“БЭР Ч ГЭСЭН ОХИН ТАНЬ ШҮҮ” БОДИТ АМЬДРАЛААС

“БЭР Ч ГЭСЭН ОХИН ТАНЬ ШҮҮ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Хадамдаа таалагдах гэж хичээх, хадмындаа амьдардаг бэрүүд хадмынхаа инээмсэглэхийн харах гэж өөрийгөө алддаг олон олон бүсгүйчүүдэд зориулан бичлээ. Бэр ч гэсэн охин тань шүү. Таны голомтыг үргэлжлүүлэх үр ачыг тань өөрийнхөө залуу насаа хугаслан яг л тан шиг өвдөлт мэдрэн төрүүлж хүүг тань хэний ч зөвшөөрөл зааваргүй хайрлахаар ирсэн охин шүү. Та азтай юм. Хүүтэй учир охин минь айлд яаж зовох бол гэж санаашрахгүй бас сэтгэл өвдөхгүй. Гурван хүүтэй учир та хэзээ ч айлд охиноо өгөөд цайны дээжээ өргөөд доголон нулимстай хоцорсон ээжүүдийг мэдрэхгүй. Өнгөрсөн хугацаанд 8 жил хадмындаа амьдарсан бэр байнаа. Би 20 настай анх бэр гуйлгаад анх хадмынхаа гэрт хайртай нөхрөө хөтлөөд орсон. Тэр жилдээ охин үртэй болж хоёр талыхныхаа анхны ач зээг үнэрлүүлж байлаа. Би орчуулга хийж төсөл бичдэг учир гэрээсээ орлоготой болж хүүхдийнхээ памперс сүү хувцасыг өөрөө олчихдог нэг их хүнд төвөг болдоггүй бэр байсан. Өглөө босоод цай чанана. Хадмын тал маань ус буцалгаад кофе, липтэн цай уудаг учир өглөөд цай чанадаггүй айл байлаа.

Уг нь цай чанадаг аа өөрийгөө их санаачлагтай уламжлалаа хадгалсан бэр гэж боддог байв. Гэтэл кострул хар толбо болголоо, гашуун хар идээтэй цай чанаж халуун сав харлууллаа гэж загнуулах болсоноор цай чанаж тавьхаа болилоо. Эрүүл хооллолт, элдэв шинэ ногоо, гоё гоё гэрийн нарийн боов хийх дуртай хүнс цуглуулахдаа ихэнхдээ ногоо ахиухан авчихна. Хадам ээж харин тос ихтэй цуйван,будаатай хуурга төмсийг илүүд үзнэ. Ингэснээр хоолны зөрчил гарнаа. Гэтэл удалгүй авсан ногоог минь хогонд хаях, хэрэглэж амжаагүй зүйлсийг минь орцонд хаях болсон. Монгол хүн монгол хүнсээ л иднэ бид ямар хятад уу гэх үг хэлнэ. Би за ээжээ гэдэг ч хэлэн дээр ээжээ хадам аав та хоёр бас гурван хүүгийн тань гэдэс, унжсан гүзээ энэ гурил будаатай холбоотой хааяа нэг хөнгөн эрүүл хоол идье л дээ гэмээр л байдаг байлаа. За энэ ч жижиг асуудал. Ихэнхдээ оройдоо орчуулга хийж, захиалгаар төсөл бичдэг учир би компьютер шагайж сууна. Үүнийг маань дэмий интернет ухаж хаа хамаагүй хавь ойрын хов жив уншдаг ажилгүй гэж ойлгоно. Миний үед хөдөлмөрлөөд гүйдэг байлаа одооны эхнэрүүд утас компьютер шагайгаад нөхрөө хэмлээд суух хүсэлтэй гэж ирээд хадам аавд үг хаяна. Хөөрхий хадам аав юу ч хэлэхгүй. Надад их сайн байсан л даа анхнаасаа. Хоёр дахь охин дээрээ нэлээн ядарч төрлөө. Төрчихөөд гэртээ ирээд л шууд л хүйтэн мах хэрчээд хувцасаа угааж зогссон доо.

Нөхөр маань урт цагаар ажилладаг хөөрхий туслах сэтгэл байвч арай гэж олдсон мэргэжлээрээ ажиллаж байгаа ажил учир зав бага. Хадам ээжийн ах дүүс эгч нар маш хэцүү бүх зүйлд тусламж аваад сурчихсан, нэг буудал газар алхах байсан ч машин дууддаг, нэг юм нь болохоо больлоо гэхэд бас л манай нөхөр ажлаа тараад тийшээ нь очиж туслаад шөнө ирнэ. Үүнийг хадам ээж зохицуулна. Чи ажлаа тараад тйишээ яв. Тэнд тусла тэд хөөрхий л гэнэ. Эхнэр чинь хоёр хүүхэдтэй энд ядарч байна гэж хэлэхгүй. Би гэхдээ нэг ч үг хэлж байгаагүй чимээгүй л тайван амгалан ажлаа амжуулаад л суудаг байлаа. Хамгийн аймшигтай нь бага охин маань ойтой байхад надад нэг дугаараас танай нөхөртэй би уулздаг бид хоёр анхны хайрууд. Бид хоёрт саад бололгүй яваад өгөх боломж байна уу гэх зэрэг мессеж ирэх болов. Нөхөртөө гомдоод уйлаад хэлэхээр нөхөр би чамайг хуураагүй бас хуурахгүй хайраа энэ дугаарыг олно гээд бөөн юм болж байж олсон. Хамгийн харамсалтай нь тэр дугаар хадам ээжийн нэр дээр байсан гээд боддоо. Хадам ээж маань намайг хүүгээсээ салгах гэж нөгөө өрөөнд байж л тийм мессеж бичдэг байж. Үнэхээр их гомдоод хэд хоног өөдөөс нь харж чадахгүй үг дуугарч чадахгүй амьдарсан. Манай ээж жаахан настай хүн. Намайг шүүгээ зөөгөөд өгөөч миний охин хүргэнтэй ирээд гэхэд өөрсдөө болгож бүтээж болдоггүй амьдрал уу? хүн амьтан амраахгүй дуудаад гээд нөхрийг явуулаагүй юм даа. Гомдоод л гомдоод л….

Нөхөртөө сүүлдээ гомдолдог боллоо. Удахгүй тусдаа гарнаа хайраа тайвшир гээд нөхөр намайг аргадна. Нөхрийн дүү эхнэр авлаа. Ингээд хамт байдаг болов. Бага бэрээ бүр үзэхгүй. Энэ нэг юмыг, энийг гэж үргэлж чичилнэ. Яг л миний түүх хөөрхий тэр охин дээр дахин давтагдах боллоо. Нөхөр охин бид дөрвийн хувцас угаахад бэлдээд тавьчихсан байхад дотроос нь хүүгийнхээ хувцасыг ганцааранг нь салгаад угаагаад өгнө. Энэнд би нэг их эмзэглэдэггүй л дээ би гэрт суугаа юм чинь би л угаана өөрийнхөө хувцасыг гэж боддог. Түрүү жилээс лам бөөгөөр явах болж, нөхрийг өрөөндөө дуудаж оруулаад эхнэр чинь бузартсан байна гэж байна сайн ариул, арц уугиул, эхнэрээсээ салсан нь дээр гэж хэлж байна их том хүн болох юм байна тэгвэл ирээдүйд гэж ирээд ухуулга хийж эхэллээ. Нөхөр сүүлдээ уурлаж бид дөрөв тусдаа гарна гээд 4,5 сар байр түрээслэж амьдарлаа. Байр түрээслэсэн сарууд миний хамгийн аз жаргалтай хамгийн их ажлын бүтээмжтэй хамгийн тайван сарууд байлаа. Миний бэр болсоноор 8 жилийн түүхэнд зөвхөн нөхөр хүүхэдтэйгээ хэний ч зааваргүй байсан хугацаа 5 сар байж дээ. Бие өвдөөд даралт ихсээд гээд эргээд бид дөрөв очлоо.

Нөхөрт ажилдаа юу өмсөхийг нь заана, тэр гутлаа өмс тэр цамцаа өмс миний хүү гэнэ. Нөхөр гүйээ ээж хайрынхаа авч өгсөн гутлыг өмсчихье гоё байдын гэхээр тэрийг ямар гутал гэхүү, чийг татсан хачин юм боль гээд бүр миний бэлэглэсэн гутлыг нуучихсан хэхэ. Бүр нэг тулга тойрсон инээдтэй зүйл бичиж байвал уучлаарай. Хадам ээжийнхээ үзэл бодлыг өөрчлөх гэж гоё гоё ном худалдаж аваад өрөөнд нь тавьж үзсээн. Гэсэн чинь номыг маань сөхөж харалгүй тагтан дээр өвлийн хувцастай хамт гаргачихсан байсан даа. Олон ангит турк солонгос кино тасралтгүй үзнэ , хүн юу ч гэж мунхруулж хэлсэн дороо итгэнэ яамар ч хүн юм дээ. 11 сард миний тэвчээр алдарсан. Миний бурхан болооч аавын зургийг хурц өнцөг гаргаж нугалаад шүдээ чигчлээд сууж байхад нь би сөхөрсөн. Зүгээр л явъя… Ээж дээрээ очьё. Зүрх сэтгэлээ чөлөөлье тайван амьдаря гэж бодоод хоёр охиноо аваад нүүсэн. Нөхөр тэр үед 3 сараар солонгос явсан байсан учир намайг явсаныг мэдээгүй байсан.

Бүр ирэхийнхээ өмнөх өдөр л бага бэрээс сонссон байсан. Би ажилд орж мөрөөдлөөрөө амьдархаар шийдсэн. Бүхнийг өөрийн хүслээр айдасгүй амьдрахаар шийдсэн байлаа. Нөхөр ирээд гуйлаа. Ханиа харья гээд. Чиний гэр бүл энд бол бид гурав мөн бол чи бид хаана байгаа тэнд бай, чиний гэр бүл тэд бол чи тийшээ ганцаараа явдаа гэж хэлсэн. Нөхөр маань бид гурвыг сонгож бид дөрөв их өртэй ч гэсэн байр лизингдэхээр шийдээд түрүү долоо хоногт нүүж орлоо. Маш их өртэй жаахан тартагхан л амьдрах нь дээ гэхдээ сэтгэлээрээ баян зүрхээрээ нэг ч стрессгүй амьдрах нь. Хадам ээж нөхрийг маань дахиж манай босго бүү даваарай гэсэн байна… Хадам ээжээ! Таны хүүг би хиртэй хувцасгүй хоосон ходоодгүй нүдэнд нь гуниггүй амьдруулж чадна. Хариуд нь хань минь намайг зүрхэнд нь хөндүүргүй, үрсийг минь өнчрүүлэлгүй өрхийн тэргүүн болж туслана. Таны нялх хүү аав болоод өрхийн тэргүүн болоод 8 жил боллоо. Хүүгээ харамлах сэтгэлээ тэвчиж бэрдээ бэлэглэ дээ. Би ч бас хэн нэгний хайртай охин шүү гэж хэлье дээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!