“БУРХАН” ӨГҮҮЛЛЭГ
“БУРХАН” ӨГҮҮЛЛЭГ
Х.ТҮВШИНБАЯР
Ёооё зүрх амаар гаргах гэж байна цус чинь, яадаг алтаар урсмар вэ гэснээ: – Муу эмээ нь хүүгээ харин айлгаад хаячихав уу даа хэмээн дээлнийхээ өвөр рүү гараа шургуулан нүдээ бүлтэгнүүлэн зогсох бяцхан ачдаа эрээн цаастай чихэр атгуулахад хэдхэн хормын өмнө эмээгээ цочоох гэж орилж буруудсан нөхөр юу ч болоогүй мэт цааш дэгдэн одов. -Үгүй ээ мөн дүрсгүй шидэл шүү. Энд ч нэг, тэнд ч нэг орилж чарлаж явдаг. Арга ч үгүй байлгүй дээ. Гурав дөрөвхөн настай нялх амьтан гэж бодон ууттай хүнсээ барьсаар гал тогооны өрөөнд оров. Эмээгээсээ чихэр авсан нөхөр төд удалгүй гал тогооны үүдээр эргэлдэнэ. Эмгэн түүнийг хараагүй дүр эсгэн өврөө ухан ахин нэг чихэр гарган ширээний буланд тавиад гурилаа үргэлжлүүлэн элдэнэ. Жаахан ач нь аажим дөхөж ширээний буланд байх чихрийг сэмхэн аван пижигнэтэл гүйн мухрын өрөөнд орсоноос хойш хэсэг таг чиг болов. Эмгэн ч элдвийг бодон гурилаа элдэж дуусаад:
-Eэ балар гэж. Өнөө муугаа харахгүй бол өрөөнд байгаа бурхан тахилд гар хөлөө авчих вийдээ гэж санан хар хурдаараа маажигнан мухрынд өрөөнд ортол бяцхан ач нь эмээгийнхээ эрхийг эргүүлэн бурхны өмнө завилан суух нь тэр. Гайхсан эмгэн аажим дөхтөл өмнөө таваг дүүрэн чихэр тавьчихсан маань мэгзэм бололтой зүйл амандаа үглэн сууна. Эмгэн аажуухнаар: – Миний хүү, юу хийж байгаа юм гэхэд хүү эргэн харж: – Би бурханаас өвөө гуйж байна. Та хоолоо хийж бай эмээ. Бараг хоолоо хийгээд дуусахаар чинь өвөөтэй болчихож магад. – Миний хүүд хэн бурханаас өвөө гуйдаг гээв? гэхэд: – Ээж тэгсэн юм. Бурхандаа чихэр өгөөд эмээгийнхээ үгэнд сайн ороод, залбираад байвал хүсэл биелдэг гэсэн. Энэ гэрт би ганцаараа эр хүн. Гэхдээ би арай л жижигхэн болохоор ээж та хоёрт сайн тусалж чадахгүй, бас тоглоомоо хураах гэхээр ядраад байгаа болохоор надад туслах хэрэгтэй байна.
– Пээ Дарь эх минь энэний энэ ам хэлийг ээ. Заавал өвөө байхдаа яадаг юм гэж эмээ нь уулга алдахад: – аав гуйж болно л доо. Гэхдээ аpxи уучихаж магад гэж бодоод. Өвөөтэй болчихвол шатар л тоглоно. Тэглээч би даам тоглож чадна. Ээж та хоёрыг байхгүйд өвөөтэйгөө гэрээ хараад тоглоод байж болох байх гэж бодоод гэснээ гэнэт урдах ажлаа санасан бололтой эмээ рүүгээ: – Хоол болохоор дуудаарай эмээ. Би одоо ахиад залбирлаа. Сая арван зуу залбирсан. Зуун найм болоход хэдхэн дутуу гэснээ бурхан руу харж суун дүнгэнүүлэв. Өрөөний хаалгыг хаан гарсан эмгэн: – Чааваас даа. Энэ муу нялх амьтан хүртэл эр хүнээр дутаж л явдаг юм байж дээ гэж бодон анисган дахь нулимсаа моониг хуруугаараа арчин гал тогооны өрөө рүү маажигнав.