“ГЭРГИЙ МИНЬ УРТ ҮСЭЭ ХУДАЛДЧИХЖЭЭ” ӨГҮҮЛЛЭГ
“ГЭРГИЙ МИНЬ УРТ ҮСЭЭ ХУДАЛДЧИХЖЭЭ” ӨГҮҮЛЛЭГ
Шинэхэн залуухан хос, 2 настай охинтой, эхнэр нь оюутан гэртээ охиноо харж, нөхөр нь амьдралын эрхээр алдаж эндэж явж эцэст зах дээр гурил үүрч ар гэрээ тэжээдэг. Тэд яг шинэ он гарах үдэш 12 сарын 31-нд анх учирч алдрай үр нь мөн л тэр өдөр мэндэлсэн, хувьтай ч азтай ч хосууд. Тийм болхоор шинэ жилийн баяр бол тэдний хувьд хамгийн сайхан баяр, хамгийн сайхан өдөр, хамгийн сайхан дурсамж нь билээ. Жилийн жилд л борчуудын адил саарал амьдрал дундаа тэр сайхан баяраа гэр бүлтэйгээ сайхан тэмдэглэдэг заншилтай. 12 сар гарч шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж байлаа. Эр хүн юм болхоор залуугийн дотор олон олон бодол санаа эргэлдэж өөрийгөө чамласаар л байв. Зах дээр гурил үүрээд олсон мөнгө бор өдрийг арай хийн л давна. Хамгийн сайхан баяр нь болоход 10-аадхан хоног үлдлээ, баяр дөхөөд залууд олдох ажил ч ихсэж олсон мөнгөөрөө гэртээ харих замдаа нэг бөөрөнхий мах, түлээ нүүрс, алаг үрдээ тараг, тэр дунд хамгийн сайхан зүйл баярын жижигхэн нэг бялуу авсаар гэртээ орж ирэв. Охиноо үнсээд тортой зүйлсээ гаргаж бялуугаа хөргөгчиндөө хийгээд эхнэр охин хоёртоо шинэ жилээр задалнаа гэж намдуухан хэлнэ.
Энэ мэтээр залуу өдөр өдөрт оргилуун дарс, чихэр жимс, ундаа гээд л өөрөөсөө нууж илүүчилсэн хэдэн төгрөгөөрөө баярын ширээний зүйлсээ цуглуулсаар. Орой ирэх бүрт охин нь тортой зүйлсийг онгичиж ээж ааваасаа гуйна. Ганц хоёр ширхэг чихэрээр охиноо аргадан хуурч, шинэ жилийн үдшийг хүлээсээр л… 12 сарын 29 нд залуу хос гудамжаар алхалж явахад охин нь нэг зүйлрүү гар сунган -Надаа надаа гэж гацуур мод тийш ээж аавыгаа хандуулжээ. Аав нь маргааш авч өгнөө одоо мөнгө алга гэж охин, эхнэр хоёртоо амлав. Маргааш өдөржин зогсоо зайгүй гурил зөөж охиных нь тэр гацуур модыг хараад инээмсэглэсэн царай нь нүдэнд үзэгдэж ядрахыг үл мэдрүүлж байлаа… Өвлийн богино өдөр ч өнгөрч бүрий орохын цагт залуу бүх гурилаа зөөж дуусаад өнөөх гацуурыг зарж байсан дэлгүүрлүү яаран битүү хүн чихэлдсэн автобусанд сууж, охин минь ямар их баярлах болдоо гэсэн бодол толгойноос нь огт гарахгүй үе үехэн инээмсэглэсээр л… Дэлгүүрт орон хартал нөгөө гацуур яг л байрандаа, намайг хөөрхөн охиндоо анхных нь гацуур болгон авч өгөө гэсэн шиг байж байлаа.
Залуу ч гацуурыг хайрцаглуулж худалдагчид мөнгөө өгөх гээд өврөө ухтал түрийвчтэй мөнгө нь байсангүй. Тэрхэн зуур олон олон зүйлс толгой дотор нь эргэлдэж айж ичиж, автобусанд халаасны хулгайчын ганц оройн шоуны мөнгө болгон алдсан болохоо мэджээ. Залуугийн дотор уур хилэн, гомдол цөхрөл нь багтаж ядан тэрчлэж багтрах шахам байсан ч эхнэрлүүгээ: -Миний хайр намайг уучлаарай, хайр нь охиндоо гацуур авч өгөх гэж байсан мөнгөө алдчихлаа. Охин очихоор горьдож харах байх, хайр нь гэрлүүгээ алхаад очноо, охиноо унтахаар гэж мессеж явуулан гэрийн зүг алхлаа. Хоёр цаг гаран алхаж гэрийн хаалгаа сэмээрхэн таттал гэр нь харанхуй, охин эхнэр хоёр нь гэртээ байсангүй. Гэрлээ асааж хараад яаран эргэж гарах гэтэл эхнэр нь охиноо тэвэрчихсэн, гартаа өнөөх хайрцагтай гацуурыг барин инээмсэглэн орж ирлээ. Тэр л мөчид залуугийн нүдэнд туссан содон зүйл бол огтоос малгай өмсдөггүй гэргий нь хар ноосон малгай өмсчихсөн байж. Урт сайхан үсээ худалдаад л тэр юмсанж. “ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ