“APXИHЫ ХАЛУУНД АВГАЙГАА ӨГЧХӨӨД APXИА ГАРАХААР ЦОХЬЧИХ ЮМ БИШ БАЙГАА ДАА…”
“ХАЧИН ХУВЬ ЗАЯА” – Н. ЖАМЬЯАН /МУГЗ/
Амралтанд очин очитлоо л дэргэд ойрхоон сандалд суусан нэгэн хүний тухай бодсоор явлаа. Эхлээд “Их л таних хүн юм. Хаа үзлээ дээ” гэж бодож байснаа сүүлдээ бодлынхоо эрлийг олов. Тавь гарч яваа болов уу гэмээр насны туранхай дуу өндөр энэ хүн манай хашааны хойд жалганы ирмэг дээр нэг залуу охинтой мөн ч олон удаа уулзаж суусан даа. Би энэ өвгөн шанаа дээд уруул дахь тармаг дуу сахал залирхаг нүдээр нь таньж байна.
Энэ хүн ноднин зунжин тэр үзэсгэлэнт охиныг дагуулж очоод жалганы эрэгний ногоон зүлгэн дээр тухлан сууж заримдаа бүр бие биенийгээ дэрлэн хэвтсэн ч харагдана. Хоёулаа цайлж хооллоод өнгө өнгийн чихрийн цаас хиамны хальс шилний бөглөө үлдээгээд явсан байдаг сан.
Хот руу буцах даа тэр хоёр манай хашааны үүдээр хэнэг ч үгүй сугадалцан өнгөрнө. Охин даанч залуу. Ер нь арван долоо наймтай болов уу гэж боддог сон. Тэр хоёр баян хошууны эцсийн буудалд очин автобусанд суугаад арилж өгнө. Тэр нөхөр мөн.
Болж өгвөл нэг өрөөнд орж авах юмсан гэж бодож явлаа. Амралтанд очсон эрэгтэйчүүдээс нас тогтсон дөрвийг нэг өрөөнд хуваарилахад мань хүн таарчээ. Надмидын Түвшинбаяр гэсэн урилгатай нөгөөх хүн миний зэргэлдээх оронд таарч.
Оройн хоолны өмнөхөн чёмоданыхаа юмыг задаллаа. Манай хашааны үүдээр охин дагуулж зугаалах даа болгоомжилдоггүй хүн маань өрөөний үүдийг ханги цоожилж тулгасан хундага бүрийн дараа гэдэстэй чихрээр үнэрийг нь дарж байв.
Аргагүй л хашир нохой юмдаа. Амралтанд яаж манаргах бол гэж дотроо ажиж байв. Хоёр шил аpxи уучихаад царай нь хувирсан ч үгүй цаашаа хараад хэвтээд өглөө. Хашир хүн хөнжлийн гурваар эхлэхнэ дээ гэж бидний тоглоом хийхийг ч анзаарсан шинж алга. Түвшинбаяр маань гурав байтугай арав хоног хоол ор хоёртойгоо аргамжаатай юм шиг байв.
Нэг өдөр танилууд эргэж ирээд чамгүй балгачихад шинэ найз маань ч хоцорсонгүй. Дараа нь хоёулаа салхинд явж туулын модон гүүрэн дээр жаргах нарны сүүлчийн туяаг гайхшран ширтэж зогсохдоо “Түвшинбаяр аа! Чи ер нь намайг таньдаг уу? Гэхэд тэрээр өөдөөс цоргих аятай харснаа ер санахгүй юм гэв.
Би чамайг хэзээний танина аа! Чи манай хойд жалга руу нэг охин дагуулаад л ордог шүү дээ! Санаж байна уу? Нөхөр маань нэлээн бодлогоширсноо Баян хошууны юу? аяархан асуулаа. Тиймээ, та хоёрын уулздаг жалганы адагт нэг муу банзан хашаа байгаа биз дээ. Дотроо томоо модон байшинтай гэхэд мань хүн бүх болсон явдлыг эргэцүүлж бодов уу даа гэмээр царай нь нэг хувирч нэг тогтож байснаа – тиймээ гээд гүнзгий санаа алдлаа.
Түүнээс хойш би шинэ найзаасаа тэр ямар учиртай юм гэж олон удаа саваагүйтэн асуусны эцэст энэ хачин хувь заяаг ярьж билээ. Түүний өгүүлэх нь… Хориодхон хүнтэй урлагийн бригад аваад Архангай руу хөдөлж билээ.
Цэцэрлэг, Их тамираар хэд хэд тоглоод Тариат, Хорго ордог юмуу санаатай хөдөлсөн чинь зуур бороонд нүдүүлж автобус маань арай чамай л урагшилж байв Хануй үерлээд хуучин муу модон гүүрнийх нь талыг аваад явчихаж. Жолооч залуу маань гүүрний нэлээд доод хэсгээр сайрдуухан газраар зүтгүүлж нэг үзсэнээ Ээ барахгүй нь гээд ухарлаа.
Жүжигчдийн зовхи бууж. “За явдаг ч өнгөрлөө. Айл бараадахаас сайхан юм алга” гэлцэв. Хугацаа шахууг хэлэх үү. Усанд боогдож хэд ч хонохыг бүү мэд. Яадаг билээ гэсэн бодол толгойд зурсхийж дэмий газар хол ойрыг харуулдав.
Тэртээ доор загасны сэрвээ шиг хөх хошууны наахна хоёр хоёроороо дөрвөн гэр эмээлийн мөнгөн чимэг шиг гялайж харагдана. Бүгд л тийшээ харцгааж. Баруун талынх нь гүү барьсан байна. Зүүн талын хоёр айл хоньтой бололтой гэлцэж байтал жолооч хүү маань За даа ямар ч болсон айл бараадсан нь аминд өлзийтэй байх гээд гол уруудан жирийлээ.
Цөөвтөр гүү барьсан баруун талын хоёр гэрийн гадаа очиход баруун өмнөх том цагаан гэрээс тунгалаг цэнхэр өнгийн тэрлэгтэй залуу бүсгүй гарч нохой хорингоо алс замын улсыг их л хянамгай ажиглаж байв.
Гэрээс нэлээн зайдуу хөмрөөтэй арган дээр сандайлж суугаад баруун өмнө талын хөх нуруу руу дурандаж суусан чийрэг бадируун эр биднийг тосон ирж мэндлээд гэрт орохыг урив. Зүүн талын жижиг дөрвөн ханатаас шaлдан нvцгэн хэдэн хүүхэд гүйлдэн гарч ирснээ автобусны хойгуур урдуур хэрлээ.
Таяг тулсан бөгтөр эмээ хойноос нь гарч ирснээ Хөөе хүүхдүүд машинд дарагдав гэж хашгирах нь сонсогдоно. Бидэнд сайн айл таарчээ. Гучаад насны болов уу гэмээр хоёр залуу хос байна. Адуучин гэнэ. Арваад гүү барьчихаж. Том гэрийнхээ баруун урд хатавчин дахь хоёр хөхүүртэй айрагнаас үндсэн хул дүүргэн аягалж хамгийн дороос өгсүүллээ.
Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүй манайхан нүдээ анин залгилж завсарт нь шинэ өрөмнөөс долоовордож байлаа. Манайхан борооны чөлөөгөөр алаг майхнаа босгож айлын залуу том берзинт авчран давхарлаж дэвслээ.
Зүүн жалганд идээшлэж байсан хонины цаад захыг эргүүлж ирснээ сайн ирэг барьж авав. Гэрийн эзэн залуу. Явуулын улсад шөл уулгана хэмээн төдөлгүй хонь гаргалаа Хорь хорин төгрөг нийлүүлж өгөх гэтэл авсангүй. Компанийн буян биш ээ амины буян та нарт л зориулж байгаа юм гэлээ.
Батцэнгэл дээрээс 400 төгрөгөөр хязаалан хонь авч идсэнээ мартан бөөн баяр болов. Гэдэс болохын алдад хүн бүхэн хайрцаг саваа тэмтчиж шанзчин Тувааннамжил гуай тав хоног тэссэн Болороо гарган гэрийн эзэн рүү сарвайлаа.
Өрхийн тэргүүлэгч залуу “Болорыг” анх л үзэж байгаа бололтой эргүүлж тойруулж харснаа Сайхан эд байна шүү. Манай энд манахуальнаас өөр юм байхгүй шүү дээ гээд инээлээ. Эхнэр туранхай цагаан хүүхэн архины сургаар шүүгээ саваа онгичин тал бүтэн хэдэн хундага гаргаж цагаан тааран алчуураар гадна дотногүй арчих нь тэр.
Өрхийн тэргүүлэгчийг Ширбазарын Бөх-Үүлэн гэнэ. Дөрөвдүгээр ангиас гарч адуу дагасан гэнэ. Нутагтаа бол нэртэй нь ч биш нэг их доогуур ордог нь биш гэнэ. Овоо барилддаг болов уу гэмээр тэр чийрэг эрийн эвэршиж бяцарсан гарыг харж суухдаа “Аргагүй л эмнэг хангалтай үзэлцэж баймаар гар байна” гэж бодож амжлаа.
Залуугийн өтгөн хар хөмсөг урт сормуустай ухаалаг хар нүд өргөн цагаан шүд махлаг бараан царайд нь тун сайхан зохижээ. Харин эрүүний баруун доод талын гүн сорвийг моринд өшиглүүлээ болов уу гэж таасан сан. Адуучны эхнэр бас л чилгэр бор хүүхэн байдаг болов уу гэж бодож явсан нь таасангүй.
Уян аа “Уянзаяа” гэж дуудах тэр хүүхэн утас шиг нарийн бэлхүүстэй туяхан цагаан хүүхэн байлаа. Шингэн цагаан царайд нь булбарай ягаан уруул үнэхээр зургийн юм шиг зохисон төдийгүй инээхэд нь үүсэх хацрын хонхорхой эргээд арилчих вий дээ гэмээр сэтгэл гижигдэх увидастай.
Сүүмгэрдүү боловч ухаалаг нүдний булангаар эргэн тойрны хүмүүсийг ажиж амжина. Уянаа аавынхаас хэдэн аяга авчруулдаг юм уу даа гэхэд Уянзаяа хатавч налан зогсож байсан арван хоёр гуравтай болов уу гэмээр хүүрүү Болдоо миний дүү яваад хэдэн аяга аваад ир гэв.
Хүү нүцгэн тавхайг аа гялалзуулан дэгдэж хормын дотор хэдэн халтар шаазан өвөртөлчихсөн орж ирлээ. Гэр майхангүй гэдэс мах тарж энд ч айраг тэнд ч архи ер нь найр хавтгайрах шинжтэй. “Аяны улсад олон тохиох учрал биш дээ! Гэж бодоод хэдэн жүжигчдээ дураар нь тавьж орхилоо.
Зарим нь жаахан халам янзтай дуу орчихсон хэдэн хоног үдээтэй явсан туламны ам задрав уу даа гэмээр Хөөё нөхдүүд ээ гэрт цуглацгаая гэхэд бүгдээрээ хүрээд ирлээ. Одоо Бөх-Үүлэн Уянзаяа хоёртоо бас энэ хотны багачуулд хэд гурван ая баривал ямар вэ гэхэд бүгд дэмжиж ятга хуур руугаа явцгаалаа.
Шинэ танилууд маань ч хөгжиж бидний уран бүтээлийн төлөө сайхан үг хэллээ. За Амраа минь Бөх-Үүлэн Уянаа хоёрынхоо аз жаргалын төлөө нэг сайхан дуу Хатнаа ах нэг сайхан хөөмийлөөч! Бүжиг хийлтэй биш бүгдээрээ дуулцгаая. Гэрийн эзнээр дуулуулнаа.
Адуучин хүнийг эмээл дээр дуутай ассан бамбар гэж яруу найрагч хэлсэн байдаг юм шүү. Бөх-Үүлэн хултай айраг авч уруул дүрээд зүүн өвдгөн дээрээ тавьж гэр дотор байгаа хүмүүсийг нэгэнтээ тойруулж харснаа дуунд ч муу шүү дээ. Морин дээр өөрийгөө зугаацуулсаар байгаад хоолойгүй болчих юм байна шүү дээ гэснээ Жаахан шаргын хатираанд томоо нь муухай тасарлаа Жаахан түүний аалинд нь сэтгэл муухай даслаа даа гээд баргил бүдүүн хоолойгоор хангинууллаа.
Жүжигчид бие биенийг нударч Үгүй мөн гоё хоолой ёо Бөх-Үүлэнгээ аваад явдаг хэрэг ээ! Хамаг авьяас хөдөө л булаатай байгаа юм даа хэмээн шивнэлдэж бие биенээ нудрах нь тэр. Дараа нь Уянзаяагийн ээлж боллоо. Ичингүйрхэн доош харснаа дэргэдээ суугаа надруу Одоо яанаа! Гэж шивнэв.
Бүх хүний харц Уянзаяагийн улаахан хацар дээр тусжээ Бодол болж нэлээн сууснаа Хайлаас модны намиргаан дээгүүр ай хөө Янлинхуар аа гээд сулавтархан эхэллээ. Манайхан ч Хангинатал донгодоод байдаг ямар хаашаа шувуу вэ Хайрлаа ч үгүй хавьтаа ч байсаар байтал ай хөө Янлин хуар аа Харин чиг санаанаас гардаггүй хаашаа янзын ерөөл вэ гээд залгаж аван гэр дүүрэн түрцгээж сүүлд нь алаг ташин баяр хүргэлээ.
Адуучны авгай дуулалгүй яахав гэсэн манайхны хөхүүлээ залуу хүүхнийг бүр ч ичээлээ. Тэр үe үе намайг зөөлхөн нударч ичингүйрснээ илтгэнэ. Харин архинаас бол хоцорсонгүй. Гурван хундага татчихаад хацрынх ягаан нэмэгдсэнээс биш халсан янз алга.
Хүний чөлөөгөөр тэр надруу жаахан нэрмийн юм бий юмсан. Энэ улс уудаг болов уу гэх нь тэр уулгүй яахав. Жаахан халчихсан нэг нь ус байсан ч мэдэхгүй ууж л орхино шүү дээ. Ус ч гэхээргүй шүү. Мэдээж адуучны тогоо хатуу л байж таарна. Битгий явуулал даа. Та ёр нь хатуу үгтэй хүн байна шүү. Гомдоогүй биз дээ гэснээ өөрийн эрхгүй бүсэлхээр нь тэвэрчихсэн байв.
Хүүхэн гарыг минь түлхсэн ч үгүй харин нөхөр рүү гээд дохилоо. Бүдэгхэн гэрэлтэй гэрийн хаяа уруу тэр байтугай тэврэлцэх ойртохыг мэдэхийн арга алга. Жижигхэн биетэй дуучин залуу маань өөрөөсөө арваад эгч шанзчин хүүхнийг налчихсан Амьдрал гэдэг алаг эрээн байдаг юм. Гээд яриа хөвүүлж сууна.
Ятгачин охин маань уйлчихсан Хүнд хайр хайр. ..гээд нэг юм хэлж чадахгүй байх шиг байна. Үдэш нэлээн орой болж бүгдээрээ майхнаа барааддаг юмуу даа гэж бодож байтал хоймор байсан Бөх-Үүлэн босч миний урдуур гармаар болсноо сэмхэн гараас минь хөтөллөө. Би босч хойноос нь дагах зуураа Мань хүн халчихаж эхнэртэйгээ хардаж сүйд болох нь уу даа хэмээн бодож амжив.
Бид 2 гэрээс нэлээн хол очлоо. Бөх-Үүлэн дагаж ирсэн нохой руу Жов гэж зандран хөөчихөөд над ойртон ирж за найз эр хүний ёсоор нэг юм ярилцмаар байна гэхэд нь За гээд толгой дохисонсон. Муу өвгөн нь яахав ээ Төриин сүлд өршөөн бишгүй болж л байна.
Нэг л зүйлд сэтгэл дундуур явдаг даа. Бид хоёр суугаад арван хэдэн жил боллоо. Бие биедээ хайр сэтгэлтэй хүн харахад бол жаргалтай л хоёр. Ганцхан дутуу юм үр хүүхэд байдаг. Муу Уянаагаа би чинь арван долоотой нь аваад суусан юм шүү дээ. Хэдэн жил харлаа. Ер хүүхэд ирсэнгүй.
Ядаад хүн хараар үзүүллээ. Алсдаа хүүхэдтэй болох юм байна гэдэг. Хүлээсээр арван хэдэн жил боллоо. Хот хүрээ явж эмч домчид үзүүллээ. Муу заяаны амьтан надаас болдог гэх юм. Угийн үргүй юм байлгүй дээ. Бид хоёр чинь үрийн л хүслэн Эр бид ч бас гайгүй. Эх хүн гэдэг ямар хэцүү гээ.
Муу Уянаа минь тэнд хүүхэд хөхүүлж суугаа хүнийг хараад хөх нь ивэлж байдаг гэсэн. Муу ханийнхаа зовлонг хэчнээн ойлголоо ч би яалтай билээ. Азгүй толгой өөртөө гомдон салж энэ муу хүүхнээ амраая гэж бодсон нь сэтгэл тэвчихгүй юм гээд Бөх-Үүлэн маань гүнзгий шүүрс алдан хэсэгхэн чимээгүй суулаа.
Хэцүү л хэрэг байна даа гэж би нөхрийн яриаг дэмжлээ. Нөхөр маань тамхиа хэд гүнзгий сорсноо Адилхан эр хүн чамаас юу нуухав дээ. Нутгийн харцуултай яваад хүүхэд олог уу даа гэснээ бас жаахан хардаад.
Яаж мэдэхэв хүүхэдтэй болчихоод цааш даамжран салах сарнихад ч хүрэх юм билүү гэж дотроо заримдаа эвгүйрхдэг юм. Харин холын хүнээс бол ч яахав ээ гэж гэснээ бас л тамхиа хэд сорлоо. Тэгснээ нэлээд зориг оров бололтой Уянаа маань чамд талтай байх шиг байна. Өнөө шөнө манайд үр заяах юм биш байгаа даа гэж горьдож сууна.
Элдвийн муу юм битгий санаарай. Найз нь эр хүн шиг эр хүн шүү. Би Уянаадаа битүүхэн ойлгуулчихаад адуундаа мордоно. Адуу хяралсан. Хөвчөөс нааш тогтоогүй байх. Одоо ингээд мордоход нөгөөдрөөс нааш эргэж ирж амжихгүй. Өвгөнийхөө орон дээр унтаарай гэх тэр.
Толгой руу нэг юм зарсхийж хамаг бие халуун оргих шиг боллоо. Хэл ээдэрч дэмий газар Болох юм уу даа Бөх-Үүлэн минь гэв. Болно оо найз минь. Энэ хорвоо чинь уул нь үрийн заяатай хорвоо юм шүү дээ. Бид хоёрыг эргэж ирэхэд манайхан майхнаа бараадаж гэрт Уянзаяа ганцаараа үлдсэн байлаа.
Би майхандаа орж өөрийн итгэлт найз Цэвэгдоржид ганц хоёр үг шивнэж амжив. Майхны харанхуй дундаас даргаа танд зай үлдсэнгүй. Дулаан тохитойгоор нь Бөх-Үүлэнийнд хонооч. Цагаан ор багтах зай алга гэв.
Уухайн тас муу ороо бариад гэрт ороход Бөх-Үүлэн хувцсаа өмсч Уянзаяа маань богцонд хүнсийг нь хийж өгч байв. Бөх-Үүлэн явсны дараа Уянзаяа над хойморынхоо орыг засаж өгөөд өөрөө зүүн талын орон дээр унтлаа. Лаа унтраахад гэрт хав харанхуй болов.
Бид хоёр сэрүүн хэвтэж байгаагаа хааяа эргэж хөрвөх чимээгээрээ дохиолж байв. Майхан дахь дуу чимээ намдаж талын чимээгүй дүнсгэр шөнө эхэллээ. Уянзаяагийн орны банз хааяа чахран хөдөлнө. Эхнэр авснаас хойш бараг тохиогоогүй учралын өмнө зүрх хүчтэй цохилж байна. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.