“БИ НУУЦ АМPАГ БАЙСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“БИ НУУЦ АМPАГ БАЙСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Уучлаарай захиандаа заавал нэр өгдөггүй биздээ. Нэр нууцлаад нийтлээд өгвөл маш их баярлана. Учир нь би ер нь зөв зүйл хийж үү гэдгээ хөндлөнгийн хэн нэгнээс сонсмоор санагдаад шүүмжлэл байсан ч би хүлээж авч чадна аа. Намайг загнамаар байвал хангалттай загнаарай ээжүүд минь. Би нууц амpаг байсан юм. Одоо бол би 29 настай. Ажлаа хийгээд л энгийн амьдардаг нэг эмэгтэй. Их сургуулиа төгсөх жилээ дадлага хийж байсан газартаа төгсөөд үндсэн ажилтан болж үлдсэн юм. 22 настай ажилдаа дуртай охин байлаа. Хамтарч ажилдаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм. Тэр байгууллагын менежер гэж сонссон. Бид хоёр дахин хоёр удаагийн семинарт тааралдав. Сүүлийнх дээр нь оройтож тарсан учир надаас гадна хоёр ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан. Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа эхлүүлж хэзээ төгссөн, ажил хэр байна гэх мэт ойр зуурын л зүйл асуув.

Би яг л багшдаа байцаагдаж байгаа мэт асуултанд нь сандран хариулж машиных нь хойд суудал дээр цонх ширтэн цаанаасаа л сандран нэг тийм өөр мэдрэмж. Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав. Миний дугаарыг бүртгэлийн гарын үсэгтэй хуудаснаас авсан байсан. Эндээс л эхэлсэн юм. Тэр надаас зургаан насаар ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Надтай ойролцоо байх гэж би бодож байсан. Өөрийнхөө тухай ярихдаа гэр бүлтэй эхнэртэй гэдгээ хэлсэн нь намайг гуниглуулж за энэ бол цааш үргэлжлэхгүй харилцаа юм гэсэн ойлголт өгсөн. Гэсэн ч тэрнийг залгах үед, гараад ирэх үү гэх үед, хамт жаахан алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан. Ухаалаг бас маш их гунигтай нүд байнга үгээ зөөж бодож өөртэйгээ зөрчилдөж хэлдэг түүний бүх зүйлд би дурлаж эхэлсэн. Асуумаар байвч эхнэрийнх нь талаар огт асууж зүрхэлдэггүй байв. Зүгээр л хамт байхдаа хосууд биш 10 жилийн үерхэж мэддэггүй хоёр шиг юу ярихаа мэдэхгүй ярих зүйл олдохгүй хэрнээ баяртай гээд салаад явчихдаггүй тийм сонин харилцаанаас эхэлсэн. Яваандаа нэгнийгээ юу ч хэлээгүй байхад нь ямар өдөр өнгөрснийг, хэцүү байна уу гээд мэддэг болж болзоонд бүр ойр ойр явж эхэлсэн.

Чи эхнэртээ хайртай биз дээ. Хоёулаа буруу зүйл хийгээд байна шүү дээ гэхэд юу ч хариулдаггүй байлаа. Түрийвчинд нь эхнэртэйгээ авахуулсан зураг нь байдаг бас эхнэртэйгээ хос дугаартай бас халамжтай. Надад эхнэрээ огт муу хэлж байгаагүй. Би ч тэгж боддоггүй байсан. Бид хоёрын ялгаа нь тэр миний дугаарыг утсан дээрээ хадгалдаггүй харин би түүнийхийг хайр гэж хадгалдагт л байсан байх. 10 жилийн нэг ангийн хосууд бараг оюутан болоод л хамт амьдарч тусдаа гарсан гэр бүл байсан. Хэзээ нэг өдөр тэр надад хоёулаа дахин уулзахгүй шүү гэж хэлэхийг би айдастайгаар хүлээдэг байлаа. Тэр үед за гэж хэлээд явуулаад дараа нь үхтлээ уйлж мартах гэж хичээх болно гэдгээ ч мэдэж байсан. Хайртай болчихсон үнэхээр өөр хүн нүдэнд харагдахгүй байх үед түүндээ ганц ч удаа бэлэг өгч, нэг ч удаа цамцыг нь сонголцож хоолыг нь хийгээд хүлээхгүй тийм тавилантай гэдгээ өдрөөс өдөрт ойлгож шаналж эхэлсэн. Нэг удаа тэр эхнэр нь хүүхэд олохгүй байгаа тэрнээс болж хоорондоо үе үе маргалддаг гэж хэлсэн. Гэхдээ тэр эхнэрээ орхих эр хүн биш гэдгийг би сайн мэддэг болсон байсан. Бид хоёрын хооронд харилцаатай хоёр жил хагас боллоо. Хэзээ ч манай найз залуу гээд түүнийг найзууддаа танилцуулах эрхгүй тийм харилцаа.

Яахав тэр надад хайргүй харин зүгээр хамт байхад тайван дассан байж болох ч би түүнд унаж тустлаа дурласан уулзахгүй гэж хэлж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байсан. Тэр өвөл би жирэмсэн болчихсон. Тестеер үзээд итгэж өгөхгүй дахин дахин шалгав. Уг нь би хамгаалах эм уудаг байсан. Түүнд хэлэхэд маш хурдан хүрээд ирсэн. Бид хоёр гар гарнаасаа атгалцаад юу ч ярилгүй удаан суусан. Тэр баяртай байгаа нь илт мэдэгдэж бас одоо яах билээ гэж дотроо шаналж байгаа нь ч мэдрэгдэж байсан. Харин би горьдлогийн нүдээр түүнийг ширтэн үг хэлэхийг нь л хүлээж байв. Надтай сууя гэвэл яах билээ гэр бүл салгасан нэртэй насаараа цолцуулж амьдарна гэж хүртэл бодож үзсэн. Гэхдээ тэр зүгээр л горьдлого байсан. Хүүхдээ төрүүлвэл би аавын үүргээсээ татгалзахгүй үргэлж хүүхэддээ санаа тавьна гэхдээ би эхнэрээ орхиж чадахгүй нь гэдгээ тэр хэлсэн. Ийм үг сонсохоо мэдэж байсан ч маш их уйлж хэдэн өдөр хаана ч хамаагүй уйлж ажлаа ч хийж чадахгүй дэн дун явав. Авахуулах тухай бодол л байн байн орж ирээд байв. Улсын эмнэлэг илүү найдвартай гэж бодож байгаагаа хэлтэл тэр миний өмнө суугаад өвдгийг минь тэврээд гуйж байна хүүхдээ битгий авахуулаач гэж гуйсан.

Амьдралд яаж ч болохгүй ямар ч шийдвэр гаргасан би аз жаргалгүй байх нь тодорхой тийм үе ирдэг юм билээ. Хайртай хүнээ хажуудаа үлд гэж ятгах эрхгүй хүүхдээ эцэгтэй нь өсгөх бас эрхгүй. Би ганцаараа энэ шийдвэрийг гаргасан. Би хүүхдээ төрүүлээд аавд нь өгөхөөр шийдсэн. Тэнд байгаа нэг эмэгтэйг ээж болгохоор шийдлээ. Хэцүү ч гэсэн энэ шийдвэр хүний амь таслахгүй, гэр бүл салгахгүй хамгийн зөв шийдвэр болж л таарсан юм. Уйлсаан. Төрөн төртлөө шүү. Хүүхдээ хөдлөх бүрт уйлдаг, эход харуулах бүртээ, ээж аавтайгаа яваа нялх үрсийг харах бүртээ уйлсан. Ээж аавдаа мэдэгдэхгүйн тулд нэг жил Солонгос яваад юм сураад ажил хийгээд нүд тайлаад ирье гэж хэлээд явсан тийм л бөх зүрхтэй эмэгтэй дээ би. Солонгост байгаа гэж бодож байсан охин нь 40 мянгатад байр түрээслээд томоо гэдэстэй явж байгааг харсан бол. Хүүхдээ гэдсэндээ удаасай, ер нь ингээд жирэмсэн л байгаад байгаасай гэж хүсдэг болсон. Учир нь хүүхдээ төрүүлсэн тэр цагаас хүүхдээ ч хайртай эр хүнээ ч үүрд явуулах учир. Тэр маань эхнэртээ хэлсэн удахгүй хүүхэд өргөж авна гээд. Эхнэр нь шууд л итгэсэн байсан. Хүүхдийн хувцас ор гээд бүхнийг өөрөө явж цуглуулсан гэсэн. Тэр эмэгтэйг үзэн ядах ч шиг , дараа нь өөрийгөө үзэн ядах ч шиг.

Үнэхээр хурдан 9 сар байлаа. Халамжлуулж хайрлуулж асруулж миний хажууд байгаа хайртай хүнээ явуулах өдөр ойртсоор. Жирэмсэн хугацаандаа үнэхээр их итгэдэг ганц л найздаа үнэнийг хэлж тэр маань ч ирж их хань болдог байсан. Би төрлөө. Тас хар даахитай ув улаан хүү энгэр дээр минь тавихад би итгэж өгөхгүй нүдээ дов болтол төрөх орон дээр хоёр цаг дээшээ харж ганцаараа уйлсан. Цор ганцаараа үлдээд төрүүлсэн үрээ хайртай хүндээ аавд нь өгч явуулаад гурван жил болох гэж байна. Би шийдвэртээ үнэнч байж чадсан. Түүнийг бүр мөсөн явуулсан. Харин хүүгийн минь нэг насны төрсөн өдрөөр түүнээс надад амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа. Хэзээ ч мартахгүй гэсэн мессэж бичсэн. Уншаад уйлаагүй бас баярлаагүй. Зүгээр л өөртөө удахгүй аз жаргал дахиад ирнээ чи одоо ухаалаг бүсгүй болсон шүү хичээгээрэй гэж л бодохыг хүссэн. Тэнд нэг гэр бүл элэг бүтэн, гэр дүүрэн инээдтэй хүүхдийн дуу хадаж жаргалтай байгаа нь гарцаагүй. Эхнэр нь хэзээ ч хүүгийнхээ эцгийг өөрийнх нь нөхөр гэж таамаглахгүй гэхдээ л маш их жаргалтай амьдарч байгаа. Би нүгэл хийгээгүй бас буян ч үйлдээгүй гэхдээ л зөв зүйл хийсэн байх гэж өөртөө итгүүлдэг.

One thought on ““БИ НУУЦ АМPАГ БАЙСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

  1. uneher l chinii heldegeer zov zuil ch bish buruu zuil ch bish bn. Minii uguh zovolgoo bol daraagin udaad oorigoo l mash sn bodoj shiidver gargaj nudee anih yman deer nudee anij bgarai l gj husey. Odoo ingej heleh muuhai bhaldaa ghdee anhnasa ehnertei oort chine ymr amidral huleej bgag meded nudee anitsan bsan bol huuhdee toruuled nudee anih shaardlaga bhgu l blaa. Ghdee zgree ter huuhdiin amidral tm l bh ystoi bsiin blude ter 2 huniig aav eejee gd ter humuusin uguh amidarlig avah ystoi huuhed bsn bh esvel ter zaluugin husel ch bj magadgu ym. Chamd amjilt az jargal bolon shn ger bultei bolhig ni husey!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!