MngNews

“БИ ГАНЦ ШӨНИЙН ЖАРГАЛААР ҮҮРДИЙН АЗ ЖАРГАЛАА СОЛЬСОН ТЭНЭГ ЗАЛУУ”

“БИ ГАНЦ ШӨНИЙН ЖАРГАЛААР ҮҮРДИЙН АЗ ЖАРГАЛАА СОЛЬСОН ТЭНЭГ ЗАЛУУ”

Та бүхэн сайн байцгаана уу. Энэ захиандаа би хэнийг ч буруутгаж муулж, бас хэнээс ч тусламж гуйх гэсэнгүй ээ. Зүгээр л залуус минь багахан ч гэсэн ухаантай байж, алдаанаас минь сургамж аваасай гэсэн үүднээс бичиж сууна. Би хоёр хөөрхөн хүүтэй жирийн л нэг аав. Одоо тав, дөрвөн настай дэрсхэн хоёр хүүтэй.

Хэн ч амьдралаа урьдаас тааж чадахгүй нь харамсалтай юм даа. Бага хүүгээ төрөхөд бөөн баярт умбасан хүн хажуу айлынхаа машиныг гуйж аваад том хүүтэйгээ эхнэр, шинэ хүн хоёрыгоо хүлээгээд эмнэлгийн үүдэнд цэцэг бариад зогсож байсан үе саяхан мэт.

Одоо харин би эхнэрээсээ салж, хүүхдүүдтэйгээ сард ганц л хоног уулзах эрх авсан азгүй залуу болжээ. Болдогсон бол цаг хугацааг эргүүлчихмээр л байдаг юм. Даанч тэр минь намайг уучлаагүй юм.

Хоёр хүүтэйгээ энэ сарынхаа ганц уулзах уулзалтаа хийчихээд одоо ээж дээр нь хүргэж өгчихөөд явж байна. Том хүүгээсээ “Аав маань ирээд өнөөдөр ямар азтай гоё өдөр вэ” гэдэг үгийг сонсоод хоёр хүүгээ өрөвдөх шиг өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүллээ би.

Эцэг хүн байж хоёр хүүгийнхээ өмнө уйлж болохгүй шүү гэж л зоригоо чангалж арай гэж л дотогш нь залгилаа. Үнэхээр л аавынх нь авч өгсөн тоглоом, чихэр жимс сонин биш, аавтайгаа л хамт байх нь чухал байж.

Аавынхаа өвөр дээрээс буугаагүй хоёр хүү минь аавыгаа зөндөө их санасан байсан. Аавдаа бол миний хөвгүүд хамгийн хөгжилтэй, хамгийн хайр татам эрчүүд. Аав нь ч гэсэн тэднийхээ хувьд энэ дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн зоригтой баатар нь.

Үнэнийг хэлэхэд эхнэр хүүхэд нь дэргэд нь байгаа хүмүүст атаархаж байгаа хэдий ч, ээ дээ хүмүүс минь байгаа зүйлдээ үргэлж анхаарал халамж тавьж, хайр гэдэг үрийг харамгүй тарьж амьдраарай. Тэр хэмжээгээрээ буцааж хурааж авдаг юм байна шүү.

Биднээс болж, эцэг эхчүүдийн алдаанаас болж хүүхэд хохирох ёсгүй. Тэд чинь энэ дэлхийд мэндэлж ирэхдээ дуугаа хадааж төрөөд, эргэн тойрондоо хайр бэлэглэх гэж л ирдэг юм. Одоо би хоёр хүүгийнхээ төлөө үлдсэн насаа зориулна, тэднийхээ төлөө би юу ч хийхэд бэлэн.

Би чинь тэднийхээ үлгэр дуурайлал нь шүү дээ. Бас эхнэртэй минь суусан залуу сайн хүн байгаасай л гэж найдаж байна даа. Хүүхдүүдэд минь битгий хатуурхаасай гэж л залбирч сууна. Хайртай ханийгаа, үр хүүхдээ гомдоох үйлдэл хэзээ ч битгий хийгээрэй эрчүүд минь.

Ганцхан шөнийн жаргалаар үүрдийн аз жаргалаа солих тэнэг алхам хийлгүй үргэлж бодолтой, буурь суурьтай байгаасай аавууд минь, нөхрүүд минь. Ийм зүйл хийхэд чинь эхнэр чинь элэг бүтэн амьдралаа сонгоод чамайг ганц удаа уучилж болноо,

Хэрвээ тийм зүйл болоод чамайг уучилчихвал чи азтай байна, баяр хүргье залуу минь. Гэхдээ тэр шархалсан сэтгэл зүрх хэзээ ч алдааг чинь мартдаггүй юм шүү. Олон олон аавуудыгаа эртхэн ухаарч ойлгоосой гэсэндээ бичлээ. Бүх гэр бүлүүддээ аз жаргал хүсье ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!