“БӨӨГИЙН ТОЛЬ” ӨГҮҮЛЛЭГ
“БӨӨГИЙН ТОЛЬ” ӨГҮҮЛЛЭГ
П.БАТНАЙРАМДАЛ
Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанас арай гэж гараад зам руу эргэтэл гэнэт ханцуйнаас угзарч: -Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж: -Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамxи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр: -Та авчих л даа, танд хямдхан өгнө шүү гээд хүрэн аравчаар нь нарийсган хүрээлсэн шаазангийн дайны дугираг толь үзүүллээ.
Дэмий амарлаа, шуудхан явчихдаг байж гэж бодсон би ачаагаа авах гэж тонгойх зууртаа: -Авгай хүүхдийн аахар шаахар зүйлээр ах нь юу хийхэв, өөр хүнд үзүүл! гээд гэдийхэд бүр урд минь гарч зогсчихоод: -Танд хэрэг болно доо. Ид шидтэй гэх нь юу юм. Ямар ч байсан танд хэрэг болох эд шүү гээд өнөө толио үлээж ханцуйгаараа хэд шудран арчсанаа: -Та хар даа. Онцгой доо, онцгой гэснээ нүүрэнд маань бараг наах шахам тулгалаа. Яг энэ үед миний сониуч зан гэнэт хөдөлж, тортойгоо буулган газарт тавиад толийг сонирхож эхэлсэн юм. Ингэх шалтгаан надад байсан учраас тэр. Шалтгаансах юу байхав, толины тухай нэгэн содон яриа миний гайхлыг ихэд төрүүлээд байдаг билээ. Юу гэвэл “Лу Арпо 1743” гэсэн бичигтэй толийг хэзээ ч худалдаж авахгүй байхыг хоёр зуу гаруй жил сануулж байдаг гэсэн тэнэмэл үг намайг хатгасан хэрэг. Ийм бичигтэй толинд харсан хүн үxдэг, эсвэл цуc харваж удаан хугацаагаар тарчилдаг гэдгээс өгсүүлээд ер бусын ийм хачирхалтай үзэгдэл агуулсан толь байдгийг олонтаа уншиж, сонсож, шал дэмий юманд тархиа гашилгаж суудгийг энэ учрал сэдрээж орхисон юм.
Толинд ямар нэгэн далд совин, харш үзэгдэл агуулагддагт итгэх нь юу юм бишрэх аяддаг ч гэх үү. Унтаж байгаа хүний цээжин дээр толь тавиад яриулдаг ч гэх шиг, үxсэн хүний дүр толинд харагддаг ч гэх шиг этгээд этгээд санаанууд тэрхэн хоромд зурсхийн орж ирээд болдоггүй. Ямартай ч миний эрэгцүүлдэг, хоосон мөрөөдөл таамгийн нэг нь толь л доо. Нимгэн хүрэн аравчаар нь хүрээлсэн нь сэмэрч хуучирсан агаад ямар ч бичиг үсэггүй толийг би эргүүлж тойруулан харж, чамгүй ажиглангаа худалдаж авахаар шийдлээ. -Чи ямар үнээр өгөх юм бэ? гэвэл намайг юу гэх бол гэсэн горьдлогын харцаар над руу чимээгүй харж зогссон залуугийн нүд илэрхий сэргэж: -Танд хямдхан өгнөө, ердөө нэг шил юмны үнээр авчих гээд тамхинд шарласан орсгой шүдээ ярзайлган инээж байх юм. -Яагаад заавал надад зарах гээд байгаа юм бэ? гэвэл энэ нөхөр ч авч таарах нь гэж илт урамшин толио магтах үгийн эрэлд гарав бололтой нүдээ эргэлдүүлэн хоромхонд: -Та харваас юмны чанар мэдэх хүн байна. Энэ толь долоон үе дамжсан бөөгийн толь байгаа юм. Дүү хүү нь ямар ид шидийг нь гаргаж чадах биш. Алсдаа танд хэрэг болох эд шүү.
Гадаадад хуучны эд зүйлс үнэд хүрдэг гээ биз дээ гээд ашгүй ам ангайсан дээр нь гэсэн бололтой толио миний гарт атгуулав. Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн үг миний сонирхолыг хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзүүлэв. Байж болох шүү дээ, хэн нэг бөө хэрэглэж байгаад наc барcан, үр хүүхэд нь хадгалж явсаар өдий хүрсэн гээд бодсон чинь бүр ч сонирхол татаад явчихлаа шүү. За, тэгээд бөөгийн толь биш байсан ч хүнд эд илүүдэх биш гэж бодсон би сониуч зангаа улам лавшруулан: -Энэ үнэхээр бөөгийн толь юм уу? хэмээн их л бишрэнгүй асуухад минь өмнөөс: -Тэгэлгүй яахав, чамгүй чадалтай бөө эдэлж байсан юм. Юмны чанар мэддэг хүн гэж өөр юмаа. Сайхан толь шүү, ёстой эртний ховордсон эд наадах чинь гээд гараа сарвайж байна гээч. Түүнийг би cайн ажиглалаа. Xарваас нүүр царай нь барзайж батгатан xарлаж, хамар нь монцойж улайсан, хир тоосондоо баригдаж, үжрэх шахсан нэвсгэр хувцастай түүнийг хараад гэнэт дургүй хүрч: -Нэг их зарчихаар бас авчихаар эд биш л байна даг. Ийм туусайн толинууд хог дээр хэвтэж л байдаг юм гэвэл залуу наймаа буцах нь гэхдээ сандарч бараг л ээрэх нь холгүйгээр: -Яалаа гэж ах минь, ядарсан ч гэсэн хулгай хийж уухгүй эр шүү.
Энэ толь манайд их удсан гэж танд хэлсэн дээ, долоон үе дамжсан бөөгийн толь гэж … хэмээн түгдчив. Бөөгийн толь гэсэн нь нэг л сонин санагдаад бас түүнийг арчаагүй байдлыг өрөвдсөн маань нэмэгдэж: -За за, ах нь тоглосон юм аа. Би авлаа гээд хэдэн төгрөг гаргахад нөгөө залуу юун тоолох үг сүггүй шүүрэх шахам аваад л олны дундуур чавхнаас алдуурсан чулуу шиг зүсэн алга болсон юм даг. Гэртээ хариад эхнэрээсээ эрүүний шөл уух нь тэр. Эхнэр маань хүнээс далд намайгаа ёстой хулхийг нь буулгана шүү дээ. Уг нь би их л сонирхолтой наймаа хийсэн боловч: -Тэр өгөр аpxичин, хогоос олоод л чамд зарчихгүй юу. Гэрт хоёр гурван босоо толь байна даг. Наад эргүү толгойгоо харах гээд байгаа юм бол гээд л бууж гарав. -Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөх, толио үнэлүүлэх санаатай хэлбэл: -Элэнцгийн чинь бөөгийн толь гэж. Юуны чинь долоон үе дамжсан энэ тэр вэ, эргүү минь. Бөө нар чинь дугуй зэс тольтой байдаг юм. Ядахдаа зэс шил хоёроо ялгаач дүнхүү минь гэснээ эхнэр инээж байнаа. Уур нь гарч байгаагийн шинж. -Толинд их учир бий шүү, бид л мэддэггүй болохоос биш гэвэл нөгөө толийг авч харсанаа эхнэр: -Юуных нь учир начир, ид шид, бөө мөө байхав дээ.
Халцарч загалтсан хогийн нoвш л байна. Гаргаж хаявал таарна гэснээ над руу эгцлэн харж: -Хүүхэд шиг юм ярьж байхаа хэзээ болих хүн бэ, чи гээд хөхөрсөнөө нөгөө толийг орны хөндий рүү чулуудчихав. Би ч хоолны ногоо арилгах ажилд шамдлаа. Хэн хэн маань дахин үг дуугарсангүй. Хэнд ч хэрэггүй үнэхээр л хогийн новш байснаас эхнэрийн санаанд дахин ороогүй бололтой. Би бага хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтсэн ч нойр хүрдэггүй. Тэгээд толины тухай уншсан сонссоноо эрэгцүүлэв. Толины тэр ид шид нь гэм зэмтэй хар буруу санаатанд л нөлөөлдөг байх. Толинд харсан хүн л үxээд байдаг бол хорвоо хоосорчихолгүй яахав. Толинд ямар нэг нууц далд увидас хадгалагддаг л гэж бүр эрт дээрээс ярилцсаар л ирсэн. Зарим хэсэг нь итгэсээр л байдаг аа. Ам дамжсан яриа ер нь үнэн л болж хувирдаг. Бичиг үсэг мэддэггүй өвөө маань хүртэл хагархай толь хадгалдаггүй юм гээд толины хагархайг хог дээр хаяж байснаас эхлээд нөгөө нэг бичигтэй толь Францын цагдаагийн газрын подвалд хэдэн зуугаараа хог болон хэвтэж байдаг гэснийг хүртэл санаж хэвтлээ. Гэхдээ яг ийм тийм гэж биеэрээ мэдэрсэн биш. Сонирхоод л гайхаад л хачир чимэг нэмж маазран ярьж явахаас хэтрэх биш дээ. Нэг л мэдэхэд эхнэр хөнжлөөс татаж:-Хүүе, нар ханын толгой давлаа гэж байлаа. Толь худалдаж авсны маргааш өглөө л ногоон Бямбаатай ёстой улаан халз тулгарав. Эхнэр бид хоёр радиогоор зарлуулахаас наагуур л сураглаж байдаг хүн л дээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.