“ГОЁ АХ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ АМЬДРАЛААС
“ГОЁ АХ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ АМЬДРАЛААС
Ч.НАРАНЦЭЦЭГ
Би хүний хань, хүүхдүүдийн эх болсноосоо хойш ханийн тангараг зөрчиж, эр нөхрийнхөө итгэлийг алдаж, сэтгэлийг нь чилээлгүй, нэг үгээр хэлбэл хайр шохоорхлын цалманд цулбуурдуулж, барьц алдаж, гишгэдэл хазайлгүй явсан билээ. Үүндээ сэтгэл минь хангалуун байдаг. Мэдээж учрал тохиолдоогүйдээ биш, ерөөс эр нөхрийнхөө хийморийг налиг шалиг явдлаар, шулуухан хэлэхэд хормой хотны явдлаар хиртээх ёсгүй гэж бат нот боддог, эр нөхрөө өөрөөсөө ч илүү хайрладаг жирийн л эмэгтэй. Хорин жил дардан давхисан сэтгэлийн минь жимийг хоромхон зуурт донсолгосон явдал саявтархан болж өнгөрсөн юм. Би 19 настай, ёстой л цэцэг ичээм орь залуу насандаа өөрөөсөө олон ах хүнд дурлачихав. Ажиллагсад нь энгийн, дарга нь хошууч цолтой ахлах офицер захирдаг ар талын ангид би үйлчлэгч хийдэг байв. Тэр үед элсэлтийн шалгалтандаа унасан, болон их дээд сургуульд орох хүсэлтэй охид, хөвгүүд олноороо албан байгууллагуудад өлгүүрчин, цай зөөгч, үйлчлэгч хийдэг байлаа. Үйлчлэгч ч гэж дээ, бүр цэвэрлэгч гэдэг байсан ч бид хийж буй ажлаасаа ичиж зовдоггүй, харин ч зайлшгүй дамжих зам, ахиж дэвших анхны шат, анхны гараа минь гэж боддог байжээ. Ажилд орсон хавар цэргийн ар талын ангиудын хооронд спартакиад болж, манайх сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр оролцсон юм. Би гар бөмбөг тоглож чаддаггүй ч байгууллагаас оролцоо чухал, хүний тоо бөглөөд ч хамаагүй зогсож бай гээд хүчээр оруулсан тул бид мод шиг зогсож байгаад эсрэг багтаа падажаараа “уншуулаад” (ганц ч оноо авахгүй 0-оор хожигдох гэсэн үг) гарсан билээ.
Биднийг сэхээ сэтээгүй хожсон эсрэг багийн эмэгтэйчүүд нь тарган тарган, настай эгч нар байсан гэж бодохоор инээдэмтэй ч юм шиг, ичгүүртэй ч юм шиг. Ашгүй гар бөмбөгийн тэмцээн дуусч, сагсны тэмцээн эхлэв. Энэ талбайд харин гар бөмбөгийн талбайд гүлдэлзэж зогссон бид эргүүлээд нөгөө хэдийг жинхэнээр нь “уншсан”. Тэмцээн дээр … дугаар цэргийн ангийн залуучууд хувцас жигдрэлт, бие халаалт, тоглолт, бие хаа, зүс царай, зохион байгуулалт, бүх л байдлаараа олны анхаарлыг татсан онцгой баг байж билээ. Тэр тэмцээн тэгсгээд л өнгөрсөн. Дараа жилийнх нь намар амраад ажилдаа орсон өглөө самбарт …. дугаар ангийн шинээр ашиглалтад орсон спортын заалны нээлтэд зориулсан уламжлалт тэмцээн болно гэсэн зарлал хадсан байлаа. Ингээд тэр өдөртөө тус ангийн ажилчдын унаагаар налайхаас наахна байрлах ….дугаар анги руу явлаа. Манай байгууллагад гар бөмбөг гайгүй тоглочихдог хүн нэмэгдээгүй болохоор бид “сагсны тэмцээн дээр хариугаа авчих юм чинь” гэх шиг зогсож байгаад л хожигдов. Сагсны тэмцээн дээр эзэн багийн нэг охин намайг гүйцэхгүй болохоороо араас минь маш хүчтэй түлхэнгээ дэгээ тавьчихдаг байгаа. Гэтэл түүний кетний өрөөсөн сугарч ирээд хөлд тээглэхээр нь би түүнийг эргэж түлхэх гэснээ үг дуугүй кетийг нь үүдээр гартал өшиглөчихсөн юм. Зааланд байсан хүмүүс хөхрөлдөж, шүгэлдэн алга ташиж баяр хүргээд сүйд. Эндээс би хэд хэдэн дэмжигчидтэй болсон юм. Тэмцээн дуусч, түрүүлсэн багт баярын бичиг үнэ бүхий зүйл гардуулах үед “онцгой баг”-т тоглодог ах хачин сайхан инээмсэглээд тухайлан надад баяр хүргэв ээ.
Хаалтын ажиллагаан дээр тус ангийн захирагч үг хэлнэ гэхээр нь хартал нөгөө гоё инээмсэглэдэг ах жагсаал хувцсаа өмсөөд тэвхэлзтэл алхан гарч ирлээ. Яг тэр мөчид сэтгэл минь учиргүй догдлоод явчихсан юм даг. “Пөөх, энэ ах чинь ангийн захирагч байсан юм уу”?. Тэр үед миний ойлголтоор ангийн захирагч нар ихэвчлэн гүзээтэй, настай намбатай хүмүүс байх шиг санагддаг байсан тул “Ийм залуухан уу” гээд дуу алдчихсан. Миний уулга алдалтыг тэр ах сонссон уу, юутай ч намайг өөрт нь хамаатай үг хэлж байгааг мэдсэн бололтой нөгөө сайхан инээмсэглэлээ илгээлээ. Тараад тэдний ажилчдын машинд суугаад буцахад нөгөө ах миний эсрэг талд сууж таарав. Зам зуур ажлынхантайгаа инээж хөхрөлдөнгөө түүний зүг харахад тийм гээд хэлж чадамгүй харцаар ширтээд байлаа. Үе үе харцаа мөргөлдүүлсээр нэг л мэдсэн буух болоход ингээд салж байгаадаа харамсах сэтгэл төрж хачин хоргодонгуй бууж билээ. “Тэр” миний буусан буудал дээр бууж хэсэг хүмүүстэй, манай хорооллыг чиглэн алхлаа. Араас нь алхаж байхад тэр эргэж харах гээд байгаа юм шиг, хажуулдаад л…Намайг орцондоо орохоос өмнөхөн хажуудах хүнтэйгээ ярилцангаа ямар ч л гэсэн эргэж харсан. Тэр бас хоргодоод байх шиг… Юутай ч нэг хороололд байдгаа мэдэж авав. Тухайн цагт армид ажиллагсдын бүхэл бүтэн хороолол байдаг байлаа. Яваандаа тэдний ажилчдын унаа манай ажлын хойхноос явдаг, нөгөө ах манай байрнаас хэдэн байшингийн цаана амьдардаг, эхнэр гурван хүүхэдтэй, саяхан өөрсдийн нөөц бололцоог ашиглаж барьсан зааландаа залуучуудаа тогтмол бэлтгэл хийлгэж, дасгалжуулдаг мундаг дарга, боксоор хичээллэдэг байсан, атаман явсан гээд түүний тухай гайгүй сайн мэддэг боллоо.
Спортын тэмцээн, үдэшлэг, уулзалт, ажилчдын улстөрийн хичээл, сонсгол олон ажил зохиогддог байжээ. Ердөө хоёрхон сарын дараа армийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Би хувьдаа маш баяртайгаар, тэр тэмцээнд оролцсон. Сагсны тэмцээний үед тэднийхэн болон нөгөө багийнхан “Цэнхэр подволктой охиныг сайн бариарай, тээр ингээд гүйцэгддэггүй юм шүү” гэж хашхиралдаад л. Нөгөө ах сэтгэл татам инээмсэглэлээ илгээж, толгой дохиод л. Миний ойр орчмоор тэдний ангийн үеийн залуус эргэлдээд л. Тэгж байтал тэр залуусын нэг нь намайг маргааш болох байгууллагынхаа Октябрийн баярын цэнгүүнд урьдаг юм байна. Би шууд л зөшөөрсөн. Сэтгэлдээ “гоё ах” гэж нэрлэсэн ахыг харах гэж тэр шүү дээ. Цэнгүүн нь хоол унд, дуу хуур, бүжиг танцтай сайхан болсон. Намайг урьсан залуу бүжиглэх гээд, би бүжиг эргэж чадахгүй болохоор гэдийж цахалсаар үдэшлэг дуусахаас өмнө манайхтай ойр байдаг гэсэн залуутай түрүүлээд явчихсан юм. Тэгтэл маргааш нь намайг хүргэж өгсөн залууг “гоё ах” (ангийн захирагч) өрөөндөө дуудаад, хэн тэр охиныг урьсан, хэн нь үерхэж байгаа талаар асуужээ. Намайг сонирхсоныг нь сонсоод тэмцээнээс буцаж явахад ширтэж байсан нүд нь харагдаж, сонирхоогүй, шохоорхоогүй бол хэн нэгнийг тэгж ширтэж болохгүй гэж бодогдлоо. Ингээд би хаа хүрэхээ мэдэхгүй ч хайрын тэнгист эргэлзэлгүй үсрээд орчихов оо. Өглөө бүр цонхоороо шагалзаж байгаад түүнийг яг орцны хажуугаар өнгөрөх мөчийг тааруулж гарна. Мэдээж тааралдана. Тааралдаад инээмсэглэж толгой дохиод л урд хойноо орж алхана. Түүний нэрийг өөрийнхөө нэртэй нийлүүлэн шинэ нууц нэр үүсгээд тэмдэглэл хөтөлнө. Тэдний ангийн нөгөө хэдэн залуус эргэлдсэн хэвээрээ.
Нэг нь бүр салахгүй, кино концерт үзнэ, хөзөр тоглоно, буу халаад манайд хоночихдог, би “гоё ах”-ынхаа тухай сонсох гээд л. Би өрөөндөө ор засаж өгөөд өөрөө өөр өрөөнд унтана. Өглөө нөгөөх чинь яахав, манай буудлаас унаандаа суухаар ангийнхан нь шуугилдаж, айлд хүргэн орох нь гэдэг болж. Гоё ах бас л түүнийг дуудаж “Дарга нь хадмуудад нь хэлж өгөх үү, би аавыг нь таньдаг” гэжээ. Юуных нь хадам, хүргэн байхав, би тэр залууд гараа ч атгуулаагүй. Тэгсгээд л мөр мөрөө хөөсөн. Харин гоё ахтай толгой дохин, инээмсэглэн, ичиж догдлон зөрсөөр л. Энэ явдал хэдхэн хоног, хэдхэн сарын явдал биш, хүнтэй суутал минь үргэлжилсэн. Тэр үед хэзээ ч бүтэхгүй насны зөрүү, дарга цэрэг, нам засаг, үзэл суртал… одоо бодоход юу ч л биш байж. Гоё ахтай тааралдахаа болиод олон жил өнгөрчээ…. Баянхонгор аймаг руу ажлаар явсан би буцахаар билет аваад автобусанд суулаа. Хол замыг ном уншиж л хорооё хэмээгээд цүнхээ уудалж байтал хажуу дахь суудлыг минь хайсаар билет барьсан эрхэм дэргэд ирлээ. Хэн болохыг та гадарласан байлгүй… Тийм ээ. Хорь ч хүрээгүй хонгорхон насны минь, гэмгүй гэгээхэн хайрын эзэн “Гоё ах” минь зогсож, зогсонгоо зогтусаж байлаа.Гоё ахын нүд томорч ирснээ тогтлоо. Бид хоёр бие биенээ хармагц таньсан. Хоёр аравны салхи биднийг жам ёсоороо элээж,түүнийг 50 гарсан, намайг 40 шүүрэх насанд минь уулзууллаа. Сэтгэлд шингэсэн инээмсэглэл нь хэвээрээ. Оочин цоочин бууралтсан үс түүнийг оворжуу хөгшин бус, харин ч өнгөлөг дэгжин, донжлог харагдуулах аж. Энэ хүнийг буурал үс нь хүртэл чимэх ажгуу. Миний хайр мартагдаагүй, сэрж сэргэх мөчөө хүлээж байсныг гоё ахыг харсан мөчид мэдэрсээн. Би буцаад 19 настай болж, үг хэл маань эвлэхээ болив.
Ер нь бид хоёр зам турш энгийн ярилцаж, өнгөрснийг дурсаж явсан ч нүдээрээ илүү их, илүү гүн утгатай зүйлийг ярилцаад байх шиг байсан. Түүний харц илүү шаргуу, шимтэнгүй болчихож. Тэр шөнийн богинохныг хэлэх үү, урт холын зам атийгаад агшчихсан юм шиг санагдаж байлаа. Ойрмогхон эргэж уулзахаар болзож, утсаа солилцоод салахдаа тэртээ 19 настай үеийнх шигээ хоргодох биш, хойноос нь гүйчихмээр санагдсанаа нуухгүй ээ. Ингээд би хүлээлтийн жаргал зовлонд хүлэгдээд тогтож сууж чадахаа болилоо. Хамаг сэтгэлээрээ өнгөрсөн үе рүүгээ яаран гүйж, тэндээсээ Баянхонгор Улаанбаатар хот хоорондын замд тулаад л гацчихаад байлаа. Хоёр хоногийн дараа утсанд минь “Ахмадын баярт уригдаад анги дээрээ баярлаж байна хэ хэ. Сэтгэлд минь хорин жил үүрлэж, дуншсан шувуухай дэгж нисэх гээд жигүүрээ дэвээд эхэлсэн. Одоо энэ шувуухайг нисгэхгүй бол тогтоож дийлэхгүй нь. Уулзах мөчийг тэсэж ядан хүлээнэ” гэжээ. Хэзээ уулзахаа бичээгүй аж. “Би ч бас” гээд бичээд илгээчихсээн, бурхан өршөө. Хүч аван хөөрч амжаагүй ч, тэрүүхэн тэндээ хөнгөхөөн дэвж дэвхэрсэн энэ явдал амьдралын минь амт, хөгийг өөрчлөөгүй ч, үнэ цэнийг нь өсгөсөн билээ. Уучлаарай эрхэм уншигчид минь… Энэ бол амьдралд тохиолдсон үнэн явдал болохоор энэхүү дурсамжийн маань төгсгөл харамсалтай нь биднийг дахин уулзуулаагүй юм. Тухайлан бид хоёр хайрынхаа талаар ярилцаж ч амжаагүй. Тэр өдрөөс ердөө хэдхэн хоногийн дараа ”гоё ах” бурхандаа явчихсаныг, олж мэдсэн билээ. Би өөртөө нэг л асуулт тавьдаг. Хэрвээ бид хоёр уулзсан бол би барьц алдах байсан болов уу? гэж… Одоо би “итгэл үнэмшил”-ээс минь хазайлгалгүй үлдээсэн ч, амжиж уулзуулсан бурханд баярлаж, учруулаагүй бугт талархаж явдаг аа.