломжоо харъя гэж хэлээд буцаав. Удаан бодож үзсэний эцэст би тал мөнгийг нь өгөхөөр шийдэж хадам ээж дээр очив. Мөнгөө өгөхөд хадам ээж мэлмэртэл уйлан охиндоо баярлалаа, одоо та 2 минь хол байгаад яахав амьдралаа бод хамтдаа бай гэж царай алдан гуйж билээ. Би ээж минь энэ миний сүүлчийн хүндлэл байсан юм шүү. Сүүлчийн хүндлэл минь энд гараад дууслаа надад одоо буцах зам байхгүй ээ та бүгдийг баллуурдан арилгаж өгсөн учраас өнгөрсөнөө эргэн санахгүй байна гэж хэлээд тэр айлаас 2 дахь удаагаа үүрд гарсан. Харин өнөөдөр компани маань олон дэлгүүр, пэйж, эмийн сантай хамтардаг нийгэмд тодорхой хэмжээнд танигдсан амжилттай яваа олон хүнийг нэгтгэж чадсан. Энэ бүхэн eрдөө л 1 сая 200 мянган төгрөгөөр эхлүүлсэн миний бүтээн байгуулалт. Энэ бүхэн eрдөө хэсэгхэн хугацаанд эрх чөлөөгөө тэвчин ажиллаж, тансаглал, зугаа цэнгэл найз нөхдөөс хол байсны шагнал. Сайхан айлд ажилд орж сайхан хүмүүстэй хамт 2 жил амьдарсны үр шим. Саяхан олон гишүүнтэй өөр нэг ээжүүдийн группт 5 сая төгрөгтэй юмаа яаж эргэлдүүлж юм хийхүү, хувиараа бизнес эхлүүлэх вэ . Юунд ч хүрэлцэхгүй юмаа гэж бичсэн байхыг уншаад энэ захиагаа эхлүүлсэн юм. Үгүй дээ хүрэлцэнэ 5 сая байтугай 500.000 мянган төгрөгөөр чи өөртөө эзэн байж чадвал ирээдүйн өөрийгөө бүтээж болно. Бүх ээжүүд чадвараа зөв олж хараасай. Бүх ээжүүд нөхрийнхөө цалинг хүлээж нийгэмд мартагдаж амьдрах биш нийгэмд оролцож амьдраасай гэж хүсмээр байна. Энэ группийн бүх захиаг уншаад өөрөөсөө өөрчлөлт мэдэрч амьдралаа атгаж өөрийгөө олсон миний бас нэг найз бий. Тиймээс чамд боломж олгох зүйлс чиний хажууд байгааг анзаарахгүй амьдарч оройтоогүй дээрээ бариад аваарай гэж бүх сахиусан тэнгэрт ээ захимаар байна. Баярлалаа.

One thought on ““ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН АЖЛААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ” БОДИТ АМЬДРАЛААС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!