“БИ ЧАМ ДЭЭР ЭРХЭМСЭГ ОЧНО” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“БИ ЧАМ ДЭЭР ЭРХЭМСЭГ ОЧНО” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Энэ нь төлөвлөгөө ч гэж дээ аргаа барсан хүний аргагүйтсэн санаа байлаа. Тэгээд нэг өдөр Цэрмаатай хоёулахнаа байхдаа анх түүнийг хэрхэн харснаа, яаж санаж мөрөөдсөөр өөртөө өөриймсүүлснээ, үр хүүхэдтэй болсон хийгээд эхнэрийнхээ мэдэх болгоныг хөврүүлсээр байлаа. Цэрмаа харин “Энэ маань юу л гэх гээд байгаа юм бол доо. Юм гуйх болохоороо л ингээд эхэлдэгсэн” гэж бодон Готовыг харна. Готов цааш нь – Хүн болсных хүн ер нь ямар нэгэн зүйлийн төлөө итгэл үнэмшилтэйгээр зүтгэж, хийж бүтээж, түүгээрээ бахархаж амьдрах ёстой юм даа. Чи бидний хамгийн сайн хийж чадах зүйл маань энэ хэдэн хүүхдийг сайн сайханд хүргэх л явдал юм байна. Үүний төлөө бид хоёр чадлаараа тэмцэх хэрэгтэй болж. Найз нь мэдээж ингээд чадахаа байлаа.Чи минь л цааш нь ганцаараа үргэлжлүүлэх боллоо. Хэдийгээр чамд минь хэцүү байх боловч ингэхээс өөр зам алга. Миний хань маш тайван уужуу байж одоо байгаа нөхцөл байдлыг ухаараач гэж гуйх гэсэн юм гэлээ. Гэтэл Цэрмаа -Чи минь юу яриад байгаа юм дээ? – Найз нь ирэх долоо хоногт буцъя даа. Миний хань хүүхдүүдээ аваад үлдэх хэрэгтэй байна гээд тавьчихлаа. Цэрмаагийн нүд нь нэг их том болж ирсэнээ – Юу гэсэн үг вэ? Тийм юм гэж юу байсан юм гээд л урсгалаа. – За тайвширдаа. Би энд ч адил, тэнд ч адил. Чи минь буцвал тэнд ажил төрөл ч олдохгүй, хэдэн хүүхдийн сургууль соёл ч өнгөрнө. Бага маань ч эрүүл саруул өсөө ч үү, үгүй ч үү. Эндээ байж байвал ядаж хоёр том нь сургууль соёлоо дүүргэчихээд ажил амьдралын захаас зуучихаад буцацгаавал чамд дэмтэй. Харлах гээч нь болсон болохоор одоо надтай явлаа гэхэд буцаж ирж чадахгүй тэндээ түгжигдэх болно.

Бодит байдал ийм байгаа болохоор бидэнд өөр сонголт алга байна. Чи бид хоёр чинь эцэг эх хоёр шүү дээ. Энэ хэдэн хүүхдийн сайн сайхан амьдралыг үргэлжлүүлэх ёстой гээд л үгээ таслуулахгүй гэсэн шиг урсгаж гарав Гэтэл Цэрмаа – Үгүй ээ, үгүй. Би чамайг эндээс чи минь явдаа, тэнд очиж үхдээ гэж хэлж чадахгүй шүү дээ. Чи намайг бод л доо. Эх орондоо очиж байгаа юм чинь амьтан ах дүү байна болох л байлгүй дээ. Би чамтайгаа ханилснаас хойш чинийхээ үгээр л явдаг байсан. Тэгсэндээ ч бид өдий зэрэгтэй яваа гэж боддог, алдаа ч үгүй. Харин энэ удаа чадахгүйнээ. Бид хэд чамтайгаа хамт буцна гээд л цамнав. – Тийм л дээ хонгор минь гэж Готов байдлыг зөөлрүүлэхийг хичээж – Би эх орноо муу муухай гэж байгаа юм биш. Гэхдээ бодит байдал манай гэр бүлийн хувьд үүнээс олигтой гарц олдохгүй байна. Тэнд байхад үр хүүхэд маань их л сайн сайхан байлаа гэхэд чи бид хоёроос илүү гарч харагдахгүй байна. Гэтэл хүмүүн бид чинь үргэлж урагшаа, үргэлж өөдөө, үргэлж сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө тэмцэж байх ёстой шүү дээ. Ингэхийн тулд хүүхдүүд маань өмнөх өмнөх сургуулиа дүүргээд дараагийн шатандаа сурвал эндээ арай дээр байгаа нь өнөөгийн хувьд гарцаагүй үнэн. Магадгүй миний хүү энэ өвчний эсрэг эм тариа хийгээд хүн төрөлхтнийг аврах ч юм билүү хэн мэдлээ. Эрдэм мэдлэгтэй болоод эх орноо санаж мэдрэх хийгээд хүн болж ухаажаад ирэхийн цагт тэд эх оронруугаа тэмүүлэх нь гарцаагүй. Тэгүүлэхийн тулд ч би тэнд очиж … гэснээ хоолой нь зангирч үгээ тасалж хэсэг байснаа – Тэр цагт чи минь хажуугаас нь дэмнээд өгвөл болох нь тэр.

Ер нь ч тэгээд энэ хэдийг чи бид хоёр л энд авчирсан юм чинь буцааж эх оронд нь хүлээлгэж өгөх нь чи бид хоёрын үүрэг шүү дээ. Хэдийгээр аж амьдрал хөөж энд ирсэн ч гэсэн тэр орны охид хөвгүүд шүү дээ бид чинь гэж намуухан хүүрнэв. Цэрмаагийн дууны өнгө өөрчлөгдөж – Ишш! миний өвгөн ийм байдалд орчихоод юун ч их юм ярьдаг юм билээ дээ. Төдийгөөс өдий хүртэл ханилчихаад одоо хэрэгцээгүй болсон бол буцдаа ,би энэ хэдэн хүүхдээ бодож байна гээд намайг үлдэнэ гэж яаж бодоод байгаа хүн бэ? Юун амгалан юм боддог юм. Адаглаад бурханы оронд очсон ч бyзартай гээд авахгүй биз дээ гэхэд Готов хаа нэг хошигнохоороо гаргадаг царайгаа гарган гунигтай ч гэсэн нүдээ жаатайлган сахилгагүйтсэн харцаар Цэрмаагаа харж – За за би түрүүлээд очих юм чинь бурханыг аргалчихна гайгүй гээд инээмсэглэв. – Хн! гэснээ эхнэр нь инээх уйлахын завсар нулимсаа арчивч хатуугийн хатуу хувь тавилангаа яаж ч үл чадна. – Худлаа худлаа тоглосон юм. Хань минь дээ ийм үед харин бүр их амгалан болчихдог юм байна. Одоо ч гэсэн хар л даа. Хэдийгээр чамд минь хэцүү байгаа боловч хэзээ өнгөрсөн хойно санахад “энэ цаг үед бид хоёр зөв зүйтэй шийдэждээ” гэж бодож суухад сайхан байх болно. Тэгээд ч энэ их хайраар хашиж, сэтгэлээр түшсэн гал голомтоо унагаж унтраахгүй авч явах том үүрэг чамд минь үлдэх нь. Үүнийг чи чаднаа. Би та хэдийгээ тэндээс үргэлж харж байх болно. Чи минь амьдралд, хүүхдүүдэд хэрэгтэй л бол зөв гэж бодсон зүйлээ хэнээс ч, тэр байтугай надаас ч зоволгүйгээр хийж байгаарай. Чи минь миний төлөө гэж бодоод энэ удаа бас зөвшөөрчих. Чамайгаа дандаа зөвшөөрдөгийг би мэднэ.

Гэвч энэ гуйлт хамгийн сүүлчийнх бас хамгийн агуу нь гээд тийм гэхийн аргагүй хайр гийсэн харцаар харж, халуун энгэртээ Цэрмаагаа тэвэрлээ. Хөөрхий Цэрмаа учирсан гай, ухаарч сэнхрүүлэх Готовын яриа, үр хүүхдийнхээ ирээдүй гээд олон олон асуудлын дунд хий дэмий л ам нь ангалзаж, нулимсаа арчин санаа алдахаас өөрийг хэлж чадсангүй ээ. Дараагийн ээлж яах аргагүй болжээ. Дахиад л шилэн хүзүүнээс нь татаж, тархи нь янгинаад, хоёр нүдэнд нь гал дүрэлзэх шиг. – За даа эхэллээ дээ гэж Готов амандаа бувтнаад, уяанаасаа зулгааж, амандаа хөнжлийнхөө захыг зууж, гэдийн яраглана. Энэ удаа нэг их удсангүй арваад минут үргэлжлээд дууслаа. Готов ганцаар ярина. – Би уг нь үхэл чамтай эвлэрч ,чамтай уулзахад аль хэдийн бэлэн болсонсон. Гэтэл чи заавал намайг энэ өвчний өмнө өвдөг сөхрүүлж, намайг өөрийн минь гараар егүүтгүүлж, үхэл чи өөрийнхөө өмнө адгийн арчаагүй байдлаар очуулах гээд байх шиг байна. Би хэдийгээр дуусаж байгаа ч гэсэн даанч нэг тэгэхгүй юм даа. Хаа очиж би тийм өчүүхэн хүн биш юм. Чи намайг сонс !!! Үхэл би чам дээр эрхэмсэг очих болно. Харин үр хүүхэд, аж амьдралаа ганцаар дааж үлдсэн өөрийн минь тал болтлоо ханьссан ханьдаа би мэхийх болно. Үйлийн үрийн заяанд үр болгон төрүүлж өсгөсөн үсэн буурал аав ээжээсээ алтан дэлхийд олдсон ганцхан үр нь болчихоод, амьдад нь үхэж зовоож байгаа болохоор тэдэндээ сөгдөн мөргөх болно. Түүнээс биш үхэл чи болон чиний үнэнч туслагч өвчний өмнө өвдөг сөхрөхгүй шүү. Миний хүү энэ өвчнийг чинь нэг учрыг нь олох байгаа гайгүй. Тэр ганцаар бодсоор бас ярьсаар… Нөгөө өрөөнд өвгөн эцэг нь унтсан дүр эсгэж хөрвөөнө.

Сүүлийн хэд хоног бас л унтсангүй ээ. Хол явсан хүү нь нэг л өдөр хэл чимээгүй инээсээр ороод ирсэнсэн. – Үгүй энэ чинь миний хүү. Хаанаас? Хэзээ? Нөгөө хань ижил үр хүүхэд гээд л бараг мэндийн зөрөөгүй шахам шалгаасансан. – Зүгээр зүгээр хэд хоног нутагтаа сайхан амраад буцна гэх авч нэг л өөр. Эмгэн нь сандчаад л тогоо шанага, хоол унд… Тэр өдрөөс бараг хоёр долоо хонож байгаа нь энэ. Өвгөн хүүгээ яраглахыг сонсох авч, очиж хүүгээ зовоогоод яахав хэмээн санаж, хоолой нь хорсох шиг болоход хий ханиана. – Хүүгийн хэлснээр бол ямарч арга байхгүй л гэх. Би ч өдөрт сүм хийдээр эргэхээс өөрийг чадахгүй юм даа. Ээжийнхээ санааг зовоочихно гээд хэлэхгүй байхыг гуйгаад байсан. Муу эх нь зөнгөөрөө гадарлаж байдаг юм боловуу даа. Юм л бол уйлаад л байгаа харагдах юм. Мэдсээр байж, харсаар байж өдөр өдрөөр хүлээнэ гэдэг яасан ч хэцүү юм байдаг юм. Олон жил хүсэж хүлээсний эцэст арай гэж олдсон ганц үр минь юмсан. Хөөрхий өдөр болохоор инээж хөхрөөд, ярьж хөөрөөд тун ч сэргэлэн болчих юм. Миний хүүгийн ярьж хэлж байгаа нь, бодож санаж байгаа нь, юмыг ондоо өөдрөг гэрэлтэй талаас нь харж байгаа зэрэг нь бусад хүнээс хувь илүү юмаа. Арай л дэндүү эрт, арай л дэндүү залуухан байна даа миний хүү. Бидний энэ үеийн хүмүүс гэж дайн байлдаан, үймээн самуун болоогүй байхад хил даван цагаачилж, хагацаж салахын үед ч цугтаан байж болдоггүй тэртээ холоос санаж сарвайсаар салцгаадаг. Үр хүүхэд нь ч дэргэд нь байж болдоггүй, харж ч болдоггүй, барьж ч болдоггүй муулж ч болдоггүй, сайлж ч болдоггүй, тэр гэхийн тэмдэггүй ямар гээчийн хувь тавьлан гэж ийм байдаг юм, сэтгэл итгэл алдраасан хаашаа янзын нийгэм гээч нь энэв дээ бүү мэд гэж өвгөний хоолой цахиртана.

Гал голомт сахиж үргэлжлэх үр удмыг минь төрүүлж өсгөж байгаа хөөрхий бэрээ л бодох юм. Одоо ганцаар бүхнийг авч явна гэдэг бүсгүй амьтанд хэцүү дээ. Даа ялангуяа хүний нутагт. Эд маань хоорондоо их л сайн ярилцаж дээ зайлуул. Түүнээс манай бэр бас тийм амар үлдэх хүн биш. Магадгүй эдний маань зөв ч байж мэднэ. Одоохондоо энд ирээд бүх юм хэцүү л байх шиг байна. Хүн ер нь хэд наслах нь яахав. Энэ хорвоод хүн шиг хүн болж чадах нь л чухал юм даа. Хүн болж чадаагүй муусай юмнууд гудмаар дүүрэн л байх юм. Миний хүү ч харин хүний дайтай хүн болсым байнаа. Сайхан хүүтэй, сайхан бэртэй, сайхан ач үрстэй байна гэдэг хамгийн эрхэм жаргал байдаг юм байна даа. Энэ бүхнийг амьдад минь үзүүлсэн хүүдээ аав нь даанч нэг хайртайсан. Энэ буурал хорвоогоос буцталаа аав нь хүүгээрээ бахархаж бахдаж байх болноо. Он цагийн уртад үрчийж атираатсан нүүрэн дээгүүр нь хагацал харууслын өнчин ганц нулимс тамирдаж туйлдсан мэт аажуухан доошлоно. Дахиж эхэлсэнгүй ээ. Сүүлчийн хэдэн цаг өвдсөнгүй. Готов өвчнийг ялан дийлжээ. Өвчин одоо түүнийг яаж ч чадахгүй болжээ. Харин жихүүцэх шиг санагдаад гараа барьж үзтэл нэг их юм мэдэгдсэнгүй. Гараа цээжин дээрээ тавьтал гар нь үнэхээр хүйтэн болжээ. Нойр нь ч хүрэх шиг. – Шөнөжин унтаагүй болохоор тэр байхаа даа. За байз унтахаасаа өмнө Цэрмаадаа утасдаж урьдын адил тэвчээртэй байхыг гуйх хэрэгтэй юм байна даа … Готовын ухаан атаархмаар саруулхан байлаа. Ханийх нь насан залуугийн инээмсэглэх төрх нүдэнд нь үзэгдээд, хүүхдүүдийнх нь шуугилдах чимээ чихнээ сонсогдоод, нэг их гэрэл гэгээ тэднийг минь гийгүүлээд л тэгсэн хэрнээ алгуурхан цаашлаад л … Үүр хаяараад нарны туяа цонхноо тусаад өрөө хачин саруулхан, өглөөний сэнгэнэсэн сэрүүн агаар орж өрөөгөөр сэлгүүцнэ. Шувуудын жиргээ тодхон сонсогдоод ер бишийн сайхан өглөө ажээ. Харин нэгийг явуулж, хаа нэгтээ нөгөөг угтах буурал хорвоо л харин хэнэггүйхэн хэвээрээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!