“БУЛААЛТ” ӨГҮҮЛЛЭГ
ЗОХИОЛЧ: Л.ДАЙРИЙМАА
Булган хотод ирээд нилээд хэдэн жил болж байгаа билээ. Анх гэрээрээ дээл оёж гудманд зогсон эсвэл дэлгүүрт гуйж тавиулан борлуулж олсон түрүүч мөнгөө гурван биеийнхээ идэж уух, дээлнийхээ материалаа авахад зарцуулан ёстой л нөгөө хэлдгээр хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчээр амьдарч байсан үеэ хааяа санахдаа хөөрхий эмээгээ дурсаж сэмхэн нулимсаа арчина. Суманд нь бэр болж ирсэн хотын хүүхнийг нөхрөөсөө салахад нь дагаж одсон нөхрийнхөө хойноос – миний хань эргээд ирнэ дээ гэж хүлээсэн өдрүүдийн тоо нэмэгдсээр нэг л мэдэхэд бүтэн хоёр жил өнгөрсөн байж. Нус нулимсаа татаж – алийн бүр ингэж амьдрах билээ гэж үнэ хөлсийг нь өгөн төсөл бичүүлж сумынхаа захиргаанд өгсөн нь бүтсэн тэр мөчөөс бүсгүйн амьдрал аажим аажмаар дээшилсээр сум аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд оролцож амжилт гарган үйлчлүүлэгч, танил олонтой болсон билээ. Эмээгээ наc барcны дараа бүсгүй хүүтэйгээ хотруу шилжин гэр хороололд амьдарч жижигхэн газар түрээслэн оёдлоо хийж эхлээд хоёр гурван жилийн дараа өөрийн гэсэн байртай болж хоршоо байгуулан зээл ахин авч дэргэдээ туслах хоёр ч оёдолчинтой болсон аж. Одоо Булган оёдолчдоо ерөнхийд нь удирдан чиглүүлэхээс биш өөрөө оёж суухаа больсон билээ. Зах дээр лангуутай болж тэндээ хувцсаа борлуулна. Нэгэн өдөр бүсгүй дээл хувцсаа машинаасаа буулган ачаа зөөдөг нэгэн хүнийг дуудан хөлсөлж хэд дахин дагуулж явлаа. Лангуун дээрээ очоод нөгөө хүнд хөлсийг нь өгөхдөө арай ахиу мөнгө төлөхөд баярласан залуу амныхаа маскыг аван тоолж байлаа. Бүсгүй залууг хальт харахдаа – ямар сонин юм бэ эрүүн дээрх мэнгэ нь ямар адилхан юм бэ гэж гайхан бодоод өнгөрөв. Тэгснээ – яавч биш ээ, туранхай жижигхэн биетэй хүн юм гэж бодсон боловч – арай мөн юм биш биздээ гэж эргэлзэх тул дахин бараа авчрахдаа зөөлгөхөөр шийджээ. Хэд хоногийн дараа бүсгүй зориуд нөгөө хүнийг хайж олоод – би бараандаа явах гэж байна энд ирээд зөөгөөд өгөөрэй гэхэд залуу ч уриалгахнаар – за тэгье гэж ээ. Булган лангуун дээрээ ирээд хөлсөө төлж – сууж халуун цай уугаач гээд цай аягалан өгөхөд залуу маскаа аван халуун цайг яаруухан оочлон ууж байлаа.
Бүсгүй залуугийн мэнгийг гайхан харах зуураа – та аль нутгийнх вэ – нутгаа хэлэхэд бүсгүй – сайхан нутаг шүү тэр сум нь гэхэд залуу – манай сум ч айpаг дэмбээ хоёроороо ч Монголдоо алдартай даа гээд нүд нь сэргэх шиг болов. Залууг цайгаа уугаад яаран босоход бүсгүй – дараа нь таниар бараагаа зөөлгөж байя – таны нэр гэхэд залуу эргэх зуураа – ахынх нь нэр Тулга гэх нь тэр. Бүсгүй дахиад дуугарч чадсангүй залуу ч явж оджээ. Бүсгүй – яагаад ингэж амьдарч яваа юм бэ яагаад гэж өөрөөсөө асуулаа. Хариулт даанч алга байв. Хэдэн өдрийн дараа Булган Тулгыг дуудан дахин ачаагаа зөөлгөжээ. Залуу нилээд танимгаархан мэнд мэдсэн боловч бүсгүйг танихгүй л байх аж. Энэ удаа Булган – миний нэрийг Булган гэдэг гэж танилцуулсан боловч – их сайхан нэртэй хүн юм аа гэснээс өөр үг хэлсэнгүй хөлсөө авч мөн хоёр аяга цай яаруухан уугаад явжээ. Бүсгүй худалдагчдаа – тэгээрэй ингээрэй гэж захиад гадуур хувцас малгайгаа солин өмсөөд залуугийн араас даган явжээ. Залуу явсаар ачаа олдвол зөөн олдохгүй бол хоосон тэргээ сахин суух аж. Гэнэт нэгэн хүүхэд хөтөлсөн хүүхэн хаанаас ч юм гарч ирээд залуугийн мөнгийг тоолж байх тул бүсгүй дөхөн очиж харвал нөгөөх сумынх нь бэр хүүхэн нилээд махалсан болохоос биш дүрээрээ байв. Тэр хүүхэн гэнэт уурлан – бүрэн юм уу энэ чинь өдий болтол иймхэн юм олоод байхдаа яадаг юм эсвэл нуугаад байгаа юм уу гэхэд залуу учирлан – өнөөдөр гараа муу байна аа би юу гэж нуухав дээ гэх нь өрөвдөлтэй. Булган тэсэлгүй дэргэд нь очоод – ах аа май энэ эртээдийн ачааны мөнгө, яагаав би машиндаа түрүүвчээ үлдээчхэж гээгүй юу гэхэд залуу гайхан юу билээ гэх зуур эхнэр нь аваад – өө ашгүй баярлалаа дүү минь гэж илтэд долигoносон өнгөөр хэлэхэд – өө зүгээр зүгээр гэж бүсгүй хэлэхдээ дотроо – хүний ханийг булаачихаад ингэж ч явуулах гэж дээ гэж бодоод бүсгүй буцан явжээ. Гэхдээ дотроо маш их баяртай явлаа. Хэд хоногийн дараа бүсгүй бараагаа зөөлгөхөөр ирэхдээ зориуд дээл өмсөн нүүрээ будахгүй иржээ. Мөнхтулга анзаарсан шинжгүй бараагаа зөөн ирээд цайгаа ууж суув. Танигдах санаатай хичээсэн Булганы төлөвлөгөө бүтэхгүй шинжтэй байх тул бүсгүй яриа өдөн – эртээд би таныг гэнэт эхнэрээс тань өмөөрмөөр санагдаад гэхэд залуу гэнэт санасан бололтой – өө нээрээ тийм ш дээ гэж халаасаа уудлахад нь – зүгээр ээ ачааны хөлс гээд л бодчих – манай хүн жаахан ааштай гэхдээ цагаан юм байгаан гэж өмөөрөх аятай ярихдаа тэрийгээ нотлох гэсэн мэт толгойгоо өндийлгөн бүсгүйг харав.
Тэгснээ гэнэт – үгүй чи чинь гэхэд – яасан гэж Булган яаран асуув. Залуу – аан миний нэг таньдаг хүнтэй адилхан харагдаад аа, манай сумын хүн гээд босоход нь бүсгүй – Булган гэдэг үү залуу гайхсан янзаар – тийм ээ гээд – чи таньдаг юм уу – тийм танина – чи манай сумынх юм уу гэж бүр гайхсан өнгөөр асуухад – тийм гэснээ шуудхан – тийм би тэр Булган чинь байна. Залуу сандалд буцан лагхийн суужээ. Хий дэмий л бээлийгээ эргүүлж тойруулан харах залууд бүсгүй – чи намайг танихгүй байгаа юм уу би Булган байна гэж давтан хэлэхэд Мөнхтулга гэнэт еэнгэнтэл уйл эхэлжээ. Булган юу ч хэлэлгүй хүлээсээр суув. Залуу босохдоо – уучлаарай гэж ганцхан үг хэлсэн аж. Хүүгээ асуух гэсэн боловч залуугийн амаар энэ үг давсангүй гацжээ… Энэ явдлаас хойш Булган – би ер нь яагаад байна, үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, эцэггүй хүүхдээ – бусдаас дутаахгүй юм шүү гэж гэрт орж эм гадаа гарч эр болж нулимсандаа живэх нь халаггүй явснаа ийм амархан мартлаа гэж үү – ер нь тэгээд ч хань ижил үр хүүхэдтэй болсон тэр хүний амьдрал туг шиг дэрвэнэ үү хөсрийн даавуу шиг хийснэ үү ямар хамаа байна гэж боджээ. Ачаагаа ч өөр хүнээр зөөлгөдөг болов. Тэгээд хэдэн сарын дараа Булган лангуугаа заран өөр зах дээр лангуу аван ажиллуулдаг болсон билээ.Нэгэн өдөр хүүтэйгээ бараагаа буулгаж байтал гэнэт хүү нь – ээж та хараад ачуулж бай би нэг найзтайгаа яг одоо уулзах ажил гарчихлаа гээд яваад өгч. Бүсгүй ачаагаа зөөлгөн лангууны худалдагчдаа хүлээлгэж өгөөд цехрүүгээ буцжээ. Сүүлийн үед үе үе – ажил гараад гээд хичээлээсээ чөлөө авсан дуулдах хүүгээ – энэ хүүхэд юу хийгээд хаагуур яваад байна түрүүн бас хэнтэй уулзах гээд яараад явчихав, буруу зөрүү хүн хартай нийлж бүтэлгүй хэрэг төвөг тарих вий гэж санаа нь зовж эхлэв. Тэгээд нэг өдөр зав гарган ангийн багштай нь очиж уулзахад багш нь – манай Түмэн хичээлдээ их идэвх чармайлттай, нийгмийн идэвх сайтай хүүхэд. Өө саяхан манай ангийнхан Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн уриатай аяны хүрээнд зах дээр ажилладаг ачаа зөөдөг хүмүүст ээлжилж тусалсан.
Аян дууссан ч манай ангийн хөвгүүд одоо ч завтай үедээ очиж тусалж байгаа магадгүй нөгөө хүндээ туслахаар чөлөө авч явсан байхыг үгүйсгэх аргагүй юм гэв. – Харин тиймээ би хичээл ордог багш нараас нь асуухад – ажил гараад чөлөө өгөөч гэж чөлөө авсан дуулдана лээ гэхэд багш нь – за би хойшид анхааръя гэжээ. Булганд – хүүгийнхээ тусалдаг хүний хэн гэдэг ямар хүн байгааг мэдэх хүсэл байсан тул багшаас нь асуухад – за би хараад өгье гээд нэг жагсаалт гарган ирэв. Азаар хүү нь нэгэн настай хүнд туслахаар хуваарьлагдсан байлаа. Булган нүд гүйлгэн хартал Мөнхтулгын нэр, нас, утастайгаа харагдаж байв. Булган – би ч гэсэн энэ хүнд бага сага юм авч өгч тусалъя гээд цаасан дээрх нэрсээс тэрүүхэн хэсгийг нь утсаараа дарж авчээ. Бүсгүй гэртээ ирсэн хойноо Мөнхтулгаруу залгах эсэхээ шийдэж ядан хэсэг суув. Тэгээд мөн л – чамд ингэх шаардлага байхгүй гэж хэлсэн билээ. Нилээд хэд хоногийн дараа Булган хүүгийнхээ хамт машинаараа ирж зогсоод ачаа зөөгч дуудах гэтэл нэг ачаа зөөгч дэргэд нь өөрөө ирэхэд хүү нь бараагаа ачиж эхэлжээ. Бүсгүй анзаарсан ч үгүй лангуун дээрээ иртэл нөгөө хүн хүүд нь хандан – Түмээн халуун цай байвал ууя гэх нь Мөнхтулгын дуу мөн байх нь тэр. Булганы гэнэт дургүй нь хүрч – цай байхгүй – май энэ хөлсөө ав гээд шидэх нь халаггүй өвөр дээр нь хандуулахад залуу хар цагаан дуугүй босч явжээ. Түмэн – ээж та чинь яаж байгаа юм бэ хүн гомдоогоод цай байгаа л биздээ – ууя гэсэн болгонд чи хийж өгөөд байх уу би тэгээд цай ч үгүй толгойгоо өвтгөөд сууж байх хэрэг үү, тэгээд ч улам давраад хоол идье гэдэг болно, битгий хэрэгтэй хэрэггүй хүмүүст нүүр өгөөд бай, барагтайхан байгаарай чи гэхэд хүү дуугарсангүй.Бүсгүй гаргаж байгаагүй авир гаргасандаа жаахан гэмшин хэсэг суухад хүү нь – ийм юм хэлэх нь байтугай ядарсан зовсонд тус дэм болж яв гэж захидаг байсан ээжийгээ яагаад ингэж байгааг нь гайхан – манай ээжийн ажил дээр ямар нэгэн асуудал гараад бухимдсан юм болов уу, ер нь ингэдэггүй хүндээ гээд за ямартай ч янз бүрийн юм хэлж ээжийгээ улам бухимдуулаад дэмий гэж бодон суужээ. Энэ цагаас хойш Тулга Булганы ачааг зөөж өгсөөр байлаа. Бүсгүй ч уурлахаа больж цай уулгаад явуулдаг болов.
Гэвч тэр хоёр юм ярихгүй аль аль нь чимээгүй л байх аж. Ийнхүү хэдэн сар өнгөрч шинэ жилийн уур амьсгал орон хүмүүс гоёл чимгээ аван саа, шаар, сальют, ногоон модоо барин явцгааж байлаа. Худалдагчийнх нь ар гэрт найр хуримын ажил гарсан тул Булган хэдэн өдөр лангуун дээрээ өөрөө суун шинэ жилийн баярт зориулж оёсон хувцсаа зарж байлаа. Мөнхтулга халуун хоол дөхүүлж өгөхөд нь бүсгүй дургүйцсэнгүй идээд мөнгийг нь өгч байв. Аль болох л тус дэм болчих санаатай хичээж байгааг нь хараад – ишш энэ хүн ингэж ч явах гэж дээ гэж бодон дотроо өрөвдөнө. Нэг өдөр залуу хоол авчирч өгөхдөө энгэртээ зүүж явдаг жижиг цүнхээ үлдээгээд явсан байлаа. Бүсгүй цүнхийг нь авч – дэл сул хүмүүс аваад явчхаж мэднэ гэж далд хийх гэснээ сонирхон нээж үзжээ. Цүнхэнд нь цөөн хэдэн төгрөгтэй түрүүвч, бас нэг нямбайлан боосон зүйл байв.Задалж үзвэл тэр гурвын дөнгөж хүүгээ төрсний дараа авахуулсан хар зураг мөн нэг дугтуйтай зүйл байх аж. Дугтуйг задлан үзвэл Түмэн тэр хоёрын цоо шинэхэн зураг нэг захиа хоёр байлаа. Зургийн ард – хүүгээ олсон азтай хүн би гэж бичсэн байв. Бүсгүйн нулимс урсаж захиаг задлан унштал – Булган минь намайг уучлаарай, азаар би өөрөө хүүтэйгээ танилцсан. Гэхдээ саяхан би – та хоёрыг орхисон өөдгүй олиггүй эцэг чинь гэдгээ хэлсэн, уучлал гуйсан. Битгий хэлээрэй гэж захисан хүү маань чамд хэлээгүй байгаа байх. Би чамайг нааш явсны дараа эхнэрээсээ салсаан. Тэр хүн – ийм амьдралаар амьдарч чадахгүй гэсэн шийд гаргасан. Гэхдээ би хоёр хүүхдийнхээ дансанд мөнгө хийж байгаа. Би чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллана. Гэхдээ энэ тийм ч удаан үргэлжлэхгүй байх нутаг буцах бодолтой байгаа, та хоёрт ч төвөг тарихгүй явна, богинохон хугацаанд би та хоёртоо ойрхон байя гуйж байна би маргааш цүнхээ ирж авъя хариугаа энэ дээр бичээрэй гэсэн байлаа. Булган уйлсаар гэнэт мөрөөр нь хэн нэгэн зөөлөн тэврэхэд гайхан харвал хүү нь ч бас уйлчихсан зогсож байв. – Ээж дээ хэлэхгүй яасан юм гэхэд хүү нь бүр чанга уйлж – энэ гэж нэг цаас өгөв. Булган цаасыг авч харвал Мөнхтулгын шинжилгээний хариу байх бөгөөд элэгний C виpуcтэй мөн тоон үзүүлэлт нь маш өндөр буюу муу гарсан байлаа. – Чи яаж гэхэд – аавын энгэрийн халааснаас авсан юм, манай сургуулийн эмч – хурдхан эмчилгээ хийлгэхгүй бол үxлийн шалтгаан болох аюултай гэсэн гэж бүр эхэр татан уйлахад бүсгүй хүүгээ аргадан тайвшруулж – аавыг чинь эмчлүүлчихвэл эрүүл болчихно тиймээс одоо уйлахаа боль гэхэд хүү ч тэгсхийгээд тайвшрав.
Булган тэр оройгоо хамаг л таньдаг хүн бүрлүүгээ утасдан хаана ямар сайн эмч, эмнэлэг байгааг судалж маргааш нь лангуугаа хаан Мөнхтулгад шинэ хувцас хунар авч өмсүүлэн дагуулж явжээ. Сар шахуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Мөнхтулга – маргааш эмнэлэгээс гарахаараа нөгөө муу оромжиндоо л очих байхдаа өөр хаачих ч билээ гэж бодож байтал Түмэн хоол цай авчирч ирэхдээ – ээж маргааш өглөөгүүр завгүй нөгөө худалдагч эгчийн охины хуримын дайллаганд ажлынхантайгаа очно тэгээд шууд зах явна гэсэн харин та бид хоёрыг гэртээ харьчихаад – үдээс хойш аажуу ирээрэй гэсэн гэж ээ. Мөнхтулгын хоолой дээр ямар нэг юм гацсан юм шиг таг болоод хажуудаа суух хүүгийнхээ мөрийг түшин удаан суужээ. Тэгэхдээ ямар ч байсан хүүгээ олж уулзах хүслээр Булганы нүүхийг алсаас харж хаана очихыг нь мэдэж аваад тэнд ачаа зөөж эхэлсэн нь зөв болсон гэдгээ л бодож суулаа. Булганыг холоос харж явахдаа хажууд нь туслах хүүг хүүгээ мөн гэдгийг таньж зүс таних болсон байв. Харин азаар хүү нь тэр үед ойр дотно болсон ачаа зөөгч настай ах дээр нь тус дэм үзүүлэхээр ирсэн аж. Хотод иртэл боловсролгүй түүнд олигтой ажил олдсон ч үгүй. Ирсэн цагаасаа хойш юу л бол юу хийж сүүлдээ ачаа зөөдөг болсон ч олсон хэд нь түүний амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байсан ч залуу нэгэнт шийдсэн толгой зүтгэхээс өөр яахав ямар нүүрээрээ буцаж очхов гэж бодон хичээж байв. Гэвч биеийн амраа харж амьдрах хүсэлтэй эхнэрийнх нь сэтгэлд нийцэхгүй байлаа. Ажилгүй дэмий завхах дүү нь ч тэдний амьдралд үнэхээр их дараа төвөг тарих боловч тэдний зөв болох нь харамсалтай. Мөнхтулга ийн өнгөрсөн амьдралаа бодон суух зуур эмч орж ирэхэд хүү нь – би гадаа хүлээж байя гээд зөрж гарлаа. Эмч – та биеэ гамтай байлгаарай гол нь ядарч болохгүй биедээ хөнгөн ажил олж хийвэл зүгээр шүү ойр ойрхон ирж үзүүлж байгаарай гэхэд – за тэгье ээ баярлалаа гэв. Эмчийг гарч явсны дараа Мөнхтулга хувцсаа өмсөн ойр зуурын зүйлсээ цүнхэндээ хийн гарч хүүтэйгээ хөтлөлцөн автобусанд суун Булганыд очжээ. Шинэ телевиз, тавилгатай л болохоос биш гэр нь яг л хэвээрээ цэмбэгэр цэгцтэй. Хадам хөгшнийх нь зураг тас ширтэн Мөнхтулгад – хайран амьдрал гэх шиг санагдав.