“БОЛСОН ЯВДАЛ”

Х.БОЛОР-ЭРДЭНЭ

Миний нэг танил бүсгүй ярьж байна. Хоёр хүүхдээ аваад, нөхрийнхөө хамт Германд амьдрахаар арваад жилийн өмнө ирж. Амьдрал бусдын л адил хөвөрч. Хүүхдүүдээ сургах, амьдрахын тулд ажил хийж, олсон багахан мөнгөөрөө зугаалах ч завдалгүй орон сууцны төлбөр сургалтын зардал, хүнс хоол, бусад хэрэглээндээ хоёул уйгагүй өгсөөр, өгсөөр. Бүсгүй ч гэр бүлийнхээ төлөө байгаа бүхнээ зориулсаар нэг л мэдэхэд томхон шар айрагны поошиг шиг хэлбэр галбираа алдаж, хэн ч эргэж харахааргүй жирийн л монгол эмэгтэй болж. (Энд би биш. Тэр бүсгүй өөрийнхөө өнгө үзэмж, хэлбэр галбирын тухай ярьсан юм шүү). Зүтгэсээр байгаад хоёулаа Монголд байртай болж, тэрнийгээ түрээслүүлж, өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй ч болж. Сүүлийн хэдэн жил нөхөр нь Монголд давхар мөнгөний ажил хийж, бага сагахан юм олж амьдралдаа нэмэрлэхээр байн байн явдаг болж. Харин бүсгүй ар амьдралаа зохицуулж, нөхрийнхөө ирэх очих зардлыг цуглуулж, бизнесийг нь дэмжихийн хажуугаар хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийсээр л байв. Нас хэлбийн хэн хэн нь дөч гарцгааж, одоо л нэг амьдрал тогтож, юунд ч гудайхааргүй дориун амьдралтай золголоо доо гэсэн итгэлтэй амар тайван өдрүүд үргэлжилнэ. Жилдээ хэд хэд ирж очин явдаг байсан нөхөр нь холын хамаатныхаа дүүг Германд сургаж, хэл устай болгомоор байна гээд хөөрхөн зэгзийсэн залуу бүсгүйг аваад ирэхэд нь манай бүсгүй ч татгалзсангүй, гэртээ байлгаж, мэддэг чаддаг бүхнээ зааж зөвлөсөөр бараг хоёр жил амьдарцгааж.

Энэ хооронд нөхөр нь ирж очин явсаар л байв. Холын хамаатны дүү ч амралтаараа нутаг буцаж, хичээлээ эхлэхээр эргэж ирэн сургуульдаа явж, амьдрал үргэлжилсээр байлаа. Нэг ирэхдээ жирэмсэн болоод ирснээ хэлэхэд нь бүсгүй баярлан угтаж, тэрүүхэндээ бүсгүйчүүдийн ил, далд зовлон жаргалын тухай харамгүй хэлж ярьж, зааж зөвлөн, асарч тойгложээ. Нөхөр нь шинэ бизнесийн хөрөнгө оруулалтаа яаралтай өсгөх хэрэгтэй гээд Монголд түрээслэж байгаа байраа зарахаар болсноо хэлэхэд бүсгүй ч зөвшөөрч хамтран эзэмшигчийн эрхээсээ татгалзан нөхөртөө зарах зөвшөөрөл өгчээ. Тэр үед бүсгүй нас хэвийсэн ч нөхрөө гэнэтхэн баярлуулъя хэмээн гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаагаа харин хэлээгүй байж. Байр зарах зөвшөөрөлд гарын үсэг зурсан өдрөөс хойш тэдний амьдрал гэнэтхэн л орвонгоороо эргэжээ. Нэг л өглөө бүсгүй сургуулийн хоёр хүүхэд, хэзээ мөдгүй төрөх нэг шинэ хүнээ хүлээгээд хүний нутагт хэн ч биш болон ганцаар үлдчихсэнээ ойлгосон байна. Нөхрийнх нь холын хамаатны гэх дүү бүсгүй нyyц амpаг нь байсныг, тэд Монголд байсан байранд нь шинэ хүн өлгийдөн аваад жаргаж байгааг, хүний нутагт хуруу хумсаа хугалах шахам хамтдаа цуглуулсан хэдэн төгрөгөөр нь бизнес хийж байгаа нэрээр нөхөр нь залуу амрагаа хил дамнуулан эрхлүүлснийг, хамтдаа бүтээн босгосон амьдралаа юу ч болоогүй мэт сэгсэрч орхисон нөхөр нь саяхан төрсөн бяцхан үрээ харахыг ч хүсэхгүй байгаад тэрээр итгэж ядан, уйлан шаналан сууна. Энэ түүхээ надад ярихдаа тэр бүсгүй өөрийн хэлбэр галбиргүй, гоо сайхангүй болсныг дахин дахин тоочиж байсан юм.

Нyyц амpагаа гэртээ хүүхдүүд, эхнэрийнхээ хажууд хоёр жил амьдруулчихсан тэр эрд ханиа хайрлах, хамтдаа туулж бүтээсэн бүхнээ нандигнах, сэтгэлийн гоо сайхныг олж харах, итгэлийн гэгээнийг мэдрэн хүндэтгэх өчүүхэн ч гал байгаагүй биз гэж би дотроо бодож суулаа. Энэ бүхнийг нурааж чадсан түүнд хэдхэн жилийн дараа хаягдсан хөөрхий эхнэр шиг нь болчих бас нэгэн залуу галбирын төлөө байгаа бүхнээ ажиггүй сольж чадах мунхаг эр зориг байсан л байна. Хүн хүнийг таних амаргүй. Хажуудаа ханилснаа ч бүрэн таниж амжилгүй ийнхүү нэг л өдөр ниргүүлэх мэт хэн ч биш болон хоцордог олон бүсгүйчүүд бий. Биднийг хожим юу хүлээж байгааг хэн ч таамаглах аргагүй. Энэ нь хувь заяаны доог тохуу, сорилго сорилт аль нь ч байж болно. Аль нь ч байлаа гэсэн мах мариа, хэлбэр галбир лав гол буруутан биш гэж би бодож байна. Мэдээж энд нөхрийг шүүж, нyyц амpагийг нь хараан зүхвэл дуусахгүй. Бидний монголчууд яагаад ингэтэл хэлбэрийг хэт шүтэх хэрнээ агуулгыг юу ч болоогүй мэт өшиглөж хаяж чаддаг сэтгэхүйд хавтгайгаараа итгэнэ вэ? Бидний амьдрал өчүүхэн өөхнөөс, өтөл наснаас хямдхан үрэгддэг хэрэг үү? Тэр их цаг хугацаа, тэр их дурсамжууд, тэр их итгэл найдвар, хайр халамж тийм амархан арчигдчихдаг юм уу? “Одоо надад ямар ирээдүй байх юм. Тэгтлээ их зүтгэсээр, итгэсээр, санаж сарвайсаар ирсэн ирээдүй минь ийм л байна шүү дээ. Одоо надад аз жаргал, хайр халамж, элэг бүтэн амьдрах нас ч, боломж ч үлдсэнгүй.

Энэ хэдэн хүүхэд том болоод тус тусын амьдралаа хөөгөөд явцгаана. Нөхөр тэнд үр хүүхэд нь өсч үржээд, намайг золиосолж хүрсэн амьдралаа тордох гээд завгүй байх биз. Харин надад одоо юу үлдсэн юм бэ? Тэр намайг талын хус шиг гоолиг сайхан байхад тасдаж авчраад энд хүний нутагт тариад үлдээчихсэн. Би буцъя гэвч Монголд тэврээд авах ойр дотно хүн байхгүй. Садан төрөл, ах дүүс байгаа ч гэсэн дор дорын амьдралтай тэд надаар яах юм? Би зөвхөн нөхрөө дагаад, түүнд л итгээд нэг насаа зориулсан. Харин одоо намайг хэн ч эмэгтэй хүн гэж харахгүй. Гурван хүүхэдтэй дөч гарсан, хэн ч анзаарч харахааргүй надад одоо ямар ирээдүй байна гэж? Хайрлаж нандигнах ямар ч дурсамж алга. Хайрлаж дурсдаг байсан бүхэн минь хумхийн тоос болчихлоо. Одоо би дурсамжуудаа эргэж сөхөхийг ч хүсэхгүй насыг барна. Дурсах ёстой бүхэн минь миний гашуудал, миний халаглал болж хувирлаа. Дурсах юмгүй надад одоо хэдэн хүүхдийнхээ төлөө, эднийг амьдралд хүргэхийн төлөө хэн ч биш болон боол мэт зүтгэх өчүүхэн хугацаа л үлдэж. Би одоо бусдаас хайр горьдох ч эрхгүй, дурсах ч эрхгүй, ирээдүйн гоё сайхны төлөө инээмсэглэх ч эрхгүй, зүгээр л амьд явах, ажиллаж мөнгө олох ёстой нэг хоосон амь боллоо”. Танил бүсгүйн энэ гунигт зурвас гол зурж, сэтгэл цөмлөх нь. Цааш нь юу ч ярьмааргүй байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!