“АРВАН ДОЛООН НАС” ӨГҮҮЛЛЭГ

“АРВАН ДОЛООН НАС” ӨГҮҮЛЛЭГ

ЦЭДЭНДАМБЫН БАТТУЯА

Өргөн ногоон тал өмнө цэлийж, хөх тэнгэрт улаан наран мишээсэн гоо үзэсгэлэнгийн цогц ертөнц миний эх орон. Үлгэр домгийн учралыг мөрөөдөж, хүмүүний амьдралаас гайхамшгийг хайн, зүүдээ амилуулсан миний арван долоон нас. Тэнгэрийн дагиныг хүсэн хүлээх эр зүрхний оргилуун хүсэл. Хүсэл биелдэггүй гэдэг худлаа юм билээ. Тэргэл саран талдаа саатсан тэр нэгэн үдэш би энэ сэтгэлийн хүслэн болсон тэнгэрийн дагинатайгаа учирч билээ. Хэнтийгээс Улаанбаатар орох замын дагуух дэн буудлуудын нэг нь манайх байлаа. Манайх дэргэдээ дэлгүүртэй бөгөөд түүндээ би зуны амралтаараа суудаг байв. Тэр нэгэн үдэш түүнийг дэлгүүрт орж ирээд, ундаа аваад гарахад зүрхэнд оч харвах шиг болж билээ. Түүнтэй зөрж орж ирсэн найз Ангараг маань миний санаандгүй хэлсэн “Тэнгэрийн дагина” гэсэн үгээр тохуурхаж, “Буцахдаа ороорой” хэмээн зүггүйтэхэд тэр инээмсэглээд л одсон. Цаг мөч бүрийд би түүнийг хүсэн хүлээж, бүр эртний танилууд юм шиг л инээмсэглэсээр ороод ирэх мэт санадаг боллоо. Найз маань ч түүнийг анзаарч амжсан юм. Ангараг намайг аль болох сатааруулах гэж “Чи түүнийг дөлгөөхөн нүдтэй л гэх юм. Би бол түүний нүднээс маш их гунигийг олж харсан” гээд л урсгаж гардаг ч тэр охины тухай бодож суухад найзын минь хэлсэн үгс чихний хажуугаар голын түргэн урсгал шиг л шуугин өнгөрч, харин тэрхүү нэрийг нь үл мэдэх охины нүд голын дөлгөөхөн урсгал мэт өмнө минь тунаран тодордог байлаа.

Тэр нэгэн орой сарны наагуур үүлс хөшилдөөд, бүрэг гэгээтэй, цаанаа л нэг уйтай байв. Яагаад ч юм би нөгөө охины тухай бодсонгүй. Дэлгүүртээ Ангарагтай хамт элдвийг ярилцан сууж байтал Ангараг “Чамайг аз дайрлаа” гээд хаалга руу толгой дохилоо. Гайхан хаалга руу харвал миний анхны хайр зүүдний юм шиг л ороод ирэх нь тэр. Түүнийг гарахад би “дурлачихжээ” гээд өөрийн мэдэлгүй л хэлчихэв. Ангараг шаламгайлан гарч, бид 2 охины замыг хөндөлсөн зогслоо. Ангараг түүнтэй танилцахыг хүсч байгаагаа хэлсэн боловч тэрээр гагцхүү явахыг хүсч байгаагаа хариу илэрхийлж байв. -Чи хот орохдоо манайхаар орсон ш дээ. Би чамайг буцахдаа ороорой гэсэн чинь чи харин үгэнд сайн орж байна шүү гэж Ангарагийг хэлэхэд тэр охин хэсэг бодсоноо: – Аан. Би одоо л саналаа. Намайг Саранцэцэг гэдэг гэв. Ангараг: -Сараа… гэснээ – Чи яг л энэ сар шиг их гунигтай нүдтэй юмаа. Гэтэл манай Оргио чамайг… гэхэд нь би амжиж ёворсоноор тэр яриагаа зогсоов. Тэр үед Саранцэцэг чимээгүйхэн инээмсэглээд л зогсож байлаа. Бид нэг иймэрхүү юм яриад л саллаа. Бид ч гэж дээ. Ангараг л ихэнхийг нь ярьсан даа. Би угаасаа дуу цөөнтэй, харин Ангараг бол нилээн алиа, нүүрэмгий банди билээ. Тэр өдрөөс хойш үдшийн зэвхий саарал саран гунигтай харагдахаа больж, үдэш бүр улам илүү гэгээтэй болж байх шиг санагдах болов.

Даанч Саранцэцэгтэй ахин учрах аз надад тохиосонгүй. Намар болж, Ангараг сургуульдаа сурахаар одож, харин би дэлгүүртээ суусаар үлдсэн юм. Ангараг 2 сарын дараа хүрч ирэхдээ “Сараатай уулзсан” гэж хэлэхэд би “хувь тавилан” гэж бодоод шууд л сэтгэлээ илчилсэн зурвас илгээлээ. Хариуг нь сэтгэл догдлон хүлээлээ. Хариу ч үгүй, Ангараг ч үгүй. Ахиад нэг сар болчихов. Бүр арга тасардагийн даваан дээр Ангараг надад сайхан мэдээ авчирлаа. Түүний минь өөрийнхөө гараар бичсэн зурвас. Ингээд л бид хоёрхон удаа уулзсан хальтхан уулзалтын дараа биесээ харалгүй үерхэж эхлээд 2 сар гаран болчихов. Би Валентины баяраар аймаг орж, түүнтэйгээ уулзаж, бүхэл оройжин түүнийхээ гэрийн гадаа үг дуугарч чадахгүй, гарыг нь атган зогсож билээ. Би түүнийг харахаараа бараг үг хэлж чадахгүй хөшчихдөг байсан болохоор түүндээ хэлэх гэсэн үг бүрээ Ангарагт орой нь хэлж, харин найз маань миний үгийг түүнд минь яг л тоть шиг давтан дамжуулдаг байв. Түүнтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд хэзээ ч давтагдашгүй гэгээн байсан. Даанч… Даанч хаврын тэр нэгэн өдөр би түүнд хайртайгаа анх удаагаа өөрийн амаараа хэлж, харин хариуд нь түүний амнаас “дурлаагүй” гэсэн үгийг сонссон юм. Гэнэт их аадар асгараад, аянга нь намайг ниргэчих шиг л болж билээ. Саранцэцэг надад сэтгэлийн хөдөлгөөнөөр алдаа хийснээ тайлбарлан уучлалт гуйж байсан ч надад үнэндээ түүнийг сонсон, хүлээж авах чадал байгаагүй учраас би дуугүй л яваад өгсөн.

Эргэж харах ч зүрх надад байгаагүй. Би түүнийг үзэн ядах мэт болсон хирнээ зүрх минь түүнийг буруутгахгүй байлаа. Зөөлөн бороо асгарч байсныг би сайн санаж байна. Түүнээс холбоо нэг мөсөн тасарсан ч мартаж чадахгүй байсны гайнд би дараа жил нь ахиад л түүнд хайраа илчлэхээр зориод очлоо. Би хотод бараг жил болсон болохоор сэтгэлээ хэний ч тусламжгүйгээр илэрхийлж чадсан ч “хайртай” гэсэн үгийг түүнээс ахиад л сонсож чадсангүй. Ахиад л би Сараагийн гэрийн гаднаас дэн дунтайхан буцлаа. Тэр өдрөөс хойш 9 жил 7 сар 25 өдөр өнгөрчээ. Энэ бол түүнийг хамгийн анх харсан өдөр минь билээ. Хэдийгээр тэр намайг хуурч, үнэн сэтгэлээсээ хайрлаж чадаагүй ч гэлээ тэр л анх надад хайрыг мэдрүүлсэн болохоор би түүнийг хэзээ ч буруутгаж чадаагүй юм. Хамгийн гайхалтай нь тэр бид хоёр хоёулаа одоог хүртэл гэрлээгүй яваа нь хувь тавилангаар хоёр удаа учирч болсон юм, гурав дахиа учрахыг хэн байг гэх билээ гэсэн итгэлийн бяцхан галыг зүрхэнд өрдсөөр байдаг билээ. Өнөөдөр л түүнийгээ ахиад нэг харчих юмсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!