“БОЛСОН ЯВДАЛ”

Эрт цагт ан гөрөө хийн хээрээр гэр хийж хэцээр дэр хийгээд ганц амиа тэжээж явдаг нэгэн залуу байжээ. Түүний нас тодорхойгүй ч бие бялдар царай төрхөөр нь шинжвэл 24-25тай л гэж хэлэхээр билээ.

Түүний ан ихэнхдээ буга гөрөөс зэрлэг гахай туулай гэх мэт. Хааяа ганц нэг залуу чоно унагаадаг ч махыг нь идэхгүй тул арьсаар нь дах хийж бэлдсэнээс хойш нэг их хөөж агнадаггүй байж. Угаас чонын мөр хөөх нь хэцүү гэдгийг ч мэднэ.

Харин нэг өдөр хавхаа эргэх гэж очиход хавханд орсон тарган бугыг нэг чоно аль эрт амийг нь таслаад зооглож байхтаа яг таарчээ. Урд нь чонотой тийм ойрхон бас тэр чоно нь аварга биетэй цагаан зүсмийн сүрдэм азарган чоно байсан тул самгардан зог тусахад өнөөх чоно өөрийг нь харсанаа заза би цадлаа, чи үлдсэнийг нь ав гэх мэт уруулаа долоогоод хээв нэг цааш эргэн шогшин моддын дунд алга болов.

Залуу уг нь өөрийгөө шаггүй анчин би тоож авалдаггүй л болохоос чоныг авлана гэж бодож явдаг байсан ч сая болсон явдал өөрийг нь хэн ч биш, дорой гэж доромжилсон мэт санагдав. Тэр цагаас залуу хүний хор шар хөдөлж цагааныг агнахаас өөр зүйлд анхаарaхаа болин мөр мөшгиж урхи тавьж, олон янзаар үзсэн боловч өөрийг нь агнах гэж улайрч байгааг мэдсэн юм шиг Цагаан дэндүү хашир болсон мэт тавьсан урхийг нь тоохгүй хажуугаар нь зөрж өнгөрсөн мөр үлдээнэ.

Хаашаа явсан нь мэдэгдэхгүй болтол мод сүлжин гүйхдээ өөрийхөө мөрөн дээр дахин гишгэсэн байх жишээний. Тэгж хөөцөлдөж явсаар бүтэн жил өнгөрөхөд цагааны барааг нь хоёр л удаа харсан боловч яаж ч чадалгүй алджээ.

Залуу нэг удаа ангийн арьс махаа зарж тамхи тариатайгаа залгах гэж уулнаас бууж явтал уулын хормойд айлын нүүдэл бууж байхтай таарчээ. Айл руу дөхөж ирэхэд бярууны дайтай том улаан халтар нохой гэрийн хаяанаас босч дуу өгөн боргоход гэрийн эзэн гарч ирээд ганц дугарахад тайван буцаж хэвтэв.

Дайраад ирвэл балрах нээ, айхтар амьтан байна даа хэмээн залуу гэрийн эзэнд холоос хэлэхэд Манай энэ намайг хориход яах ч үгүй ээ, хонь шиг номхон болчихдог юм. Эзгүй хойгуур бол баавгайтай ч уралцаж мэдэх хог байгаа юм гэж бахархангүй хэлээд гэртээ урив.

Цай ууж хоол идэх зуураа хол ойрын мэдээ сонсож бүтэн жил хүний бараа хараагүйгээ бодож юуны тулд ингэтлээ уулнаас буугаагүйгээ гэрийн эзэнд хэлэхэд -Аан чи цагаан сортой азарган чоныг ярьж байна уу, тэр тийм амар амьтан бишээ, би ч хэд хэдэн удаа шоглуулсан, манайхыг өвөлжөөнд байхад шөнө хоттой хонь хэсэг үргээд больсон юм.

Би ч сүйдтэй үргээгүй болохоор нь тоогоогүй. Өглөө нь харин хотны хажуугаар мөр байхаар нь хоттой хонь зүгээр байна, золбин нохой л явсан юм санасан чинь арай том мөр өө. Cайн хартал яалт ч үгүй чонын мөр болж таарлаа.

Дагаад яваад байсан хойд жалганд тарган ирэгний минь арьс сэвс л үлдсэн байдаг юмдаа. Хашир чоно ганц багалзуурдаж сэрвээн дээрээ шидээд жалганд аваачиж зооглосон байгаа юм.

Нас гүйцсэн ирэг хэр жинтэй билээ тэгэхэд чирэлгүй аваачаад ганцаараа идсэн байгаа юм, мундаг амьтан шүү. Манай энэ халтар мал дагаж араас ирсэн юм, энийг байсан бол ч ойртохгүй л дээ уг нь гэж ярихад залуу Tанай нохой ч сайхан амьтан юм, гэхдээ цагааныг яадаг бол гэхэд

Аааа ид насандаа яваа хоёр араатан нэгэндээ бол ойртохгүй дээ, нэгнийхээ улилт хуцалтаар л хэр амьтан болохыг гадарлаад ойртох ч үгүй гэв.

Залуу гэрийн эзнээс та маргааш халтараа аваад уул руу гараач, хоёулаа халтараар олуулж байгаад цагааныг унагая, та арьсыг нь ав би шагай соёог нь авая, надад түүнийг унагах л сонин байна гэхэд

-Уулын эзэн ууландаа байг дээ, би уул руу мацах чадал зав аль аль нь алга, чиний хүсэл тийм их байгаа бол халтарыг минь аваад яв гэхдээ миний хэлсэнээр байгаарай. Ууланд очоод нохойгоо суллаад өөрөө араас нь холхон дага,

Чоно нохой хоёр халз тулсан байвал чонын араар явж очоорой гэж захихад залуу За би танд цагаан сортой арьс хананд чинь зүүж өгнөө гээд явав. Ууланд буцаж ирэхэд харанхуй болсон тул нохойгоо урцныхаа гадаа уяад өглөө эрт анд гарахаар боллоо.

Үүр цайхад босоод гарахад халтар нохойных нь үс уулын хяруунд цайрч нэг сайхан эвшээж суниагаад залууг даган шогшив. Цагааны үзэгддэг хэсэгт ирээд халтарын уяаг суллахад халтар хаа сайгүй үнэр аван гүйж хааяа модны уг руу шээж тамгалсаар далд оров.

Залуу араас нь алдахгүйг хичээн гүйж нилээн хол бараа нь тасрахад сүүлдээ хаашаа явахаа мэдэхээ байн гайхан алхаж байтал нохойных нь халтар зүс харагдав.

Зуугаад метрын зайнд моддын дунд хөшсөн юм шиг зогсох халтарын урд өнөөх цагаан мөн хөшсөн мэт ярзайн зогсож байгааг дурангаар харав.

Баярлан бyyгаа цэнэглэн нохойныхоо араас зөөлөн дөхөж буудах тохиромжтой газар олох гэж байтал гэнэт хар хур гэсэн дуу нохойн гаслахтай зэрэгцэн дугараад таг болоход цочин харвал цагааны сүүл сагсалзан цааш гүйж байгаа харагдав.

Сандрахдаа хий дэмий хойноос нь буудсан боловч онохгүй гэдэг нь тодорхой байлаа. Залуу яаран гүйж очвол халтарынх нь зузаан үстэй хүзүүнээс цус олгойдон гарах бөгөөд халтар хэд хэдэн удаа хий хөдлөөд нүднийх нь гал унтрав.

Тэр үед халтарын эзний хэлсэн чонын араар очоорой гэсэн үгийг санаж учрыг ойлгожээ. Учир нь хүч чадал энэ тэнцүү чоно нохой хоёр халз тулаад хэн нэг нь түрүүлж хөдлөхийг хүлээж байж.

Залуу нохойныхоо араас дөхөж очиход эзэнийхээ үнэрийг авсан нохой хажуу тийшээ харах тэрхэн агшинд чоно гүрээг нь тас татаж хаяад зугтжээ. Хэрвээ чонын араар тойрч очсон бол хүний үнэр аваад эргэхэд халтар банхар мөн адил барих байжээ. Эх Сурвалж: “АМЬТНЫ ЕРТӨНЦ, АМЬД БАЙГАЛЬ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!