MngNews

“ГАНЦ ХҮҮ НЬ AЛМАС ШИГ ХҮҮХНИЙ ГАРТ ОРЖ ТОЛГОЙГОО МЭДҮҮЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ…”

“НАСНЫ ЧАГТАГА” – САНЖИЙН ПҮРЭВ /МУСГЗ/

Айлууд нүүдэл суудал хийж бужигнацгаах нь хавар цагийн төрх. Хурга ишиг тууврын ая даах түрүүчээр Дарвийн нуруу тэнгэрийн хаяа руу хульжих гэж байгаа юм шиг л адгаж яарцгаах нь уулаа бараадахаасаа илүү салхины хөлөөс дайжиж байгаа нь тэр.

Их уул тэнгэрээс юүлсэн салхиа өвөр хормой руугаа зоргоор асгаж айл амьтны орон овоохойг ч аваад чулуудчих нь энүүхэнд. Эрхбиш уулын тасархай, газрын эх юм болохоор Овоотын бор борхон толгод зодуулсан гөлөг шиг навталзаж үлдэнэ.

Ганц хүүгээ цэрэгт мордуулж, их хотын амьдралын эргүүлэгт живүүлэн алдсанаас хойш Сүрэн чавганц зам хөлийн энэ овоотоос буйр салгасангүй үеэ мултарч үсээ цайтал хоног тоолж яваа үйлтэй амьтан. Хүлээлт гэдэг энэ.

Хаврын хаварт айл аймгийнхан нь ачаалахдаа Сүрэн чавганцынхыг авч явах гэж арга чаргаа барах боловч буруу ишилсэн сүх шиг зөрүүд тэр хөгшин тас зөрсөөр хар нутаг сахиж үлдэнэ. Тэгээд л өнөөх тэнгэр нураасан их салхитайгаа золгоод авна даа.

Амтай зарим нэг нь -Үгүй ээ хөөе. Цаад зөрүүд өгөр хөгшин чинь өдийд гэртэйгээ хийсэж байгаа шүү гэлцэн эргэж тойрход Сүрэн чавганц аргал хорголхон савардаж арагаа даахгүй бөртөлзөн саалийн хэдэн богийнхоо араас майтарч л явах.

Үxьеэ үxэж болдоггүй амьдаръяа амьдарч жаргадаггүй хорвоо гэдэг энэ л байх даа. Гээд ,хормой дороо нойтон голтой юм унагасан энэ амьтаны зовлонг хэн ч тэгтлээ гадарлааж даа. Аа, зөнөж байгаа нь тэр гэлцэн шивэр авир болно.

Гэтэл эх хүнд насны чагтага гэж нэг юм бас бий. Сүрэн хөгшний хөлийн бор авдарт хүүдээ л гэж хадгалсан ааруул хурууд цагаан сараар хувь болгож тавиад чулуу шиг болтлоо хатсан хонины зүрх гээд юу эс байх билээ.

Гэтэл амьдралд хөл алдсан гэх хүүгийнх нь бараа битгий хэл, сүүдэр нь ч харагдахгүй. Хүмүүс хэлэлцэх нь, -Ээ дээ, нар сар шиг ганц сайхан хүү нь ёстой нэг алмас шиг хүүхний гарт орж толгойгоо мэдүүлсэн юм гэнэ билээ гэлцэн үгээ нууцлахыг Сүрэн чавганц сонсоод, -Күй ээ ер дөө. Эд нар муу хүүгий минь илүү үзээд байхдаа яахав гэж элгээ эмтэлж явна.

Айлууд нүүдэлдээ зэхэж хамаг биед нь хужир ургасан цэлдэн хөх хэдэн тэмээгээ гаднаа авчирч, хужирссан ямаанууд өвдөг шилбийг нь долоон тавруулчих шахан шооргонолдож хүүхэд шуухдын дуу чангарч хормой дэрвүүлэн гүйлдэх нь нүүдлийн баяр аа.

Энэ хэдэн айлаа ахалж захалдаг нь болох Дашбал гэх дэвхэрч буусан шаламгай хүрэн эр Сүрэн хөгшнийд бузгай албархуу морилж -За Жуужаа, энэ жил одоо бидэнтэйгээ хамт нүүх юм байгаа биз дээ айн. Ачлага уналга аваад ирсэн шүү дээ.

Ээ дээ манайхны очиж буух Майхны эх гэдэг ч ёстой л нэг торго шиг эрээлж байна гэнэ дээ. За тэгээд ч оросын шибэрийн их салхи гэж замдаа таарсаныг буулгаж шидсэн айхтар их салхи айсуй яваа юм байх оо. Өнөө өглөө раажав тэгж хэллээ гэвэл Сүрэн хөгшин галаа төнхөж аргалын цог улалзуулан үлээх зуураа

-Мм. Салхилах нь л дээ хөөрхий гэж амандаа бувтнаад огт тоосонгүй. Дашбалын урам хугарч -Ишш, Жуужаа минь дээ, Жуужаа минь. Сум орноос таныг биш биднийг муу хэлж байна шүү дээ. Ная гарсан чавганцыг хаяандаа аваад явж чадахгүй хар нутаг сахиуллаа гэж цаана чинь амтай болгон ярьж байна шүү гэж сүрдүүлж нэг үзлээ.

Сүрэн хөгшин бүгшүүлэх хөхрөхийн аль нь мэдэгдэхгүй чимээлэн -Мм, Майдар дарга уу? Тэр ч хөөрхий сүрхий л дээ гэж ирээд бүр баярлах янзтай. Дашбал цөхөрч -Хн, ёстой нэг янзтай чавганц юм даа гэхээс өөрийг бодож амжсангүй.

Ийм зөнөгтэй ч одоо өөр юугаа ч ярихсан билээ. Өглөөний улаан нарнаар нүүдэл хөдөлж Сүрэн чавганц хонины хүүхдүүдийн өвөрт амны заваа гаргах ааруул хурууд хийж өгөөд алс замын билэгдэл цайны дээжээ өргөж орхиж болдоггүй орчлон дээрээ торойгоод хоцорлоо.

Нүүдлийн сүүлчийн тэмээний тавхай далд ороогүй шахам байхад салхины түрүүч урсаад ирлээ. Уул нүүлгэх шахаж байна. Сүрэн чавганц чагтаганаасаа домботой ус дүүжлэн домноод өрхөө битүүлж авлаа.

…-За байз уу? Дашбалынхан хашир улс галтай үнсээ булсан л байгаа даа. Овоотыг хайлуулчих вий дээ гэж бодон зулаа барьж гэгээ гаргаад утас ээрч өөрийгөө саатуулж суулаа. Бор гэрийнх нь дээвэр туурга хөвхөлзөн, гадаа аргал зөөдөг нэг муу хэмхэрхий төмөр хувин нь хангир жингэр хийгээд явчихад -Ээ буянаараа бол.

Муу арагаа гэрийн бүслүүрт аргамжихаа бас идэж орхиж. Одоо урд ганга руу аваачаад хэмхлээд хаячихнаа гэж саналаа. Салхины хүч улам нэмэгдэн гадаа гэртгүй нарийн тоос бужигнан хоолой амыг нь хорсгоно.

Салхи нэг ингээд эхэлсэн байхад уу, долоо хоног ч нүднэ. Шуурганы нь хүчтэй догшин байна гэдэг жигтэйхэн. -Яадаг билээ. Өнөө хэд маань хавцал бараадаж чадаа болов уу, үгүй болов уу? Нялх нойтон хүүхэдтэй улс зутарна даа хөөрхийс гэж санан амандаа маань гүвтнэнэ.

Зулын дөл ганхалзан бөхөн алдана. Тэгж байтал их салхи өрхийг нь хуу татаж аваад чулуудчихлаа. -Еэ бурхан минь. Цагаа дагаад ч тэр юмуу даа. Энэ жилийн салхи шуурга буулгах нь ээ буулгах нь. Сүрэн чавганц ингэж бодон дотроо залбирч өдөр шөнийг өнгөрүүллээ.

Тэнгэр хангайг нийлүүлсэн их салхины сүүлч шувтраагүй шахам байхад Дашбал давхиж ирлээ. Тэгтэл Овоотод ер юу ч болоогүй юм шиг. Сүрэн чавганцын хэдэн ямаа харганын цэцэг сэрмэж, бор гэр бор чавганц, шар зул байдагаараа л байж байлаа.

Муу арагийг минь аваад явчихжээ энэ салхи. Дашбал аа, хүү минь чи энэ урд ганга руу яваад нэг аваад ирнэ үү дээ. Хаа холдоо аж даа. -Тэгье ээ. Жуужаа минь тэгье.

Ер нь ч би энэ жил танд нэг хөнгөхөн бөхөөхөн шиг араг олж өгнөө. Ишш, буянаа нэм гэм дээ. Гээд ч бас Жуужаад нь нэгийн зэрэг араг элээчих нас бий шүү гэсээр Сүрэн чавганц махан буйлаа ангалзуулан инээх нь мөнх настай юм шиг сэтгэл дүүрэн харагдана…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!