“БУРХАНААС ЗАЯАСАН ҮРЭЭ ЭЦЭГТЭЙ, ЭЦЭГГҮЙ Ч ХАМААГҮЙ ТӨРҮҮЛНЭ” ӨГҮҮЛЛЭГ

“СОНГОЛТ” ӨГҮҮЛЛЭГ

БАЛТСҮХИЙН ЭРХЭМБАЯР

Гэрэлтуяа нүүр хуудсаа нээтэл шинээр шуудан иржээ. “Бид удахгүй хуримын аялалдаа явлаа. Чи харин бидний замд саад болоод байлгүй түүнээс хурдан холд. Тэр чамайг биш намайг сонгосон. Азгүй хүүхэн минь”. Дахиад л нөгөө улигтхар шуудан урилгагүй зочин аятай түүнийг угтах нь энэ. Тэрээр биеэ барихыг хичээсэн ч хар аяндаа зүрх нь часхийн хөндүүрлэж, хэвлийгээр нь базлах шиг болов. Үгүй би чинь одоо ээж болох гэж буй хүн тайван байх ёстой. Энэ бол хэн гэдгээ ч хэлэхээс хулчийсан ердөө нэг муу сэтгэцийн эмгэгтэй хүнээс ирсэн юу ч биш зүйл. Тэрээр дотроо ингэж бодсон ч гомдол харуусал дорхноо түүнийг эзэмдэн нулимс асгаруулж орхив. Нүүрээ даран хэсэг мэгшин уйлаад угаалтуурын өрөө орж хүйтэн усаар нүүрээ шавшаад арай дотор нь онгойв. Гэвч “Тэр чамайг биш намайг сонгосон” энэ доогтой үг үе үе бодогдсоор л байлаа. “Чи сайхан бүсгүй. Даанч би чамд тохирох хүн биш. Чамайг жаргалтай байлгаж би чадахгүй. Чамд ирээд байгаа “хар мэйлүүд”-ийн талаар мэдэх юм алга. Намайг хайрлаж хүндэтгэж явдаг өөр бүсгүй байхыг үгүйсгэхгүй ээ.

Гэхдээ тэр тэгэх хүн биш.” Жаргалтай сүүлчийн удаа уулзахад хэлсэн эдгээр үгс бас л чихэнд нь цууриа мэт давтагдан орж ирэв. Тэр надад итгээгүй. Харин тэр хумсаа нуусан муур шиг хуурамч хүүхэндээ итгэсэн. Одоо тэд нээрээ хуримын аялалдаа мөн ч жаргалтай явж байгаа байх даа. Гэтэл миний байж байгааг дээ. Толинд өөрийгөө харвал уйлж бөлцийсөн цөхрөнгүй харцтай огт танихгүй эмэгтэй урьдаас нь ширтэж байх аж. Гэрэлтуяа өөрөө өөрийгөө ч танихад бэрх болжээ. “Энэ чинь би гэж үү дээ. Үргэлж инээд хөөр баясал нүдэнд нь гэрэлтсэн. Юм л бол дуу аялан явдаг Гэрэлтуяа мөн гэж үү. За яахав би одоо энэ хэвлийд буй бяцхан амьдралын төлөө амьд явах ёстой.” гэж бодоод тэрээр биеэ эзэмдэн тайвширлаа. Нээрээ өнөөдөр хяналтын эмчдээ очиж үзүүлэх ёстой. Уймарч байгаад таг мартах шахлаа. Тэрээр яаран сандран хувцаслаад эмнэлэг үрүү явж очив. Хэвлийг нь хэт авиан оношлогооны чагнуураар нухацтай чагнах зуур дэлгэц дээрх дүрсийг харж суусан эмчийн царай гэнэт үл мэдэг түгшүүртэй өнгөөр солигдоод ирэх шиг. -Яасан бүх зүйл хэвийн үү? Гэрэлтуяа эмчийн нүүрэнд илэрсэн түгшүүрийг зөн совингоороо мэдэрвүү гэлтэй ийн асуув.

-Жаахан таагүй л байна даа. Ургийн зүрхний цохилт тун сулхан байна. Зүрхний цохилтын тоо байх ёстой хэмжээнээсээ цөөхөн байна. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Одоо тун болгоомжтой байх үе нь. Гэрийнхнээсээ тусламж ав. Хэвтрийн дэглэмд байх шаардлагатай. Нөхөртөө одоо л гэргийдээ хайртай бол халамжтай байх цаг нь шүү гэж хэлээрэй. Эмчийн хэлсэн энэ үг Гэрэлтуяаг бүүр ч ихээр гуниглуулж орхив. Иш чааваас миний хүүхдэд эцэг гэх хүн байхгүй ээ. Тэр одоо өөр эмэгтэйтэй шинэ жилийн баяр бас бал сараа тэмдэглээд хаа ч юм тун аз жаргалтай энэ хорвоо дээр Гэрэлтуяа гэж золгүй бүсгүй байдаг эсэхийг ч мартчихсан явж байгаа. Гэвч одоо энэ бүх нүцгэн үнэнтэй эвлэрэхээс өөр ямар ч сонголт түүнд байсангүй. -За тэгнээ, эмч ээ. Би гэртээ хэд хоног амрая даа. Гэрэлтуяа тун сулхан ингэж хэллээ. Юун гэртээ амрах ажлаа хийхээс өөр зам түүнд байхгүй шүү дээ үнэндээ бол. Нөхөргүй гэдгээ эмчид хэлэхээс санаа зовж ингэж худлаа хэлсэндээ Гэрэлтуяагийн нүүр үл мэдэг улсхийв. Хүүхэдтэй болсон гэдгээ Жаргалд хэлэх үү яахав. Үнэндээ хэлэх гээд ч нэмэргүй л дээ.

Тэр утсаа ч хариулахгүй байгаа. Өөр хүүхэнтэй хуримын аялалдаа явах гэж буй хүнд хэлээд ч нэмэргүй шүү дээ. Үүнийг л хэлэхгүй юм шүү. Бурханаас заяасан үрээ би л лав эцэгтэй эцэггүй байсан ч хамаагүй үгүй хийж чадахгүй. Өөрөө өсгөж дөнгөнө. Дахиж л түүнийг царай алдахгүй юм шүү. Жаргалтай уулзсан сүүлчийн болзоог одоо ч санахад хүнд хэвээр байлаа. Яагаад ч юм хайрлаж дурласан тэр хүнээ өөр бүсгүйтэй өөрөөс нь ч илүү дотно гэдгийг бусдаас сонсох үнэхээр хүнд байсан. Тэр энэ бүхнийг худлаа байгаасай, Жаргалыг “Үгүй дээ хонгор минь би чамд л хайртай. Чамтай л хамт байна” гэдэг үгийг л хэлээсэй гэж хүсч уулзсан нь тэр. Гэхдээ гомдож тунирхсандаа болоод биеэ барьж чадаагүй. Тэр угийн түргэндүү амтай бардам, бас хуурамч зүйлд дургүй. Хайртай залуугаа өөр хэн нэгэнтэй хуваалцах гэж үү. Хайр гэдэг ариун нандин зүйл. Ингээд л тэрээр шулуун шударга зангаар “Хэрэв чи өөр бүсгүйтэй бол түүнийгээ сонгож буй бол хоёулаа ингээд салья” гэж цүл пал хийтэл хэлж орхисон. Хариуд нь Жаргалын хэлсэн үг харин одоо хүртэл чихэнд нь хадагдаж үе үе цуурай мэт сонсогдсоор л.

“Би чамд юу ч амлаагүй шүү дээ Гэрэлээ тэгээд ч би чамд тохирох хүн биш. Чиний яриад байгаа тэр авгай хүүхнүүдийн хов живэнд чинь би хутгалдахгүй. Би ингээд хэсэг зуур цор ганцаараа амьдармаар байна. Тэгээд ч би удахгүй холын аялалд явах гэж байгаа” гэж тэр хэлсэн. Хэнээс ч юунаас ч илүү итгэж байсан хүнээсээ ийм хааш яаш үг сонсох газар тэнгэр хөмөрчих шиг л болсон. Тэр үнэхээр тохирох хүнээ олчихож л дээ. Жаргал ийм хуурамч хүн байсан гэж үү. Гомдож цөхрөөд Гэрэлтуяа олигтой зүйл ч ярьж чадаагүй. Хоёр нүдийг нь нулимс бүрхэж дэмий л уйлж уйлж салсан. Гэрэлтуяа одоо хэвлийдээ буй бяцхан тэр амьдралыг бодож дахин уйлахгүйг тун их хичээж байлаа. Харин өнөөдөр өглөө ирсэн хар шууданг авмагц хамаг бие нь зарайж хачин ихээр шаналж эхлэв. Ийм хурдан уу. Тэр надад огтхон ч сэтгэлгүй байж дээ. Тун хэдхэн сарын өмнө түүний нүцгэн биеийг хайр дyр тaчaaл шатсан халуун биедээ нааж чихэнд нь “Чи ямар сайхан юм бэ” гэж дуу алдаж байсан залуу ийм хурдан өөр хэн нэгэнтэй хуримын аялалд явчихлаа гэж үү. Эр хүн гэдэг ийм л хуурамчхан байдаг байж. Энэ бүхнийг бодох тусам зүрх сэтгэл нь урагдах шиг болно.

Гэвч тэр хар шууданд огт хариу бичилгүй орхиж чадсангүй. “Чи тэр Жаргалыгаа бүүр аваа. Надад хэрэггүй. Хоёр нүүртэй хэд хэдэн хүүхний дунд явдаг өөдгүй хуурамч эр надад огт хэрэггүй. Би өөрийгөө тэгж доромжлуулж чадахгүй” гэж бичээд явуулж орхив. Тийм ээ. Хэвлийд байгаа үрд минь тийм өөдгүй хоёр нүүртэй эцэг хэрэггүй гэж бодоод зориг орох шиг болж уртаар шүүрс алдлаа. За одоо тэдний тухай би дахин бодохгүй түүнийг дахин хэзээ ч дурсахгүй. Би ээж болно. Хэвлийд минь юутай ч зүйрлэшгүй бүхэл бүтэн хүний амьдрал бүрэлдэж байгаа. Гэрэлтуяагийн уйлж хавдаж гунигласан нүдний харцанд үл мэдэг гэгээ сүүмэлзэх тэр агшинд утас нь жингэнэн дуугарлаа. -Та манай санал болгосон ажлыг сонирхсон хэвээр үү? Бидэнтэй үргэлжлүүлэн хэлэлцээр хийх үү? Утасны цаанаас англиар ингэж хэлэх нь сонсогдлоо. Нээрээ тийм л дээ. Би энэ тун ирээдүйтэй сонирхолтой ажлын саналыг бараг л хүлээгээд авчихсан шүү дээ. Харин одоо гадаадын ийм том байгууллагад тэгье ээ гэж хэлчихээд хэдхэн сарын дараа би хүүхэд төрүүлнэ жирэмсэн гээд явчихалтай нь биш дээ. Бизнес бол хатуу. Шударга хандахгүй бол болохгүй. Гэрэлтуяа юу гэж хариулахаа хэсэг эргэлзэж зогссоноо нэгэнт шийдсэн өнгөөр аль болох эелдэгээр: – Уучлаарай. Танай ажлын санал үнэхээр сонирхолтой сайхан байлаа. Даанч харамсалтай нь би өөр төлөвлөгөөтэй болсон гэж сулхан хэлэв. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!