MngNews

“ГУРВАН Ч ХҮҮ ГАРААД ХҮН БОЛЖ ЧАДААГҮЙ ХҮҮХЭД ТОГТДОГГҮЙ АЙЛ БАЙСАН”

“ДОМ ШИВШЛЭГ” ӨГҮҮЛЛЭГ

СОЁРХЫН ПҮРЭВСҮРЭН

Сагасан хүслийн аагинд сумалсан бyy шиг явсан, aмpагийн болзоонд тэлгүүлж, хавирсан хэт шиг дүрэлзсэн, алдаа оноо хоёроор хангал насаа гоёсон, ааг бяр амтагдсан аргамаг хөлөг шиг насандаа ажлын гараагаа энэ хонхороос эхэлж байсан хөдөө дайдын бөглүү сумын дунд сургуулийн ойд уригдсан миний бие ойрын хэдэн жил ирээгүй болохоор ганц нэг настан бууралтай золгуут хийчих давхар санаа агуулж ирсэн билээ.

Таньж мэдэхгүй хүний нутагт ажиллах хүсэл, эр зориг дүүрэн залуухан хүү энэ нутагт ирээд хамгийн түрүүнд гар зөрүүлэн, андын журамаа тамгалсан нэг үеийн сэхээтэн, математикийн багш Гансүхтэйгээ уулзаж, гэрт нь зочлон, хуучлав. Үгийн далимд хавчууласхийн, аав ээжийнх нь тухай халгаж ядан асуувал хэдэн жилийн өмнө бурхан болчихжээ хөөрхий.

Танил хөгшчүүлээ сураглахаас эмээвч, басхүү ганц нэг нь ч болтугай байж юуны магад гэж горьдон асуухад тэнгэрт морилсон гэсэн айхавтар үг л сонсож байлаа. Гэтэл найз маань -Миний буурал ээж энх тунх байгаа шүү. Манай дунд хүүгийнд байгаа. Миний хүүг өсгөсөн болоод ч тэр үү. Хүү бэр хоёртоо эрхлээд сууж байгаа. Ерэн насны босгоор алхаж, орсон буурал ээж минь санасанаас ануухан байгаа шүү.

Өвчин хууч хэлэхгүй. Зарим үед хөгшин бид хоёрыг ч ичээх шахна гэхэд, очиж золгомоор санагдаад явчихав… Андын маань хүү аавынхаа залуу насыг яг тэр хэвээр аваад ирсэн мэт яг л дүрээрээ харагдана. Инээж хөхөрч, эхнэрээ цаашлуулж суугааг нь хараад инээд хүрмээр байв. Миний шар хүү ч бас л хүмүүст тэгж харагддаг байхдаа гэсэн шүү юм бодож суулаа.

Гуч хүүгийндээ өөрийн дураар амьдарч суугаа настантай золгож, хуучлах сайхан байлаа. -Жалам буурай маань нас сүүдэр хэд хүрч байна даа гэхэд, сэрэмгэр чихтэй буурал эмгэн нимгэн ягаан хэл бултгануулан инээж, гуч хүүгийнхээ эхнэр, отгон бэрийнхээ аягалж өгсөн зөөг цайг оочлонгоо -Аа тосоор гоож гэмдээ. Арай ч зуу хүрээгүй байхаа. Би чинь хулганатай гэж боддог байлаа. Гэтэл миний нагац ах -Чамайг зул сарын хорин таванд төрсөн гэдгийг л сайн санаж байна гэж ярьсан удаатай.

Тэгж бодохоор гахайтай ч байж мэднэ гэхэд -Эмээ та хулгана жилийнхээ зул сар төрсөн байвал яахав гэж гуч хүү нь ярианд оролцов. -Хүүе нээрээ тийм л дээ. Миний данхар банди чинь ийм л ухаантай хүн байгаа юм гэж гуч хүүгээ магтах аж. -Эмээ таныг анх юугаар өлгийдсөн гэдэг билээ хэмээн гуч хүү нь нүд ирмэн инээмсэглэж буурал эмээгээрээ тоглоом хийхэд -Ярихгүй ээ ярихгүй. Та нар дараа нь шоолж инээлдээд болдоггүй шүү дээ гэж тунирхав.

-Эмээ та яриад өгчих л дөө гэж шалах гэрийн эзэн хархүү буурал эмгэнд нэлээн танхи гэдэг нь андашгүй. Гуч хүү эмээ хоёрын дунд их сонирхолтой нууц байгаа нь илт харагдах тул дуугайхан сууж байгаад сонсохыг хүсч байв. -Гуч хүү чинь танд нэлээн эрхэлдэг бололтой юм аа гэхэд -Ээ тосоор гоож. Миний бор банди чинь хар нялхаараа эмээгийнхээ өвөрт эрхэлж, хоёр мээмийг минь үлгэж өссөн, миний бурхандай байхгүй юу гэхэд нь бухандай гэж хэлэх гээд буруу хэлчихлээ дээ гэж бодоод -Бухандай гэж яг юу байдаг юм бэ эмээ хэмээн тэсэлгүй асууж орхив.

-Ямар юм гэнэ вэ хүүхээ гээд хүүхэд шиг жингэнэн инээснээ, дуугаа намсган -Бурхандай гэсэн шүү дээ эмээ нь. Бухандай гэвэл бух тавихаар, засаатай нь үлдээсэн эр бярууг хэлдэг юм. Харин миний банди чинь бол эмээгийнхээ бурхан байхгүй юу гээд амаа даран инээх нь сүрхий аальгүй шинжтэй. -Эмээ та нөгөө өлгийнийхөө тухай ярь л даа. Танд бэлэг өгнө шүү гээд хот газраас авчирсан дээлийн торго чихэр жимснээсээ гарган өгвөл, жаахан буурал эмгэний нүд баяр хөөрөөр гэрэлтээд явчихав…

-Манайд хүүхэд тогтдоггүй байсан юм гэнэ билээ. Миний дээр гурван ч хүү гараад хүн болоогүй юм гэсэн. Дөнгөж ой өнгөрөөд л үргэчихдэг байжээ. Үр хүүхэд нь тогтохгүй болохоор аав ээж хоёр маань сэтгэл санаа нь гундуухан, хэцүү байгаа биз. Гэтэл намайг төрдөг жил манай нутагт зэргэлдээ хошуу нутгуудаас отрын айлууд шавчихсан гэдэг юм. Хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа мөлжиж явсан сайхан цаг шүү дээ.

Одооны айлууд шиг уулын ам болгоныг өмчилж авчихаад, хэрүүл шуугиан болдоггүй амгалан үе байв. Отор хөөсөн айлын нэг нь номтой чадалтай зайран гэдгийг аав маань мэддэг байсан юм болов уу даа. Үр хүүхдээ тогтоож чадахгүй алдчихдаг болохоор ах дүүс нь нөгөө мундаг зайранд айлтгасан юм байгаа биз. Нэг орой хэнгэрэг цан, үүрсэн сахал үстэй өвгөн морилж, шөнө дөл болтол бөөлсөн юм гэнэ билээ.

Тэр өвгөн л намайг хорвоотой уяад орхичихсон бололтой. Эмээг нь эрлэг мартчихсан юм болов уу даа гэж хааяа бодно оо бас, гээд инээмсэглэв. -Эмээ гол юмаа нуугаад байна даа гэж хэлсэн гуч бандируугаа -Хош чи. Ингээд хүний нууц задлаад байдаг монди шүү хэмээн хүүгээ өхөөрдөн суугаа хөгшний амыг ширтэн хүлээлээ.

…Төрөхөөр дуншиж эхэлсэн бэрийнхээ өмнөөс зовсон хадам эцэг нь хөтөлгөө морьтой давхиж, зайран багшийг залж авчирав. Гэтэл дөнгөж орж ирсэн зайран өвгөн -Одоохон төрөх нь ээ. Хурдхан давхиж очоод, доод хөндийд ногоо тарьж байгаа хөгшин лууханы өмдийг булаагаад ир гэж хачин жигтэй үг хэлжээ.

Гайхаж балмагдсан харчууд бие биенээ харан тээнэгэлзвэл -Хурдал. Булаагаад аваад ирвэл бүр ч сайн. Гэхдээ нусгайнууд минь хэтрүүлж, настай өвгөний vнхэлцгийг нь хагалчихав аа гэхэд дүрсгүй байрын хоёр банди уухайн тас пижигнэлдэн гарав…

-Хөөе муу данжаад наад өмдөө тайл. Хурдал гэсээр болжмор хөөсөн харцага шиг нисэн алдан давхиж ирсэн, хоёр бандиас vхтлээ айсан хятад өвгөн муухай орилон паарганан зугтаах зуур -Хай дүү нараа амь өршөө. Би ядуу хүн. Өвгөн надад тарьсан ногооноос өөр юу ч байхгүй гэж өвдөг чичрүүлэн сөгдөв.

-Наад муу луухаан чинь яасан олон үгтэй илжиг вэ. Ташуурдаад унагачих уу гэж тагжгар бор бандийг хэлэхийг сонссон нөгөө жаал -Хай гөөгөө минь ээ наад пааргар өмдөө л тайлаад шидчих. Хурдал гэж шавдуулахад, гайхаж эргэлзсэн хятад өвгөн -Хай миний муу өмдөө яахаа. Манай гэрт үүнээс сайн байгаа шуу гэлээ.

-Aлчихъя муу хятадыг, яасан олон үгтэй цагаач вэ гэхэд cүнс нь хальчих шахсан өвгөн, айсандаа хоёр муу шаахайгаа тийрэн хаяж, дагь даарь болсон хиртэй өмдөө тайлан шидэв. Тачигнатал инээлдэн хиртэй хар өмдийг ташуурандаа өлгөн давхилдан одох залуусын араас харж зогссон өвгөн хятад -Хайяа муу тэнэг үхэр монгол, миний өмдөөр юу хийнэ ээ.

Хай амьд үлдсэн нь юутай азаа гэж үглэн, банзан бөгcөө гялалзуулан, чүүрэгнэн гүйсээр муу шавар тагзаа бараадахаар сайраганав. Урд хойд талгүй хирэндээ баригдаж дарайсан пөөнөгөр өмд чимхэн барьсаар орж ирэхдээ араг тэврэн орь дуу тавьсан бэр эгчээ хальтхан хараад зайран өвгөнд хөөгдөн гарав.

Удаа ч үгүй нялх хүүхдийн дуу часхийн уйлахад, -Наад өмдөндөө боогоод тэр ширмэн тогоонд хийж таглаад, баруун хатавчаар хурдхан гарга гэж зарлигласан зайрангийн үгнээс зөрөх зүрхтэн байсангүй. -Пай пуй, өмдрүүгээ шээгээд явдаг луухан юм байх даа. Яана аа хүүхэд бyзapтуулчих вий гэж бие биенэ нудралцах хоёр самганы зүг ёозгүй харсан өвгөн зайран -Бyзpыг бyзpаар зaйлуулна аа. Хурдал гэж зад загнав.

Баруун хатавчны хошлон бүслүүрийг тайлж, үүдний хэдэн унийг сугалан, тогоонд хөмөрсөн нялзрай хүүхдийг тэвэрч гарсан өвгөн зайран, эцгийг нь дуудаж хүүхдийг нь хормойлуулан, хаалгаар нь оруулав. Хятад өвгөний өмдийг зүүн урд зүгт газар ухуулан булуулсан өвгөн зайран хэнгэрэгээ дэлдэн дуу шуутайхан ирж, гэрийнх нь гадаа бөөлсөн ажээ.

Хятад өвгөний шээгтэй өмдөөр боож авсан би гурван хөөрхөн дүү дагуулсан шүү. Би vxэж өгдөггүй ээ. Намайг эpлэгээс нуун, ач зээд минь аргамжчихсан бололтой гэж шүдгүй буйлаа гарган тас тас инээсэн буурал эмгэний хажууд суусан гуч хүү нь -Ашгүй ашгүй. Миний буурайг дэлхий даахгүй байгаа биш дээ. Удахгүй намайх маамуутай болно. Манай маамуутай тоглоод сууж байхгүй юу гэхэд гэр дүүрэн инээд цацрав. Өвгөдийн дом гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!