MngNews

“БАНКНЫ ЭЗНИЙ БЭЛЭВСЭН ЭХНЭР” I ХЭСЭГ ДЕТЕКТИВ ЗОХИОЛ

Салауд тавтай морил, Элине. Энэ далай, наран шарлагын газар, бас энэ далдуу моднууд намайг угтан авч, урин дуудаж байна. Жуулчдын автобусанд надаас гадна аялалд оролцох олон хүн байсан ч тэд юу хийж яваагаа бараг мартчихсан мэт байсан. Харин тэднийг бодвол надад энэ амралт илүү хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Бас тэднээс ялгаатай нь гэвэл энэ аялал надад маш чухал байсан юм. Би жуулчдын унаанаас бууж наран шарлагын газрыг харлаа. Намайг угтаж авсанд чинь баярлалаа. Тайван амгалан орчинд чинь баярлалаа. Шинэ эхлэлийг тавьж өгч байгаад чинь баярлалаа. Би далай руу хараад өмнө хэлснээ давтаж хэллээ. Би бас далдуу моднуудад дотроо талархлаа илэрхийлэв. Дараа нь би нүдээ аниад амьсгалаа гүнзгий авлаа. Далайн энэ давслаг агаар уушгинд минь урсан орж өнгөрсөн жил туулж өнгөрүүлсэн тэр бүх зовлон шаналлыг минь үлдэн хөөгөөсэй гэж би бодлоо. Бас Фредерикийг энд байгаасай…  Анх цээжин дээр хүнд юмаар дарах мэт болохыг мэдрээд би их айсан. Одоо харин би үүнийг сайн мэднэ. Тэр бол өвдөлт байсан. Тэр өвдөлтийг би Нидерландад, ардаа орхихыг хүссэн. Энэ амралт миний шинэ амьралын эхлэл болох ёстой. Фредерикийн тухай би дахиж бодохгүй. Би ачаагаа аль болох хурдан олж ялгаж тавихаар бужигналдаж байгаа аялалд хамт ирсэн хүмүүс рүү харлаа. Чемодан, цүнх гээд бүх ачааг газраар нэг тараан тавьжээ. Үүрэн дээрээ бужигналдах шоргоолж шиг тэд өөрийн гэсэн юмаа олохыг хичээж байна. Би харин өөрт хамааралтай байсан бүх юмаа алдсан. 

Намайг миний үеийн гуч орчим настай, улаан үстэй эмэгтэй мөргөчихөв. Би тэндээс холдохоор завдтал – Өршөөгөөрэй! хэмээн хэлээд тэр эмэгтэй гараа сунгахад би мөрөө хавчлаа. Өршөөл эрэх юм болсон гэж үү? Эмэгтэй гараа сунгасан хэвээрээ – Лисеттэ. Чи бас дөнгөж сая ирсэн биз дээ? гэлээ. – Тийм ээ. Бид нэг автобусанд сууж ирсэн. Би гараа буулгав.  – Өө, тийм л дээ. Чиний зөв. Лисеттэ буржгар улаан үсээ толгойныхоо ард боочихоод инээд алдлаа. – Би зүгээр л яриа өдөж чамтай ярилцах гэсэн юм. Бид чинь нэг үеийнхэн юм байна, бас ганцаараа. Танилцахгүй бол харамсалтай биз дээ?  – Магадгүй. – Магадгүй ээ? Харин ч хөгжилтэй байх юм биш үү?  – Тийм шүү. Би эмэгтэйгээс харцаа салгаж орчноо ажиглалаа. Аяллын компани харин хэт чамирхах гэж оролдсонгүй. Өө сэвгүй хувцасласан ажилчид, гялалзтал зүлгэсэн шал, нүдэнд ил харагдах далай гээд Салауд олдох хамгийн аятайхан зочид буудал ажээ. Ганцxан энэ залхмаар эмэгтэй дэргэд байгаа нь харамсалтай. – Лисеттэ, намайг сонс. Би эмэгтэйн нүд рүү эгцлэн харж ихэмсгээр инээмсэглэлээ. Бакны эзний эхнэр сурсан зангаа мартаагүй бололтой.  – Би энд тайван амрах гэж ирсэн. Би чиний бодож байснаас илүү, эсвэл магадгүй энд байгаа хүмүүс ойлгож мэдэхийн аргагүй хүнд хэцүү нэг жилийг туулж өнгөрүүлсэн. Одоо би ганцxан тайван байхыг хүсэж байна. Ямар ч найз нөхөд, ямар ч уулзалт яриа хэрэггүй. Зөвхөн амралт.  – За, ойлголоо. Лисеттэгийн дууны өнгө эелдэг бус болж – Би зөвхөн хөгжилтэй байж магадгүй гэж л бодсон, өөр юм санасангүй. Ганцаараа байснаас хамтдаа байвал илүү дээр биз дээ? Би ачаагаа авлаа. Анир чимээгүй өрөөндөө хурдхан орсон нь дээр.  – Зарим хүмүүс хамт байх дуртай, харин зарим нь ганцаараа байхыг эрхэмлэдэг. Энэ ялгаатай биш байна гэж үү? Би ачаагаа хурдан задалж гаргалаа. Бүх юмаа өөрийн хүссэнээр эмх цэгцтэй байрлуулж, чемодануудаа гялтганасан хар өнгөтэй буйдангийн дэргэд тавив. Одоо амрах цаг. Би буйдантай өнгө ижилсүүлж хийсэн зөөлөн сандалд тухлан суулаа. Өрөөний дотоод засал, тавилгууд бүгд адилхан гялтганасан хар өнгөтэй ажээ. Дэгжин харагдах хэдий ч нэг л гунигтай. Энэ бүхэн намайг энд ирэхийг мэдсэн юм шиг, намайг амралтынхаа туршид өнгөрсөн бүгдийг эргэж санааасай гэсэн мэт, юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлээд байх шиг санагдав. 

Ор ч гэсэн адилхан хийцтэй харагдана. Би хар өнгийн даавуутай хөнжил нөмөрч унтах нь ээ. Яг л үхлийг бэлэгдсэн мэт. Фредерик намайг мөшгөсөн хэвээрээ ажээ. Би амьдралаа шинээр эхэлж болохгүй, харин бүх амьдралынхаа туршид дотроо гашуудал тээсэн банкны эзний бэлбэсэн эхнэр хэвээрээ үлдэх болно. Жилийн өмнө миний хувь тавилан шийдэгдсэн. Цээж давчдах мэт мэдрэмж надад бас нэг зүйлийг санагдууллаа.Наашаа ирсэн маань дэмий байжээ. Би бодит байдлаас зугтаж чадахгүй. Тэгж ч болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл. Федерик намайг хэзээ ч уучлахгүй. Түүний үнэнч, гэнэн хонгор Элине ганцxан жилийн дараа хөгжиж цэнгэлдэхээр Салауд ирлээ гэж үү. Ойлгосонгүй. Би яагаад ингэдэг билээ? Би эргэцүүлж бодолгүй энэ аяллыг захиалах үедээ аль хэдийн урвачихсан байжээ. Энэ үнэхээр уучилшгүй хэрэг. Амьд байхад нь би түүнийг хамгаалж чадаагүй. Одоо миний хийж чадах зүйл бол түүнийгээ нас барсны дараа нэр хүндийг нь эрхэмлэх явдал. Би ор луу очиж хар хөнжилд шургалаа. Муу ёрын өтгөн манан миний гэх бүх зүйлсийг авах гэсэн мэт биеийн дулаан илч аажмаар тархана. Энэ манан намайг хэзээ ч чөлөөлөхгүй, харин ч хуучин байранд маань, бас Фредерикийн тэвэрт буцааж аваачдаг.  Түүний энд байгааг би мэдэж байна. Энэ бол зүүд гэж өөр хэн нэгэн, намайг сайн мэддэггүй хүн л ингэж хэлэх байх, гэхдээ би сайн мэдэж байна. Тэр, миний Фредерик энд байна. Энд, миний дэргэд энэ хар хөнжил доор. 

Түүний амьсгалыг би нүүрэн дээрээ мэдэрлээ. Бүх юм сайхан болно.  Би гараа шанаан дээр нь тавилаа. Тэр үнэхээр мөн байна. Би зүүдлээгүй.  – Чи энд байгаа байх нь ээ – Тийм ээ, би дэргэд чинь байна. Өчигдөрхөн түүнтэйгээ ярилцаж байсан шиг дуу нь яг л хэвээрээ.  – Чи минь буцаад иржээ. Нэг л буруу хөдлөхөд тэр маань алга болчих юм шиг би болгоомжтой иллээ. – Би буцаж ирсэн, Одоо би чамтайгаа байна.  Би хайртаа чанга тэврээд биенд нь наалдлаа. Одоо л нэг аюулгүй болсон санагдана.  – Чи минь амьд биз дээ? Тэр нэг ч үг хэлсэнгүй. Байнга оч шиг гэрэлтэж байдаг нүднийх нь харц хоосон харагдана.  – Фредерик? Миний хоолой бачуурч амьсгал авахад төвөгтэй боллоо. – Фредерик, чи минь амьд, тийм биз дээ? Тэр хариулсангүй. Тэр харахгүй, харин намайг энд байхгүй юм шиг нүд нь гөлөрсөн харагдана.  – Фредерик? Би түүний хайртай Элине нь мөн гэдгээ мэдэгдэхийг хичээж, нулимсаа арай ядан тэвчлээ. Эсвэл хайртай байсан Элине нь ч юм уу?  – Үгүй ээ! Би ухасxийн өндийж нөхрөө олж харахаар эргэн тойрноо харцаараа нэгжлээ.  – Фредерик. Дөнгөж сая хэвтэж байсан газар луу харвал тэр маань байсангүй. Түүнийхээ үнэрийг мэдрэхээр дэрлэсэн дэрийг нь авч үнэрттэл зөвхөн угаасан хувцас зөөлрүүлэгчийн үнэр ханхлав.  – Новшийн дэр! Би орилж хашгиран, ор бүхэлдээ өдөнд хучигдтал дэрээ урж тасчиж хаялаа. Хаалга нүдэх сонсогдов. Би биеэ хураалаа. Энэ л дутаж гэнэ. Тэд юу эсийг хэлэх бол доо? Вассенаарт байдаг манай хөршүүдтэй адилхан биз.  – Хөөрхий Элине Фредерикийг нас барснаас хойш тэр биеэ гаргуунд нь хаячихсан. Чи түүнийг хамгийн сүүлд, чийрэгжүүлэлтийн дасгал хийх үеэр харсан уу? Үсээ угаагаагүй, нүүрээ янзлаагүй, бас тэр нүднийх нь хачин харц. Үнэхээр сэтгэл зовмоор. Түүнийг тун удахгүй мэргэжлийн туслалцаа авна гэж найдаж байна. –  Хаалга улам чанга нүдлээ.  – Хатагтай, та зүгээр үү? Эр хүний дуу. Хамгаалалтын хүн юм болов уу? Намайг зочид буудлаас зайлууж, Испаний сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэчих юм биш байгаа? – Эндээс зайл! – Хатагтай, би танд туслах гэсэн юм – Туслана гэнэ ээ? Би хаалгаа нүдлээ. – Мэдээж хорих гэсэн байлгүй. – Үгүй. Тэр хүний хоолой тайван, итгэл төрүүлэм сонсогдоно. Би тайвширлаа.  – Хатагтай? Би орж болох уу? – Чи намайг арай хорьчихгүй биз?  – Үгүй. Би энэ талаар огтхон ч бодоогүй. – Тэгвэл сайн байна. Би хаалганы цоожийг эргүүлж аяархан онгойлгов. Нүд минь харанхуйлж би сөхөрч уналаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!