“ГОВИЙН ГАНЦ АЙЛ” ЭМГЭНЭЛТ ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Говийн ганц айлд эрэлчин хархvv дөрөө мултлав. Гэрийн эзэгтэй тvvнд цай идээ барих зуур: -За хvv минь эмээдээ тус болж vз! Нэг шvдлэн ямаа муулаад өгөөч! Шинэ шөл ууж хаврын харшаагаа гаргахгvй бол болохгvй нь гэв. Эрэл мухардаж, элэг нуруу нь наалдатлаа өлсөж цангасан залуу ч эмгэний саналыг уухайн тас зөвшөөрч: -Ямаа төхөөрөх гэдэг чинь цээжин дотор илхэн байна. Та бариад аль! Гялс манас амжуулчихъя гээд хутгаа гарган тvрийдээ шир шир нийлж гарав. 

Эмгэн хотон дотроо удтал алхав. Бараг л өөртэй нь ярих шахам ижилдсэн хайртай хэдэн ямаанаасаа алийг нь барьж єгч, амийг нь таслуулах вэ гэхээс гол нь харлан дотор хvнтэйгээ удтал хэрэлдэв. Тэгэж тэгэж нэг гvймхий хар шvдлэнгээ барьж хөтлөн ирж, сайхь залууд тушаагаад гэртээ оров. Хэдэн шад маань гvвтнэн уншиж, ханцуйдаа сэм залбиран хэсэг суугаад “Одоо лав болсон биз” хэмээн гэдэс гаргах тvмпэн сав барьсаар гартал нөгөө хархvv ч алга, төхөөрvvлэхээр барьж өгсөн ямаа ч алга. Гайхан ийш тийш саравчлан харвал наран тонгойсон тэртээх баруун гvвээн дээгүүр нөгөө залуу өцийтлөө шогшуулсаар далд орж явав. Харин хотон дотор нь нvд халтирам хачин юм харагдав. Нөгөө муу хар шvдлэн нь гvзээгээ чирэн муухай орилон гvйж явав. Эмгэний хөл доороос хөрст дэлхий шилгээх шиг болж бор гэрийнхээ бvслvvрээс зуурав.

Арай чvv гэртээ ороод дээдийн шvтээн болсон ганц жижиг гуулин бурхандаа залбиран мөргөх гэтэл бурхан нь бас алга. Ядаж ганц зул ч болохноо өргөе гэтэл цөгц нь алга болжээ. Эмгэн тэр шөнө дугхийсэнгvй, хар ямааныхаа энэлэлтэйгээр орилохыг сонсох бvртээ бурхан тэнгэрт залбирсаар vvр цайлгав. Өглөө айж залбирсаар гартал хонь нь алга. Харин хотон дотор нь хар ямааны гэдэс гvзээ бууц шороотой холилдон тvнтийж хэвтэв.  “…Ээ чааваас. Энэ хvн гэдэг чинь чононоос дор амьтан болжээ. Дотроос минь чөтгөр шулам хатгаж, мах идэх шунал тачаалыг єдєєж, нvгэл хийлгэснээс хєєрхий хар шvдлэнгээ тарчилгаж алав. Бурхан гончигсvм намайг өршөө! Би таван зуун төрөлдөө утаа идэгч бирд болж төрөх нь гарцаагvй биз. Ум ма ни… Тэр нvгэлт хархvv мал төхөөрч чаддаггvй гэхийн оронд муу хар ямааны минь гэдсийг тэр аяар нь хvvлж хаяад, амийг нь бvрэн таслалгvй орхиж тамын зовлон эдлvvлэв. Хулгай хийсэндээ л зугтаасан хэрэг. Ай чvv тамд унах болтугай, чи. Ээ ум ма ни бад…”

Эмгэн аяга цай чанаж уугаад араг савраа чирэн хониныхоо хойноос майжигнав. Хонь бараа сураггvй.  Гурван гvвээ давтал нэгэн хонхорт олон хар шувуу эргэлдэн нисч буух нь нэг л сэжигтэй зэвvvн. “Муу хар шvдлэн минь энд зvйл дуусч зовлонгоос гэтэлж дээ, арьяабал минь. Ядаж vс хялгаснаас нь ч болохнээ дээж авъя даа…” Эмгэн өөрийгөө зvхсээр дөтлөн очоод гэнэт зогтусав. Зvрх нь пал пал хийж хөл нь мэдээ алдав. Єчигдрийн залуу. Мориндоо чирэгдэн улаан нялга болсон толгой, єрєєсєн гуталгvй хєлийг нь махчин шувууд улайран өрсөлдєн зулгааж, хяхналдан, хагшилдан эмгэнийг өт хорхой чинээ ч тоохгvй янзтай. 

“Ээ гончигсvм минь. Нисваанис нь /хорт муу сэтгэл, нvгэл хилэнц/ хэтийдээд энд төрөл арилжчихдаг байжээ, зайлуул. Эрлэгт очоод хилэнцийн данс нь балрах болтугай” гэж сэм залбиран аймшигт газраас ухран холдов. Хөлсөө дуслуулсаар дараачийн гvвээ рvv мацаж явахдаа “Өлссөн шувуу гуулин бурхан идчихдэг болов уу, яадаг бол. Хожим энэ хавиар эрж хайвал олдож мэдэх юм даа.” гэсэн нисваанисын бодол тархинд нь сvvмэгнэхэд эмгэн ийш тийшээ сэм харж, “Нvгэл гэм. Буруу гараар орсон тэр бурхнаар чи юугаа хийх гээв, эргээд надад гай болох ч юм бил vv” гэж бувтнасаар цаашаа майжигнав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!