“БИДНИЙГ САЛГАХ ГЭЖ ӨМНӨХ ЭХНЭР НЬ ХУДЛАА ЯРЬСАН ЮМ БОЛОВ УУ…”

“БИДНИЙГ САЛГАХ ГЭЖ ӨМНӨХ ЭХНЭР НЬ ХУДЛАА ЯРЬСАН ЮМ БОЛОВ УУ…”

Сайн байцгаана уу. Надад чинь сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй. Өөрөө юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй зүрх, сэтгэлээ ч мэдрэхгүй хүний хоёр дох гэдэг нь л болчихоод байна. Энэ үед яг яах ёстой юм болоо. Манай найз залуу өмнө нь эхнэртэй байсан юм л даа, дундаасаа нэг хүүхэдтэй.

Хүүхэд нь ээж дээрээ байдаг. Салсан эхнэр нь одоо нөхөрт гарч гэр бүлтэй болсон байдаг юм. Анх би энэ бүгдийг нь ойлгоод эр хүн нэг удаа алдаа л биз, сайн хүн байна гэж итгээд л хадаг сүүг нь авсан л даа.

Бид хоёр манай аав ээжтэй цуг манайд амьдраад нэг жил гаруй болж байна. Хэдэн сарын өмнө би жирэмсэн болоод яагаад юм мэдэхгүй цаанаасаа сэтгэл санаа нэг л тавгүй болсон. Тэгээд нөхрийгөө яагаад өмнөх эхнэрээсээ салсан юм бол, одоо би энэ хүний эхнэр болж байгаа юм чинь салсан шалтгааныг нь мэдэх ёстой гэж бодоод хуучин эхнэрлүү нь мессеж бичээд асуусан юм.

Тэгсэн чинь -Намайг жирэмсэн байхад чирээд гэрээсээ хөөж байсан. Би өмнөх амьдралаасаа нэг дагавар хүүхэдтэй, хүүхдээ дагуулаад тэр хүнтэй сууж байсан. Тэр намайг байхгүйд хүүхдийг маань зoдoж чангалдаг байсан бас баяр тэмдэглэлийн өдрүүдээр бэлэг сэлт өгөх нь байтагуй тэмдэглэдэгчгүй байлаа.

Тухайн үед цалин хэдийг авдагийг нь ч би мэддэггүй байсан. Миний дүү нас залуу байж наад хүнээсээ эртхэн сал өөртэйгөө нас чацуу залуу хүнтэй л амьдралаа холбосон нь дээр шүү гээд л зөвлөгөө маягтай зүйл их эвтэйхэн хэлсэн байдаг юм.

Би тэр үед хоёр сартай жирэмсэн байсныг ч хэлэх үү, ийм юм сонсоод хямраад нөхөртэйгээ хэрэлдэж маргалдаад бөөн юм болсон. Манай нөхөр болохоор -Энэ хүн мэдээж намайг чамд магтаж ярихгүй нь тодорхой шүү дээ, муу хэлж л ярина.

Тэр хүн чинь намайг сайн сайхан амьдраасай гэж хүсдэггүй хүн байгаа юм гэж хэлээд өөрийгөө зөвтгөөд өнгөрсөн. Энэ асуудлаас болоод сэтгэл санаагаар унасандаа ч юм уу яасан юм мэдэхгүй удаачгүй ураг маань гэдсэндээ өсөлтгүй болоод цэвэрлүүлсэн юм.

Үүнээс хойш бид хоёр таарамж муу болоод энэ хүнийг харахаар л уур хүрдэг болоод өмнөх эхнэрийнх нь хэлсэн зүйлс бодогдоод үйлдэл бүрийг нь үзэн ядаж эхэлсэн. Сүүлдээ би нэг удаа байж ядаад хамаг хувцас хунар өөрийнх нь малгай толгойг нь аваад харагдсан газарлуугаа шидэлсэн юм.

Ийм зүйл хийсний шалтгаан нь намайг чиний дотор, доод эрхтэн чинь авах юмгүй болоод л миний хүүхэд өсөлтгүй болсон гэж надад хэлдэг юм даа. Энэ үгнээс нь болоод түүнд гаргасан уур минь байгаа юм.

Ингээд нөхөр маань хамаг хувцас хунараа авааад манайхаас яваад өгсөн. Гэртээ очингуутаа надруу есөн шидээр хэлж эмийн сүг, адаар ааштай, чамаас салсандаа би онолоо, хуучин эхнэр та хоёр бол таарсан таар шуудайнууд ч гээд айхтар харааж ерөөхгүй ч элдэв янзаар минь хэлсэн.

Энэ бүгдийг сонсоод бүрмөсөн холбоогоо таслахаар шийдээд холбоогүй нэг сар орчим боллоо. Энэ хугацаанд үздэг хардаг хүнээс ч асууж үзлээ. Чиний заяаны хань ийм зүстэй, ийм хүн байна. Наад хүн чинь биш байна ч гэж хэлж байна.

Чамд тохирохгүй, хань болохгүй хүн байна гэж хэд хэдэн хүнээс сонслоо. Ингэж сонссон хүн бүгдийг шийдчихсэн байж байтал надруу цэцэг бэлэг сэлт илгээж уучлалт гуйж өөрийнхөө алдаагаа ч ойлгосон гэж ирээд аав ээжээс минь ч гуйж ирлээ.

Нүүр өгөхгүй, зөвшөөрөхгүй байхад хүртэл өөрийнхөө эцэг эх хоёрыг ч манай аав ээж дээр уучлалт гуйлгуулж ирүүллээ. Тэр хоёр настай хүнийг ийм байдалд оруулж байгаадаа бас аав ээжийнхээ сэтгэлийг зовоож байгаадаа их л санаа зовсон.

Одоо би яах ёстой вэ. Одоо ганцхан миний л шийдэх асуудал болчихоод байна. Манай аав болохоор өмнө нь салвал салчихгүй юу гэдэг байснаа гуйгаад аав ээж нь хүртэл ирээд сэтгэл гаргаад байгаа болохоор ч тэр юм уу буцаад нийлчих л гэдэг болсон.

-Эр хүнийг гомдоосон эмэгтэй хүн өөдөлдөггүй юм, чамд хайртай л юм байна. Сүртэй зүйл болоогүй юм чинь уучлаад хамт амьдар гэх боллоо ойр дотныхон маань. Би хэрвээ уучлаад нийлдэг сүүлд нь харамсаад ч барахгүй зүйл болохвийдээ гэж айх юм.

Тэр өмнөх эхнэр нь үнэхээр бид хоёрыг салгах гэж л нөхрийг маань надад муу хэлсэн юм болов уу. Үнэхээр өөртөө хайртай хүнээ өөр хүний үгээр цааш нь явуулж ч байгаа юм шиг санагдах боллоо. Яах ёстойгоо мэдэхээ больчихоод л ингээд бичиж сууна. Надад чин сэтгэлээсээ зөвлөөч та бүхэн минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!