MngNews

“ГАНЦ ТӨГРӨГНИЙ НЭМЭРГҮЙ МӨРТЛӨӨ ӨР ШИР ТАВЬДАГ АЖИЛ ТӨРӨЛГҮЙ НӨХӨРТЭЙ…”

“ГАНЦ ТӨГРӨГНИЙ НЭМЭРГҮЙ МӨРТЛӨӨ ӨР ШИР ТАВЬДАГ АЖИЛ ТӨРӨЛГҮЙ НӨХӨРТЭЙ…”

Би 10 настай хүүтэй амьдралын төлөө зүтгэж яваа ээж хүн байна. Хүүгээ хоёр настай байхад нь хүүгийнхээ аавтай хамт амьдрах боломжгүй болоод салж байсан юм. Хүнд гомдож сэтгэлээр унасан хүн бусдад их амархан дасдаг юм байна лээ. Тэгээд одоогийнхоо нөхөртэйгөө танилцаж удалгүй хамт амьдрах болсон.

Эхэндээ ч нэг хоёр жил аз жаргалтай, дутагдах гачигдах зүйлгүй сайхан л байлаа. Гэхдээ тэр үед би цэцэрлэгийн багшийн тогтсон ажилтай, манай нөхөр тогтсон ажил, орлого байхгүй ч иймээ тиймээ өр зээл байхгүй байсан болохоор нэг хүний цалингаар болгоод л байдаг байлаа.

Нийтийн байр түрээслэж амьдардаг юм. Манай нөхөр намайг гэр орны ажилд гар хүргэхгүй, өөрөө гэрээ цэвэрлэж, өөрөө хоол ундаа хийдэг чухам л сайн нөхөр тун саяхныг хүртэл байлаа. Харин хамт амьдарсан гурав дахь жилээс эхлээд л нөхөр маань их амархан уурлаж, орилж хашгирч, уурлахаараа гарт таарсан хамаг юмаа л авч шидэж эвдэлдэг боллоо.

Гэрт ганц ч бүтэн тавилгагүй болсон. Сүүлрүүгээ намайг цохиж, шөнө нь унтуулахгүй татаж босгож суулгачхаад нөгөө л муухай үгнүүдээр намайг хараадаг болов. Би шөнөжингөө уйлаад л, үүрээр манай хүний уур нь гарч уучлаарай хайраа дахиж ингэхгүй ээ гээд л уучлалт гуйна.

Тэгээд л ганц хоёрхон цаг унтаад өглөө 6 цагт босоод хавдаж улайсан нүдтэй чигээрээ хүүгээ тэврээд ажилдаа явдаг өдрүүд их олон байдаг байлаа. Өглөө 6 гэж гэрээс гараад л орой 7 хүртэл ажиллаж, хажуугаар нь хүүгээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд ядарсан хүн гэртээ ирэхэд ихэнхдээ л ууртай уурласан хүн угтдаг.

Ажлаа хийгээд ажил дээрээсээ л ирж байхад амьхандаа л хий хардаад байдаг болсон байсан байх. Хүү минь ч том болж 8, 9 нас хүрлээ. Хүү маань хүртэл орой гэртээ харихаасаа айж, одоо ороод аав та хоёр дахиад л хэрүүл хийх байх даа гэдэг болсон.

Хүүгээ ингэж хэлэхийг нь хараад их өрөвддөг боллоо. Уг нь манай нөхөр хүүг минь төрсөн хүү шигээ л боддог. Гэвч хүүгийн минь хажууд намайг элдвээр хэлж, энгийн үедээ ч хараал хэлж буруу үлгэр дуурайлал их үзүүлдэг болсон.

Би байнга л хүүхдийн хажууд битгий ингэ тэг гэж хэлэхэд за гэсэн мөртлөө л засардаггүй сонин. Хүний амьдрал л болсон хойно мөнгө төгрөг хэрэгтэй болоод банк бусаас миний нэр дээр цалингийн зээл авлаа.

Би ажилтай байсан болохоор цаг тухайд нь төлөөд л хажуугаар нь амьдралаа болгоод л байдаг байсан. Харин удалгүй нөхөр Чех улсруу гурван жилийн ажлын гэрээгээр явах болж аавынхаа машиныг ломбарданд тавьж, надаар бас ажлын газраас маань зээл авахуулаад явлаа даа.

Ингээд л санхүүгийн хувьд ч, гэр бүлийн амар амгалан байдлын хувьд ч сайхан амьдрал ирэх нь гэж бодсон. Гэтэл хүү та хоёрыгоо санаад байна, хол хэцүү байна гээд хагас жил ч бололгүй нөгөө өр шир, зээлээ ч дарсан юм байхгүй хүрээд ирсэн.

Тэгээд л хадмын машиныг ломбарданд хураалгаж, байрны түрээсээ ч төлж чадахгүй нэмж баахан өр хуримтлуулж байрны эзэд гомдол гаргаснаар би гэдэг хүн Шүүхийн шийдвэрт дуудагдаж ажлаасаа авсан зээл, байрны түрээсээ төлөхийн тулд хоёр жилийн цалингаа урьдчилж авч хоёр жил цалингүй ажилласан.

Тэр үед манай нөхөр бас л тогтсон ажилгүй. Би ч яахав элэг бүтэн, өвчин зовлонгүй байхад болноо гээд шүдээ зуугаад л байлаа. Харин ноднингоос ааш зан нь бүр эвдэрч надад гар хүрэх нь ихсэж, хүүг минь хүртэл элдвээр xapааж би чиний аав биш, чиний аав өөр хүн байдаг гэж хэлсэн.

Тэгж хэлэхэд нь л би шууд салахаар шийдсэн. Тэгээд нэг өдөр ажлаасаа чөлөө авч нөхрийгөө гадагшаа гарсан хойгуур нь хамаг юмаа аваад гэрээсээ явсан.

Гэвч түүнээс хойш хүүгийн минь сургууль, миний ажил дээгүүр ирж миний хойноос хагас жил гүйж, хань нь ойлгосон, ухаарсан, одоо ажлаа сайн хийгээд та хоёрыгоо тэжээнээ гэхэд нь ч би нүүр өгөөгүй.

Гэвч чи над дээр ирэхгүй бол би aмиa xopлолоо гээд машины урдуур гүйж орчих гээд байхаар нь айгаад үнэхээр л ойлгож дээ гэж бодоод эргэж нийлсэн юм. Эргэж нийлчихээд байж байтал удалгүй би цомхотголоор ажлаасаа халагдлаа.

Өөр ажилд оръё гэсэн боловч намайг хий хардсан уу яасан мэдэхгүй өөрөө ажил хийнэ, чи хэрэггүй гээд намайг гэрт суулгалаа. Гэвч эргэж нийлснээс хойш нэг жил зургаан сар өнгөрчээ. Нөхөр маань тогтсон ажилд орсон ч юм байхгүй, надаар ч ажил хийлгэхгүй байсаар амьдрал минь улам доройтсоор байна.

Хүн амьтнаас надаар мөнгө зээлүүлсээр байгаад би гэдэг хүн баахан өртэй болж найз нөхдийнхөө царайг ч харж чадахааргүй боллоо. Одоо ч гэсэн төлж дуусаагүй өр зээл маш их байгаа. Заримдаа их л сайхан юм ярина. Даанч зорилгынхоо төлөө зүтгэхгүй юм.

Сайхан амьдарна гэж эргүүлж авчирчихаад яагаад хичээхгүй байгаа юм бол. Өдөр хоног өнгөрөөд байна, амьдрал хэцүүдлээ гэхээр уурлаад уурлах болгондоо миний өнгөрсөн амьдралыг ярьж орилж хашгирч, нөгөө л юмаа авч шидэж эвдэлдэг зан нь гарсаар.

Төрсөн ээжтэй минь, хамаатан садан, найз нөхөдтэй минь хүртэл уулзуулахаа больсон. Миний утасны дуудлага, мессеж, фейсбүүк чатыг хүртэл байнга шалгаж уншдаг болсон. Утас дуугарахаар хэн бэ гээд л шалгаад эхэлдэг.

Хүү минь юмны учир сайн ойлгох болоогүй юм болохоороо заримдаа үгэнд нь орохгүй үе гарахад чи хүүхдээ алгадаад авсангүй гээд л уурлана. Хүүхэд ямар буруутай гэж би хүүгээ зодох билээ дээ. Сүүлдээ хүүхэд чинь ингээд байна тэгээд байна гээд л хэрүүл хийнэ.

Ганц авууштай тал нь хүүд минь өөрөө гар хүрдэггүй юм. Санасанаар болдог бол тогтсон ажил төрөл цалин мөнгөтэй болоод ирвэл уг хүн нь тийм ч муу хүн биш юм даа. Гэхдээ л миний тэвчээр одоо барагдаж байна, итгэх итгэл ч алга, хүүгээ бодоод салахаар шийдээд байж байна.

Муу амьдарвал эмэгтэй хүн ганцаараа ч муу амьдарна гэдэг үг байдаг даа. Гэвч нөхөр маань салах юм бол aмиa xopлоно гээд айлгаад байх юм. Би яг яах ёстой юм бол. Энэ их сэтгэлийн дapамтнаас гарахыг маш их хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!