MngNews

“БИ 21-ТЭЙ ОЮУТАН ОХИН, ХАРИН ТЭР МИНЬ 35 НАСТАЙ АМЬДРАЛ НЬ ТЭГШИРЧИХСЭН ЗАЛУУ”

“БИ 21-ТЭЙ ОЮУТАН ОХИН, ХАРИН ТЭР МИНЬ 35 НАСТАЙ АМЬДРАЛ НЬ ТЭГШИРЧИХСЭН ЗАЛУУ”

Сайн байна уу, эндээс үргэлж өгүүллэг, захидал уншиж өөрийн амьдралд хэрэгтэй хэд хэдэн зүйлсийг мэдэж сурч авч байлаа. Надад хэрэгтэй зөвлөгөөг эндээс авч чадах юм шиг санагдаад та бүхэнд хандаж байна.

Би одоо 21 настай жирийн нэг бүсгүй. Оюутны ширээнээс хөндийрч сургуулиа төгсөөд тун удаагүй л байна. Саяхан миний амьдралд насаар надаас нилээн ахимаг нэгэн залуу орж ирээд байгаа юм л даа. Тэр залуу 35 настай.

Бид анх их сонин танилцаж байсан, танилцсанаасаа хойш мессежээр харилцаж уулздаг болсон юм. Тэр залуутай анх уулзахад жирийн нэг яриа хөөрөөтэй нүдэнд дулаахан царайтай санагдсан.

Мэдээж гадна төрх, харагдах байдлаасаа бол наснаасаа хамаагүй овор багатай харагддаг. Уулзаад л гэр бүлийнхээ тухай мөн оюутан ахуй насаа ярьсан.

Аавынхаа тухай бараг мэддэггүй, мөн анх хөдөөнөөс оюутан болж ирээд очих газаргүй нааш ир гэсэн танил бүр дээрээ л очиж хонодог байсан тухайгаа.

Тэгээд ингэж ядруу байж хүн гуйж хүний доор амьдарч болохгүй юм байна гэж бодоод ажил хийн маш их хөдөлмөрлөж өмссөн хувцаснаасаа өөр юучгүй байсан хүн чинь өөрийн хүчээр хэдхэн жилийн дотор хашаа байшин, машинтай унаатай ч болсон.

Яваандаа бизнес нь улам ч амжилтанд хүрч одоо бол зуу гаруй хүнийг удирдсан томоохон компанийн захирал болж чадсан гэж хөдөлмөрлөснийхөө үр шимийн тухай надад ярьдаг. Одоо бол 60 нас гарсан ээжтэйгээ хамт хоёулханаа амьдардаг.

Ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг анх танилцсан үеэсээ эхлээд л товч бөгөөд нилээн тодорхой ярьсан. Мөн өмнө нэг бүсгүйтэй олон жил үерхэж байгаад нөгөөх нь таван жилийн өмнө буюу бизнес нь одоогийн энэ амжилтанд хүрэхээс нь өмнө орхиод явсан гэсэн.

Яагаад салсан тухай нь асуутал өдөр шөнөгүй ажилласаар байгаад анхаарал халамж тавьж чадаагүй болохоор л орхиод явсан, миний алдаанаас л болсон байх гэж хэлсэн.

Гэхдээ тэр эмэгтэйгээсээ хойш өөр эмэгтэй хүнтэй огт холбоогүй байсан гэж хэлж чадахгүй хальт ганц нэг уулздаг бүсгүйчүүд бол мэр сэр байсан, гэхдээ чамд л маш их татагдаж, хайртай болчихоод байна гэж хэлсэн.

Миний хувьд бол өөрийгөө амьдралын нарийн ширийнийг мэднэ гэж хэлэхгүй л дээ. Аав ээжийн нөмөр нөөлгөн доор дутагдах гачигдах юмгүй явдаг жаргалтай хүн тийм ч учраас энэ хүн надад их л мундаг чадалтай хүн санагдсан юм өөрийн хүчээр бүхнийг хийсэн гэдэг нь.

Анх уулзаад л их л мундаг хүн мэт санагдаж эхэлсэн болохоор ч тэр үү мессеж ирэх бүрд нь хариу бичээд л их л дуртай харилцаж эхэлсэн. Бичиж байгаа захианаас нь харахад яг жаахан хүүхэд шиг санагддаг.

Уулзаад ярилцаад үзэхээр их л ухаалаг яриатай тэгсэн мөртлөө тулаад уулзахаараа догдлоод л, жижигхэн юман дээр магтахаар онгироод л надаас ичээд нүүр ам нь улайгаад тийм жаахан хүүхэд шиг үйлдлүүд гаргахаар нь өөрийн үеийн юм шиг л санагдах юм.

Гэтэл саяханаас уулзахдаа надад их л анхаарал халамж тавиад л өсвөр насны хүүхэд шиг найзынхаа зааж өгсөнөөр үнсэх тактик хэрэглэж мэрэглээд л тэврэх оролдлого хийгээд л янз бүр болоод хоёулаа илүү дотно байя, цаашдаа чамайг эхнэрээ болгомоор байна гэх боллоо.

Миний хувьд үнэндээ юу ч үзээгүй өмнө нь арван жилдээ л ангийнхаа бандитай үерхэж байснаас өөрөөр энэ тал дээр огт мэдлэггүй юм. Тэр үерхэл нь мэдээж хүүхдийн үерхэл л байсан ямар нэг юм болоогүй гэсэн үг л дээ.

Би одоо холбоотой байх тусам л түүнд дасаад байна, холбоогоо таслая гэхээр тэр хүний өмнөх бүсгүйтэй адилхан муухай хүн болж түүнийг орхиж яваад сайн хүнийг гомдоочих юм шиг санагдаад байна.

Тэгсэн мөртлөө уулзахаас чадах ядахаараа л зугтаагаад л, гэхдээ нэг уулзахаараа тэвчээр алдчих гээд л байх юм. Уг нь надад их сайн хүн юм шиг санагдаад байгаа юм гэхдээ би нэг л алдвал дахиж засч чадахааргүй тийм байдалд орно гэдгээ мэдээд хаширлах юм.

Үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй болчихлоо. Дотны сайн найздаа хэлэхээр тийм хөгшин хүн байхдаа яадаг юм өөр сайхан залуучууд зөндөө байна тэнэгтээд байгаач хурдан холбоогоо тасал гэх юм.

Надад бол хүний гаднах сайхан муухай нь чухал биш тэр хүний дотоод сайн сайхан л чухал санагддаг. Тэр хүн намайг хайрлаж халамжилж чадах хүн ч юм шиг санагдах болсон. Гэхдээ л насны зөрүү их болохоор эргэлзээд байх юм.

Ээж, аав маань ч гэсэн мэдчихвэл өөрсдөөс нь 10 хүрэхгүй насны зөрүүтэй хүнээс охиноо шууд харамлаж эсэргүүцэх нь мэдээжийн л асуудал байх. Гэхдээ л би энэ хүнийг алдмааргүй байна. Зөв шийдвэр гаргахад минь туслаач та бүхэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!