“БАНКНЫ ЭЗНИЙ БЭЛЭВСЭН ЭХНЭР” II ХЭСЭГ ДЕТЕКТИВ ЗОХИОЛ
Би буйдан дээр Фредерикийн гарт тэврүүлчихсэн хэвтэж байна. Тэр намайг чанга тэвэрч толгойг минь илнэ. Намайг тайвшруулахаар бүх юм сайхан болно гэж тэр хэлж байлаа. Тэр эргээд иржээ. Өөр яах байсан гэж? Би амьсгалаа гүнзгий авлаа. – Фредерик? – Эрвин. Үл таних хүний хоолой сонсогдлоо. Зүрх маань зогсчих шиг болж би гараа цээжин дээрээ авав. – Фредерик. Эрвин биш шүү дээ. – Намайг Эрвин гэдэг. Би чамд туслахаар ирсэн. Толгой дүйнгэтэж өрөөн дэх юмс нүдний өмнө эргэлдэнэ. Би босохыг оролдтол буйдангаас унах шахав. Эрвиний гар намайг барьж авлаа. – Болгоомжтой, өөрийгөө гэмтээчихнэ.- Аль хэдийн оройтсон. Би түүний гарт хумсаа шигтгээд – Намайг аль хэдийн гэмтээчихсэн, би амьдаараа тарчилж байна. Энэ санамсаргүй осол байгаагүй. Тэд нөхрийг минь алчихсан гэлээ. Тэр бол надад уйтгар гуниг авчирч, өшөө хорсол төрүүлсэн санаатай аллага байсан. Эрвин миний нурууг аяархан илнэ. – Тайвшир. Чи миний дэргэд тайван байж байж чадна. Би чамд тусламаар байна. – Үгүй. Чи үүнийг ойлгож чадна гэж үү? Би үргэлж аюулыг мэдэрч байдаг. Энэ аюул намайг дагасаар байх болно. Миний нөхөр алагдсан, чөтгөр аваг. Би нударгаа зангидан Эрвин гэгчийн цээж рүү цохилоо. Тэр хөдөлсөнгүй. Би түүнийг өөрт минь ямар нэг юм хийгээсэй гэж хүсэж улам чанга хүчтэй цохив. Амсах ёсгүй байсан зовлон шаналлыг хэн нэгэнд буцааж өгөхийг хүссэн мэт цохисоор байсан ч тэр ядаж нүүрээ өчүүхэн төдий ч ярвайлгасангүй. Хичнээн олон цохилоо ч тэр намайг орхихгүй бололтой. Би гараа өвдгөн дээрээ тавиад тайвшруулагчаа ажиглав. Залуугийн царай тайван амгалан харагдана. Тэр бор нүдтэй, эелдэг инээмсэглэдэг, бас нуруун дээр тавьсан гар нь хүч чадалтай гэдэг нь мэдрэгдэж байлаа. Залуугийн дэргэд байхад юунаас ч айх хэрэггүй ажээ. Ямартай ч энэ удаа би хэн нэгний нөмөр нөөлөг доор аюулгүй байна. Түүний дэргэд би гуниглах хэрэггүй бололтой. Би хэрвээ ийм залуутай хамт байвал өөрийгөө буруутгалгүй цааш амьдарч чадах юм шиг байна. Эрвин нуруугаар минь илснээ – Чи надад юм хэлмээр байна уу? Юу туулж өнгөрүүлснээ яримаар байна уу? Чамд би яаж туслахаа мэдэж болох уу? – Тийм ээ, болно. Өрөө нүдний өмнө эргэлдэхээ больж би тайвширлаа. – Хэрвээ чи намайг орхиж явахгүй гэвэл би ярьж болно. Хариултыг би нүднээс нь олж уншлаа.
Би Эрвинд бүгдийг ярьж өгсөн. Би түүнд бидний анхны учралын тухай. өөртөө итгэлгүй оюутан бүсгүй Элине, тайван дөлгөөхөн банкны эзэн Фредериктэй хэрхэн уулзсаныг ярилаа. Тэр намайг өөртөө итгэлтэй төгс эмэгтэй болгосон тухай, аз жаргал дүүрэн хуримынхаа тухай ярьсан. Бас мөнгөний ханшны уналт (2008 онд том банкууд болон засгийн газар зориудаар мөнгөний ханшийг унагажээ), хүмүүс банкны эздэд итгэхээ больсон талаар ярилаа. Банкны эздийг үзэн ядах үзэгдэл газар авч, хэсэг бүлэг хүмүүс БЭУХ (Банкны Эздийг Устгах Холбоо) гэгчийг байгуулжээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэр БЭУХ миний Фредерикийг хороосон. – Алуурчид олдоогүй. Тэдний тарьсан хэргийн уршиг одоо ч арилаагүй. Гэр бүл, хамаатан садангууд бие биенээсээ нүүр буруулцгааж, тэдний амьдрал сүйрсэн. Алуурчдад ингэснийх нь төлөө шийтгэл амсуулж чадах уу? Тийм юм байдаггүй. – Тэгээд л чи ганцаараа болсон юм байна. Дууных нь өнгөөс тэр намайг ойлгосон гэдэг нь илт байлаа. Энэ дууны өнгө найз бүсгүйчүүдээсээ байнга сонсдог өрөвдсөн мэт хуурамч өнгө биш, харин ямар ч баггүй жинхэнэ ажээ. – Би ганцаараа үлдсэн. Надаас бүх юмыг минь авсан. Нөхөр маань надад хангалттай их мөнгө үлдээсэн болохоор хүн бүр намайг зовж шаналахгүй, надад учрах аюул байхгүй гэж донгосцгоож байсан. Дредерик миний өмөг түшиг хамгаалалт байсан. Түний мөнгө биш, харин тэр өөрөө… – Би ойлгож байна. Чи амьдралынхаа утга учир, итгэл найдвараа алдсан мэт байсан байх. – Чи яг зөв хэллээ. Би Элвиний цамцны ханцуйгаар хамраа шударч арчлаа. – Уучлаарай. Гэхдээ чи намайг сайн ойлгожээ. Би түүнийхээ төлөө амьдарч байсан. Тэр намайг эргэлзээнээс минь салгасан. Намайг сөхөрч унахад түшээд авах хүн байлаа. Одоо надад хэн байна вэ? Хэн ч, юу ч байхгүй. – Үгүй, тийм биш. Эрвин над руу налж сууснаа урьд өмнө өөр хүн надад амалж байсан шиг чихэнд минь ингэж шивнэлээ. – Би чамаас хэзээ ч холдохгүй. Бид гар гараасаа хөтлөлцөн өргөн чөлөөгөөр алхаж явна. Бидний баруун зүүн талд Салаугийн билэг тэмдэг болсон далдуу мод суулгасан харагдана. Бид дурлалт хосууд шиг хүн олноороо холхилдох энэ гудамжаар очих газар луугаа явж байлаа. Энд цугласан хүмүүс урд хойно тээглэж бидэнд хэрэгтэй амгалан тайван байдлыг бусниулаад байх шиг. Залруулж хэлэхэд надад хэрэгтэй гэх гэсэн юм.
Энэ бол амьдрал. Хөршүүдийн хэрэгт дурласан харц, найз бүсгүйчүүдийн залхтал тавьдаг асуултууд, түүнчлэн дүүргийн сэтгэл зүйчтэй хийх ярилцлага гээд тэр бүхэн энд алга. Үгүй, тэр бүхэн надад маш ядаргаатай, бас уур хүргэдэг байсан. Тэд миний зовлон шаналлыг хөнгөлөхийн оронд намайг харин улам өрөвдөлтэй байдалд оруулаад байх шиг санагдаж уур хилэнг минь хөдөлгөдөг байлаа. Харин энд тайван чөлөөтэй, өөрөөрөө байж чадаж байна, бас Эрвиний өмөг түшигт.
Би толгойгоо Эрвиний мөрөн дээр тавилаа. Бүгд сайн сайхан болно, одоо санаагаа зовоох хэрэггүй, бид хамтдаа байна гэж хэлэх шиг тэр гарыг минь зөөлөн атгав. Тэр бас бид энд, Салауд, люкс байранд, далдуу модтой өргөн гудамжинд, бас мэдээж далайн эрэг дээр байцгаана гэж хэлэх шиг санагдлаа. Бид эндээс өнгөрсөн бүгдийг ардаа орхиж, бүгдийг шинээр эхэлж, шинэ амьдралаа босгоно. – Хараач! Би алхаагаа удаашруулж далай руу заагаад – Тэр усанд сэлж байгаа хүн дэндүү хол явчихсан байна. Энэ аюултай биз дээ? Эрвин мөрөөр минь тэвэрлээ. – Энэ чи хэн нэгний төлөө санаа тавьж өөрийгөө зовоож байгаа чинь сүүлчийнх болог. Үнэндээ энд хангалттай олон авран хамгаалагч байгаа. Мөнгөний ханшны уналт ч байна уу, хэн нэгэн үүнийг зохицуулж л таарна. Зориг тэвчээр минь ор мөргүй арилж, дотор муухайрлаа. Мөнгөний ханшны уналт, Аллага. Ганцаараа үлдэх. Би Эрвиний хүзүүгээр тэвэрч цээжинд нь наалдлаа. – Намайг битгий орхиорой. Чи юу ч хийдэг байлаа гэсэн ганцxан намайг орхиж болохгүй шүү. – Хөөе, охин минь. Эрвин намайг тайвшруулахаар нурууг минь илээд – Би чамд юу гэж хэлсэн билээ? Чамд юу амласан билээ? Би чамайг хэзээ ч орхихгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? гэв.
Амлалт үгнүүд, энэ миний сэтгэлийг хөдөлгөөгүй. Сайхан үгнүүд, гэвч нөлөө багатай. Амласан гэнэ ээ? Хүмүүс ингэж л байдаг. Харин хэлсэндээ хүрэх л хамгийн чухал. – Үүнийгээ нотол. Алга болохгүй, алуулахгүй гэдгээ надад нотлоод өг. – Элине, хонгор минь дээ. Хэдийгээр би Элвинийг мэддэг болоод хэдхэн хоног байгаа ч түүний харцанд намайг гэсэн хайр дүүрэн байгааг би баттай мэдэж авлаа. Хайр, итгэлцэл, халамж надад хэрэгтэй бүхэн тэр харцанд байсан. Тэгсэн ч би үүнийг шаардах болно. – Алив нотлоодох доо. – Хайрт Элине минь. Элине хоёр гарыг минь атгаад өвдгөн дээрээ суулаа. Харц нь ганцxан над руу чиглэжээ. – Хонгор Элине минь, Би сүүлчийнхээ амьсгалыг хураатал чамдаа үнэнч байхаа тангараглаж байна. Тэр хуруунуудыг нь нэг бүрчлэн үнссэнээ толгойгоо өргөж намайг хайр гэрэлтсэн харцаараа ширтэв. – Хонгор Элине минь, надтай гэрлээч. Үлдсэн амьдралаа хоёулхнаа аз жаргалтай өнгөрөөхийг хүссэн би – За, гэж хариуллаа.