“БОЛОРОО ГЭДЭГ ӨНДӨР ЦАРАЙЛАГ ГАНГАН ОХИН МАНАЙ АНГИД ОРОСООС ШИЛЖИЖ ИРЖ БИЛЭЭ…”

“ХУВИРАА ҮГҮЙ ХАЙР”

Манай ангид Болд гэх нэгэн томоотой, сурлагаар гоц гойд юмгүй ч өөртөө тааруулаад хэнээс ч хуулахгүй алтан дундаж сураад явдаг нэгэн хүү байв. Тэр нуруугаар нэг их өндөргүй бас тийм царайлаг хөөрхөн хүү биш даруухан царайтай хаа сайгүй гүйж явдаг энгийн нэгэн бор хүү л дээ.

Харин 12 наснаасаа эхлэн боксын спортоор хичээллэн өсвөрийн улсын аваргын нэг мөнгө, залуучуудын улсын аваргын нэг алтан медальтай, ОХУ-д болдог хүүхдийн наадмын алт, хүрэл, өөр клубуудын нэрэмжит болон янз бүрийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олныг авсан жинхэнэ спортлог нэгэн билээ.

Ангийнхаа Мөнхөө гэх нэг хүүтэй салахгүй үргэлж цуг явна ёстой л салхи л орохгүй бол сална гэж үгүй найзууд, хаана л бол хаана хамт явж байна. Болд ер нь аливаа нэг юманд их шийдвэртэй тэрэндээ үнэнч зүтгэсэн зүтгэлтэй хүү байлаа.

Харин хичээл сурлагандаа тэгж зүтгэхгүй нь сонин, юм л бол баахан боксчны зураг юм уу, техник дасгалын зураг цүнхэлчихсэн тэрийгээ хүн багатай цэцэрлэг, байшингийн буланд давтаж явдаг, түүнийг Мөнхөө нь хараад тэгж хий, ингэж хий гээд үргэлж зааж зааварлаж байдаг нэргүй дасгалжуулагч нь байв.

Мөнхөө бас их даруухан тэр хоёрын зан байдал, нуруу, туруу, нүүр царайгаар ч ялгараад байх зүйлгүй ёстой тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу хоёр л доо. Болд тэр их олон тэмцээн уралдаанаас тэгж их олон шагнал медаль авсан гэхэд ер онгирч сагсуурахгүй зарим нэг тэмцээнд орсныг нь ч манай ангийнхан мэдэхгүй хэд хоног хичээлээс чөлөөтэй гэж байгаад хүрээд ирнэ харин дээд ангийн ах нараас ер айна эмээнэ гэж байхгүй хэн нь ч байсан дээрэлхэх юм уу, доромжлох гэвэл олны нүднээс холдуулж байгаад сурсан юм аа ганц нэгхэн цохилтоор ойлгуулж өгнө.

Нөгөөдүүл ч тэгсгээд илүү дутуу зүйл ярихгүй холдон явцгаана. Биднийг 10-р ангид ордог жилийн 9-р сарын нэгэнд манай ангид Болормаа гэх дэрвэлзсэн алаг нүдтэй, намирсан урт үсээ задгай тавьсан, өндөр нуруутай ганган царайлаг охин Оросоос шилжин ирдэг юм байна.

Эрэгтэй нь битгий хэл эмэгтэй нь шохоорхон харж тэр охины сурагчийн формоо донж маягийг нь олж хувцасласныг, биеэ авч явж байгаа байдал, өөртөө их итгэлтэйгээр ангийнхантай мэндэлчихээд хаана суухаа нүүрэмгийгээр асууж байгаа нь хүүхэд болгоны сонирхлыг татаж байв.

Болормааг шилжин ирснээс хойш манай ангийн охидын дунд нэгэн шинэлэг уур амьсгал бий болов. Нилээн аманцар юм болгоны урд дуугарч байдаг хэдэн охид маань Болормаатай өрсөлдөх санаа байсан ч яаж ч чадахгүй хамаг байр сууриа алдаж Болормаагийн амыг харж аясыг дагах боллоо. Бас хэдэн охидыг өөртөө элсүүлж хаана ч явсан хажуунаасаа салгахгүй үнэнч хэдэн дагагчтай болсон байв. Ёстой өөртөө итгэлтэй, бусдыг араасаа дагуулан удирдах чадвартай охин байв.

Харин Болд Болормааг харсан тэр өдрөөсөө л анхны харцаар дурласан билээ. Эхэндээ хэнд ч анзаарагдахгүй байснаа юм л бол Болормаагийн ойролцоо эргэлдээд байнга үсээ самнаад хувцас хунараа гөвж цэвэрлээд, гутлаа гялалзтал тослоод нөгөө борогдуухан хүү ганган хээнцэр нэгэн болоод ирэхээр бүгд анзаарахгүй яах вэ? дээ. Гэхдээ тэрийгээ их нууна ганц найз Мөнхөөгөөсөө хүртэл тас нуугаад нэг хэсэг л хэлээгүй явсан байгаа юм.

Бас нөгөө ангийн сургуульдаа нэр төртэй хэдэн нуруулаг, царайлаг банди нар манай ангийн үүдээр эргэлдээд салахыг болив. Болормаа өөрөө харин хэнийг ч тоохгүй илүү харьцаж ойртуулахгүй бас тэрүүхэндээ их зантай сурлагаар ч яггүй охин байсан болохоор хэн ч тэр болгон хамаагүй халдаж чаддаггүй нэгэн билээ.

Болд тэр жил боксынхоо спортоор нилээн уйгагүй хичээллэн хавар болдог насан хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медаль хүртэж нилээн шуугиан болов. Арван жилийн хүүхэд бараг л аварга болох шахсан нь тухайн үеийн мастеруудад юм бодогдуулсан биз. Мөнхөө ч хамгийн ойр хөгжөөн дэмжигч нь юм болохоор болсон бүх тэмцээнийг ангид ирж сүр бадруулан ярьж бид нар ч очиж үзэж чадахгүй болохоор Мөнхөөгөөс л сүүлийн үеийн мэдээ сонсдог байлаа.

Тэгсээр аваргын төлөө нэгэн олон улсын хэмжээний мастертай халз тулан оноогоор хожигдсон ч мөн багш, дасгалжуулагч нар ирээдүйн олимп, дэлхийгээс юм дуулгах хүү гэж үнэлж дүгнэснийг нь бидэнд ярив. Тэгсэн барагтай юм болгонд хөл алдаад байдаггүй Болормаа, Мөнхөөгийг яриаг сонсоод -Манай ангид ийм алдар нэртэй хүхэд байхад яагаад тоодоггүй юм бэ? Маргааш Болдыгоо ирэхэд цэцэг барин угтаж баяр хүргэнэ, ангидаа бас жаахан ундаа, чихэр, пичень авчиран цайллага маягийн юм хийнэ хүүхэд бүхэн хэд хэдэн төгрөг өг гээд бөөн юм болов.

Мөнхөөгийн өдөр болгон ангид ирж Болдын тэмцээнийний тухай сүр бадруулан ярьдаг ч бас цаанаа учиртай л байсан юм билээ л дээ. Уг нь бол тэгдэггүй байсан л даа. Болормаад л Болдыгоо рекламдаж явсан нь тэр юм билээ. Маргааш өглөө бүгд ангид цугларч Болдод, Болормаа тэвэр дүүрэн цэцэг амжилт хүсэн өгч хацар дээр нь үнсэхэд Болдын хацар улайж их сандарч угаасаа үг дуу муутай хувьд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй барьц алдан зогсож байхад манай ангийн нэгэн аманцар охин Болд Болормаад дурласан байна шүү дээ царай нь час улайчихаж гэж хэлэн бүүр дарь нь дээр нь давс нэмж орхив.

Тэгсгээд хүүхдүүдийн чимээ шуугиан намдаж жижигхэн цайллага ч дуусаж бүгд дараагийн хичээл сургууль гээд тарцгаав. Харин тэр өдөр Болд шиг аз жаргалтай хүн байгаагүй юм даг. Сургууль төгсөх дөхөж төгсөгчдийн хонхны баяр болох гээд хүүхэд бүхэн өөр өөрийн өмсөх хувцас хунар гээд эрвийх дэрвийхээрээ л бэлдэж байв.

Хонхны баярын үдэшлэг ч болов. Анги ангиараа хурлын зааланд орцгоож төгсөгчдөд баяр хүргэж захирал, хичээлийн эрхлэгч нар үг хэлж үдэшлэг ч эхлэв. Харин энэ үдэшлэг дээр Болд, Болормаад анхны хайраа илчилж үерхэхээр гуйна гэж найз Мөнхөөдөө хэлсэн бөгөөд тэрийгээ ч хүнгүй газар сонгон дуудаж хэлсэн гэдэг.

Болормаа харин хүн хайрын тухай үг хэлж байна гэж даан ч нэг бодоогүйгээр барахгүй доромж үг хэлэн тэр сайхан цэвэр ариун хайрын сэтгэл рүү ус цацсан гэдэг. Тэрнээс хойш Болд байгаа үгүй мэдэгдэхгүй явсаар хаврын шалгалтуудаа амжилттай өгөн төгсөөд цэргийн дээд сургуулийн тамир командын ангид суралцах хуваарь авав.

Цэргийн сургуульд ч муу байсангүй бас олны дунд нэр хүндтэй сайн сонсогч байж сураад, сургуулиа амжилттай төгсөв. Харин цэргийн сургуулийн гуравдугаар курст байхдаа өвчний улмаас спорт хөөх аргагүй болон боксоо орхисон юм.

Болормаа харин арван жилийн сургуулиа төгсөөд загварын ертөнцөд хөл тавин гадаад дотоод явсаар эх орондоо ховорхон ирдэг болсон байв. Бид арван жилийн сургууль төгссөний таван жилийн ойгоор төрөлх сургууль дээрээ ангиараа цуглан хэн хаана яваа, ямар сургууль төгсөн ямар мэргэжил эзэмшсэн талаар ярилцаж байхад нэгэн өндөр бадриун, биерхэг, жавхаатай залуу ирсэн нь Болд байв.

Хүн тэгж их өөрчлөгддөг гэдгийг тэгэхэд л мэдэж билээ. Мөнхөө арваа төгсөөд сургуульд өрсөлдсөн ч орж чадалгүй намар нь цэрэгт яваад жолооч болж халагдан ирээд нэг албан байгууллагад даргын жолооч болсон байв. Манай ангийн бусад хүүхдүүд ч сургуульд орсон нь сургуулиа төгсөөд, орж чадаагүй нь ажил төрөл хийн бүгд л өөрийн гэсэн амьдралтай болсон байв.

Болормаагийн талаар загварын талдаа амжилттай сайн яваа гэхээс өөр хэн ч юу ч мэдэхгүй байлаа. Болд маань ч намар нь Оросод цэргийн академид үргэлжлүүлэн суралцахаар явав. Тэрнээс хойш хэдэн ч намрыг үдэж, хэдэн ч хаврыг угтсан юм бүү мэд, ёстой л цаг хугацаа гэдэг харвасан сум шиг өнгөрч хэн хаана яваа нь ч мэдэгдэхгүй хорвоогоор нэг тарж одсон байв.

Нэгэн намрын хүйтэн бороотой өдөр ажилдаа яаран алхаж явтал: -Сараа гэж нэг эрэгтэй хүн дуудав. Би ч гайхан эргэн харвал нөгөө Болд маань зогсож байв. Дөчин нас гарч яваа гэхэд их жавхаалаг хэн ч харсан бараг өөрчлөгдөөгүй багын төрхөөрөө үл ялиг гэдэс сууж таргалсныг эс тооцвол бараг хэвээрээ хүн намайг дуудан даллаж байв. Түүнийг харахтай зэрэг л багын явдлууд гэнэт санаанд бууж ажилд яарч байснаа мартан хүлээн зогслоо.

Хүрч ирээд мэнд мэдэн хаана ажиллаж байгаагаа хэдэн үгээр солилцоод орой ажил тарсны дараа тухтай уулзахаар салцгаав. Орой ажил тарахын алдад Болд над руу залгаж хаана уулзахаа болзон тохиров. Нэгэн хөл хөдөлгөөн дуу шуу багатай уушийн газар орж тухалж аваад амьдралынхаа тухай ярилцаж гарав. Болд Оросод сургууль дүүргээд Монголдоо Батлан хамгаалах яаманд ажиллахаар ирээд удалгүй АНУ-д цэргийн атташегээр томилогдон явсан бөгөөд тэндээ их л удаан хугацаагаар ажилласан гэнэ.

Харин тэнд бас Болормаа ажиллаж амьдардаг байсан гэнэ. Тэндэхийн Монголчуудтайгаа хааяа нэг нийлж уулзах үеэр Болормаагийн тухай яриа гарч ямар хүн байдгийг нь асууж сураглаад байсан чинь ангийн охин, анхны хайр Болормаа байсан гэнэ. Болормаа тэнд загварын шоунд оролцож мөн загварын чиглэлээрээ бизнес эрхлээд их сайн сайхан ажиллаж амьдарч нэрд гарч амжсан байж.

Нэгэн удаагийн уулзалтан дээр Болормаатай тааралдахад нэг ангийн хүүгээ танилгүй харин цэргийн атташе гэж сонсоод танилцаж элдэв ажлын болон хувийн асуудал ярилцсан гэв. Бас нэгэн удаа хамт хоолонд орох санал тавьж эмэгтэй хүн хоолонд орох санал тавьж байхад үгүй гэхгүй юм байгаа биз дээ гэж асуун оройн хоолонд хамт орохоор тохиролцов.

Тэгээд оройн хоолонд хамт орж хооллож байхдаа нэг ангийн Болд байна ерөөсөө танихгүй байгаа юм уу? гэж асуухад нилээн гайхаж гайхаж байснаа тэр сургуулийн хамт төгссөн хүүхдүүдээ бараг санадаггүй, яахав чамайг бол хэлэхээр чинь санаж байнаа ёстой танигдахгүй өөр болсон байна гээд нэг их олон юм ярилгүй тэгс ингэсгээд салсан, ахин нэг ч удаа холбогдоогүй гэж ярив.

Түүнээс хойш бас хоёр гурван жил өнгөрч байхад нэгэн эмэгтэй Болдыг сураглан очиж зөвхөн өөрт нь өгөөрөй гээд нэгэн захидал асууж байгаад өгөв. Захидлыг уншвал Болормаа осолд орж хэвтэрт байгаа зав гарган ирж уулзаач гээд хаягаа бичсэн байв. Хаягны дагуу очвол нэгэн том өрөөтэй байрны баруун талын буланд зассан өргөн оронд дээр яс арьс болтлоо турж эцэн тамир тэнхээ муутай болсон Болормаа гүн бодол, цөхрөл гуниг, агуулсан нүдээр Болдыг ширтэн харж байх нь тэр.

Гэхдээ хараад нүдэнд нь ямар нэгэн найдварын оч гялсхийх шиг болов. Юун түрүүн ямар ямар туслалцаа хэрэгтэй байна, эмнэлгийн болон мөнгөний хэрэгцээг нь асууж ярилцан өөрийн амьдардаг хот руу авч явж хажуудаа байлган туслах хэрэгтэй байна гэж ятгаж зөвшөөрүүлэн эмнэлгийн тусламжийн ортой машин дуудан авч явах үед байрны эзэн авгай ирж хагас жилийн төлбөрийн мөнгө нэхэж бас дээр нь баахан төлбөрийн хуудас гардуулан өглөө.

Бүх асуудлыг нь шийдэж өгөхөөр амлан эмнэлгийн машинд суун өөрийн амьдардаг хотруугаа дотроо олон жил хайрлан бодож явсан бүсгүйгээ аваад явж байлаа. Хамгийн түрүүнд эмнэлэгт хэвтүүлэн хурдан тамир тэнхээ оруулах, дараагийн эмчилгээ сувилгаанд бэлдэж шинжилгээ судалгаа хийхийг эмч нараас хүсэж гуйв. Сар гаран хугацаа өнгөрөхөд байнгын өндөр асаргаа сувилгаанд Болормаа ч тэнхрэн, хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй ярих тэнхэлтэй болсон байв.

Гэсэн ч Болдыг эргэж тойрон орж ирэхэд нэг л санаа зовсон шинжтэй бас ямар ааш араншин гаргаж байснаа санан зовдог ч юм уу? олигтой юм ярьж өгөхгүй ганц нэг үгээр асуусан асуултанд нь хариулахаас хэтэрдэггүй байлаа. Нэг өдөр оройн цагаар Болд эргэн очиж орных нь хажууд суун гарыг нь барьж нилээн удаан суухад Болормаа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн сэтгэл дотроо юу бодож явдаг бас хүнийг таньж чадахгүй сэхүүн их зантай байснаа ярьж өөрийгөө зүхэн харааж гэмшиж байхдаа амьдралаа ярьж гарав.

Загварын ертөнц гэдэг нэг орсон хүн эргэн гарах аргагүй xap тaмxи шиг асар том орон зайтай хөлгүй их бизнесийн далай түүнд нэг л хөл алдвал эргэн мандал дээр гарах аргагүй живэн оддог тухай ярьж өөрөө ч түүний нэг жишээ нь болсон гэв.

Зах хязгааргүй нэр алдар хүн бүхэн бөхөлзөн тонголзох бялдуучлал, харц хөдөлгөх төдийд бэлэн болж шийдэгдэх элдэв асуудал, менежерээр дамжин ирэх асар их мөнгөний урсгал дунд хөл алдан хэн байсан болон хэн гэдгээ ч мартан зөвхөн тэр л бүхэн байнга үргэлжлэх юм шиг санан хэний ч өмнө нүүр бардам сэхүүн явсаар нэг л өдөр гэнэтийн осолд өртөн ухаангүй хэд хоног хэвтсээр ухаан ороод өөрийгөө хаана байгааг ч мэдэхгүй манан буданд төөрсөн өнчин янзага шиг хэд хоносны дараа л бодит байдалд орж энэ байдалдаа нэг л итгэж дасаж чадахгүй амиа хорлох тухай бодож байсан ч яаж гэдгээ мэдэхгүй байсан гэдэг.

Гэсэн хэдий ч эмнэлэгт хэдэн сар хэвтэж эдгэнэ гэж хэлсэн эмч нарт итгэн өөрийн хурааж хуримтлуулсан болон худалдан авсан эд зүйлсээ зөвхөн эмнэлгийн төлбөр мөнгөнд зориулан жил гаран болоход хамаг зүйлээ дуусан хамт ажилладаг болон эрүүл саруул үед нь долоочих шахан гүйлддэг байсан хүмүүсээсээ тусламж дэмжлэг гуйсанд эхэн үедээ ганц нэг эргэж тойрон бага сага тус дэм болж байснаа ирэх хүмүүсийн тоо цөөрсөөр сүүлдээ хэн ч ирэхээ больсон,

Хайртай байсан залуу нь хамгийн сүүлд ирэхдээ хэвтэж байсан байрных нь гурван сарын мөнгийг урьдчилан төлж гаргаж өгөөд сураггүй явсан тухай уйлан байж ярин ганц найдвар болсон чам руу хүнээр захиа өгөн явуулсан тухайгаа ч ярьлаа. Болдын ажиллах хугацаа ч дуусах дөхөж байсан тул Болормааг нутаг авч явж Монголынхоо цэвэр цэнгэг агаар, нар салхинд гарган эдгээж өгнө гэсээр ятгаж дөнгөөд хамтдаа ирээд удаагүй байгаа гээд зөндөө зүйлийг надад ярив.

Харин эндээс гараад манайд очиж Болормаатай уулзчихаад яв чамтай тааралдангуутаа манайд хамт очъё гэвэл чи юу гэж ч бодох байсан юм билээ гэсээр уушийн газрын төлбөр тооцоог хийж хамтдаа гарлаа. Болдтой хамт явсаар сүүлийн үед ашиглалтанд орсон хотхонд ирж гэрт нь ороход тохилог сайхан дулаахан айл угтан авлаа.

Зочны том өрөөнд урин оруулж суулгаад унтлагын өрөө рүүгээ орж хэн нэгэнтэй хэдэн үг ярилцаад түрдэг тэргэнцэр дээр нэгэн бүсгүйг суулган орж ирэхэд 9-р ангид шилжин ирж байсан Болормаагийн дүр төрх яг хэвээрээ шахуу инээмсэглэн орж ирээд надтай мэндлэн хамт суув.

Бид гурвыг энэ тэрхнийг ярилцан сууж байх мөчид хаалганы хонх дуугарч эрэгтэй эмэгтэй хүмүүс мэндлэн инээлдэж орж ирснийг харвал манай ангийн Мөнхөө эхнэрийн хамт ирсэн байлаа тэгээд ширээ дүүрэн амттан өрж бас нэг том шилтэй виски гарган шөнө дөл хүртэл хуучнаа дурсан сууж баахан ярилцаад би явахаар босоход Болд намайг гарган өгч унаанд суулгахаар хамт гарав.

Гарсан хойноо -Чи энэ хугацаанд хүнтэй суугаагүй байсан юм уу? гэж асуухад -Энэ бүсгүйгээс өөр хэнийг ч хайрлаагүй юм аа, намайг үерхэх тухай хонхны баярын үеэр хэлэхэд чи ядаж эр хүн шиг сайхан эр болчихоод ахин нэг уулзаарай гэсэн юм аа гэж билээ. Би ч таксинд суун явахад Болд ч -Баяртай очоод залгаарай гэсээр үлдэв.

Хойтон жил нь манай ангийнхан бөөнөөрөө уулзалдахад Болд Болормаа хоёр ч хамт ирэв. Тэд хамтдаа АНУ-ын нэгэн эмнэлгээс шинжилгээний хариу ирж хагалгаанд орж эдгэх боломжтой гэсэн учир удалгүй явна гэсэн билээ. Болд гэх агуу том сэтгэл зүрхтэй хүү өнөөдөр ямар сайн сайхан аж төрөн яваа нь аливаа зүйлд уйгагүй зүтгэн итгэж явдгийн нэгэн жишээ энэ байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!