“ГАНЦ Л УЧРАХ АНХНЫ ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ

“ГАНЦ Л УЧРАХ АНХНЫ ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: Г.СОЁЛГЭРЭЛ

Жил сар ээлжлэн солигдовч хүний амьдралд анхны хайр ганцхан удаа ирж сэтгэлийн шарх тамгалаад үүрд орхин оддог нь уйтай. Миний анхны хайр хүүхэд насны минь сайхан дурсамж болон үлдсэн юм. Гэтэл өнөөдөр би анхны хайрынхаа эзэнтэй гэнэт л таарлаа. Яг л тэр үеийнх шиг харц мөргөлдөн тулгарсан. Тэр минь гал цоггүй нүдээр намайг ширтсэн ч надад өнөөх багын өхөөрдөм сониуч харц өөдөөс минь ширтэх шиг санагдсан. Би тэр хөвгүүнийг надтай үерхэж байсанд, анхны хайрын минь эзэн болж ирсэнд, үеийн олон цэцэг шиг хөөрхөн охидоос зөвхөн намайг сонгож хайрын үгээ чихэнд минь шивнэсэнд одоо хүртэл баярлаж явдаг. Тэр намайг орхин одсон шүү гэж харин хэзээ ч гомдож үзээгүй билээ. Мэдээж түүний минь төрх маш их өөрчлөгдсөн байсан. Буурал сор суусан үс, гал цоггүй харц, жин нэмсэн бие галбир, ажилд нухлагдсан нуруу, эвэршсэн гар гээд л. Гэвч надад энэ бүхэн сонин биш, тэр л миний анхны минь хайр, хүүхэд насны мөрөөдлийн ханхүү, бусдаас намайг өмгөөлж чадсан нөмөр нөөлөг байсан юм.

Хүн анхны хайраа нандигнан хайрласаар байдгийг би сая л мэдэрлээ. Түүнийг хайрласан хэвээр л байж. Хэн хэнээ удтал ширтэн зогссоны эцэст тэр над руу дөхөн ирж гар барьснаа – Танайхан сайн уу? гэв. Гэнэт би “Нээрээ аав, ээжийг маань мэддэг байсан шүү дээ” гэж бодон – Сайн, танайхан сайн уу гэлээ. Гэтэл тэр – Бид хоёр салаад олон жил болж байна аа гэсэн юм. Би гайхсан санаа алдлаа. Бид хоёрыг үерхдэг байхад нэг охин дундуур орон, түүнд сээтэн хаян гүйж эхлэхэд тэр минь ч удалгүй түүнийг даган гүйх болсон. Ингээд тэд намайг сургуулиа төгсөж амжаагүй байхад нэг гэртээ орчихсон байсан юм даг. Гэтэл уулзав уу, үгүй юу шууд энэ тухайгаа ярьдаг нь яаж байгаа юм бол? Надаас уучлалт гуйж байгаа юм болов уу? – Тийм үү, яагаад салсан юм бэ? Би та хоёрыг хамт амьдарч байгаа л гэж бодож байлаа. – Ийм юм болсон. Би одоо өөрөөсөө олон дүү хүүхэнтэй суусан. Бас л шууд амьдралаа ярьчихлаа. Гэхдээ миний амьдралыг ер сонирхохгүй, өөрийнхөө тухай л яриад байх юм. Намайг эргээд ирэх вий гэж болгоомжлоод байгаа юм биш биз гэсэн хартай бодолдоо автаад бяцхан гоморхож зогстол тэр – Бидний хүүхэд насны үерхэл хамгийн аз жаргалтай үе минь байж дээ гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй догдлон инээлээ.

Эхлэж үг унагахгүйг хичээн үг бүрээ цэгнэн зогстол, ашгүй миний сонсохыг хүссэн үгс урсаж гарлаа. – Би тэр үеийг яаж мартах вэ дээ. Чамайг байнга л дурсаж явсан. Хүн үйл лайгаа өөрөө дууддаг гэж үнэн юм билээ. Чам шиг хөөрхөн, даруухан охиныг гомдоогоод, араас гүйсэн хөнгөн ааль зантай охиныг сонгосноороо өтөл насандаа салж нийлээд, амьдрал тогтворгүй л байна даа. Чи мэдээж ухаантай, сайн охин байсан болохоор тогтсон сайхан амьдралтай л байлгүй. Чамтай хэзээ нэг өдөр тааралдвал заавал уучлалт гуйна гэж боддог байлаа гэх яриа нь сэтгэл үймрүүлж орхилоо. Сэтгэлийг нь засахаар шийдэж -Би сая чамайг хараад ямар их гайхсан гээч, бас их баярласан шүү. Би ч бас чамайг ер мартаагүй ээ, үргэлж санаж явсан. Өнөөдөр уулзсандаа маш их баяртай байна. Анхны хайр амьдрал болдоггүй гэж ярьдаг хойно чиний буруу биш ээ. Амьдралын салаа зам биднийг хүлээж байсан учраас тэр замаар явахаас өөр гарцгүй байж дээ гэж ярилцсаны дараа хэн хэний маань дотор уужирч, биеэ барин гэрэвших нь гайгүй болж ирлээ.

Гэвч надад тэр үеийн тухай асууж тодруулах зүйл их байлаа. – Ингэхэд би чиний анхны хайр мөн байсан уу? Миний хувьд чи гэнэн цайлган анхны хайр минь байсан шүү гэхэд тэр инээмсэглэж – Би чиний анхны хайр байсан гэдгээ мэднэ ээ. Би тэр үед олон охинд талтай, охид ч надад сайн байсан юм даг. Гэхдээ тэр олон охидоос чи л ер мартагдаагүй юм шүү. Би үнэхээр чамайг дурсаж явдаг байсан гэж бодлогошрон ярив. Ингээд бид ардаа ажилтай байсан тул дараа уулзахын ерөөл тавиад салан явав. Орой ажил тарахын хэрд утсанд зурвас ирж байна. Нөхөр ирж авна хэмээн өдөр ярьж тохирсон тул ирж дээ гэж бодоод бичиг цаасаа цэгцлэнгээ утсаа сая л авч уншлаа. Гэтэл анхны хайрын минь эзэн “Чи их сайхан харагдаж байна шүү” гэсэн байв. Бидний харилцаа цаашид яаж өрнөх бол… Олон жил тэвчсэн сэтгэлээ хазаарлан дийлнэ гэж үү? хэмээн бодоход гэнэт хэцүү санагдаад ирлээ. Анхны хайраа ахин цэцэглүүлмээр атаа хор хөдлөөд байх шиг. Анхны хайраа энэ л сайхан дурсамж хэвээр нь авч үлдэх үү, эсвэл ааль зан гаргаж байгаад нууцхан хайрын эзнээ болгох уу? За одоо миний ээлж, би энэ хандлагыг хааш нь эргүүлэх вэ? Хоёулаа амьдралтай улс шүү дээ, бүсгүй минь бодоорой.

Гэвч гар минь өөрийн эрхгүй хөдөлж “Баярлалаа, чи ч бас сайхан харагдаж байсан“ гэсэн байв. За, хоёр дахь алхмаа л сайн анхааръя байз гэж би өөртөө шивнэлээ. “Би чамдаа бүхнээ зориулахад бэлэн шүү“ гэсэн үгс араас нь нисээд ирлээ. Энэ хожимдсон үгэнд гомдсон ч гэлээ сэтгэл гэдэг жолоогүй тул “Би ч бас бэлэн“ хэмээн бичиж явуулснаа аягандаа багтахгүй нулимсаа нуун гадаа гарч мэгшүүлэн уйллаа. Энэ үед араас нэгэн хүн ирж мөрөөр минь тэвэрсэн нь нөхөр минь байлаа. Нөхрийнхөө итгэл дүүрэн харцыг хараад бид ингэж болохгүй тавилантай хүмүүс гэдгийг анхны хайрын эзэнд хожимдолгүй хэлэх хэрэгтэйг ухаарлаа. Мөнхөд үргэлжлэх анхны хайраа зовлон болгохыг хүссэнгүй. Ирсэн болгон буцдаг хорвоод анхны хайр ч ирээд буцдаг. Нэгэнт буцсан бол эргэж ирэх учиргүй. Тэгвэл адармаатай хайр болох бус уу. Тэр надад хэлэлгүй явсан шиг би ч бас түүнд хэлэлгүй явахаар шийдлээ. Тэгж л гэгээн хайр хэвээрээ үлдэх байх гэж бодсон юм. Машиндаа суугаад бид халуу дүүгсэн гэр, хайр татам өхөөрдөм хүүхдүүд рүүгээ хөдөллөө. Хайранд минь төгөлдөр эзэн бий. Тэр бол миний нөхөр. Гэвч зүрхний минь гүнд үлдсэн анхны хайр минь баяртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!