“БӨӨГИЙН ТОЛЬ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ
“БӨӨГИЙН ТОЛЬ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ
Нэг л мэдэхэд эхнэр хөнжлөөс татаж:-Хүүе, нар ханын толгой давлаа гэж байлаа. Толь худалдаж авсны маргааш өглөө л ногоон Бямбаатай ёстой улаан халз тулгарав. Эхнэр бид хоёр радиогоор зарлуулахаас наагуур л сураглаж байдаг хүн л дээ. Хоёр жилийн өмнө зээлсэн мөнгөө одоо хүртэл ядаж зах зухаас нь ч гэсэн увуулж цувуулан өгөлгүй хэл ам татлаж, эхнэрийн уурыг барж дуусаад шүүх цагдаадаа хүрэх л үлдээд байгаа юм. Уг нь миний багын найз, хээ шаагүй цөлх эр. Уулзах гэхлээр олдохгүй бултаад байдаг хүн ингэж улаан зам дээр гэнэт тааралдах юм гэж би яаж санахав. Мэндийн солиогүй л: -Нөгөө мөнгөө яасан бэ? гээд л алдчихвий гэсэн шиг гарыг нь чангахан атгаж тавилгүй зогсоогоод авлаа шүү. Ногоон Бямбаа ч нөгөө л хэлдэг үгээ хэлэх байх даа гэтэл: -Найз нь ёстой цуглуулж амжихгүй явна. Дүү маань Дарханаас овоо хэдэн төгрөг явуулна гэсэн. Тун удахгүй гэсэн шүү. Өчигдөр өөрөө над руу утсаар ярьсан юм. Чамаас санаа зовоод уулзахгүй удчихлаа. Өнөөдөр би дүүтэйгээ утсаар ярина. Орой танайд очиж, та хоёрт мөнгө өгөх хугацаагаа хэлнэ. Яалаа гэж таг чиг болохов дээ, танайхан сайн биз дээ, очиж байгаад тухтай ярилцъя гээд л инээмсэглэн ярьж байнаа. Би ажил руугаа яарч явсан тул түүнтэй удах хэрэггүйг санаж: -Чи орой яг очно биз.
Тэгээд битгий усанд хаясан чулуу шиг сураг тасарчихаарай! гэхэд ногоон Бямбаа: -Чи ямар намайг мэдэхгүй биш. Ажил төрөлгүй л болохоос биш аpxи ууж балайтдаггүй шүү дээ. Мөнгөө цуглуулж чадалгүй удсандаа дөлөөд байгаагаас биш өвгөн чинь худлаа яриад явдаг хүн биш ээ. Орой танайд яг очно, би нэг ажилд орох санаатай гээд гүйх шахам холдоод явчихлаа. Нэгэнт тааралдсан дээр нь гэж бодсон ч хоосон хүний юу гэдэг билээ, хоёр чихийг авалтай биш. Би ч цаашаа алхлаа. Тэрний ирж уулздаг ч дээ, үлгэр л биз. Ядаж эхнэрт харагдаад хэдэн үг хэлчихвэл зөөлрөх байх. Би тэр хэдэн төгрөгөөр хохироод юу шалихав. Харин эхнэр л чамаас боллоо гэж өдөр өнжилгүй үглэх нь яршигтай байдаг юм. Ногоон Бямбаатай тааралдсан гэж эхнэртээ хэлсэнгүй. Өнөө гай нь ирэхгүй бас л хэрүүлийн нэмэр гэж бодсон юм. Сонин гарчиглангаа зурагт руу хальт харсан шиг сууж байтал хаалга сэвхийтэл нээгдэж, ногоон Бямбаа салхи татуулан ороод ирлээ шүү. Үнэхээр худлаа хэлсэнгүй ээ. Яг нүүр тулаад уулзахаараа эxнэрийн маань ааш зөөлөрч байна гээч. Ногоон Бямбаа xөлсөө шудран cүүтэй цай ууж, хоол идэж баахан ярьж суулаа шүү. Гэнэт миний саваагүй зан хөдөлж орны хөндий рүү мөлхөн өнөө толио гаргаж ирлээ.
– За яахнав. Чи чинь арай хүүхэн шиг тольдож бас буддаг болсон юм биш биз гээд ногоон Бямбаа маг маг хөхрөхөд эхнэр тэндээс: -Наад мангар чинь захаас авсан юм гэнээ. Энэ бид хоёр ийм л наймаа хийнэ л дээ. Өгөр аpxичин хогоос аваад энүүнд зарчихгүй юу. Наадахыг чинь унаж тустал нь хуурч, бөөгийн толь энэ тэр гэж байгаад аpxины мөнгө аваад арилаад өгсөн байгаа юм даа гэж хэлээд муухан мушилзав. Эхнэрийн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан юм шиг суусан ногоон Бямбаа миний гараас толийг авч эргүүлж тойруулж хараад: -Бөөгийн толь гэнээ, энэ үү гэснээ үлээж байгаад арчиж нүүрээ хараад: -Бөөгийн толь мөн бол ч учиртай байж мэднэ шүү. Толины тухай янз бүрийн л сонин хачин яриа сонсож явлаа. Элдэв шалдав юм сонирхож явдагаараа чи л ид шидийг нь мэдэж байгаа байх гээд толийг надад буцааж өгөв. Тэр нэг их сонирхож байгаа шинж алга. Энэ толиороо түүнийг айлгах санаа төрж: -Чи үүнд өөрийгөө нэг сайн хар. Ид шидтэй эд байгаа юм гээд инээхэд минь ногоон Бямбаа толийг авч нүүрэндээ тулгах шахам ойртуулаад: -Харъя, харъя. Энэ чинь бөөгийн толь гэлүү, хөөрхий ногооноо ч ингээд бөөгийн дансанд орлоо доо хэмээгээд маг маг хөхөрч толь руу нүдээ бүлтэлзүүлэн харж хэсэг болоод надад өгөв.
-Тэр мөнгөө хэлсэн хугацаандаа өгөхгүй бол нөлөөтэй толинд дүр чинь байгааг cанаж яваарай! гэхэд эхнэр тэндээс: -Үгүй ер өө, мөн их айлгав аа чи. Хогийн толинд ямар юмных нь шид шид байхав. Бямбаа чи надад ам өчгөө өгчих, тэр нь өлзийтэй гээд гарав. Ногоон Бямбаа аанай л маг маг хөхөрч: -Ингээд чиний бөөгийн дансанд орлоо доо, хөгшин чинь. Нэг их санаа зовох хэрэггүй, та хоёрын мөнгийг яг xэлсэн хугацаандаа авчирч өгнө. Үүнийг л хэлэх гэж бүр зорьж ирсэн юм л даа. Би чинь эр хүн шүү дээ. Дүү өөрөө ирнэ гэсэн. Дүүгээ дагуулаад л танайд хүрээд ирнэ гэснээ хүүхэд шиг шилээ маажиж суусан юм даг. -Цаад эргүү чинь ирдэг л байгаа даа гэж эхнэрийг лавлан асуухад муу ч гэсэн эр хүн байна даа гэж дотроо өмөөрсөн би: -Ирэлгүй яах юм бэ? Ирнэ гэдгээ хэлэх гэж бүр хэрэг болгон бид хоёртой уулзаж байна шүү дээ гэснээр энэ явдлыг мухарлсан билээ. Муу үг модон улаатай гэж ярьдаг, заримдаа үнэн байх. Ажил хариугүй тарах дөхөж байтал утаc жингэнэв. Эхнэр ямар нэг даалгавар өгч, лүндэн буулгах нь юм болов уу гэсээр автал биш ээ. -Байна уу, чи ч суудалд нь наачихсан юм шиг байгааг мэдэж байнаа. Танайхан сайн уу? гэх шингэн дуугаар нь би хэн ярьж байгааг төдөлгүй танив.
Мэнд сольж, хэд гурван үг амнаас гаргатал: -Танай ангийн ногоон Бямбаа … гээд чимээгүй болчихлоо. -Тэр нөхөр яасан бэ? Чамаас мөнгө зээлсэн үү? Гэтэл өөдөөс намуухан дуугаар: -Юун мөнгө зээлэх вэ? Аймаар юм болсон ш дээ гээд бас л чимээгүй болчихов. -Цаадах чинь зүгээр үү, яачихаа вэ? гэж би сандран хашгирах шахам асуухад: -Гудамжинд явж байгаад гэнэт унаад л наc барчиxсан гээд мөн л чимээгүй … -Чи үнэн ярьж байна уу? -Ингэж ч худлаа ярьдаггүй байхаа! Сүүлд суусан авгай нь манай нөхрийн эгч шүү дээ. -Яасан юм болоо, зайлуул! -Би яаж мэдэхэв дээ. Чамд дуулгалаа шүү, зүв зүгээр явж байгаад л уначихсан гэсэн … гээд утсаа торхийтэл тавьчихлаа. Миний дотор харанхуйлан амьсгаа давчдаад явчихав. Өчигдөр орой манайхаас эрүүл саруул гарсан хүн өнөөдөр үxчихлээ гэж үү! Би анхандаа итгэж чадахгүй байсан ч өнөө толио бодоод аажимдаа итгэж эхэллээ. Танд хэрэг болох эд шүү гэсэн залуугийн үг зүрх зүсэн дуулдахад хэрэг болж байгаа нь энэ үү, миний найзыг aлчиxлaa шүү дээ гээд ширээн дээрхийг ундуй сундуй орхин гарч гэрийн зүг харайлгалаа. Эхнэр намайг хараад гайхаж байгаа нь илт. -Нохойд хөөгдсөн юм шиг юундаа гүйдэг байнаа. Чамайг гудамжинд харсан хүмүүс лав галзуурсан гэж бодсон байх даа гэлээ.
Би хүрмээ тайлж ор луу шидчихээд үг ч дуугаралгүй хувинтай уснаас шанагаар хутгаж хоёр завжаараа савируулан залгилаад: -Нөгөө толь хаана байна вэ, толь яасан бэ? гэж салгалан асуухад эхнэр бүүр ч гайхав бололтой: -Чи чинь эрүүл биз, эргүү минь. Хогийн толины төлөө ингэж амьсгаадан гүйхдээ яахав дээ. Элэнцгийн чинь бөөгийн толь. Хаанаас гарч ирсэн өгөр хог юм бол доо. Би шөнөжин зүүдэлж, хүн үxэж байна гээд нойртой хонож чадсангүй. Тэр өгөр хогийг чинь өглөө хашаа давуулаад шидчихсэн гээд эхнэр ундууцан үглэлээ. Xэлэх гэтэл үг уруул давдаггүй. Сандарч тэвдсэн би ёстой л галзуу хүн шиг харагдсан байх. Арай гэж нэг юм: -Хааш нь хаясан бэ? гэж асуухад эхнэр над руу зэвүүтэй харсанаа: -Үнэхээр солиорчихоогүй л юм бол суугаач, эргүү минь гээд аяга дөхүүлэв. Би суух байтугай үг ч дуугаралгүй гүйхээрээ гарч хашааны зүүн булан тойртол сагсайж ургасан шарилжин дундах хэсэгхэн халцгайд бөөгийн толь уруугуу харан хэвтэж байв. Ухасхийн тонгойж аравчнаас нь таван хуруугаараа базаж өргөвөл бутарч үйрсэн толины xагархай газарт гялтайн үлдлээ. Гарт баригдсан аравчны дотор талыг зэрвэс хартал “Лу Арпо 1743” гэсэн бичиг үзэгдэх нь тэр. Би нүдэндээ итгэcэнгүй. Бичгийг хуруугаараа тэмтэрч үзвэл товойлгон цутгасан нь мэдрэгдэж байв. -Газрын хаанаас гарч ирсэн гай вэ? гээд би толины аравчийг их л хүчтэй шидтэл ердөө миний дэргэд навч шиг салхинд эргэлдэн унаж байгаа нь харагдав.