“БУРХАН ХИЧЭЭСЭН ХҮНД БЭЛЭГ ӨГӨХӨӨ ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“БУРХАН ХИЧЭЭСЭН ХҮНД БЭЛЭГ ӨГӨХӨӨ ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Өчигдөр харьж яваад агсан тавьсан нөхрөөсөө зугтан таван настай охиноо тэврээд зам гарч яваа бүсгүйтэй таарлаа. Хойноо суулган жаал хотоор цуг сэлгүүцэв. Манайд хонох уу гэж асуухад үгүй ээ унтчихаар нь орохоор зүгээр байдаг юм гэв. Охиныг нь хараад өөрийгөө харах шиг л санагдав. Олон жилийн өмнө хүүхэд байхдаа аавыгаа унтахыг хүлээгээд ээжтэйгээ яг ингээд л гадаа зогсдог байсан хэцүү мөчүүд нүдэнд харагдав. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд оруулж төлбөр мөнгийг нь өр тавин төлцгөөж амьдралд гарахад нь бас л туслаж байр сав авч өгөн байр савгүй нь байгаагаа таслаад айл болгодог. Гэхдээ намайг айл болоход надад шинэ дээл байтугай таслаад өгөх тогоо шанага авах мөнгө манайд байгаагүй юм.

Аавын тавьсан өрийг ээж бүх цалингаараа дарж хоол ундаа арай ядан залгуулдаг байсан тэр л хэцүү цагт хүн болж өсч торнижээ. Нэг гудманд өсч торнисон үеийн хүүтэй үерхэж нөхөрлөж явсаар амьдралаа холбосон. Бид хоёр талаасаа орос мебэль модон ор хувцасны бор түмбүүшк бүх бараа 999 гэдэг дэлгүүрээс ээжийн минь авч өгсөн халбага сэрээ аяга тавагтай хадмынхаа хашаанд жижиг дөрвөн ханат барьснаар эхэлж байлаа. Би төгсөх курс нөхөр маань оройн цагаар аавынхаа машинаар халтуур хийж амьдралаа болгож эхэлсэн. Хонхны баярын минь бүх л мөнгийг нөхөр маань халтуур хийж олж билээ. Бид хоёр хэрүүл маргаан үүсгэлгүй эвтэй амьдарна шүү гэж амлан нэг нэгнийхээ үгийг сонсож үргэлж нөгөөхөө өөрөөсөө дээгүүр тавин амьдарч ирсэн. Маргалдах шаардлага гарвал гэртээ лав биш шүү гэж тохирсон юм. Бас хэн нэгнийгээ хэлж болохгүй санамсаргүй амнаас гарах муухай үгсээр гомдоолгүй үргэлж хэлээ хазах эсвэл уураа цаасан дээр бичиж гаргаад шатаадаг байя гэж ярьсан байлаа.

Хэрүүл маргаан байхгүй гэрт амьдралаа дээшлүүлэх л бодол ноёлдог юм билээ. Хамт амьдраад гурав дахь жил дээрээ бид аав ээж болж жижигхэн дөрвөн ханат маань халтуур хийж цуглуулсан мөнгөөрөө авсан жижигхэн жижигхэн тавилга шүүгээгээр дүүрж айл болсон байлаа. Одойчуудын гэр гэж нөхөр маань гэрээ өхөөрддөг байв. Бүх тавилга нь намхан жижиг ккк. Халтуур хийхийн зэрэгцээ сийлбэрийн сургалтанд бүртгүүлээд явж эхлэв. Нөхрийг маань тэр үед найзууд нь, хамаатнууд нь ямар ч амьдралгүй ажил хийх гэлээ хэзээ мөнгө олох ажил хэзээ сайн сураад сайн хийж чадах ажил юм дээ гэж шоолдог байсан. Ганцхан хүн л дэмжиж шөнөжин сууж гараа өвдтөл юм ухаж төнхөхийг нь харж суухдаа дуртай байсан нь би. Зүгээр л олон зүйлрүү үсчилгүй ганцхан зүйлдээ л сэтгэл зүрхээ зориулаад эцсийг нь үзвэл хүн чаддаг юм гэдгийг хань минь харуулж амжилттай ажиллаж эхэлсэн юм.

Хамгийн эхний том орлого орж иртэл бид хоёр олон удаа бүтэлгүйтэж олон хүнд үнэгүй ажил хийж залилуулж тохуурхуулж явсан. Гэхдээ цагийн юм цагтаа бурхан хичээсэн хүнд бэлэг өгөхөө хэзээ ч мартадгүй юм байна лээ. Хамт амьдраад 8 дахь жил дээрээ сая үрдээ үлдээх байртай болж өрх тусгаарлан шинэ байрныхаа найрыг хийв. Лизингийн байр өр төлж амьдрахгүйн тулд жижигхэн одойн гэртээ мөнгөө хэмнэж хуримтлуулсан он жилүүд бид гурвыг шагнав. Тогоо худалдаж авахаар шинэ байртай болдог гэж үнэн юм байна лээ. Хоёр жилийн өмнө цалингаараа авсан ширмэн тогоо минь орлого дуудаж хуримтлал санаа зоволтгүй өсч ажил тасралгүй орж ирсээр бид нэг өрх айл болон босч ирлээ. Цаашид зогсох эрх байхгүй. Учир нь миний гэдсэнд ирээдүйн ерөнхийлөгч бойжиж үр минь дүүтэй болох гэж байна. Ирээдүйд сайхан болох өөрчлөлтийн төлөө түр зуур зовоод авахад гэмгүй ээ охидоо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!