MngNews

“БИ ХАДМЫНХАА БАЙРНЫ ЖИЖИГ ӨРӨӨНД ТОЛГОЙ ХОРГОДДОГ ХҮРГЭН…” – ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ

“СЕЗОН” – А.АМАРСАЙХАН

Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан.

“Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би: -Цаад нэг донгио юмны чинь “сезон” хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч хэлж байхыг тодхон сонслоо.

Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. “Сезон” гэдэг уул нь гадаад үг л дээ. Наймаачид хүйтэрч нэхий дээл зарагдаж эхлэхээр “нэхийний сезон орлоо” гэж ярьдаг шүү дээ.

Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч тэрийг нь оруулж чадахгүйдээ гутарна. Энэ гэрт амьдарч буй хүмүүс надаас бусад нь бүгд сезон ордог.

Одоо зуны эхэн сар тул хадам ээжийн сезон орж байгаа. Тэр, боловсролын түшмэл учраас дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг юм. Хадам ээж их оройтож шөнө дөл болсон хойно ирлээ.

Цайгаа ч уухаа умартан, сэтгэл хангалуун суух зуураа газрын албаны даргын хүүг МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцүүлж, хотын төвд газар авах болсон,

Мянгат малчин Жамбалын эрх охиныг нэг муу хувийн дээд сургуульд оруулаад өгтөл өвлийн идэш өгнө гэсэн, ха ха гэх зэргээр ярьж байснаа царайгаа хувьсхийлгэн миний авгай руу ширэв татаад, -Та нарын төлөө, амьтан хүнээр муу хэлүүлэн хуруу хумсаа хугалж явахад чиний нөхөр гэж нэг донгио юм гэж уурлалаа.

Энэ явдлаас хэд хоногийн дараа хадам аав хилээс ирэв. Тэр гаалийн байцаагч тул Бургастайн хилийн боомт нээгдэхэд сезон нь орно. Боомт улирал бүр сарын хугацаатай нээгдэх учир жилд дөрвөн удаа сезон ордог гэсэн үг.

Хадам усанд орж дархан хилийнхээ шороо тоосноос салаад, өөхтэй мах огтлон зажлах зуураа, -Энэ удаа Хятад руу төмөр их гараад, унац давгүй шүү. Ганцхан баян Балдангийн гаалийн бүрдүүлэлтээс л сая төгрөг ороод ирлээ шүү дээ.

Ирэх зунаас хөгшнийхөө олсон газар дээр хоёр давхар байшин бариулна аа. Тэгээд муу охиндоо энэ байраа өгнө гээд авгай руу маань энхрийлэн харлаа. Хадам ээжийн малигар царай хувьсхийн, -Хн, тэр нөхөр шүү юм нь өөрөө сезоноо оруулж байраа худалдаж аваг.

Хүүдээ байраа өгнө шүү, ярихгүй гэж байна. Авгай шүүхэд ажилладаг тул сезон нь үе үе орно. Баян хүн хэрэг хийвэл бүр пал хийтэл орно.

Хөөрхий минь, миний хань шунал багатай дорой амьтан авахгүй гэж гүрийх боловч цаадуул нь хүчээр дарж байгаад атгуулчихдаг тул хадам ээж рүү боодолтой хүрэн улаан цаас шидээд бушуухан гараа угаана.

Тэгээд над руу гэмшингүй хардаг юм. Харин нэг удаа орж ирээд, өврөөсөө мөнгө гарган сарвайгаад, -Май, энийг ээжид өгөөд, миний сезон орлоо гэж худлаа хэл, тэгэх үү? гэж над руу гуйсан харцаар харан шивнэлээ.

Би түүнийгээ тэврэн энхрийлээд, -Талхны хувийн үйлдвэрийн борлуулагчаас хэн юу гуйхав дээ. Харин би “манай талхыг аваач” гэж хүн хүнээс гуйж царай алдаж явдаг заяагүй амьтан шүү дээ. Ээж итгэхгүй гэж учирлалаа.

Аравдугаар сарын эхээр нэг явдал боллоо. Энэ зун цэргийн сургууль төгсөж ирсэн хүр дүү хонь хөтөлсөөр орж ирсэн юм. Нэг малчин цэрэгт татагдаж буй хүүгээ Увсын Тэс рүү бус, Улаанбаатар луу хуваарилуулаад шагнасан нь энэ гэнэ.

Хадам ээж маань: -Цэргийн хэлтэст ажилд ороод сар ч болоогүй, хар нялхаараа дүүгийн чинь сезон орж байхад чиний донгиогийн сезон хоёр жил болоход нэг ч орсонгүй хэмээн авгайг маань бүтэн оройжин загналаа.

Авгай доголон нулимстай өрөө рүүгээ орж ирээд, -Дараа жилээс миний хөгшин мэргэжлийн ажлаа хий. Гадаад хэлний багшийн сезон уралдаант шалгалтын өмнө ордог шүү дээ гэлээ.

-Шохойны харшилтай болоод л талх борлуулагч хийж байгааг минь чи мэднэ шүү дээ гэвэл, авгай маань хэсэг бодолхийлээд, -Хойд цэцэрлэгийн гал тогоонд сав угаагчийн орон тоо байгаа гэсэн. Намар болохоор хүмүүс “хүүхэд цэцэрлэгт оруулаад өг” гэж миний хөгшнөөс гуйна шүү дээ гэж байна.

Энэ орой би үнэхээр сезон л ордог бол хамаагүй жорлон цэвэрлэгч хийхэд ч бэлэн болсон байлаа. Маргааш нь би захирлын өрөөнд халагдъя гэсээр явж орлоо.

Тэгтэл захирал босч ирлээ. -Чи битгий халагд, цалинг чинь хорин хувь нэмье гэж байна. Би хэдийг нэмсэн ч ажиллах боломжгүй, бүр шийдчихсэн гэдгээ учирлалаа. Захирал намайг сэнхэртэл ятгаад, үйлдвэртээ үлдээж, харин цалинг минь дөрөв дахин нэмж хоёр зуун наян мянга болголоо.

Миний гүйж харайж, амьтан болгоныг гуйж гувшидгийн ачаар энэ үйлдвэрийн борлуулалт тав дахин нэмэгдсэн ч би анх орохдоо л авч байсан далан мянган цаасаа авсаар явснаа сая ухаарлаа.

Нээрээ л би хадам ээжийн хэлдэг шиг донгио амьтан юм гэж бодогдлоо. Энэ лут дүгнэлтийг хийсэн цагаас эхлэн миний сезон орлоо. Борлуулалтаас унац гаргалаа гээд улаан хүрэн дэвсгэрт хадам ээждээ гардуулдаг болсон юм.

Цалин дээрээ нэмэгдсэн мөнгөнөөсөө сэм сугалж аваад, ажилдаа явна. Орой ажлаас ирэхдээ: -Өнөөдөр унац гайгүй, долоон мянга орчим юм уу даа гэх буюу шальсангүй, тавхан мянга… гэнэ.

Хадам ээж хайлсан тугалга л гэсэн үг. -Манай хүргэний сезон өдөр бүр ордог юм. Дор хаяж л таван мянга. Авхаалжтай хүү шүү хэмээн хөрш авгайчууддаа бардана. Харин эхнэр маань над руу нэг л биш харна.

Тэр минь намайг муу хүн гэж бодох болсон тул би түүнд нууцаа задаллаа. Эхнэр миний нууцыг сайн хадгалж, надаас “унац”-ыг минь баяртай гардан авч нэгд нэгэнгүй тоолон хямгадаж жүжиг тоглох боллоо.

Дараа жил нь хоёр давхар шилтгээндээ орохдоо хадам ээж: -Ийм авхаалжтай, сүйхээтэй хүргэндээ байраа өгөлгүй яахав гэж палхийтэл хэлэх нь тэр ээ. Эхнэр бид хоёр байрны түлхүүр гардан авахдаа хоёр биеэсээ ичсэн гэж яав аа. Гэсэн ч авахгүй гэж хэлж чадсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!