“ГАНЦ ХҮҮГИЙН МИНЬ TOЛГОЙГ 3AЛГИЧХААД НӨХӨРТ ГАРАХГҮЙ ШҮҮ ЧИ…”
“ГАНЦ ХҮҮГИЙН МИНЬ TOЛГОЙГ 3AЛГИЧХААД НӨХӨРТ ГАРАХГҮЙ ШҮҮ ЧИ…”
Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Би дөнгөж л 30 нас гарч байгаа ганц биe ээж, одоо хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Нөхөр маань нас бараад ганц биеээр амьдралыг туулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Хүү маань аавыгаа их үгүйлж бэтгэрч байгааг нь харахаар сэтгэл өмрөөд надад маш хэцүү байх юм. Өмнө нь хань бид хоёр амьдралд маань ямар ч асуудал тулгарсан бай хоорондоо ярилцаж зөвлөлдөж байж шийдвэрлэдэг байсансан.
Харин одоо бол хүүтэйгээ яг адилхан би өөрөө өнчин болсон юм шиг л санагдаж байна. Ямар ч асуудал гарсан ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй бүхий л зүйлс дээр ханийн минь түшиг тулгуур дутагдаж ганцаардах гэдэг мэдрэмжийг амсахын дээдээр амсаж сууна.
Сэтгэлийн маш их шаналалтай хэцүү байхад дээрээс нь хадмууд маань дарамтлах маягтай их төвөгтэй байх боллоо. Хүү бид хоёр дээр ирэх болгондоо л одоо хүнтэй суух болоогүй шүү, хүнтэй суувал ийм тийм хүнтэй сууна шүү гээд л бүх зүйлийг минь заах маягтай.
Уг нь би чинь хар багаасаа ханилсан ханийгаа алдсан хүн одоо бол юун хүнтэй суух манатай л байгаа шүү дээ. Том гарз тохиогоод дөнгөж нэг жил л болж байхад сууя гэсэн ч хэнтэйгээ суух вэ дээ.
Тэгээд л өвчнийг нь эрт мэдсэн бол гээд, чи л эмнэлэг домлогоор явж сайн хөөцөлдсөнгүй гэсэн өнгө аясаар надад хандаж ярих юм.
Энэ бүхэн нь надад маш их дарамт болж улам л сэтгэлийн тэнхээгүй болж амьдралд сөхрөх гээд байх шиг байна. Уг нь санаагаар болдог бол хадмууд маань намайг буруутгах биш ирээд сэтгэлийн дэм л өгмөөр байлтай.
Би ч ханийгаа авч үлдэхийн тулд өөрийн чадахаас чадахгүй хүртэл, өглөөнөөс шөнө хүртэл аварч болох бүхий л зүйлсийг хийсэн гэж боддог.
Маш их өр зээл тавьж эм тариагаар нь таслахгүй гэж эцсийн хүчээ шавхсан юмсан. Одоо бол ганц биеээрээ үлдчихсэн тэр их өр зээлийг дарах гэж байдгаа л шавхаж байна.
Гэтэл энэ бүхнийг маань мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байж хадам ээж маань саяхан манайд ирэхдээ “ХҮҮГИЙН МИНЬ ТОЛГОЙГ ЗАЛГИЧХААД НӨХӨРТ ГАРАХГҮЙ ШҮҮ ЧИ” гэж надад дэндүү хатуу үгийг хэлээд явсан.
Төрсөн хүүгээ алдсан ижий аавд нь мэдээж тэнгэр нураад ирэх шиг хэцүү л байдаг байх, би ч гэсэн хүүтэй хүн тэр их шаналалыг өмнөөс нь ойлгож байна.
Гэхдээ би ч гэсэн хадмуудаасаа илүү байна уу гэхээс дутахааргүй л сэтгэлийн зовлонд уначихаад байгаа хүн шүү дээ. Хамгийн гол нь байр орноо банк бусад алдчихвий, хүүтэйгээ цуг гудманд гарчихвий гэсэндээ л өр зээлээ дарах гэж байдаг чадлаараа ажил төрлөө хийгээд явж байгаа юм.
Тэгээд юу ч болоогүй мэт өглөө оройгүй ажлаа хийгээд явж байгаа төрх маань л тэдэнд таалагдахгүй байх шиг. Хүүхэддээ анхаарсангүй, гадуур өөрийгөө л болгоод яваад байна гэж хардаад байх юм.
Тэднийхээр бол би уй гашуундаа автаад өдөржин л гэртээ уйлаад сууж байвал санаанд нийцэх юм шиг байна. Гэлээ гээд үxcэн хүний араас үxэx биш дээ,
Ханиас минь үлдсэн удам залгах ганц хүүгээ бодож л хүн харахад нулимсаа залгиж, өглөө бүр нойтон дэртэй сэрж байна. Энэ бүхнийг маань ойлгодог ч болоосой. Гэхдээ энд бүх зүйлсээ бичсэн чинь сэтгэл нэг л сайхан онгойчих шиг боллоо. Надад одоо цааш алхахад урам зориг л маш их хэрэгтэй байна…